С.Чинзориг: Сувилагч бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр бодлогын тодорхой шийдлийг гарган ажиллаж байна


5-р сарын 14
12 цаг 19 минут

       Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор гуравдахь жилдээ Олон улсын сувилагчдын өдрийг сувилагч нараар бахархах, тэднийг дэмжих, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, үйлчилгээний арга туршлагыг олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор “Сувилагч танаараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээг “UG Arena” цогцолборт улсын хэмжээнд 2600 сувилагчийг оролцуулан зохион байгууллаа.


“Сувилагч танаараа бахархъя” арга хэмжээнд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон УИХ-ын НББХ-ны дарга П.Анужин, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ерөнхийлөгчийн зөлөх Т.Мөнхсайхан нар баяр хүргэж үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илгээлтийг Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар уншиж танилцуулсан.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салшгүй нэг хэсэг болсон сувилагч нарт Олон улсын сувилагчдын өдрийн мэндийг дэвшүүлж  “Хүмүүний алтан амийг аварч, айл гэрт аз жаргал, элэг бүтэн амьдрал бэлэглэгч онцгой хариуцлагатай эрхэм хүндэт үйлсийн эзэд бол сувилагч та бүхэн билээ. Иймд сувилагч мэргэжлийн ач холбогдол, эрэлт хэрэгцээг таниулан, хүүхэд залууст сувилагч мэргэжлийг сонгох хүсэл эрмэлзлийг төрүүлэх сувилагч мэргэжлийн үнэ цэн, нэр хүндийг өсгөх, сувилагчдын эрхийг хамгаалах зорилгоор Олон улсын сувилагчдын өдрийг сүүлийн гурван жил дараалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг сайхан уламжлалтай боллоо.
Ард түмнийхээ эрүүл энх, аз жаргалтай амьдралын төлөө хүчин зүтгэж буй  сувилагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн та бүхэнд бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах болно. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг үлгэрлэн хэрэгжүүлж, эрүүл монгол хүний төлөө хүч хөдөлмөрөө зориулж байгаа нийт сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагч та бүхэндээ дахин баяр хүргэе” гэсэн юм.


Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсын бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд цаг наргүй зүтгэж буй сувилагч нартаа Олон улсын сувилагчдын өдрийн мэнд дэвшүүлж хэлсэн үгэндээ “Манай улс жил бүрийн энэ өдрийг эрүүл мэндийн салбарт ажиллаж буй сувилагчдынхаа эрхийг хамгаалах, сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах талаар хэрэгжүүлж буй бодлогын үр дүнг дүгнэн ярилцаж, цаашдын зорилтоо тодорхойлон зөвлөлддөг уламжлалтай. 
Уг уламжлал ч жилээс жилд өргөжиж, орон нутгийн засаг захиргаа, байгууллагын удирдлага, шийдвэр гаргагчид анхаарлаа хандуулж, хамтран ажилладаг болсон байна.
Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс 2024 оныг сувилахуйн тусламж үйлчилгээнд хандах үзэл бодлыг өөрчлөх, хэтийн бодлоготой, зөв зохицуулалтаар хөрөнгө оруулалт хийх нь улс орны  эдийн засгийн болон нийгэмд  ихээхэн ашиг тустай болохыг ойлгуулахаар “Бидний сувилагч–Бидний ирээдүй” буюу сувилахуйн тусламж үйлчилгээнд эдийн засгийн хүч, нөлөө уриатайгаар тэмдэглэж байгаа юм.


Манай улсад 2023 оны байдлаар нийт 63 мянга гаруй эмнэлгийн ажилтны 14,5 мянга нь ард иргэдэд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг сувилагч нар байна. Энэ хүрээнд иргэдэд хамгийн ойр буюу 24 цагийн эргэлтэд тусламж үйлчилгээг үзүүлж, мэргэжлийн ур чадвараа зориулж байдаг сувилагчийг бэлтгэх, мэдлэг мэргэжлийг нь тасралтгүй дээшлүүлэхэд зарцуулсан хөрөнгийн үр өгөөж гурав дахин үржигддэг гэсэн тооцооллыг НҮБ-ын Эрүүл мэнд ба эдийн засгийн өсөлтийн өндөр түвшний хорооноос хийсэн. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас сувилагчийн тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн статусыг нь бэхжүүлэх, мэргэшүүлэх чиглэлээр бодлогын тодорхой шийдлийг гарган ажиллаж байна.
Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолоор “Дээд боловсролын эрэлттэй мэргэжлийн чиглэл”-д дипломын болон бакалаврын боловсролтой сувилагч мэргэжлийг оруулж баталсан.


Сувилагчаар суралцах оюутны сургалтын төлбөрийн 70-100 хувийг төрөөс дааж, санхүүгийн дэмжлэг үзүүлснээр сувилагч мэргэжлийг сонгон суралцагчдын тоо 2 дахин нэмэгдэж, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж буй сувилагч нарын 60 гаруй хувийг улсын төсвийн санхүүжилтээр сургаж, ажлын талбарт гарч буй сувилагчийн тоо 2020 онтой харьцуулахад өнгөрсөн онд 100 гаруй сувилагчаар нэмэгдсэн байна.
Мөн сувилагчийн эмнэлзүйн ур чадварыг сайжруулж, хөгжүүлэх хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран  Сувилагчийн хөгжлийн төв байгуулахад шаардлагатай 14 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган ажиллаж байгааг дуулгахад таатай байна.  
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь эмч, сувилагч, эмнэлгийн бусад  мэргэжилтний багийн ажиллагаа бөгөөд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэн бэхжүүлэхэд эрхэм сувилагч та бүхний ёс зүй, харилцаа хандлага, хүнлэг энэрэнгүй сэтгэл, мэргэжлийн чадвар, хариуцлагатай байдал чухал үр нөлөөтэйг онцлон тэмдэглэхийг хүсч байна” гэсэн юм.
Тэрбээр сувилагч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ажлаараа бахархах хөшүүргийг бий болгох хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 128 дугаар тогтоолоор сувилагчдын цалин, хөлсний доод жишиг албан тушаалын зэрэглэлээр 1,3 сая төгрөгт хүрч, дунджаар 45 хувь нэмэгдлээ. Сувилагч болон бусад мэргэжилтэн үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлсний хамт 1,9-2,8 сая төгрөгийн цалин хөлс авч байгаа нь 2019 онтой харьцуулахад 83 хувиар  нэмэгдсэнийг онцлов.
Түүнчлэн анхан шатлалын болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад эмнэлгийн мэргэжилтэнг тогтвор суурьшилтай ажиллуулах нийгмийн баталгааг хангах чиглэлээр Төсвийн тухай хуульд 2023 оны долоодугаар сард өөрчлөлт оруулан Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг эрүүл мэндийн байгууллагууд жилийн эцсийн дансны үлдэгдлээ дараагийн жилд захиран зарцуулах эрхтэй болсон. Энэ эрхийг нээснээр албан хаагчдын нийгмийн асуудлыг эрүүл мэндийн байгууллага бие даан шийдэх боломжтой болсон юм.


Засгийн газрын 2024 оны 82 дугаар тогтоолоор орон нутгийн нэмэгдлийг зэрэглэл харгалзахгүйгээр суманд 40, нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багануур, Налайх, Багахангайд 20 хувиар олгож эхэлсэн.
Мөн сувилагч нарын суралцах, ажил мэргэжлээрээ өсөн дэвжих эрмэлзэл, идэвх зүтгэлийг дэмжих үүднээс “Өндөр хөгжилтэй улсад эмнэлгийн мэргэжилтнийг 2022-2025 онд суралцуулах чиглэл”-д яаралтай тусламжийн сувилахуй, хавдрын сувилахуй, эх хүүхдийн сувилахуй, өндөр настны сувилахуйн боловсролын чиглэлийг хамруулахаар шийдвэрлэсний дагуу бүх шатны эрүүл мэндийн байгууллагын 300 сувилагч, эх баригчийг БНСУ, БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан.
Манай улсын нийт сувилагчийн 50 орчим хувь нь бакалаврын боловсролтой, 20 гаруй хувь нь ахлах, тэргүүлэх мэргэшлийн зэрэгтэй байгаа бөгөөд сувилахуйн доктор, магистрын зэрэгтэй сувилагчийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм.  
Сувилахуй болон эх барихуйн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах мэргэжлийн үнэ цэн, мэдлэг, ур чадвар, харилцаа, хандлагын үр дүнтэй чадварыг  тодорхойлж “Сувилагч”, “Эх баригч” мэргэжилтний цогц чадамжийг баталсан нь төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрүүд шинэчлэгдэн, чадамжид суурилсан сургалтын тогтолцоог бүрдүүлж байгаа зэрэг эрүүл мэндийн салбарын шинэчлэл, хийж хэрэгжүүлсэн ажлын талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл өгсөн.  


Манай улс сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах, сувилагч мэргэжлийг сурталчлах зорилгоор 29 дэх жилдээ тэмдэглэж буй Олон улсын сувилагчдын өдөрт зориулсан “Сувилагч танаараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээний нэг хэсэг нь эрүүл мэндийн салбарын хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл сонсож, тулгамдсан асуудлын гарц шийдлийг эрэлхийлж, санал бодлоо солилцох байсан юм.
Энэ хүрээнд үндсэн илтгэлийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Шинэ сэргэлтийн бодлого-Эрүүл мэнд” сэдвээр тавьсан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан мэдээлэл өгч салбар хуралдаануудыг “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын шинэчлэл”, “Сувилахуйн хүний нөөцийн хөгжил”, “Сувилахуйн удирдлага, манлайлалын шинэчлэл”, “Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж, үйлчилгээний шинэчлэл” сэдвээр зохион байгууллаа.






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ1 цаг 14 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ1 цаг 17 минутын өмнөНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна1 цаг 42 минутын өмнөИргэд, явган аялагчдын анхааралд!1 цаг 54 минутын өмнөОюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ1 цаг 58 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан2 цаг 25 минутын өмнө“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр11 сар 10. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан11 сар 10. 9:35“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг11 сар 9. 16:41Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 9. 16:29АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ11 сар 9. 12:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.