Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороодод шилжүүллээ


5-р сарын 24
18 цаг 59 минут

      Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.05.24) үдээс өмнөх хуралдаан 12 цаг 24 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа.

Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна.

Байнгын хороо нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төслийн холбогдох хэсэг, зүйл, заалтад нэмж тусгаснаас гадна төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, хууль зүйн техникийн талаас нь хянаж, зохих засвар, өөрчлөлтийг хийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Б.Энх-Амгалан гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн танилцууллаа.

Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан Байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг Байнгын хороо төслийн холбогдох хэсэг, заалтад нэмж тусгаснаас гадна төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, хууль зүйн техникийн талаас нь хянаж, зохих засвар, өөрчлөлтийг хийн эцсийн хувилбарыг боловсруулсан байна.

Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд тус санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан тус тус танилцуулсан юм.

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс, орнууд татвараас зайлсхийх, зугтах явдалтай тэмцэх, татварын суурийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа өргөжиж, эрчимтэй хөгжиж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав. Тухайлбал 2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас үүдэлтэйгээр “Их долоо”-гийн санаачилгаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлын эсрэг BEPS гэх олон улсын байгууллагыг байгуулсан. Улмаар BEPS-ийн зүгээс татварын суурийг хамгаалах, ашиг шилжүүлэх явдлын эсрэг 15 үйл ажиллагааны багц дүрэм журмыг боловсруулж танилцуулсанд одоогийн байдлаар 141 улс гишүүнээр нэгдэн ороод байгаа аж.

Монгол Улсын хувьд Европын холбооны “Татварын зорилгоор хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалт”-аас 2018 онд гарахдаа BEPS-ийн дүрэм журмуудыг хэрэгжүүлэх үүрэг амлалт хүлээсэн. Улмаар Монгол Улсын Засгийн газар 2018 оны 01 дүгээр сард BEPS-д 111 дэх гишүүнээр нэгдэн орж, BEPS-ийн холбогдох стандартуудыг 2019 оны татварын хуулийн шинэчлэлд тусган хүлээсэн үүргээ биелүүлж ажилласнаар энэхүү жагсаалтаас гарсан байна. Хэдийгээр Монгол Улс дотоодын хууль тогтоомжийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчилсэн ч 1991-2003 оны хооронд бусад улс оронтой байгуулсан 26 хоёр талт, давхар татварын гэрээнүүдийг BEPS-ийн 6, 14 дүгээр стандартад нийцүүлэх шаардлагатай байгаа талаар Г.Сайханбаяр сайд танилцуулсан юм.

Иймд Монгол Улсын давхар татварын гэрээнүүдийг BEPS-ийн стандартуудад нэг мөр нийцүүлэх зорилгоор Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон батлах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.

Тус конвенцод нэгдэн орсноор татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг нэвтрүүлэх, төлөөний газар, ногдол ашиг, хөрөнгийн татвартай холбоотойгоор давхар татварын гэрээ ашиглан татвараас зайлсхийх эрсдэлийг бууруулах, харилцан тохиролцох үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон өөрчлөлтийг Монгол Улсын бусад улстай байгуулсан 26 давхар татварын гэрээнд нэвтрүүлэх боломж бүрдэх аж. Ингэснээр Монгол Улсын давхар татварын гэрээнүүдийг урвуулан ашиглаж татвараас зайлсхийх, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх, татварын суурийг хамгаалах чухал ач холбогдолтой гэлээ.

Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасныг үндэслэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм.

Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Төсвийн байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн болохыг Г.Тэмүүлэн гишүүн танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг үндэслэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах Төсвийн байнгын хорооны дэмжсэн саналаар санал хураалтыг үдээс хойших хуралдаанаар явуулахаар шийдвэрлэсэн юм. 

Үргэлжлүүлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаан Г.Тэмүүлэн гишүүн танилцуулав.

Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Төсвийн байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Упсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн хэрэгжих хугацааг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хэмээн өөрчлөх санал гаргасныг гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын 1 томьёоллоор санал хураалт явуулах байсан ба үдээс хойших хуралдаанаар явуулахаар болов.

Дараа нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Г.Тэмүүлэн гишүүн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан хийсэн байна. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

Г.Тэмүүлэн гишүүний танилцуулсан нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.

Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нэгдсэн хуралдаанд танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн Төсвийн байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Гаалийн тариф гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан хууль тогтоомж хоорондын нийцлийг хангах зорилгоор “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Ийнхүү төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр танилцуулж буйгаа Г.Тэмүүлэн гишүүн хэлэв. Тогтоолын төсөлд Улсын Их Хурлаас 2005 онд баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох, энэ хууль хүчингүй болсонтой холбогдуулан сүлжмэл нэхмэл эдлэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотой зохицуулалтыг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмж тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх чиглэлийг Засгийн газарт даалгах асуудлыг тусгажээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх энэхүү тогтоолын төслийг дэмжсэн хэмээн Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцууллаа.

Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул Улсын Их Хурлын энэхүү тогтоолын төслийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хамтаар эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм. Үүгээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зочид буудлын болон караокены өрөөнд камер байршуулсан 14 үйлчилгээний газарт прокурорын мэдэгдэл хүргүүлжээ1 цаг 40 минутын өмнөБутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа1 цаг 55 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх механизм бүрдүүлэх сургалт болж байна1 цаг 58 минутын өмнөЭрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдсан иргэн бүр жилд 1 удаа ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр сувилалд хэвтэн эмчлүүлэх боломжтой2 цаг 1 минутын өмнөБаян-Өлгий аймагт ажиллаж байна2 цаг 6 минутын өмнөХамтарсан бэлтгэл нөхөрсөг тоглолт хийлээ2 цаг 10 минутын өмнөОйрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна3 цаг 48 минутын өмнөД.Оюунбилэг: Чингэлэг саатаад буй шалтгааныг мэдэхгүй ч асар их ашиг сонирхлын зөрчил явж буйг харж байна4 цагийн өмнөЦ.Бямба-Отгонд “улсын арслан”, С.Сүхбатад “улсын заан”, Э.Дашид “улсын харцага”, Б.Баянмөнхөд “улсын начин” цол хүртээлээ4 цаг 5 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагаанд 903 хэрэг шалгагдаж байна4 цаг 12 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах Үндэсний зөвлөлийн гишүүн Төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзлаа4 цаг 16 минутын өмнөБөхчүүдэд Улсын цол, чимгийг нөхөн олгох ёслол болно7 цаг 4 минутын өмнөНийт дуудлагын 72 нь ахуйн хүрээний гал түймрийн дуудлага байна7 цаг 14 минутын өмнөӨнөөдөр хулгана өдөр7 цаг 21 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан7 цаг 26 минутын өмнөД.Амарбаясгалан: Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эгүүлэн татаж байна6 сар 16. 21:57Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймагт гарсан эмгэнэлт хэрэгтэй холбогдуулан хууль, хүчний байгууллагынхантай уулзана6 сар 16. 16:28Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах эрх бүхий байгууллагуудын жагсаалт батлагдлаа6 сар 15. 15:07“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа6 сар 15. 14:47“Шинэ хоршоо” хөдөлгөөн II дахь шат руугаа орлоо6 сар 15. 14:42Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шаннон Кристин Коулиныг хүлээн авч уулзлаа6 сар 15. 14:35ЭМДЕГ-тай гэрээтэй рашаан, сувилал, сэргээн засах төвүүд6 сар 15. 14:31Бээжингийн Зам харилцааны их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ6 сар 14. 13:27Шинэ хоршоо хөдөлгөөн маш идэвхитэй, эрч хүчтэй өрнөж байна6 сар 14. 13:21Улаанбаатар-Прага чиглэлд нэг талдаа нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөгөөр тогтжээ6 сар 14. 13:13Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах талаар улс хоорондын туршлага солилцов6 сар 14. 11:44"ШИНЭ ХОРШОО ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" хөтөлбөрт Зээлийн батлан даалтын сан хамтран ажиллаж байна6 сар 14. 10:42Туул голын эрэг дагуу байршуулсан мэдээллийн самбарууд танд "тусална"6 сар 14. 10:32Солонготын давааг хатуу хучилттай зам болгоно6 сар 14. 10:19“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам өнөөдөр эхэлнэ6 сар 14. 10:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.