Эрх баригчид өмнөх парламентын үед “Нүүрсний хулгай” хэмээх Засгийн газар, хууль хяналт, хэвлэл мэдээлэл, сошиалын оролцоотой акци зохион байгуулсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Ганбатыг томилж байв. Харин тус компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг 2022 оны арванхоёрдугаар сарын 07-нд цагдан хорьж, УИХ-аас зохион байгуулсан нүүрсний нээлттэй сонсголд гэрчээр оролцох хүсэлтийг нь хүлээж аваагүй. Түүнийг анх хорихдоо ар гэрийнхнийг нь цагдан хорьж байсан удаатай. “Нүүрсний хулгай” гэх ажиллагаанд Б.Ганхуягаас гадна хэд хэдэн хүн өртсөний нэг нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан. Тэрбээр энэ асуудалд нэр холбогдмогцоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын албанаас огцорч, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байв. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал 16 хоног үргэлжилсний эцэст 2024 оны нэгдүгээр сарын 31-нд шийдвэрээ гаргасан. Тодруулбал, Т.Аюурсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу гурван жил хорих ял, Б.Ганхуягт таван жил есөн сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Нүүрсний хулгайтай холбоотой асуудал нийгэмд дуулиан тарьж, УИХ нээлттэй сонсгол явуулах үеэр Б.Ганхуягийн гэрчээр оролцох хүсэлтийг хүлээж аваагүй, мөн шүүх хурлын үеэр Б.Ганхуягийн эрүүл мэндийн байдал хүндэрч, ямар нэгэн зүйлээс хүчтэй хордсоноо өөрөө хэлж байсан ч анхан шатны шүүхийг хаалттай хийж Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт ял оноосон нь олон нийтийн анхаарлыг татсан хэвээр. Тэд одоо ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр анги буюу “Ганцхудаг”-т хамт ял сонссон хоёр хүнтэй цуг хоригдож буй. Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байхад давж заалдах шатны шүүх хурлыг нь одоо болтол товлоогүй байгаа аж. Энэ ч бас хачирхалтай. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын өмгөөлөгчид хүсэлт гаргасан ч давж заалдах шатны шүүх хурлыг товлохгүй удааж байгаа нь улс төрийн шалтгаантай юу, шүүхийнхний хүнд суртал уу гэдэг асуулт гарч ирнэ.
Г.Анар
Сэтгэгдэл бичих