“Бэрхшээлийг үл харгалзан тухайн хүний хүсэл эрмэлзэл, ур чадварыг үнэлж ажилд томилох нь чухал”


6-р сарын 11
13 цаг 29 минут

     -Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ-

Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.

“Нэткапитал” санхүүгийн групп нь хүртээмжтэй ажлын орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна

зураг
 
“Нэткапитал” санхүүгийн группийн “Харилцагчийн үйлчилгээний газар”-ын хамт олон. Мэдээллийн ажилтан Пүүжээ буюу Б.Пүрэвсүрэн /голд/, ахлах мэргэжилтэн Л.Шинэбаяр /арын эгнээнд зүүн гар талаас хоёр дахь/. /зургийг 2024 оны 3-р сард авав/

Хүн бүрд боломж бий…

“Сайн байна уу? Гэрээ сунгалт уу? Баярлалаа. Та гэрт ойр салбартаа гэрээгээ сунгах боломжтой. Та гэрийн хаягаа хэлнэ үү”.....

Хүйтний эрч харьцангуй суларсан 3-р сарын дундуур бид “Нэткапитал” санхүүгийн группийн “Харилцагчийн үйлчилгээний газар”-ыг зорьсон юм. Иргэд харилцагчдаас ирсэн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар утсаар ирсэн асуултад хариулт өгөх, санал гомдол хүлээн авах ажлыг “Харилцагчийн үйлчилгээний газар” хариуцдаг.  

Биднийг очиход захирал, менежерээс гадна 7 мэдээллийн ажилтан байв. Нэг мэдээллийн ажилтан ачаалалтай үед өдөрт ойролцоогоор 90-100 дуудлага хүлээн авдаг гэнэ. Дуудлага ирэхэд компьютерын дэлгэц дээр тухайн харилцагчийн мэдээлэл гарч ирэх бөгөөд мэдээлэлтэй танилцахын хажуугаар харилцагчийн яриаг нэг бүрчлэн сонсож, асуултын дагуу хайлт хийн хариулт өгцгөөнө.

зураг
 
Б.Пүрэвсүрэнг найз нөхөд нь “Сахал Пүүжээ” гэж дууддаг бөгөөд энэ нь өөрөө өөртөө өгсөн нэр гэнэ /Зургийг 2024 оны 3-р сард авав/.

Тэдний дунд ажлаа идэвхийлэн хийх нэгэн залуу байх ба түүнийг Б.Пүрэвсүрэн гэдэг. Урт үс, хууз сахал гээд анх харахад ширүүн гэмээр төрхтэй ч ярилцаад үзэхэд намдуу хоолой, зөөлөн инээмсэглэлтэй залуу байв. Найз нөхөд нь түүнийг “Сахал Пүүжээ” гэж дууддаг бөгөөд энэ нь Пүрэвсүрэн өөртөө өгсөн нэр гэнэ. 

Б.Пүрэвсүрэн Улаанбаатар хотод төрж өссөн бөгөөд одоо 34 настай. Аав, ээж, нэг эмэгтэй дүүгийн хамт амьдардаг. Тэр 19 настай байхдаа нэг өдөр барилгын талбайд ажиллаж байгаад их хэмжээний элсэнд дарагдан ухаан алдаж эмнэлэгт хүргэгджээ. 

Эмнэлэгт очоод ухаан орсон ч нугасны гэмтэл гэж оношлогдон, хагалгаа хийлгэх шаардлагатай болов. “Хагалгаа л хийлгэчихвэл хөл дээрээ босож чадна” гэсэн итгэл тээн хагалгаанд орсон боловч эмчээс “Дахиж алхах чадахгүй л болов уу даа” гэдэг үгийг сонсоод тэнгэр нурах шиг болжээ. Тэр явдлаас хойш жил гаран гэртээ хэвтэрт байж, сэтгэл санаагаар унан гадагшаа ч гаралгүй хэдэн сар жил өнгөрөв. Гэрийнх нь ойр орчмын зам талбай энхэл донхол, тэргэнцэртэй хүн явахад хүндрэлтэй болохоор тэр ч нөлөөлдөг байжээ. 

Ослоос хоёр жил орчмын дараа нэг өдөр зурагт үзэж байтал өөртэй нь адилхан тэргэнцэртэй хүмүүс ажил хөдөлмөр эрхэлж, спортоор хичээллэж, идэвхтэй амьдарч байгаа тухай нэвтрүүлэг гарав. Тэр үед яг л тархинд нь оч харвах шиг болж, шууд л интернэт рүү орж “Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” гэж байдгийг мэдэж авчээ. Маргааш нь зориг гарган гэрээсээ гарч, тус холбоог зорьж очтол ажилтнууд нь ч түүнийг найрсгаар хүлээж авав. Осолд орсноос хойш өөрийн сэтгэлээ төдийлөн нээж чадахгүй, эргэн тойрны хүмүүс ч сайн ойлгохгүй байсан бол ижил бэрхшээлтэй хүмүүстэйгээ уулзаж ярилцахад дотор нь онгойж, сэтгэл нь хөнгөрөөд ирэв.  

Энэ явдлаас хойш Б.Пүрэвсүрэн бага багаар гадагшаа гарч, хүмүүстэй уулзан идэвхтэй амьдарч эхэлжээ. Тэр хамгийн эхэнд ХНХЯ-наас зохион байгуулсан сургалтад хамрагдан тэргэнцрийн засварчны эрхтэй болсон байна. Дараа нь жолооны курсэд суралцаж жолооч болжээ. Мөн “Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”-ны такси үйлчилгээнд жолоочоор орж, тэндээ нийт 3 жил ажилласан байна.

Харамсалтай нь ковидын улмаас такси үйлчилгээ нь зогссон учраас “Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл”-д орж ажиллан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн, тэдний эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах ажилд гар бие оролцох болжээ.

Б.Пүрэвсүрэн “Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”, “Баянзүрх дүүргийн ХБИ-ийн зөвлөл” зэрэгт ажиллаж байгаад 2023 оны 11-р сараас “Нэткапитал” санхүүгийн группийн “Харилцагчийн үйлчилгээний газар”-т мэдээллийн ажилтнаар ажиллаж байгаа юм.

зураг
 
Тэр ажлыхаа хажуугаар тэргэнцэртэй сэлмийн спортоор мөн хичээллэдэг /зургийг хувийн архиваас авав/

Тэр ажлынхаа хажуугаар туялзуур сэлэмний спортоор мөн хичээллэдэг бөгөөд Монгол улсаа төлөөлөн олон улсын чанартай тэмцээнд оролцдог мэргэжлийн тамирчин юм. Тэргэнцэртэй сэлэмний спортын хувьд сэлэм болон өмсгөл нь энгийн тамирчидтай ижил боловч, тэргэнцрийг нь тусгай сууринд бэхэлсэн байдгаараа ялгаатай.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн тэр дундаа тэргэнцэртэй хүмүүсийн хувьд дасгал хөдөлгөөн хийх маш чухал учраас одоогоос 6 жилийн өмнөөс тэргэнцэртэй сэлэмний спортоор хичээллэж эхэлжээ. Б.Пүрэвсүрэн “Марафон, зээрэнцэг шидэлт гэх мэт хэд хэдэн спортоор хичээллэж байсан. Гэхдээ туялзуур сэлэм бол хамгийн сонгодог, маш эрхэмсэг спорт гэж боддог” гэсэн юм. 

Тэр 2022 оноос эхлэн “Тэргэнцэртэй сэлэмний улсын аварга шалгаруулах тэмцээн”-д оролцож байгаа бөгөөд 2023 онд Хятадын Шэн-ян мужид болсон “Азийн наадам”-д оролцож байжээ. 2024 оны 1-р сард зохион байгуулагдсан “Улсын аварга шалгаруулах тэмцээн” түүний оролцсон гурав дахь тэмцээн байсан ч Мөнгөн медаль хүртэж чаджээ.  “Чадвал 4 жилийн дараа, үгүй бол 8 жилийн дараа Монгол улсаа төлөөлөн Паралимпт оролцох хүсэлтэй” гэж өөрийн ирээдүйн зорилгоо хуваалцсан юм. 

Ослоос болж хөгжлийн бэрхшээлтэй болж, гэрээсээ ч гарахгүй, хүсэл мөрөөдөлгүй байсан тэр үеийн ул мөр одоо түүний царайгаас ор мөргүй алга болжээ.

Бэрхшээлийг үл харгалзан тухайн хүний хүсэл эрмэлзэл, ур чадварыг үнэлж ажилд томилох нь чухал

зураг
 
“Нэткапитал” санхүүгийн групп нь 2008 онд зээл, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр үүсгэн байгуулагдсан /зургийг байгууллагын зөвшөөрөлтэйгөөр нийтлэв/.

Б.Пүрэвсүрэнгийн ажилладаг “Нэткапитал” санхүүгийн групп нь 2008 онд зээл, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр үүсгэн байгуулагджээ.

Монгол улс социалист нийгмийн үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан. 1992 онд анхны ерөнхийлөгч сонгогдон мөн анхны үндсэн хууль батлагдаж, чөлөөт зах зээлийн системд шилжсэнээр арилжааны банкууд ч байгуулагдсан. Хөрөнгийн бирж ч байгуулагдаж, үнэт цаасны зах зээл ч үсрэнгүй хөгжсөн юм. Гэвч хэрэглэгчийн санхүү болон байгууллагын санхүү, кредит карт, зээлийн үйлчилгээ, гарааны бизнес гэх мэт банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа өргөжсөн нь сүүлд буюу холбогдох хуулиуд батлагдаж, эрх зүйн орчин бүрдсэний дараа юм.

Банк бус санхүүгийн байгууллага бол жижиг, дунд бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн хэрэгцээг хангах үүднээс санхүүгийн үйлчилгээг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлдэг хуулийн этгээд юм. Олон үе шат дамжихгүй, хурдан шуурхай гээд олон давуу талтай учраас сүүлийн жилүүдэд банк бус санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх иргэдийн тоо олширсон.

зураг
 
“Нэткапитал” санхүүгийн групп нь 16 жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, өдгөө 39 салбар нэгж, 500 гаруй ажилтан, 100,000 гаруй харилцагч, үйлчлүүлэгчтэй болоод буй санхүүгийн ууган компаниудын нэг юм.

“Дижитал эринд финтек хувьслаар манлайлна” гэсэн эрхэм зорилго бүхий “Нэткапитал” санхүүгийн групп нь байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй 16 жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа бөгөөд өдгөө 39 салбар нэгж, 500 гаруй ажилтан, 100,000 гаруй харилцагч, үйлчлүүлэгчтэй санхүүгийн ууган компаниудын нэг юм. Нийт 500 гаруй ажилтнаас 3 нь хөгжлийн бэрхшээлтэй ажилтан бөгөөд хуулийн хэрэгжилт болон нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоог нэмэгдүүлэх тал дээр идэвхийлэн ажиллаж байна. Энэхүү ажлыг манлайлан ажиллаж байгаа хүн бол группийн хүний нөөцийн менежер Э.Эрдэнэбүрэн юм.

Э.Эрдэнэбүрэн менежер 2023 оны 1-р сард DPUB2 төслийн зохион байгуулсан “ААНБ-д нөлөөлөх нөлөөллийн семинар”, мөн оны 3-р сард зохион байгуулсан “Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалт”-д тус тус хамрагдсан юм. Тэр “DPUB2 төслийн сургалт, семинараас маш их зүйл олж мэдсэн. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллахдаа тухайн хүний бэрхшээлийг бус чадварыг нь голлон харах хэрэгтэй гэдгийг ойлгож авсан” гэв. “Нэткапитал” санхүүгийн групп нь санхүүгийн байгууллага гэдэг утгаараа эдийн засаг, санхүүгийн мэдлэг бүхий хүмүүсийг ажиллуулах шаардлагатай байдаг. Иймд ажилд орохыг хүссэн хүн бүрийг ажилд авах боломж тэр бүр байдаггүй.

Гэхдээ “Харилцагчийн үйлчилгээний газар”-ын тухайд санхүүгийн нарийн мэргэжил эзэмшээгүй ч ажиллах хүсэл сонирхолтой, тодорхой хэмжээнд харилцааны ур чадвартай бол ажиллах бүрэн боломжтой байна. Түүнчлэн интернэт орчин бүрдсэн л бол гэрээсээ, хаанаас ч ажиллах боломжтой. Энэ талыг анзаарсан Д.Эрдэнэбүрэн менежер байгууллагынхаа жилийн болон хагас жилийн төлөвлөгөө, долоо хоног бүрийн төлөвлөгөөнд тус ажлын байран дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авч ажиллуулан квотыг хангах, нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар санаачилга гарган ажиллаж байна. “Санхүүгийн байгууллага учраас бүх албан тушаал дээр мэргэжлийн хүн шаардлагатай гэсэн ойлголт хүмүүсийн дунд ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд байна. Тэр ойлголтыг өөрчлөх үүднээс бид ажлын зар дээрээ тусгайлан “”Хөгжлийн бэрхшээлтэй ажилтан авна” гэж тодотгож өгсөн” хэмээн Э.Эрдэнэбүрэн менежер тодорхой хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар хуваалцсан юм. 

DPUB2 төслийн үйл ажиллагаа улам бүр өргөжиж байна

Б.Пүрэвсүрэн нь ХНХЯ болон Японы Жайка ОУ-ын байгууллагын хамтран хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл /DPUB2/”-өөс бэлтгэгдсэн “ААНБ-д нөлөөлөх нөлөөллийн баг”-ийн гишүүн юм.  Тэр “Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл”-д ажиллаж байх үедээ зөвлөлийн дарга Б.Мөнххишигийн санал болгосноор анх DPUB2 төслийн сургалтад хамрагджээ. DPUB2 төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нөлөөллийн багийн гишүүдээр бэлтгэдэг бөгөөд Б.Пүрэвсүрэн 2023 оны 6-р сард тус багийн гишүүнээр бэлтгэгдэж, хэд хэдэн удаагийн сургалтад хамрагджээ. Улмаар 2023 оны 10-р сард ААНБ-ын удирдлага, хүний нөөцийн ажилтнуудад зориулсан “ААНБ-д нөлөөлөх 10 дахь удаагийн семинар”-т чиглүүлэгчээр ажилласан юм.

Өмнө нь “Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” болон “Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл”-д ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүн ажил хөдөлмөр эрхлэхийн ач холбогдлыг өөрийн биеэр ойлгож мэдэрсэн түүний хувьд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тохирсон ажилд нь оруулж, зохистой тохируулга хийж өгвөл ямар ч бэрхшээлтэй хүн ажил хөдөлмөр эрхлэх боломжтой” гэсэн DPUB2 төслийн сургалтын гол агуулгыг олон олон хүнд хүргэж, ААНБ-уудын хандлага ойлголтод нөлөөлөх ажилд гар бие оролцохоор шийдсэн нь энэ юм.

Нөлөөллийн ажлаа илүү газар дээр нь хэрэгжүүлэхийн тулд ААНБ-д ажилд орохоор шийдэж, хэд хэдэн байгууллагад ажиллах хүсэлтээ илгээжээ. “Нэткапитал”-д ажлын хүсэлт гаргасан нь дасгал сургуулилалт хийдэг заалтай нь ойр байсантай холбоотой ч ажлын ярилцлагын үеэрх захирал, менежерүүдийнх нь харилцаа, хандлага маш их таалагдсан гэнэ. Б.Пүрэвсүрэн “Маш эелдэг харилцаатайн дээр “Та манай байгууллагаас хүсэх зүйл юу байна? Ямар нэгэн хүсэлт байвал хэлээрэй. Та боломжтой бол ажлын орчинтой эхлээд ирж танилцаарай” гэх мэтээр миний санаа бодлыг асууж байсан. Тэгээд ярилцлагын дараа “Харилцагчийн үйлчилгээний газар” дээр очиж үзэхэд төсөөлж байснаас маш залуу хүмүүс ажиллаж байсан. Захирал, мэргэжилтнээс эхлээд бүгд харилцааны өндөр соёлтой, маш эерэг орчин байсан учраас энд л ажиллах юм сан гэж чин сэтгэлээсээ бодсон” гэв. 

Хүний нөөцийн менежер Д.Эрдэнэбүрэн “”Харилцагчийн үйлчилгээний газар”-т мэдээлэл авах гэсэн хүмүүсээс гадна санал, гомдлоо хэлэх хүмүүс ч цөөнгүй байдаг. Зарим тохиолдолд манай мэдээллийн ажилтнууд загнуулах үе ч бий. Тийм ч амархан ажил биш. Пүрэвсүрэнгийн хувьд тамирчин хүн учраас сэтгэл зүйн хувьд хүчтэй, энэ тал дээр бусад ажилтнууддаа ч үлгэр жишээ болж ажилладаг гэж боддог” гэсэн юм.

зураг
 
“Хариулцагчийн үйлчилгээний газар”-ын ажилтнууд үйлчлүүлэгчдээс ирсэн асуултад түргэн шуурхай хариулж байв /зургийг 2024 оны 3-р сард авав/.

Б.Пүрэвсүрэнг “Харилцагчийн үйлчилгээний газар”-т ажилд орохоор болоход ажилтнууд нь хоорондоо ярилцаж, оффис дотор тэргэнцэр  явахад саадгүй байхаар ширээний байршлаа солих, шалаар байрлуулсан кабел болон цахилгааны утас, уртасгагч зэргийг холдуулах гээд эхний ээлжинд хийх боломжтой тохируулгуудыг хийжээ. 

Бид “Харилцагчийн үйлчилгээний газар”-ын мэргэжилтэн Л. Шинэбаяртай мөн ярилцсан юм. Тэр “Мэдээллийн ажилтны хувьд үйлчлүүлэгчийн асуултад хэрхэн хамгийн хурдан, тодорхой хариулах вэ, хэрхэн асуудлыг хурдан шийдвэрлэх вэ гэдэг маш чухал байдаг” гээд “Пүүжээ ах маш хичээнгүй. Заасан зүйлүүдийг маш хурдан сурсан. Бас харилцааны өндөр чадвартай учраас энэ ажилд их тохирсон хүн гэж боддог. Бас их хөгжилтэй хүн болохоор бид нарыг байнга инээлгэдэг” гээд инээмсэглэв.

зураг
 
Б.Пүрэвсүрэн 2024 оны 1-р сард болсон “Тэргэнцэртэй сэлэмний Улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээс мөнгөн медаль хүртсэн юм /зургийг хувийн архиваас авав/

Б.Пүрэвсүрэн “Нэткапитал”-д сэтгэл хангалуун ажиллаж байгаагийн бас нэг шалтгаан нь түүнийг тэмцээн уралдаанд оролцохын өмнө бэлтгэл хийх боломжоор бүрэн хангадаг явдал юм. Тэр тэмцээнгүй үедээ бүтэн цагаар ажилладаг бол тэмцээний бэлтгэлтэй үедээ хагас өдрөөр ажиллах уян хатан нөхцөлтэйгөөс гадна байгууллага нь олон улсын тэмцээн, бэлтгэлд явсан үед нь цалинг нь таслахгүйгээр олгож бүрэн дэмждэг байна. Ажлаа ч спортоо ч аль алийг нь эн тэнцүүхэн авч яваа түүнд хамт олон нь ч маш их урам өгдөг. Мэргэжилтэн Л.Шинэбаяр “Пүүжээ ахыг тэмцээнд оролцоод ярилцлага өгч байхыг телевизээр үзээд маш их бахархсан. Пүүжээ ахаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх ойлголт бас өөрчлөгдсөн. Тэднийг илүү хүндэтгэх сэтгэл төрж, бас Монголын орчин нөхцөл муу байгааг харахад хааяа сэтгэл эмзэглэдэг” гэсэн юм.

Б.Пүрэвсүрэнг “Нэткапитал” санхүүгийн группт ажилд ороход группийн хүний нөөцийн менежер Э.Эрдэнэбүрэн ч DPUB2 төслийн хүрээнд бэлтгэгдсэн ажлын байрны дадлагажуулагч байсан нь үнэхээр тохиолдлын зүйл байв. Энэ нь DPUB2 төслийн үйл ажиллагаа улам бүр өргөжиж байгаагийн нэг илрэл гэлтэй. 

Бусад ажиллагсад тэгш байдлын талаар олон нэмэлт ойлголттой болжээ

зураг
 
Б.Пүрэвсүрэн /зүүн гар талаас 3 дахь/, Хүний нөөцийн менежер Э.Эрдэнэбүрэн /баруун гар талаас 3 дахь/, Харилцагчийн үйлчилгээний газрын мэргэжилтэн Л.Шинэбаяр /зүүн гар талаас 2 дахь/ болон Чингэлтэй салбарын ажилтнууд /зургийг 2024 оны 3-р сард авав/

Мэргэжилтэн Л.Шинэбаярын ярианаас харахад хөгжлийн бэрхшээлтэй хүнд ажил хөдөлмөр эрхлэх боломж олгосноор тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдралд өөрчлөлт гараад зогсохгүй хамт ажилладаг ажилтнуудын хандлага ойлголтод ч эерэг нөлөө үзүүлдэг нь харагдаж байна. DPUB2 төслийн сургалт, семинарт хамрагдан хөгжлийн бэрхшээлийн талаар бүрэн ойлголттой болсон Д.Эрдэнэбүрэн менежер “Хөгжлийн бэрхшээлтэй хүн  болон бэрхшээлгүй хүн хамт ажилласнаар тэгш хамруулсан ажлын байр бий болгож чадна” гэж онцолсон юм. Тус групп нь “Харилцагчийн үйлчилгээний газар”-таа нэмж 15 ажилтан авч ажиллуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ ажлын байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түлхүү авч ажиллуулах сонирхолтой байгаагаа ч илэрхийлсэн юм.

Б.Пүрэвсүрэнгийн харьяалагддаг “Харилцагчийн үйлчилгээний газар” одоогоор “Нэткапитал” санхүүгийн группийн Чингэлтэй салбарын 9-р давхарт байрладаг. Гэвч тус давхарт лифт зогсдоггүй учир 9-р давхарт очихын тулд эхлээд 10-р давхарт гарч тэндээсээ шатаар 9-р давхар руу буух шаардлагатай. Б.Пүрэвсүрэнг байгууллагаас нь удахгүй ашиглалтад орох шинэ, хүртээмжтэй оффис руу нүүх хүртэл гэрээсээ ажиллаарай гэсэн боловч тэр “Заавал ажилдаа явна. Гэрээр ажиллах нь амар мэт боловч ажилд орсон мэдрэмж төрүүлдэггүй. Хамт олныхоо дунд орж ажиллах нь сайхан байдаг” гээд оффисоор ажиллаж байгаа ажээ. “Эхнээсээ бүх зүйл нь хангагдагдсан тийм байгууллагад ажилд орно гэж найдаагүй ээ. Эсрэгээрээ надаас санал хүсэлтийг минь сонсож, яавал саадгүй ажлаа хийх вэ гэдэг дээр анхаарал хандуулдаг тийм л байгууллагад орохыг хүссэн. Тэр байгууллагадаа ч орж чадсан гэж бодож байгаа. DPUB2 төслөөс суралцсан мэдлэг, ойлголтоо бодит байдал дээр хэрэгжүүлж, “Нэткапитал”-д өөрийн чадах зүйлээрээ хувь нэмэр оруулан, нөлөөллийн багийн гишүүнийхээ хувьд байгууллагаа “сайн жишээ” хэмээн бусад байгууллагад танилцуулах өдөр холгүй гэж бодож байна” гэсэн юм.

Э.Эрдэнэбүрэн менежер “DPUB2 төслийн “Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалт”-аас хөгжлийн бэрхшээлтэй ажилтан болон байгууллагын орчинд үнэлгээ хийх, ажилд орсны дараах дэмжлэг гээд маш чухал зүйлүүдийг суралцсан. Энэ мэдлэгийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй ажилтан төдийгүй шинээр орсон ажилтнуудад ч хэрэглэх боломжтой бөгөөд энгийн хүмүүс ч мэдэхэд илүүдэхгүй юм” гэв. Үүнээс харахад, DPUB2 төслийн сургалт, семинарын агуулгыг бүрэн ойлгож, амьдрал дээр хэрэгжүүлж байгаа нь харагдаж байна. Монголд “Ажлын байрны дадлагажуулагчийн сүлжээ” байгуулагдаад удаагүй байгаа бөгөөд Э.Эрдэнэбүрэн менежер тус сүлжээний гишүүн юм. Э.Эрдэнэбүрэн менежер болон төслийн нөлөөллийн багийн гишүүн Б.Пүрэвсүрэн нар хамтран ажиллаж, “Нэткапитал” санхүүгийн групп дэх хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудын тоог нэмэгдүүлж, тэгш хүртээмжтэй ажлын орчин бүрдүүлэн улмаар бусад байгууллагад үлгэр жишээ болохуйц байгууллага болно гэдэгт итгэлтэй байна.

DPUB2 төслөөс бэлтгэгдэн гарсан Ажлын байрны дадлагажуулагчид болон “ААНБ-д нөлөөлөх нөлөөллийн баг”-ийн гишүүд хамтран ажиллаж, олон олон байгууллагад хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт мэдлэгийг түгээн, тэдний тарьсан үр соёолон үр шимээ өгөх өдөр холгүй биз ээ. 

【БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ】

Байгууллагын нэр

Нэткапитал санхүүгийн групп

Үйл ажиллагааны чиглэл

Банк бус санхүүгийн байгууллага

Нийт ажилтны тоо(группийн хэмжээнд)

Ойролцоогоор 500 гаруй ажилтан /2024 оны 6-р сарын байдлаар/

Нийт ажилтны тоо(төв офисс)

Ойролцоогоор 100 гаруй ажилтан /2024 оны 6-р сарын байдлаар/

ХБ-тэй ажилтны тоо(группийн хэмжээнд)

Нийт 3 ажилтан /2024 оны 6-р сарын байдлаар/

ХБ-тэй ажилтны тоо(төв оффис)

Нийт 2 ажилтан /2024 оны 6-р сарын байдлаар/

ХБ-тэй иргэн ажилд авах болсон шалтгаан

・ААНБ-ууд нийгмийн хариуцлагын хүрээнд олон үйл ажиллагаа явуулах болсон. 

・Улаанбаатар хот болон орон нутгуудад шинэ салбарууд нээж байгаатай холбогдуулан хүний нөөцийн дутагдал үүссэн.

・Хүний нөөцийн менежер DPUB2 төслийн “ААНБ-д нөлөөлөх нөлөөллийн семинар” болон “Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалт”-д тус тус хамрагдсан.

・Мэргэжлийн тамирчин учраас сэтгэл зүй, бие бялдар гээд олон давуу талтайн дээр харилцааны өндөр чадвартай учраас “Харилцагчийн үйлчилгээний газар”-т тохирно гэж үзсэн.

Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

・Ажлын ярилцлагын дараа ажлын орчинтой нь урьдчилж танилцуулсан.

・Тэргэнцэртэй саадгүй явах орчныг бүрдүүлж, ширээний байршлыг өөрчлөх, газраар байрласан кабелын утас, уртасгуур зэргийг холдуулах зэргээр тохируулгууд хийсэн.

・Ажлынхаа хажуугаар тэмцээн уралдаанд оролцох боломжоор бүрэн хангадаг. Мөн хаанаас ч ажиллах боломжийг бүрдүүлж өгсөн. 

・”Харилцагчийн үйлчилгээний газар”-ыг шинэ хүртээмжтэй оффист шилжүүлэхээр төлөвлөж байгаа.

АЖЛЫН БАЙРНЫ ДАДЛАГАЖУУЛАГЧИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭ:

2022 оноос ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ний загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.

Холбоо барих хаяг:

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn

Утасны дугаар: 7707300877032222

Эх сурвалж: ikon.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон19 минут 56 секундын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ53 минут 33 секундын өмнөАЙЛЧЛАЛ БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Монголын парламентын ардчиллыг өндрөөр үнэллээ58 минут 47 секундын өмнө"Амьгүй донороос эрхтэн шилжүүлэхэд хулгай, авилгал, нууц явагдах ямар ч боломжгүй зүйл"2 цаг 17 минутын өмнөТаван чиглэлд нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг үе шаттай өргөтгөнө2 цаг 21 минутын өмнөНийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох нэр дэвшигчийн сонсголд оролцогчдыг бүртгэж байна2 цаг 23 минутын өмнөБНБУ-ын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа3 цаг 28 минутын өмнөЭрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох нэр дэвшигчийн сонсгол болно3 цаг 31 минутын өмнөУИХ болон Олон улсын парламентын холбооны хамтарсан цахим уулзалт-хэлэлцүүлэг болов3 цаг 37 минутын өмнөӨнөөдөр зарим дүүрэгт цахилгаан хязгаарлана3 цаг 42 минутын өмнөХүний эрхийн төлөв байдлын үнэлгээний талаарх цахим уулзалт-хэлэлцүүлэг болов4 цаг 11 минутын өмнө“Наурызын баяр-2025” арга хэмжээ төв талбайд маргааш болно4 цаг 16 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфорд хотноо монгол судлаачидтай уулзлаа4 цаг 21 минутын өмнөУлаанбаатар хот дэд бүтцийн төслүүдэд БНИУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ4 цаг 30 минутын өмнөЗасаг, “М-Си-Эс” хоёрын зодоонд хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө хоёр “хэрчүүлж” байна5 цаг 16 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” инновацын төвийн үйл ажиллагаатай танилцлаа5 цаг 28 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан5 цаг 35 минутын өмнөСолонгосын Хөгжлийн агентлагийн судлаачидтай санал солилцов3 сар 20. 16:59УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа3 сар 20. 16:10ТББХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ3 сар 20. 15:59Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно3 сар 20. 15:28Тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, уруу газар байршуулахдаа аюулгүй байдлыг ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү3 сар 20. 15:25Өнөөдрийн байдлаар нийт 143.9 тонн нөөцийн мах худалдан борлуулаад байна3 сар 20. 14:05НББХ: Даатгуулагчдыг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн сонсголын товыг тогтоож, даргалагчдыг томиллоо3 сар 20. 14:03БНХАУ-ын Эксим банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа3 сар 20. 14:01Хүнсний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шинэлэг инновацын шийдлийг шалгаруулах хакатоны бүртгэл явагдаж байна3 сар 20. 11:05Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа3 сар 20. 10:58Нийтийн тээврийн 1131 автобус иргэдэд үйлчилж байна3 сар 20. 9:50УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол залуустай уулзлаа3 сар 20. 9:46Өнөөдөр 4 дүүрэгт цахилгаан хязгаарлаж, засварлана3 сар 20. 9:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.