1.Хууль тогтоох үйл ажиллагааны шинэчлэл
1/Хууль батлах босго өндөрсөв. Монгол Улсын Их Хурлаас 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Улсын Их Хурлаас аливаа хуулийг нийт гишүүдийнхээ олонхын саналаар буюу 39-өөс доошгүй гишүүний саналаар хуулийг эцэслэн баталдаг боллоо. Өөрөөр хэлбэл, 39 гишүүн ирц бүрдүүлж 20 гишүүн нөлөөнд автан чанаргүй хууль баталдаг гэсэн хардлага, шүүмжлэлийг засав.
2/Дэлхий нийтэд үүсээд байсан “Коронавирус ковид-19” цар тахлаас үүдсэн онцгой дэглэмийн нөхцөлд Улсын Их Хурлыг цахимаар хуралдуулах тусгайлсан дэгийг батлан Улсын Их Хурлын үйл ажиллагаа нэг ч хором сааталгүй явагдаж цар тахлын хүнд үеийг даван туулах бодлого, шийдвэрийг цаг алдалгүй гаргасан. Улсын Их Хурлын үйл ажиллагааг тасралтгүй явуулах боломжийг хангаж ажилласныг Олон Улсын Парламентын Холбоо сайшаав.
3/Үйл ажиллагаа нь Байнгын хорооддоо төвлөрсөн парламентыг төлөвшүүлэх, парламентаар хуулийн төслийг хэлэлцэх дэгийг боловсронгуй болгох, Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд асуудлыг онолын үндэстэй, судалгаа, практик хослуулсан байдлаар хэлэлцэх, хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үр дүнтэй явуулах зорилгоор мэтгэлцэх зарчмыг нэвтрүүллээ.
4/Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл нь Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцсэн, агуулга, зарчмыг алдагдуулсан талаар мэргэжлийн шинжилгээ хийж эрх зүйн дүгнэлт гаргадаг болов.
5/Хуулийн төсөл боловсруулагчийг мэргэшүүлэх сургалтын тогтолцоог бүрдүүлэв. Хууль тогтоох ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх шинэчлэлийн бодлогын хүрээнд хуулийн төсөл боловсруулагчдад зориулсан сургалтын шинэ хөтөлбөр хэрэгжиж эхлэв.
6/Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнг шинэчлэн байгууллаа. Ингэснээр хууль тогтоомжийг шинжлэх ухааны судалгаа, орчин үеийн чиг хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн судалгаад үндэслэн боловсруулах нөхцөл бүрдэснээс гадна Улсын Их Хурлын Тамгын газраас Улсын Их Хурлын гишүүдэд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа иж бүрэн үзүүлэх, Улсын Их Хурлаас батлах хууль тогтоомжийн чанар, үр нөлөө дээшлэв.
7/Хуулийн төслийг хуумгай, түргэн шуурхай хэлэлцдэг гэсэн шүүмжийг халж, төслийн хэлэлцүүлэг хооронд тодорхой хугацаа тогтоолоо. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийг олон талаас нь бодьтой, тооцоо судалгаатай, мэтгэлцээн өрнүүлэх замаар хэлэлцүүлгийн чанар, зохион байгуулалтыг нэмэгдүүлэх өөрчлөлтийг 2024 онд шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд тусгасан бөгөөд 7 дугаар сараас хэрэгжиж эхэлнэ.
8/Аливаа улс орны эрх зүйт нийгмийн үндэс болсон Үндсэн хуулийн үзэл баримтлалыг иргэд, залуучуудад түгээх, энэ чиглэлээр судалгаа шинжилгээг дэмжих зорилгоор Үндсэн хуулийн өдрийг Улсын Их Хурлаас жил бүр өргөн цар хүрээтэй тэмдэглэх ажлыг тогтмолжуулав.
9/Хууль тогтоолын төслийг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүдийн ирц, идэвхи, санал хураалтын үр дүнг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй танилцуулах боломжийг бий болгож мөрдүүлэв.
10/Улсын Их Хурлын гишүүд санал өгөхдөө биеийн давхцалгүй өгөгдөл буюу хурууны хээгээ уншуулж ирцэд бүртгүүлдэг санал өгдөг болсон. Ингэснээр “төгөлдөр хуур тоглох” буюу нэг гишүүн олон гишүүний кнопыг дарж санал өгөх эрхэнд нь халддаг гэсэн олон нийтийн шүүмжийг засав.
2.Ёс зүй, сахилга хариуцлагын шинэчлэл
1/Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхдагч хуулийг баталлаа. Ингэснээр төрийн бүх албан хаагчид буюу төрийн өндөр болон төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан ёс зүйн алдаа гаргасан бол түүндээ тохирсон хариуцлагыг хүлээдэг, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн асуудлыг Ёс зүйн хороо, дэд хороо хэлэлцдэг тогтолцоог бүрдүүллээ. Төрийн албаны зөвлөлийн дэргэд Ёс зүйн хороог байгуулж, дүрмийг батла.
2/Улсын Их Хурлын болон бусад сонгуулийн мөчлөгөөс хамаарч төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллаж чаддаггүй нөхцөл байсныг халж улс төрөөс ангид, мерит буюу чадахуйн зарчимд суурилсан төрийн албыг төлөвшүүлэх Төрийн албаны тухай хуулийн шинэчлэн баталж шинэтгэлийг хийлээ.
3/Улсын Их Хурал ёс зүйн асуудлыг эрхэмлэн Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог бий болгон гишүүний ёс зүй, ирц болон төрийн албан хаагчийн ёс зүйн бодлогыг хариуцан ажиллаж эхэлсэн. Үүний үр дүнд цаг барьдаг парламент гэдэг нэрийг олон нийтээс хүртлээ.
4/Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчилж, хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэв.
5/Шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд гишүүний ёс зүй, сахилга хариуцлага, бүрэн эрх, чиг үүргийн талаар анх удаа цогц сургалт зохион байгуулах санаачилга гаргаж хэрэгжүүлэв.
6/Парламентын мэргэшсэн ажлын албыг төлөвшүүлэх ажилд дэмжлэг үзүүлж ажилтны нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг манлайлан батлуулав.
7/Шүүхийн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Шүүхийн сахилгын хороог шинээр байгууллаа. Ингэснээр аливаа хууль бус үйл ажилалагаанд оролцсон, хууль зөрчсөн шүүгчид хүлээлгэх хариуцлагын асуудлыг тодорхой хуульчиллаа.
8/Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг анх удаа баталлаа.
9/Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг батлан хэрэгжүүлж байна.
10/Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүйн сургалтыг тогтмолжууллаа.
3.Төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх шинэчлэл
1/Парламентын ардчиллыг гүнзгийрүүлэх, парламент нь ард түмний төлөөллийн дээд байгууллага болохын хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болголоо. Ингэснээр 1992 оны анхны шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал болох нэг Улсын Их Хурлын гишүүн 27000 орчим иргэнийг төлөөлөх судалгаа, тооцоо хангагдлаа.
2/Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж “нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах, намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтоох” зарчмын өөрчлөлтийг баталсан. Энэ үзэл баримтлалын хүрээнд Улс төрийн намын тухай хуулийг 18 жилийн дараа шинэчлэн батлав. Ингэснээр тодорхой болзол шалгуур хангасан намд төрөөс санхүүжилт олгох, санхүүжилтийн зарцуулалт нээлттэй, ил тод байх, нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог дэмжих, намын удирдах дээд байгууллагад аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байх зэрэг бодлогын нам байх эрх зүйн шинэчлэлийг хийлээ.
3/Жендэрийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих зорилгоор Улс төрийн намын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудад эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг үе шаттай нэмэгдүүлэх заалтыг оруулж 2024 оноос 30 хувь, 2028 оноос 40 хувь байхаар хуульчилсан төдийгүй жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ хүйсийн харьцааг 1х1 байхаар тусгалаа.
4/Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал болох засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн зарчмыг баримтлан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг шийдүүлэхээр иргэдийн дунд Зөвлөлдөх санал асуулгыг 4 үе шаттай зохион байгуулж, эх орныхоо өнцөг булан бүрээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 20-89 насны 801 иргэнийг оролцуулан “Зөвлөлдөж шийдье” уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулав.
5/Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулж, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэв.
6/Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулж нутгийн өөрөө удирдах ёсны үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэв.
7/Швейцарын Парламентын Тамгын газар болон Улсын Их Хурлын Тамгын газарт хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөр хариуцсан нэгж байгуулагдан ажиллаж байна. Ингэснээр парламентын арчдиллыг бэхжүүлэхэд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах боломж бүрдлээ.
8/Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаар иргэдийн санал, хүсэлт, гомдол мэдээллийг авах байнгын тогтолцоог бүрдүүлэв.
9/Улсын Их Хурлаас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн баталлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийг анх удаа бүсчилсэн хэлбэрээр томсгосон тойгоор зохион байгуулахаар тогтлоо. Ингэснээр Улсын Их Хурлын гишүүд сонгогдсон аймгийнхаа бус бүсийн хөгжлийн бодлогыг хэлэлцдэг, бүс нутаг өөрсдийн давуу талдаа үндэслэн сул талаа нөхөх эрх зүйн боломж бүрдлээ.
10/Хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон цаг үеийн тулгамдсан асуудлаарх Ерөнхий сайдын мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэж тухайн асуудлаар санал, асуултыг бүртгэн хариулт авах журмыг хуульчиллаа. Ингэснээр иргэд, олон нийт сонирхсон асуултаа Ерөнхий сайдаас асуух, хуулийн биелэлтэд хяналт тавих боломж бүрдлээ.
4.Парламентын хяналтын шинэчлэл
1/Парламентын үндсэн чиг үүрэг бол хууль тогтоох, баталсан хуулийнхаа биелэлтэд хяналт тавих юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг амьлуулах зорилгоор парламентын хяналт шалгалтыг хуульчилж эрх зүйн үндсийг бүрдүүлэх чиглэлээр манлайлан ажиллаж, 2021 оны 12 дугаар сард Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийг Улсын Их Хурлаар батлуулав. Ингэснээр парламент Засгийн газрыг хянах, ард түмний мэдэх эрхийг хангах суурь нөхцөл, эрх зүйн үндэс бүрдэв.
2/Дэлхийн олон орон сонгодог парламентын жишиг болсон Хянан шалгах түр хороо байгуулж ажиллуулах эрх зүйн үндсийг бүрдүүллээ. Ингэснээр Улсын Их Хурал хуулийн биелэлтээ хянадаггүй гэсэн шүүмжийг засаж нотлох баримт шинжлэн судлах, гэрчийг дуудаж асуух зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх замаар Засгийн газрын үйл ажиллагаанд бодитой, үр нөлөөтэй хяналт тавих нөхцлийг бүрдүүллээ.
3/Парламентын хяналтыг Засгийн газрын үйл ажиллагаанд төвлөрүүлдэг нийтлэг зарчмыг баримталж, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын албан тушаалтанд Улсын Их Хурлын гишүүд асуулт, асуулга тавьж, албан ёсны хариуг хэлэлцдэг зохицуулалтыг боловсронгуй болгов.
4/Улсын Их Хурлаас хийх хяналт шалгалтын ажилд төрийн аудитын байгууллага зэрэг төрийн хяналт шалгалтын эрх бүхий байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулав.
5/Хянан шалгах түр хорооны эрх зүйн үндсийг бүрдүүлж “Хөгжлийн банкны”, “Нүүрсний экспорт, тээвэрлэлтийн”, “Ногоон автобусны”, “Эмийн үнийн өсөлтийн” асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж нийгэмд үүсээд байсан хууль бус үйл ажиллагаа, иргэд, олон нийтэд мэдээлэлгүй байсан асуудлыг ил тод, нээлттэй хэлэлцэж иргэдийн мэдэх эрхийг хангаж ажиллав.
6/Улсын Их Хурал хуулийг батлаад орхих биш хууль тогтоомжийн хэрэгжилт, үр нөлөөг үнэлэх байнгын тогтолцоог бүрдүүлж, төрийн хяналтын мэдээллийн цахим сүлжээг байгуулж, хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг бий болгов.
7/Улсын Их Хурлаас явуулсан хяналт шалгалтын холбогдох баримт бичиг, мэдээлэл болон бусад байгууллагаас гаргуулж авсан хяналт шалгалтын мэдээллийг багтаасан “Хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сан”-г бүрдүүлснээр төрийн ой санамжийг хадгалах, парламентын хяналтыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх мэдээллийн дата бааз бий болов.
8/Улсын Их Хурлаас баталсан хууль, тогтоолын талаар хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг тогтмол хийдэг болсон. Ингэснээр парламентаас баталсан хуулийн зохицуулалт нь үзэл баримтлалын хүрээнд, нэг мөр хэрэгжиж байгаад үнэлэлт өгч засан сайжруулах боломж бүрдлээ.
9/Улсын төсвийг боловсруулалтын шатанд нь байнгын хяналтын тогтолцоог бүрдүүллээ. Ингэснээр улсын төсвийг бодьтой төлөлвлөлөсөн эсэхэд дүн шинжилгээ хийж, Улсын Их Хурал үнэн зөв, бүрэн мэдээлэлд үндэслэн шийдвэрлэх боломжтой болсон.
10/Улсын Их Хурлаас томилохоор заасан албан тушаалтнуудтай нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүллээ. Ингэснээр төрийн өндөр, хариуцлагатай ажилд томилогдох хүний нэр албан тушаалтны халаасанд явдаг, түүнчлэн ганцхан өдөр хэлэлцэн баталдаг гэсэн шүүмж, хардлагыг заслаа.
5.Цахим парламентын шинэчлэл
1/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж Улсын Их Хурлын гишүүд хуралд цахимаар оролцох, санал өгөх эрх зүйн үндсийг бүрдүүлэхийн зэрэгцээ цахим системд шинэчлэл хийснээр Монгол Улсын парламент цахим парламент боллоо. Үүний үр дүнд “Ковид-19” цар тахлын үед танхим, цахим хосолсон хэлбэрээр чуулганы хуралдааныг зохион байгуулсан төдийгүй Улсын жилийн төсвийг хойшлуулалгүй, цаг алдалгүй, батлуулж чадсан цөөн парламентуудын нэг болж үнэлэгдсэн.
2/Зөвхөн хууль санаачлагч биш иргэд, олон нийт мэдээллийн технологийн ололтыг ашиглан хууль тогтоох үйл ажиллагаанд шууд оролцох эрх зүйн үндсийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачлагчаар Улсын Их Хурлын тухай хуульд 2020 онд нэмэлтээр оруулав. Ингэснээр “D-Petition” системийг шинээр бүтээж, иргэд хуулийн төсөл боловсруулах санаачлага гаргах боломжийг бүрдүүлж, хэрэгжүүллээ. 2023-2024 онд Хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын иргэнд газрыг 100 хүртэл жилээр эзэмшүүлэхийг цуцлах саналыг 100 мянгаас дээш тооны иргэд дэмжсэнээр иргэд анх удаа хууль тогтоох ажиллагаанд шууд оролцож түүхийг бүтээж хуульд өөрчлөлт орууллаа.
3/Хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал хураадаг болов. Биеийн дахин давхцахгүй өгөгдөл болох хурууны хээний системийг нэвтрүүлснээр "Төгөлдөр хуурдалт" буюу өөр гишүүний кнопыг дарж санал өгдөг байсныг халлаа.
4/Улсын Их Хурлын чуулганы хуралдааны цахим системд 2024 онд бүрэн шинэчлэлт хийж Бельги улсын “Телевик” системийг нэвтрүүлэв. Ингэснээр Монгол Улсын парламентад дэлхийн жишигт нийцсэн аюулгүй, найдвартай технологийг нутагшууллаа.
5/Цаасны хэрэглээг багасгаж, цаасгүй цахим парламент болох стратегийн зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүллээ. Тухайлбал, хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх бүх судалгааг цахим QR код ашиглан өөрийн гар утас, таблетан дээрээ үзэх боломжийг бий болголоо.
6/Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж, иргэдийн оролцоог дэмжсэн цахим орчин бүрдүүлж, олон нийтэд нээлттэй, ил тод цахим парламент болох d.Parliament платформыг нэвтрүүлэв. Ингэснээр иргэд Улсын Их Хуралд хэлэлцүүлгийн шатанд байгаа бүхий л хууль тогтоомжийн зүйл, хэсэг, заалт бүрд санал өгөх боломжтой болсон төдийгүй ажлын хэсэг саналыг судлан үздэг, Байнгын хороо санал, дүгнэлтдээ тусгадаг боллоо.
7/Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааны явцын дууны бичлэгийг буулгадаг уламжлалт аргыг дижитал системд шилжүүлэв. Ингэснээр цаг хугацаа хэмнэх, мэдээллийг түргэн шуурхай хүргэх нөхцөл бүрдлээ.
8/Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаан, бусад үйл ажиллагааг телевиз, радиогоор шууд нэвтрүүлж иргэд олон нийтэд шуурхай хүргэдэг болов.
9/Парламентын номын сангийн үйлчилгээг өргөжүүлж цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулж, уншлагын, цахим мэдээлэл, лавлагааны үйлчилгээ үзүүлдэг болов.
10/Улсын Их Хурлын гишүүдийн ирцийн мэдээг иргэд олон нийтэд тогтмол мэдээлэх, хууль эцэслэн батлах санал хураалтын дүнг иргэдэд ил тод, нээлттэй мэдээлдэг болсон.
6.Хүний эрх, шударга ёсны шинэчлэл
1/Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганыг “Авлигын эсрэг чуулган” хэмээн зарлаж, “Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр”-ийг батлан, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж авлигын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгалаа. Авлига, албан тушаалын гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасаж, хорих ялын хэмжээг нэмэгдүүлж, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар хуульчиллаа.
2/Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Ингэснээр төрийн өндөр албан тушаалтан болон түүний хамаарал бүхий хүмүүс төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллах, төрийн удирдах албан тушаалд ажиллахыг хориглолоо.
3/Улсын Их Хурал анх удаа өөрийн нэр дэвшүүлэх эрхээсээ татгалзаж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг олон нийтэд нээлттэй, ил тод сонгон шалгаруулж, мэдлэг ур, чадвар, туршлагтай хүмүүсийг хараат бусаар томиллоо.
4/Олон улсын парламентын холбоотой хүний эрх, жендэрийн асуудлаар хамтран ажиллах санамж бичгийг 2028 он хүртэл байгуулав.
5/Дэлхийн улс орнуудын парламентын дотроос анх удаа хүний эрхийн асуудлаар парламентын өөрийн үнэлгээг Олон Улсын Парламентын холбоотой хамтран зохион байгуулав. Ингэснээр хүний эрхийн асуудлаар хаана яваагаа мэдэх, цаашид юу хийхээ төлөвлөх боломж гарлаа.
6/Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж, хүний эрх хамгаалагчдын үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн Ази тивийн анхны парламент болов.
7/Хууль тогтоох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд үзүүлэх зөвлөгөө, туслалцаа нь хүний эрхийн мэдрэмжтэй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Тамгын газрын ажилтнуудад зориулсан “Хүний эрхийн боловсрол олгох хөтөлбөр” батлан, хэрэгжүүлэв.
8/Улсын Их Хурлаас Хүний эрх хамгаалагчийн болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүдийг томилсноор Монгол Улсад анх удаа Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм болон Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулагдлаа.
9/Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэчлэлийг хийв. Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл баримтлалын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг олон нийтэд нээлттэй, ил тод сонгон шалгаруулж томилов. Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг батлан, шүүхийг иргэд олон нийтэд хүртээмжтэй байхаар тойргийн журмаар байгуулахаар тогтов.
10/Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжид “Хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийх” аргачлалыг анх баталж нэвтрүүллээ. Ингэснээр хүний эрхэд харшилсан, зөрчсөн, халдсан шинжтэй зохицуулалт хуулийн төсөлд туссан бол хууль тогтоогчдод мэдэгдэх, засуулах боломжийг бүрдүүллээ.
7.Ил тод, нээлттэй байдлын шинэчлэл
1/Ард түмний засаглах эрхийг хангах эрх зүйн шинэ орчныг бүрдүүлж Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулж тодорхой асуудлаар Ажлын хэсэг байгуулах саналыг 33.000 ба түүнээс дээш тооны иргэн, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70.000 ба түүнээс дээш тооны иргэн, хуулийн төслийн талаарх саналыг 100.000 ба түүнээс дээш тооны иргэн тус тус дэмжсэн бол Улсын Их Хурал холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхээр болов.
2/Иргэдийг Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцуулах арга хэмжээг иргэдэд хүртээмжтэй, сонирхолтой байх шинэлэг агуулгаар баяжуулан, цар хүрээг нь өргөжүүлэхэд анхаарав. 2022 оны хаврын чуулганаас эхлэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой иргэд танилцах үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүдийн оролцоог хангаж, гишүүд Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгдөг болов.
3/Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг батлуулж иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох боломж бүрдэв.
4/Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг зохицуулж буй хуулиудыг аудио хэлбэрт оруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн түгээж, парламентын үйл ажиллагааг тогтмол мэдээлэх подкасттай болов.
5/Хуулийн чанарыг сайжруулах хүрээнд Монголын хуульчдын холбоотой хамтран хуулийн төсөл боловсруулахад голлох үүрэгтэй оролцдог УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ зэрэг төрийн байгууллагуудын 56 хуульч, эрх зүйчдийн хамруулсан хуулийн төсөл боловсруулагчийн сургалтыг анх удаа санаачлан зохион байгуулав.
6/Төрийн ордны хойно байрлах цэцэрлэгт хүрээлэнг иргэд, олон нийтэд нээлттэй болгох санаачилга гаргаж хэрэгжүүлэв. Улсын Их Хурлын тогтоолоор энэхүү цэцэрлэгт хүрээлэнг хамгаалалтын бүсээс чөлөөлж, хойд талын 1.3 га цэцэрлэгт хүрээлэнг нийтэд нээлттэй болгохоор шийдвэрлэж иргэд чөлөөт цагаа зөв боловсон, амарч өнгөрөөх нөхцлийг бүрдүүлэв.
7/Төрийн ордонд нэвтрэхэд тавигддаг хувцасны стандартыг өөрчилж иргэдийг чөлөөтэй нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэв.
8/Улсын Их Хурлаас гаргаж байгаа шийдвэр үйл ажилагааг иргэд, олон нийтэд хүргэх зорилгоор 7 хоног бүр Үндэсний олон нийтийн телевиз болон бусад сувгаар Улсын Их Хурлын цаг гэсэн тусгай нэвтрүүлгийг хүргэдэг боллоо.
9/Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулганы үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд ойлгомжтой байдлаар эмхэтгэл болгон бэлтгэж хүртээмжтэй байдлаар түгээж хэвшлээ.
10/Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын гишүүд сонгогчиддоо үйл ажиллагааныхаа тайланг заавал хүргэдэг байх зохицуулалтыг хуульчиллаа.
8.Соёл, боловсрол, нийгмийн хамгааллын шинэчлэл
1/Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан залууст зориулсан “Парламентын боловсролын хөтөлбөр” боловсруулж, сургуулиудын сургалтын хөтөлбөрт багтаан хэрэгжүүлдэг болов.
2/Өсвөрийн парламент хөтөлбөрийг санаачилж, 3 жил дараалан зохион байгуулав. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүүхдүүд улс оронд тулгамдаад байгаа асуудлын талаар эссэ бичин шалгаруулалтад оролцож шалгарсан хүүхдүүд тусгай хөтөлбөрөөр сургалтад хамрагдаж байгаа нь ирээдүйн зөв хүнийг төлөвшүүлэх, бусаддаа нөлөөлөх, манлайлах боломжийг бий болголоо.
3/Парламентын музей байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, парламентын боловсролын веб сайт ажиллуулав.
4/Парламентын үйл ажиллагаа сурталчлан таниулах, Улсын Их Хурлаас гаргаж байгаа бодлого, шийдвэрийг үнэн зөв, шуурхай хүргэх зорилгоор Хууль тогтоомж сурталчлах төвүүдийг Баянхонгор, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Өвөрхангай аймгуудад байгууллаа. Ингэснээр иргэд хууль тогтоох үйл ажиллагаанд шууд оролцох, хууль тогтоомжийн төсөлд саналаа өгөх, хэрэгжилтийг үнэлэх нөхцөл бүрдэв.
5/Парламентын номын сангийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр Улсын Их Хурлын гишүүдэд үзүүлж буй мэдээллийн үйлчилгээг шинэ шатанд гаргаад зогсохгүй иргэдэд Парламентын номын сангийн үйлчилгээ үзүүлэхийг суурийг тавьлаа.
6/Улсын Их Хурлын даргын ивээл дор үндэсний номын баярын арга хэмжээг олон улсын зохиолч судлаачид оролцуулан тогтмол зохион байгуулж хэвшив.
7/НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Чимид” сантай хамтран Үндсэн хууль, парламент судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний хурлыг жил бүр хийдэг болсон.
8/Парламентын засаглалтай улс орнуудын жишгийн дагуу үе үеийн Улсын Их Хурлын дарга нарын нараас бүрдсэн “Хуралдай” клубыг байгуулав. Ингэснээр төрийн албаны залгамж чанарыг хадгалах, Монгол Улсын парламентын тогтолцоог бэхжүүлэх, парламентат ёсыг төлөвшүүлэх, судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг парламентад хэвшүүлэх, нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцож ажиллах сайн дурын механизм бүрдлээ.
9/Соёл урлагийн салбарын тогтолцоог бэхжүүлэх, хамрах хүрээг нь өргөжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын эрх зүйн орчин сайжруулахын тулд Соёлын тухай хуулийг шинэчилэн найруулж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай болон Кино урлагийг дэмжих тухай анхдагч хуулиудыг батлуулахад анхаарч ажиллав.
10/Тэтгэвэр, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн шинэчлэлийг хийлээ. Ингэснээр тэтгэвэр авагчдын тэтгэвэрийн зөрүүг арилгах алхам болсон төдийгүй заавал болон сайн дурын даатгалын төлөлтийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд чиглэсэн хүнд сурталгүй шуурхай зохион байгуулах, хариуцлагын асуудлыг тодорхой болгох, нөхөн төлөлтийн нөхцлийг сайжруулах тогтолцооны өөрчлөлт хийлээ. Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг баталсан. Ингэснээр хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шуурхай, цаг алдалгүй хүргэх боломж бүрдлээ.
9.Гадаад харилцааны шинэчлэл
1/Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын манлайлал дор Парламент хоорондын хамтын ажиллагаа хөгжлийн шинэ түвшинд гарч чадлаа. Сүүлийн жилүүдэд Япон, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, ОХУ, Лаос, Бүгд Найрамдах Солонгос Улс, Унгар зэрэг дэлхийн олон улсуудтай парламентын хамтын ажиллагаа хөгжиж, парламентын хоорондын байнгын механизмыг шинээр болон идэвхжүүлэн хөгжүүлж ажиллуулав.
2/Олон Улсын Парламентын холбооны үйл ажиллагаанд Улсын Их Хурал идэвхтэй ажиллалаа. Олон Улсын Парламентын Холбоо, Улсын Их Хурал хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 онд байгуулснаар тус холбоотой олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлж эхлэв.
3/Олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын ээлжит хурал, чуулган, хэлэлцүүлэгт оролцож, олон талт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлсэн нь хууль тогтоох байгууллагууд хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, уламжлалт найрсаг харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэв.
4/Швейцарийн хөгжлийн агентлаг Улсын Их Хурал хоорондын хамтын ажиллагааг 2020 оноос эрчимжүүлж, “Монгол улсад төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлж, уг төслийн хүрээнд дэлхийн парламентуудын хөгжлийн нийтлэг хандлагад нийцүүлэн Парламентын боловсрол, Парламентын хяналт шалгалтыг сайжруулах чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулах, шинэ санаа нэвтрүүлэх ажлыг үр нөлөөтэй хэрэгжүүллээ. Эдгээр ажил нь Улсын Их Хурлыг шинэ үеийн парламент болгох нэг чухал шинэтгэлийн чиглэл болж чадав. Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтын ажиллагаагаа 2028 он хүртэл үргэлжлүүлж, “Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр болов.
5/Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, “Бан Ги Мүн” сан, Бүгп Найрамдах Солонгос Улсын Эвха Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг хоёр жил дараалан Монгол Улсад зохион байгуулснаар Улсын Их Хурал нь Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах, Зүүн хойд, төв азийн бүс нутаг хүний эрх, ардчиллыг хөхиүлэн дэмжих нэг төв гэдгээ илтгэн харуулж чадлаа.
6/Улсын Их хурлын даргын манлайлал дор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамтай хамтран Дэлхийн эрүүл мэндийн асуудлаар Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганыг “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор 2023 оны 08 дугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав.
7/Азийн сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулах ажилд дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааны хүрээнд Азийн сан нь хууль тогтоох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох чиглэлд томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхлэв.
8/Улсын Их Хурлын цахим хуудсыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, мэдээ, мэдээллийг англи хэл дээр цахим хуудсаар дамжуулан мэдээлэх ажиллагааг тогтмолжуулж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон улсын түвшинд шуурхай мэдээлэх нөхцөлийг сайжруулахад анхаарч ажиллав.
9/Оросын Холбооны Улсын Төрийн Думын дарга В.В.Володин Улсын Их Хурлын даргын урилгаар 2023 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, талууд худалдаа, эдийн засаг, газрын тос, эрчим хүч, байгаль орчин, зам тээвэр, боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэв. Мөн шатахууны тогтвортой нийлүүлэлт, хангамж, үнийн асуудлаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, ноос ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д татваргүй болон татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэхийн тулд хориг саадыг арилгах зэрэг асуудлаар тохиролцов.
10/Монгол Улсын Их Сургууль, Измир Катип Челеби Их Сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судлаачид 2022 оны зургаадугаар сарын 12-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Ван мужийн Хан тосгоноос “Аладагийн ордон” хэмээх Ил хаант улсыг үндэслэгч Хүлэг ханы зуны ордны туурийг олж нээхэд гол дэмжлэгийг үзүүлж түүхэн шинэ хуудсыг нээв.
10.Төсөв, санхүү, эдийн засгийн шинэчлэл
1/Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж төсвийн төслийг иргэд олон нийтээр хэлэлцдэг эрх зүйн үндсийг бүрдүүлэв. Монгол Улсын түүхэнд анх удаа улсын төсвийн төслөө ард олон, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагууд, ажил олгогчид хамтран ярилцаж, шүүн тунгаах зорилгоор “Төсөв 2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав.
2/Коронавирусийн цар тахлаас үүдсэн хөл хорио, хязгаарлалтын онцгой дэглэмийн нөхцөлд Улсын Их Хурлын үйл ажиллагааг тасралтгүй явуулж улсын эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөлийг даван туулах бодлогыг дэмжин ажиллав.
3/“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төр, ард түмний өмчид үлдээж, Оюутолгойд Монголын эрх ашгийг хангуулах тогтоолыг батлав.
4/Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн биелэлтийг хангах үүднээс байгалийн баялагийг ашиглах, үр өгөөжийн ард түмэнд ногдох асуудлыг үргэлж хөндөж Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлуулав. Ингэснээр төрийн мэдлийн стратегийн орд газруудын ашиг, орлогоос иргэдийн нэрийн дансанд төвлөрөх, захиран зарцуулах бодит боломж бий болов.
5/Коронавирусийн цар тахлын дэглэм буурсантай холбоотойгоор улсын эдийн засгийг хөгжилд анхаарч хүн амын орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Орлоготой иргэн” хөтөлбөр хэрэгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, иргэдийн амьжиргааг тэтгэхтэй холбогдсон Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн баталлаа.
6/Малын чанар, ашиг шимийг сайжруулах, хөдөө аж ахуйд шинэчлэл хийх, малчин-мал-бэлчээр гурвын харилцан шүтэлцээг хангаж, малчин өрхүүдийн хамтын ажиллагааг дэмжих, нийтлэг ашиг сонирхлыг хангах чиглэлээр санал бодлыг нь сонсож, мал, малчин хоёрыг дараалсан эрсдэлээс хамгаалах, малчдын амьжиргааны түвшин буурахаас сэргийлэх, малын гаралтай түүхий эдийн борлуулалтыг үнийн зохистой бодлогоор дэмжих, ноос ноолуур болон малын гаралтай бусад түүхий эдийн үнэ, борлуулалтыг эрчимжүүлж Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хуулийг батлуулахад анхаарч ажиллав.
7/Эдийн засгийн хөшүүрэг болсон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд дэмжлэг болох үүднээс иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд учирч буй хүнд суртал, саад бэрхшээлийг багасгахад анхаарлаа хандуулж төрөөс аливаа зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод болгож, цахимаар зохион байгуулах, хэн нэгэн албан тушаалтан дураараа зөвшөөрөл бий болгох болон зөвшөөрлийн тоо, төрлийг нэмэгдүүлэхийг хориглох заалт бүхий Зөвшөөрлийн тухай хуулийг батлуулав.
8/Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, үнэ, гэрээ, тээвэрлэлт ил тод нээлттэй байх, иргэд олон нийт хянах нөхцлийг бүрдүүлэх зорилго бүхий Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг батлуулав. Ингэсний ашигт малтмалын нөөц ашигласны татварыг үнэн зөвөөр тайлагнах, түүнчлэн байгалийн баялгийн худалдан авах ажиллагаа нь аливаа дундын зуучлагчгүйгээр явагдахаас гадна уул уурхайн бүтээгдэхүүнийг зарах, худалдан авах үйл ажиллагаа нь зах зээлийн зарчмаараа явах нөхцөл бүрдлээ.
9/Газрыг гадаадын иргэнд 100 жилийн хугацаатай эзэмшүүлэх агуулга бүхий хуулийн заалтыг хүчингүй болгож, газар гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх тухай Үндсэн хуулийн заалтын хэрэгжилтийг хангуулав.
10/Улсын Их Хурлын Тамгын газрын албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны асуудлыг сайжрууллаа.
Сэтгэгдэл бичих