Улсын гуравдугаар төв эмнэлэг нь АНУ-ын “ВИРТУ” сантай 2014 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж байгаа юм. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тус сангийн шугамаар АНУ-ын Гэгээн Барнабасын Гэмтлийн төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, мэдрэлийн мэс засалч Реза Яссари тэргүүтэй тархи нуруу нугасны мэс заслын зочин профессорийн баг УГТЭ-т ирж ажиллалаа.
Америкийн зочин профессорын багийнхан зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай эмчлүүлэгчид нарийвчилсан үзлэг оношилгоо хийж, эпилепсийн эмгэг голомт авах зэрэг тархи, нурууны мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг УГТЭ-ийн мэдрэлийн мэс заслын багтай хамтран хийж эхлүүлээд байна.
Мөн ажлын байрны болон танхимын хосолсон сургалтыг зохион байгуулж тус эмнэлгийн мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулан бэхжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлсэн.
Энэ удаагийн зочин профессорын багт Эпилепси судлаач, Эпилепсийн эмгэгийн үеийн сэтгэл зүйч эмч нар ирсэн бөгөөд эпилепсийн эмчилгээ хийлгэж буй эмчлүүлэгч, тэдгээрийн ар гэрийнхэнд сэтгэл зүйн тусламж үзүүлэх чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах юм.
Сэтгэгдэл бичих