Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэгэн ярилцлага хэд хоногийн өмнөөс цахим сүлжээгээр голдуу цацагдлаа. Тэрээр уг ярилцлагын үеэр маш ноцтой олон зүйлийг ярьжээ. Тэдгээрээс онцолж, тоймлон хүргэе.
“Энэ их мөнгө, гадаад дотоодын нөлөө, хэлхэлдчихсэн хууль хяналтын байгууллага, шүүхийн фракцын систем...”
...Зориг байхгүй. Зоригийн хөшөө л байгаа. Зориг бол Ардчилсан хувьсгалын удирдагч биш. Тухайн үед хааяа архи уудаг байсан энгийн л нэг хүн. Зоригийг хөнөөсөн асуудал бол ахуйн, дээрмийн, золгүй хэрэг байсан. Улс төртэй огт холбоогүй. Зориг Ерөнхий сайд болох гэж байгаагүй.
Гэж ярьж чадаж байгаа хүмүүс “Системийн авлига гэж байхгүй. Хүн битгий ярь” гэдэг. Гэтэл хүн ярихгүйгээр яаж авлигын хэргийг ярих вэ. “Өнгөрснөө яриад байна. Мартчихъя. Ирээдүйг л ярья. Хүний эрх ярья. Гэхдээ Чимгээ, Булган хоёр бол хүн биш.
Энэ хоёрыг бол нийгэм яллаж болно. Энэ хоёрыгоо мартчихаад хүний эрх ярья” гэдэг. Энэ хүмүүс нөлөөллийн ажиллагаа хийж байгаа. “Больчих оо. Эвтэй байя. Гоё найрамдалтай явъя. Энэ том том стратегийн ордууд авчихсан, энэ бүлэглэлтэй эвлэрээд л явчихаач дээ. Тэгээд л мартчихъя л даа. Ярьж яах юм бэ” гэдэг. Яг ингээд 30 жил болчихсон. Тийм учраас л бид хатуу байх ёстой. Тийм учраас энэ тэмцэл хялбар биш. Энэ бас дуусах болоогүй. Энэ их мөнгө, энэ их гадаад дотоодын нөлөө, энэ их хэлхэлдчихсэн хууль хяналтын байгууллага, шүүхийн фракцын систем энэ бүхэн энэ цаг үед бүтэн шийдэгдэх үгүйг мэдэхгүй. Би нэг зүйлийг мэдэж байгаа нь бидний энэ ярьж байгаа зүйл, чуулганд хэлж байгаа үг, улс төрийн байр суурь, энэ бүхэн судлагдахуун болж үлдэнэ.
“Бодсоноо хэлж чадахгүй бол дарангуйлал, мэдсэнээ залгиж өнгөрвөл эс үйлдэл”
...Ардчилсан улс учраас энэ бүхнийг нээлттэй ярьж байгаа юм. Гэхдээ Элбэгдорж тусдаа хүн, Булган тусдаа хүн гэж боддог нийгэм бол ардчилал биш. Ялгаатай байдал болоод байгаа юм. Дотроо бодож байгаа зүйлийг хэлж чадахгүй явна гэдэг бол дарангуйлал шүү дээ. Эсвэл мэдэж байгаа зүйлээ залгиж өнгөрнө гэдэг бол эс үйлдэл шүү дээ. Чимгээ бол иргэн биш. Булган бол иргэн биш. Эмэгтэйчүүдийн баяр энэ хоёрт хамаагүй. Эрх чөлөө гэдэг бол зөвхөн Элбэгдорж л ярьж болдог зүйл. Элбэгдорж хүний эрх зөрчсөн бол энэ зөв зүйл гэдэг нь дүр эсгэсэн ардчилал. Хувь хүнд тохируулж үнэт зүйлээ худалдаад байна гэсэн үг. Нэг л зүйл дээр санаа зовж байна. Тэр юу вэ гэхээр яг сонгуулийн үед нийгэм хуваагдлаасаа болоод бүтэн дүгнэлтээ алдчихдаг. Газар нутгаа хамгаалъя гэдэг хүн газар нутгаа зарсан хүнийг дэмжээд явж байдаг. Гэхдээ өөрөө тэрийг мэддэггүй. Үүндээ дөрвөн жил харамсдаг. Энэ удаа хэдүүлээ тийм байгаад яах юм бэ. Үнэт зүйл, үнэт зүйл дээрээ л үлдэцгээе. Ярьсан ярьсандаа л байцгаая.
“Өөрт чинь карьер, аюулгүй байдал хэрэгтэй, өнгөрснөө битгий дүгнэ гэдэг”
...Булган энэ хэргийг яривал яадаг вэ гэдэг мэдрэмжийг 27 жил авсан. Тухайн үед бидний үеийн л эмэгтэй байсан. Гэр бүлийнх нь хүн, хамтран амьдрагч, хамтран зүтгэгч нь Ерөнхий сайд болох гэж байсан. Гэнэт нэг өдөр энэ бүхэн өөрчлөгдсөн. Ингээд үнэн нөхцөл байдлаас холдуулахын тулд нийгэм бүхэлдээ Булганыг яллах хардалтыг зохион байгуулсан. 27 жил гэрийн хориотой. 27 жил аль нэг улс руу зорчиж чадахгүй. 27 жил нийгмийн харилцаанд орж чадаагүй.
Гадуур гарахаар алуурчин гэж үзээд байдаг. Гэмгүй гэдгийг нь мэдэхийн дээдээр мэдэж байсан. Гэхдээ Булганаас нийгэм энэ хэрэг бодитоор юу болсон бэ гэдгийг асууна гэсэн болгоомжлолоос болоод 27 жил нийгмээр яллуулчихсан. Энэ бүхнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг явах уу. Үгүй.
Тийм учраас би гуравдугаар сарын 8-нд Чимгээ дээр очсон юм. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр учраас л очсон. Очих үед нийгмийн тэр даралт над руу чиглэж байсан. Гэхдээ зохион байгуулалттай шүү дээ. Яагаад гэхээр энэ нь нэвтрээгүй 20 жил болчихсон сэдэв учраас, хүмүүс ойлгоод хэвшчихсэн ойлголт учраас тэр мөс цөмөрнө гэдэг хялбар биш байсан. Яагаад баярын өдөр Чимгээ дээр очиж байгаа юм бэ. Яагаад Булганы талаар ярьж байгаа юм бэ.
Яагаад Зоригийн асуудлыг тухайн үед аравдугаар ангид байсан байж ярих гээд байгаа юм бэ. Гэдэг асуудлууд болж байсан. Яг гуравдугаар сарын 9-нөөс над дээр нөлөөлөл үүсгэж байсан. “Системийн авлигал буруу зүйл л дээ, сонгуулийн үед яриад яах вэ дээ.
Эд нар бүлэглэлийн нөхдүүд л дээ, сонгууль юм чинь хамт аваад гарчихъя л даа. Битгий ярь аа, ингээд эв нэгдэлтэй явчихъя, Ерөнхий сайд аа. Энэ их хэцүү асуудал шүү. Өөрт чинь карьер хэрэгтэй шүү дээ. Аюулгүй байдал хэрэгтэй шүү дээ. Залуу хүнд урт хугацаа байгаа шүү дээ. Ирээдүйгээ л харъя л даа. Өнгөрснөө битгий дүгнэ л дээ” гэдэг. Тийм учраас энэ том оролцогчидтой, ярвигтай асуудал мөн үү, мөн. Гэхдээ энэ бол 30 жилийн дүгнэлтийн зангилаа мөн үү, мөн.
“Эс үйлдлүүдийн нийлбэр дээр ардчилал байхгүй болдог”
...Зориг яагаад тусдаа нам байгуулах болов оо. Яагаад Улаанбаатар зочид буудалд Зоригийг дэмждэг хүмүүс цуглаж, түүнийг Ерөнхий сайд болгох тохироог хийв ээ. Яагаад тэр өдөр Хүүхдийн ордонд хуралдаан болоод дундаасаа завсарлав аа. Яагаад Энхсайханы Засгийн газар огцорчихсон юм бэ. Яагаад Элбэгдоржийн Засгийн газар гуравхан сарын дараа огцорчихсон юм бэ. Тэр үед Эрдэнэт үйлдвэрт яагаад онцгой дэглэм тогтоосон юм бэ. Энэ бүх зүйл бол улс төрийн нөхцөл байдал буюу шалтгаант холбоо. Тэгэхээр улс төрийн энэ бүх үйл явдлаас холдуулахыг л хүссэн. Тийм учраас энэ зүйлийг бид түүхээс арчиж хаяж болохгүй. Зоригийн хөшөөг шилжүүлэх гэж байгаа нь зүгээр барилга барих гэж байгаа асуудал гэж бодож байна уу. Үгүй шүү дээ. Энэ бол Зоригийг түүхээс арчих гэж байгаа юм. Шалтгаан нь энэ хэргийг мартуулах гэсэн үйлдэл. Тийм учраас л үүн дээр хатуугийн хатуу зогсох ёстой. Ардчилсан нийгэм, парламентын ардчилал байгаа учраас зогсох ёстой. Харин бид зогсохгүй бол яваандаа энэ бүгд байхгүй болно. Эс үйлдлүүдийн нийлбэр дээр ардчилал байхгүй болдог. Хоёр дахь Булганыг, хоёр дахь Чимгээг бий болгох боломжийг бид эс үйлдлээсээ болж зөвшөөрч байна гэсэн үг.
“Үүнийг л хонгил, бүлэглэл, системийн авлигал гээд байгаа юм”
...Системийн авлигал байгаа юу, үгүй юу. Манай Элбэгдорж Ерөнхийлөгч байхгүй гэсэн байна лээ. Би маш энгийн хариулъя. Элбэгдорж бол системийн авлигыг угсрагч мөн. Системийн авлигал гэж тухайн хүн өөрийнхөө томилсон хууль хяналтын байгууллага, өөрийнхөө томилсон шүүгч нартай улс төрийн эрх мэдлээр дамжуулж хэсэг бүлэг хүнд давуу байдал олгохыг нэрлэнэ. Би хоёрхон кэйс ярья.
Элбэгдорж гэдэг хүн хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болохын тулд хэд хэдэн зүйлийг хийсэн. Нэгдүгээрт мань хүн Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүсээс асар их хэмжээний санхүүжилтийг босгож, “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг та хэдэд өгнө, дунд нь би хувь авна” гэдэг тохироог хийсэн.
Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банкнаас дамжуулаад, энэ төрийн системд чиглэл өгөөд, ингээд эхлээд Ерөнхийлөгч болсон. Тэр зүйл дээр хандив буюу авлигал авсан, хууль бусаар. Хуулиараа бол их хэмжээний мөнгөн дүн байхгүй шүү дээ. Тэрнийхээ төлөө шүүгч нарыг томилж өгсөн. Шүүх засаглалыг худалдчихсан. Шүүх засаглал гэдэг бол том ойлголт. Шударга шүүгч зөндөө байгаа. Энэ дунд мерит зарчмаар биш томилсон шүүгч нарыг одоо хүртэл шингээж байгаа. Энийг л хонгил гэж яриад байгаа шүү дээ. Энэ бодитой. Нэртэй, устай нь яриад байна шүү дээ. Энэ Зоригийн хэрэг, 49 дээр байгаа шүүгч нар бүгд адилхан. Нэг л шүүгч нар. Ерөөсөө арван тав, зургаахан хүн байгаа. Одоо ч ажлаа хийж байгаа. Шүүх засаглалынхан үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Хэн хэн юу хийсэн бэ, хэн хэн юу юу хийгээд байгаа вэ гэдгийг.
Гэхдээ тэд нар өөрсдийгөө хамгаалах хэмжээний хамтын нууцтай байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл эрх ашиг зөрчигдөх хэмжээний ийм том систем бие биеэ хамгаалж байна гэсэн үг. Үүнийг бүлэглэл гэж байгаа юм.
Үүнийг системийн авлигал гэж байгаа юм. Хоёр дахь нь Цагаан суваргатай холбоотой асуудал 2014 оны тавдугаар сарын 23-ны өдөр Засгийн газраас өргөн баригдсан. Алтанхуягийн Засгийн газраас гэсэн үг шүү дээ. Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийг тогтоох тухай гэж их гоё нэртэй. “34 хувийг авна” гэж өргөн барьсан. Энэ үед Ерөнхийлөгч Элбэгдорж эхнийхээ сонгуульд МАК компаниас хандив авчихсан байсан. “Цагаан суваргыг өгнө” гээд тохирчихсон байсан үйл явц энд биеллээ олж байна гэсэн үг. Нөгөө системийн авлигал гэдэг энэ. Үүнийг мэддэг хүмүүс байдаг юм. Гэхдээ ярихгүй байгаа. МАК-ийнхан өөрсдөө мэдэж байгаа. Элбэгдорж Ерөнхийлөгч бүр сайн мэдэж байгаа. Тухайн үед Эрдэнэтийн 49-тэй холбоотой асуудлууд болж байхад надад үүнийг З.Энхболд дарга ярьж байсан. “Их хэмжээний дүн МАК компаниас аваад Элбэгдоржид сонгуульд нь хандивлаж байсан. Ийм хандивыг бол мэднэ. Алтанхуяг бид хоёрыг Элбэгдорж шахаад байсан юм” гэж байгаа юм. Нэг үгээр хэлбэл “Их хурлаар оруулаад 34 хувийг байхгүй болгох асуудлыг Элбэгдорж шахаад, байнга утасдаад байсан юм аа. Үүнийг Алтанхуяг дарга ч мэднэ. Би ч мэднэ” гэж хэлж байсан. Тэгэхээр одоо би З.Энхболд даргыг, Алтанхуяг даргыг ч гэсэн, зөндөө л олон зүйлүүд ярилаа, самбар тавьж байгаад чиг л ярилаа, болохгүй байна гэж ярилаа. Одоо энэ бол факт. Үнэхээр л үзэл санаандаа үнэнч бол, ярьж байгаа зүйл, үйлдэл хоёр нь нэг бол одоо ярих цаг нь мөн байхгүй юу.
“Цагаан суваргыг авсан нь төрийн эрхийг хууль бусаар авах маш том асуудал, дахиж давтагдаж магадгүй”
Зарим хүний хувьд Цагаан суварга хог шороо байж магадгүй. Тэгтлээ их байгалийн баялгаар баяжчихсан байж магадгүй. Хамгийн аюултай нь шүүх ёстой шүүхийг нь, мөрдөх ёстой хууль хяналтын байгууллагуудыг нь авлигал дотроо орооцолдуулчихсан. Их хурал, Цэцтэйгээ орчихсон. Энийг л системийн авлигал гээд байгаа юм.
Цагаан суварга бол системийн авлигаар хийгдсэн 49-тэй яг адилхан төрийн мөнгөөр хувьдаа авсан ийм л зүйл. Тэгэхээр өнөөдөр албан бус хэлцлүүд хуулиараа хүчин төгөлдөр.
Хэрвээ энэ дээр нэг төгрөгийн л авлигал өгсөн авсан нь үнэн бол энэ хүчин төгөлдөр хэлцэл биш. Нөгөө талаараа Цагаан суварга бол хог шороо ерөөсөө биш. Цагаан суварга бол Монгол Улсын стратегийн орд. Яг Эрдэнэттэй адилхан. Яг Оюу толгойтой адилхан. Яг Таван толгойтой адилхан стратегийн орд. Тийм учраас Цагаан суварга бол зөвхөн нэг гэр бүлд зарцуулагдах биш Монголын ард түмний сайн сайхны төлөө зарцуулагдах ёстой зэсийн орд. Дээрээс нь МАК компани ийм дүнг өгөөд стратегийн орд авчихлаа. Энэ бол “төрийн эрхийг хууль бусаар авах” маш том хэмжээний асуудал. Дахиж энэ давтагдаж магадгүй гэсэн үг. Гаднын компаниуд дээр, дотоодын хууль хяналтын байгууллага дамнасан бүлэглэл дээр энэ системийн авлигал давтагдаж магадгүй. Тийм учраас үүн дээр бид нар дүгнэлт хийх л учиртай. Энэ агуулгаараа Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсан нь ач холбогдолтой.
Үргэлжлэл бий...
Сэтгэгдэл бичих