Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхээр тогтлоо


7-р сарын 10
10 цаг 40 минут

       Монгол Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан  (2024.07.09) оройн 18:45 цагт цаг сунган хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх тухай хэлэлцүүлгээр эхэллээ.

Хуулийн төслүүдэд шинээр байгуулагдах Засгийн газрыг Ерөнхий сайд тэргүүтэй 23 гишүүн, 16 яамтай ажиллахаар доор дурдсан байдлаар тусгасан байна.

            Засгийн газрын бүтэц:

  1. Эдийн засаг, хөгжлийн яам;
  2. Гадаад харилцааны яам;
  3. Сангийн яам;
  4. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам;
  5. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;
  6. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;
  7. Батлан хамгаалах яам;
  8. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийняам;
  9. Боловсролыняам;
  10. Гэр бүл, хүнийхөгжлийн яам;
  11. Зам, тээврийн хөгжлийн яам;
  12. 1Хотбайгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;
  13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
  14. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
  15. Эрчим хүчний яам;
  16. Эрүүл мэндийн яам.

Засгийн газрын бүрэлдэхүүн: 

  1. Монгол Улсын Ерөнхий сайд
  2. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд;
  3. Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/;
  4. Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/;
  5. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
  6. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга;
  7. Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга;
  8. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;
  9. Гадаад харилцааны сайд;
  10. Сангийн сайд;
  11. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд;
  12. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд;
  13. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудынсайд;
  14. Батлан хамгаалахын сайд;
  15. Байгальорчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд;
  16. Боловсролын сайд;
  17. Гэр бүл,хүний хөгжлийн сайд;
  18. Зам, тээврийн хөгжлийн сайд;
  19. Хотбайгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд;
  20. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
  21. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд;
  22. Эрчим хүчний сайд;
  23. Эрүүл мэндийн сайд.

Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр илтгэлдээ, хуулийн төслийг Монгол Улсын урт хугацааны “Алсын хараа 2050” хөгжлийн бодлого болон Засгийн газрын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилго арга хэмжээг хэрэгжүүлэхэд тухайлан хандуулж боловсруулсан талаар дурдаад, хэд хэдэн онцлогтойг нэрлэсэн юм. Нэгдүгээрт, эдийн засаг хөгжлийн бодлоготой шинжлэх ухааны бодлогыг уялдуулж, аливаа асуудлыг шинжлэх ухаанч, бүтээлч байдлаар их өгөгдөлд тулгуурлаж шийдвэрлэх өгөх, бүх салбарт тухайлсан шинжилгээг хийж байх бодлогын өөрчлөлтийг оруулсан байна. Хоёрдугаарт, шударга ёсны буюу justice-ийн асуудлг  асуудлыг үндсэн агуулгаар нь оруулж ирсэн. Ингэхдээ Герман болон бусад сонгодог парламентын засаглалтай улс орнуудын Ерөнхий сайд аль намаас гарна Хууль зүй, дотоод хэргийн буюу Шударга ёсны яам хамтран ажиллаж байгаа талдаа хуваарилагддаг хяналт-тэнцлийн нийтлэг жишгийн дагуу төлөвлөсөн байна. Энэ нь, хүний эрх, авлигатай тэмцэх чиглэлээр томоохон өөрчлөлтүүд авчирна гэдгийг Ерөнхий сайд дурдав. Гуравдугаарт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бүтцийг гэр бүл гэдэг үндсэн концепт руу чиглүүлж, нийгмийн хамгийн анхдагч нэгж болох гэр бүлийн аз жаргалтай байдлаас, гэр бүлийн хүмүүжлээс бүх зүйл эхэлнэ гэсэн үндсэн санааг хүний хөгжил гэх агуулгаар оруулж ирсэн байна. Дөрөвдүгээрт, бүсчилсэн хөгжил, нийслэл Улаанбаатар хот, мөн хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийн асуудлуудыг Хот байгуулалт гэж томьёолон яамны үндсэн бүтцийн нэгдүгээрт гаргаж тавьсан байна. Ингэснээр, зөвхөн барилгадаа бус ногоон байгууламж, гүүрэн байгууламж, амьдралын стандарт, газар олголт зэрэг олон асуудлыг мэргэжлийн түвшинд төлөвлөж ажиллах боломж бүрдэн, нийслэл Улаанбаатар хотыг “20 минутын” стандартад шилжүүлэх юм. Тавдугаарт, соёл, спорт, аялал жуулчлалын салбарыг залуучуудын асуудалтай нэгтгэж авч үзсэн байна. Соёл бол бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлал, тусгаар тогтнол, нийгмийн сэтгэлгээ, нүүдлийн ахуй бөгөөд энэ бүхнийг залуучуудгүйгээр төсөөлөх боломжгүй гэж Засгийн газар үзжээ. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтөд анхаарал хандуулж байгаа байгаль орчны гэхээсээ илүүтэй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хөдөө, орон нутгийг хөгжил, цөлжилт, говийн бүс нутгийг усжуулах зэрэг олон асуудал анхаарал хандуулсан нь зургаа дахь онцлог хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмлэглэсэн юм. Түүнчлэн, уур уурхайг байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологид тулгуурласан, үйлдвэржилтэд суурилсан байх чиглэл рүү хөгжүүлэх үүднээс Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн өмнө байсан 16 яамыг хэвээр хадгалах, дэд сайдгүй байхаар хуулийн төслүүдэд тусгасан байна.

Ерөнхий сайдын Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр энэ сарын 8-нд буюу өчигдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа яаралтай горимоор хэлэлцсэн юм. Тус Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Б.Батбаатар, С.Зулпхар, А.Ариунзаяа нар хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан болно. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Б.Пүрэвдорж, Т.Доржханд, Б.Батбаатар, С.Зулпхар, О.Номинчимэг, Х.Болормаа нар үг хэлж, саналаа илэрхийлжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85 хувь нь хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Ерөнхий сайдын тавьсан хууль санаачлагчийн илтгэл болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, О.Цогтгэрэл, С.Ганбаатар, Б.Батбаатар, Б.Мөнхсоёл, Б.Уянга, Г.Дамдинням, М.Мандхай, С.Эрдэнэбат, Х.Ганхуяг нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд үг хэлэх, хэвлэн нийтлэх болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хэрхэн хангах, олон жил ярьсан том төслүүдийг урагшлуулах, төрийн өмчтэй компаниудын тоог нэмэхгүй байх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог бууруулах, хамтарсан Засгийн газрын бодлогын нэгдмэл байдал ямар байх, эрх баригч намын хүмүүс төсөв, тендер, ЖДҮ зэрэг сангаас бялуу хүртэх зорилгоор орж ирдэг байдлаас яаж сэргийлэх,  татвар төлөгчид, бизнес эрхлэгчидтэй зөвшилцөх, санал авах ямар механизмтай байх, яамд, төрийн байгууллагуудад маргаан таслах, өргөдөл гомдлын механизм бий болгох эсэх, сонгодог парламентыг хэрхэн төсөөлж байгаа, сайд нарыг томилохоосоо өмнө Засгийн газарт хамтарч байгаа намууд гэрээгээ хийх эсэх, парламентад 118-ын бүлэг байгуулагдах эсэх, энэ тохиолдолд Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг татан буугдах эсэх зэрэг олони асуудлыг хөндөж ярьж байлаа. Мөн, улс төр, нийгэм, эдийн засгийн бүх шатанд итгэлцлийг хэрхэн бэхжүүлэх, Хамтарсан Засгийн газар шинэ жишиг мөн эсэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах механизмуудыг Засгийн газрын бүтцэд хэрхэн оруулж байгаа, сангуудыг арвижуулахын тулд уул уурхай, эрдэс баялгийн салбарыг хэрхэн дэмжиж ажиллах, усны болон агаарын бохирдлын асуудлыг нэгдсэн бодлогод зангидах боломж бий эсэх, насан туршийн боловсрол, шинжлэх ухаан, инновацыг боловсролын салбараас ангидаар авч үзэж болох эсэх, өмнөх парламентаар баталсан Боловсролын багц хуулиудын үзэл санаа, концепцыг хэрхэн хэрэгжүүлэх, төрийн байгууллагад халаа, сэлгээ хийхгй байхад хэрхэн анхаарах, Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яамыг АН-д өгснөөр улс төрийн өшөө авах ажил хийгдэхгүй гэх баталгаа байгаа эсэх, мөн Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны чиг үүргийг бусад яамд, агентлагийн чиг үүргүүдтэй хэрхэн уялдуулах, Гэр бүл, хүний хөгжлийн яамны чиг үүргийн дотор хөдөлиөр эрхлэлтйин асуудлыг томоохон байр суурьтайгаар оруулах боломж бий эсэх, зорилтот бүлэгт шаардлагатай нийгмийн хамгааллын асуудлыг орхигдуулахгүй байх, зохист хөдөлмөр эрхлэлт, “Гэр бүлд нэг тогтвортой ажлын байр” бодлогыг хэрэгжүүлэх, Гэр бүл, хүний хөгжлийн яамыг Гэр бүл, хүн амын хөгжил, хөдөлмөрийн яам болгох зэрэг өргөн хүрээтэй асуудлаар асуулт асууж, Ерөнхий сайдаас хариулт авсан юм.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хууль, шүүхийн болон Засгийн газрын байгууллагуудын чиг үүрэг, хяналт-тэнцлийг хангах эрх зүйн шинэчлэл хийх боломжийг олгох үүднээс Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яамыг АН-д өгөх нь зүйтэй гэж үзсэнээ онцлоод, байгуулагдсанаасаа хойш 30 хоногийн дотор Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө Улсын Их Хуралд өргөн барьж батлуулах бөгөөд хөтөлбөрт хамтын ажиллагааны зохицуулалтыг нарийвчлан төлөвлөсөн гэрээ байгуулж,  парламентад суудалтай бүх намын хөтөлбөрийг тусгах талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, 126 суудалтай, сонгуулийн холимог тогтолцоогоор бүрддэг парламентын засаглалыг бий болгосноор бид цаашид Засгийн газар мөнхийн эвсэх, хамтран замыг сонгосон гэсэн үг хэмээн тэмдэглэж, улс төрийн энэхүү шинэ соёлд дасан зохицох шаардлагатай гэв. Институц хоорондын зөвшилцөх механизм, Улсын Их Хурлын төлөөллийн чадавх, мэтгэлцээний зарчим, парламентын нийгэмшлийг сайжруулах замаар нийгмийн зөвшлийг хангах боломж бий гэж харж байгаагаа Ерөнхий сайд өгүүлээд, Засгийн газроын бүтцийг төлөвлөхдөө төрийн худалдан авалт, цахим засаглал, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын чиг үүрэг, аудит, төрийн үйлчилгээний томоохон реформуудыг төлөвлөснөө дурдсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаанд холимог тогтолцоог нэвтрүүлсэн нь дэвшил гэдгийг тэрбээр чухалчлаад, хоорондын зай нь ихээхэн холдсон ард түмэн, парламент хоёр ойртон нягтраасай, итгэлцэл ойлголцол нь бэхжээсэй гэлээ. Энэ мэтчилэн хамтарсан Засгийн газрын бүтцийг хамгийн оновчтой, хяналт-тэнцэл хангагдсан, зөв байх талаас ихээхэн ажилласан талаараа Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахдаа нэг бүрчлэн тайлбарлаж, хэт намчирхалгүй бүтээмжид тулгуурласан үндсэн реформоо хийж чадвал энэ нь өөрөө бүтээмж болно гэсэн юм.

Дараа нь хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг дэмжсэн болон эсрэг байр сууртай, мөн Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй тус бүр хоёр гишүүн үг хэлсэн юм. Ингэхдээ гишүүд суудлаасаа бус тусгайлан зассан индрээс үгээ хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хууль, тогтоолы төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, яамдын нэрийг үр дүнд чиглэсэн томьёоллоор тодорхойлсныг сайшааж, бүх яамд, сайд нарын чиг үүрэгт тусгасан агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудлыг өргөжүүлж, орчны бохирдлын эсрэг гэж томьёолох, мөн, ирээдүй хойч үеийн эрхийн асуудлыг яамдын чиг үүрэгт тусгах санал гаргав. Мөн тэрбээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд иргэдийн оролцоог хангах механизмыг, Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хүний эрхийн зөрчил буюу дүрмийн бус харилцааг халах асуудлыг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд ундны усны асуудлыг, Боловсролын сайдын эрхлэх асуудлын хүрээнд боловсролын байгууллагын засаглалын асуудлыг тус тус тусгах шаардлагатай гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, ажлаа эхэлж байгаа Ерөнхий сайдад бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжыг өгч, дэмжих нь зөв гэж байр сууриа илэрхийлээд, Улсын Их Хурлын гишүүдийн мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах шаардлагатай гэсэн юм. Мөн тэрбээр, нэгэнт Засагт хамтарч байгаа учир Улсын Их Хурал МАН, АН, ХҮН-ын бүлгүүд нэгдэж, том бүлэг байгуулах ёстой, ингэх нь ажлын бүтээмжид эерэг нөлөөтэй гэв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, санаачилга гаргаж Засгийн газарт хамтрах урилгыг АН болон ХҮН-д хүргүүлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд талархал илэрхийлж, нийт хүн амтайгаа харьцуулахад манай улс 6-7 яамтай байх боломжтойг тэмдэглэн, хэдийгээр цөөлөөгүй ч яамдын тоог нэмэлгүй хэвээр нь оруулж ирж байгаад баяр хүргэлээ. Тэрбээр, хүнд нь зориулж бий болгосон сайдын суудлуудыг болиулсанд баяртай байгаагаа онцолж, халамжийн хавтгайрсан бодлогоос зоригтойгоор салах, харин зорилтот бүлэгтээ үзүүлдэг тусламж дэмжлэгийг зоригтойгоор нэмэх, мөн хөдөлмөрийн зах зээлийн либералчлалыг заавал хийхийг зөвлөв.

Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг мөн хууль, тогтоолын төслүүдийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа дурдаад, англи хэлний justice гэдэг үг шударга ёсноос гадна эрх, хууль зүйн тогтолцоо, систем гэх мэт агуулгуудыг илэрхийлдэг тул Шударга ёс, дотоод хэргийн яам гэхэд хангалттай гэж үзэж байна гэсэн юм. Тэрбээр төрийн албыг бужигнуулахгүй байх, хууль зөрчсөн зүйл гаргуулахгүй байхад анхаарч ажиллахыг Ерөнхий сайдад зөвлөөд, тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын статусыг нэг мөр зөв болгох шаардлагатайг дурдлаа. Мөн төрийн ил тод байдлын чиг үүргийг бүх сайдуудад нэмж өгөх нь зүйтэй гэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл асуулт, хариултын үед хөндсөн итгэлцлийн тухай асуудлыг дахин хөндөж, цаашид маш их эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай эдийн засгийн бөгөөд нийгмийн ач холбогдол бүхий томоохон төслүүдээ явуулахын тулд Засгийн газарт хамтран ажиллах нь зүйтэй гэж ХҮН хурлаараа хэлэлцэн шийдвэрлэсэн талаар тайлбарлаж, аливаа популист саад бэрхшээлээс хол байж, хамтдаа эх орныхоо төлөө зүтгэхийг уриалав.

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, парламентын өмнө Засгийн газрыг удирдан хариуцдаг ганц хүн байдаг бөгөөд Ерөнхий сайдаас өөр хэнийг бидний өмнө ажлаа хариуц гэж дуудаж чадахгүй гэлээ. Улсын Их Хурлын 118 гишүүнээс бүрдсэн Засгийн газрын дэмжлэг парламентад бий болох гэж байгааг тэрбээр анхааруулаад, үүний ард Ерөнхий сайдын нэг бодлого яваа байх гэж найдаж байна гэв. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яамыг сонгодог агуулга руу нь явуулах гэж байгаа бол энэ нь хуулийн засаглал бүхий, хүний эрхийг хамгаалдаг, ардчилсан зарчим руу шилжих том зорилго бөгөөд энэ тохиолдолд сайд, ерөнхий прокурор нэг байдаг талаар тэрбээр ярьж, үнэхээр 30 жил салхи ороогүй, өөрчлөлт хийгдээгүй прокурорын байгууллагыг ийм хэмжээний дэмжлэгтэйгээр өөрчлөх зориг гаргаж байгаа бол бахадмаар байна гэсэн юм. Харин, зүгээр нэг нэр өөрчлөөд хамтрагч нам руугаа шидэж байгаа бол харамсаад барахгүй хэмээн байр сууриа илэрхийлээд тэрбээр, зохих өөрчлөлтийг хийх гэж байгаа бол бусад яамдын адил зохион байгуулалттай байхыг шаардахгүй байхыг хүсэв. Мөн тэрбээр, ардчиллын, хүний эрхийн, хуулийн засаглалын соёлыг Засгийн газар өөрөө үлгэрлэж, дорвитой, хүчтэй бодлого явуулах ёстой гэлээ.

Үүний дараа Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүллээ.

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох, эсэх асуудлаар шийдвэр гаргах асуудлыг хэлэлцлээ.

Чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох, эсэх асуудлаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга санал гаргаж, Ёс зүй, дэгийн байнгын хороонд хүргүүлэхээр хуульчилсан. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаас ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан анхны 126 гишүүнтэй парламентын намрын ээлжит чуулганыг дуустал шинэ дэгээр явах тухай санал хүргүүлснийг хэлэлцсэн талаарх тус Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар танилцуулсан юм. 

Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед тул Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр бүлэг байгуулах гишүүдийн тоо 10 байгаа нь цөөнхийн эрх ашгийг хөндөж байгааг болон чуулганы хуралдааны дэг цөөнхийн үг хэлэх эрхийг хязгаарлаж байгааг анхаарах зэрэг асуудлаар үг хэлсэн байна. Улсын Их Хурлаас 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 2024 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс мөрдөгдөж байгаа юм. Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын  чуулганы хуралдааны дэгийг намрын ээлжит чуулганыг дуустал шинэчлэн тогтоох шаардлагагүй гэсэн саналыг дэмжжээ.

Ёс зүй, дэгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Х.Ганхуяг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Хэлэлцэж буй асуудлаар гишүүдийн үг хэлэх тоо, цагийн хязгаарыг Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс батлагдсан журмаар зохицуулж байгаа буруу гэж үзэж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хэлсэн бол, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ард иргэд, сонгогчдын төлөөлөл болох гишүүдийн үг хэлэх, байр суурь, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг хязгаарлавал мэтгэлцээний зарчим хангагдахгүй гэлээ.

Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулт өгч, Анхдугаар чуулганы хуралдаан хууль заасан дэгийг дагуу явагдаж байгааг тайлбарласан юм. Иймд тус Байнгын хорооноос боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.8 хувь нь дэмжлээ. Ингэснээр “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.

Уг тогтоолд, 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын хуралдааны дэг гэж хүлээн зөвшөөрсөнд тооцохоор зааж, шаардлагатай гэж үзвэл өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Тогтоолын эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан уншиж сонсгон, эцэслэн батлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно56 секундын өмнөХилийн боомтууд энэ сарын 16-наас хэвийн ажиллаж эхэлнэ6 минут 12 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчид баяр наадмын мэндчилгээ ирүүлсээр байна9 минут 11 секундын өмнөАНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ15 минут 23 секундын өмнөСаудын Арабын хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ16 минут 26 секундын өмнөКазахстаны Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ17 минут 30 секундын өмнөАрабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч наадмын мэндчилгээ дэвшүүллээ18 минут 36 секундын өмнөКиргизийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ19 минут 22 секундын өмнөБНСВУ-ын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ20 минут 23 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчид БНЭУ-ын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ21 минут 52 секундын өмнөБутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн анхны төрийн айлчлал өндөрлөлөө1 цаг 33 минутын өмнөМонгол Улс, Бутаны Хаант Улсын Хамтарсан мэдэгдэл1 цаг 38 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ7 сар 12. 23:22Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Намсрайжавын Батсуурь түрүүллээ7 сар 12. 23:12Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав7 сар 12. 21:25Доржхандын Хүдэрбулгад Монгол Улсын заан цол олголоо7 сар 12. 21:06Монгол Улсын начин, харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо7 сар 12. 21:03Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов7 сар 12. 20:08Үндэсний шагайн харвааны шилдгүүдэд улсын цол, бай шагналыг гардууллаа7 сар 12. 18:20БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:15БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:14Гуравдугаар Чарльз хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:13Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 12. 18:12Япон Улсын Ерөнхий сайд баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:11Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:10Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:09ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:08Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо7 сар 12. 18:06Д.Амарбаясгалан: Монгол наадам бол дэлхийн тавцанд эх орныг маань таниулан сурталчилж буй соёлын илрэл7 сар 11. 21:22Цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авахыг зөвлөж байна7 сар 11. 16:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.