Ж.Баярмаа: Хүний эрхийн зөрчлийн талаар олон нийт шуугиад, төр нь нүдээ аниад өнгөрөөдөг байж болохгүй


8-р сарын 2
9 цаг 21 минут

         УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай ярилцлаа.

-21 настай иргэн эрүү шүүлтэд өртөж, амь насаа алдсан байж болзошгүй хэрэгтэй холбоотойгоор та УИХ-ын сонсгол зохион байгуулах санаачилга гаргасан. Та энэ тухайгаа буюу үндэслэл, шаардлага талаас нь яриач.

-УИХ-ын нээлттэй сонсгол зохион байгуулах хэд хэдэн үндэслэл, шалтгаан бий. Нэгдүгээрт, Ардчилсан Монгол Улсад эрүүдэн шүүлт хэрхэвч байж болохгүй. Тиймээс хорих 461 дүгээр ангид хоригдож байсан цэл залуухан настай хүү яагаад нас барав, үнэхээр эрүү шүүлт тулгав уу, үүнээс болж амь нас нь эрсдэв үү гэдгийг нэн тэргүүнд тогтоох ёстой. Учир нь талийгаач залуугийн ар гэрээс мөрдөн шалгах ажиллагааны явцад найман цагдаа эрүү шүүлт тулгасан, зодсон хэмээх гомдлыг АТГ-т гаргасан байгаа. Харамсалтай нь АТГ хэтэрхий удаан шалгаж байна. Өнгөрөгч нэгдүгээр сард эрүү шүүлт тулгасан, зодсон гэх асуудал гарч, хоёрдугаар сард талийгаач хүү гомдол гаргасан юм билээ. Түүнээс хойш бараг хагас жил болох гэж байхад эрүүдэн шүүсэн эсэхийг тогтоогоогүй байна.

Хоёрдугаарт, мөрдөн шалгах ажиллагааны явцад гардаг ийм асуудал анхных биш. Бага насны охиныг хүчиндсэн, хувийн харилцаанд орохыг шаардсан, хүнлэг бусаар харилцсан гэх гомдлууд олон нийтийн дунд тасрахгүй яригдсаар ирсэн. Мөн зөвхөн энэ шатанд ч биш, төрийн байгууллагын шийдвэрээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан бусад газарт ч бас гардаг. Би хорих ангиуд дахь хүний эрхийн зөрчлийг хэлж байна. Би ч өөрөө ийм жишээг мэднэ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л “Лайвчин” Д.Мөнх-Эрдэнийг хоригдож байх үед тусгай ангийнхан ирж хүнлэг бусаар харьцсан байдаг.

Мөн өнгөрөгч арваннэгдүгээр сард Зэвсэгт хүчний 0326 дугаар ангид алба хааж байсан 21 настай Д “унтаад сэрээгүй” гэх шалтгаанаар амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Ер нь олон нийтийн дунд Батлан хамгаалах салбар буюу цэрэг армид дэглэлт байна, хүнлэг бус харилцаа явагдаж байна гэж байнга л яригддаг. Тиймээс учир шалтгаан нь юунд байна гэдгийг хянан шалгах шаардлагатай байгаа юм.

Цагдан хорих газар, цэргийн ангид болж байгаа тохиолдлуудыг ХЭҮК-ын илтгэлүүдэд бичсэн байдаг. Үүнээс гадна үүнийг нотлох тоо баримтууд ч байна. Тухайлбал, эрүүдэн шүүлт тулгасан гэх гомдол жилд 34 орчим ирдэг гэсэн. Өөрөөр хэлбэл, сар бүр бараг гурван ийм асуудал үүсдэг гэсэн үг.

Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд “Эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гээд зарлан тунхагласан байдаг. Хүний эрхийг бүрэн хангасан нийгмийг л хүмүүнлэг гэнэ. Мөн Үндсэн хуулиар хүний амьд явах эрхийг баталгаажуулж, эрүүдэн шүүж, хүнлэг бус харилцахыг хориглосон. Иргэн бүр Үндсэн хуулиа сахин биелүүлэх ёстой. Тэр дундаа хууль сахиулах байгууллагынхны алхам тутамдаа баримтлах зарчим нь.

Тэгэхээр углуургаараа Үндсэн хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн үйлдлүүдийг төрийн байгууллагуудын зарим ажилтнууд гаргасаар байна гэсэн үг. Бүр харамсалтай нь иргэдээ хамгаалах чиг үүрэгтэй зарим алба хаагчид. Үүнийг таслан зогсоохын тулд олон нийтэд асуудлыг нээлттэй танилцуулж, хэлэлцэх ёстой. Хүний эрхийн зөрчлийн талаар олон нийт шуугиад, төр нь нүдээ аниад өнгөрөөдөг байж болохгүй.

-Тэгэхээр сонсголд оролцогчид нэлээд өргөн хүрээнд байх нь ээ дээ?

-Тийм. Нийтийн сонсголын тухай хуульд сонсголын есөн төрөл байдаг. Үүний нэгд нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол хийнэ гэж тусгайлан заасны дагуу зохион байгуулна. Сонсголын үеэр төрийн болон албаны нууцын тухай хуулийг үндэслэн нийтэд задлахгүй мэдээллүүд байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд, гэрч хохирогч, хуульчид, өмгөөлөгчдийг татан оролцуулна. Ингэж нийтээр хэлэлцэж байж асуудал юундаа байна, яагаад хүний эрхийн зөрчил гараад байна гэдэг учир шалтгааныг бодитоор тогтооно шүү дээ.

Хууль тогтоомжуудын хэрэгжилтийг сайжруулахад Засгийн газар, холбогдох институциүд ямар арга хэмжээ авах вэ, эрх зүйн хувьд ямар өөрчлөлтүүд хийх шаардлагатай вэ гээд олон асуудал гарна.

Нөгөөтэйгүүр хуулийн засаглал, шударга ёс хоёр бол нэг зоосны хоёр тал. Хүний эрхийн зөрчил гарч байна гэдэг нь дээр хэлсэнчлэн олон хуулийн заалтыг зөрчиж байна гэсэн үг. Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зэрэгт эрүүдэн шүүх, хүнлэг бус харилцахыг хориглосон ч биелүүлэхгүй байна гэдэг нь хуулийн засаглал бүрэн хэрэгжихгүй байна гэсэн үг. Хууль бус хүн буюу хэн нэгэн албан тушаалтан “засаглаж” байгаа бол тэр нийгэмд шударга ёс, ардчилал асуудалтай байна гэсэн үг. Тиймээс шударга ёсыг хангахтай холбоотой асуудал давхар яригдаж байна гэж ойлгож болно.

-Аливаа хэрэгт гэрч, хохирогч маш чухал шүү дээ. Ер нь гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог яаж бүрдүүлэх хэрэгтэй вэ?

-Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байхдаа хууль сахиулах, цагдаад дорвитой реформ хийж байсан. Тухайлбал, Тахарын алба буюу гэрч, хохирогчийг хамгаалах албыг байгуулж байсан. Харамсалтай нь дараагийн Засгийн газар тэр албыг татан буулгасан.

Тиймээс гэрч, хохирогчийг хамгаалах албыг дахин сэргээх хэрэгтэй. Шинээр томилогдсон Хууль зүйн сайд хууль зүйн реформын хүрээнд үүнийг хийх болов уу гэж харж байгаа.

-Таны дурдсанчлан хүний эрхийг зөрчсөн асуудал өнгөрсөн хугацаанд нэлээд их гарсан. Гэхдээ өнөөдрийнх шиг нээлттэй сонсгол хийх, төр нь анхаарах хэмжээнд асуудал өндрөө авсангүй. Монголд хүний эрх хэрэгжихгүй байгаа гол шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Өнөөдөр иргэд үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаж цуглах, эвлэлдэн нэгдэх зэрэг иргэний суурь эрхийн болоод улс төрийн эрхийн зөрчил гарсаар байгаа нь үнэн. Тухайлбал, жагсаж цугласных нь төлөө Д.Монголхүү, “No war” хөдөлгөөнийхнийг барьж хорьж байсан.

Үүнээс гадна үг, үзэл бодлоо хүчтэй илэрхийлснийх нь төлөө янз бүрийн аргаар дарамталж, янз бүрийн хэрэг үүсгэж, тохсон хэргүүд ч бий. Үүний нэг жишээ болох лайвчин Д.Мөнх-Эрдэнийн кейсийг олон нийт илүүтэй мэдэж байгаа байх. Мөн сүүлийн үед хэвлэн нийтлэх эрхэд халдах болсон. Тухайлбал, Н.Өнөрцэцэг сэтгүүлчийн кейсийг энд дурдаж болно. Хүнийг өмгөөлөгчгүйгээр шүүсэн нь хүний эрхийн ноцтой зөрчил.

Эдгээр асуудал нь хууль хяналтын байгууллагуудын албан хаагчид хүний эрхийн талаарх ойлголт, хандлага муу байгаагаас үүдэж гарч байна. Үүнд анхаарч ажиллах ёстой. Мөн хууль тогтоомжуудын цоорхой, хийдэл байна. Хүний эрхийн зөрчилтэй холбоотойгоор засаж залруулах ёстой хуулийн 800 орчим заалт байдаг гэсэн судалгаа уншиж байсан. Тиймээс хууль тогтоогчид хүний эрхийг сайжруулах чиглэлээрх эрх зүйн шинэчлэлээ нэгэнт судлаад гаргасан зүйлүүдийг нь дахин нягталж судлахаас ажлаа эхлэх хэрэгтэй байх.

Мөн шинэ тутам гарч байгаа асуудлыг зохицуулахад нэмэлтээр ямар хууль эрх зүйн орчин шаардлагатай байгаа талаарх судалгааг хийх хэрэгтэй. Судалгаанд үндэслэж хууль тогтоох байгууллагаас Засгийн газарт чиглэл өгөх, хуулийн гажуудлыг арилгах хэрэгтэй байгаа. Мөн иргэдэд өөрийн эрхийнх нь талаарх ойлголтыг нэмэгдүүлэх шаардлага бий. Учир нь эрх нь зөрчигдөж байгааг анзаарахгүй, холбогдох байгууллагад хандахгүй байгаагаас хүний эрхийн зөрчил түгээмэл гарч байна.

Мөн цагдаагийн байгууллагын зарим ажилтнууд гэмт хэргийг илрүүлэх гэхээсээ урьтаж хүний эрхийг дээдлэх гэсэн хандлагыг суулгах ёстой. Хүний эрхийг зөрчихгүй байхад суурилж гэмт хэргээ илрүүлэх хэрэгтэй.

-Хүний эрхээс гадна хувийн хэвшил рүү дайрдаг, хааж боодог үзэгдэл гарах болсон. Хувийн хэвшлийг хамгаалах, дэмжих чиглэлд ямар шинэчлэл хэрэгтэй гэж та хардаг вэ?

-Эрх, эрх чөлөөг л хангах ёстой. Эрх чөлөө бол иргэн, хувийн хэвшилд агаар ус мэт хэрэгтэй. Эрх чөлөөтэй хүн сэтгэнэ. Эрх чөлөө нь хангагдаж байж аливаа бизнес урагшилна, хөгжинө. Түүнээс төрөөс ямар нэгэн саад тотгор тавиад байвал хөгжих боломж хумигдана. Хүнд суртал, элдэв зөвшөөрлөөр дарамтлаад байвал бизнес хөгжих орон зайг боож байна гэсэн үг. Ардчилсан намын үзэл баримтлалд бизнесийн эрх чөлөөг хангана гэж тодорхой заасан байдаг. Эдийн засгийн эрх чөлөөний индексээр манай улс маш доогуур үзүүлэлттэй байдаг. Эдийн засгийн эрх чөлөөгүй орны категорид ороход миний санаж байгаагаар их ойрхон байсан.

Бүх хөгжлийг бид индексүүдтэй уяж харах хэрэгтэй. Олон улсын байгууллагууд тухайн индексийг гаргахдаа бүгдийг нь судалж юун дээр алдаж байгааг маш ойлгомжтой гаргаад тавьчихсан байдаг. Тиймээс дордуулж байгаа асуудлуудыг шийдэхэд л индекс аяндаа сайжирна.

-Тантай ярилцаж байх энэ цаг хугацаанд Монголын нийгэм ерөнхийдөө аялал зугаалга, амралтын байдалтай байна. Та энэ удаагийн УИХ-ын анхны сонсголыг санаачилж, ажилдаа шуурхай орох шиг боллоо. Хүний эрх, эрх чөлөөний чиглэлд том өөрчлөлт хийх том зорилгыг та өвөртөлж байна уу гэж харж байна?

-Мэдээж хүний эрх зөрчигдөж байгааг, бизнесийн орчин хумигдаж байгааг таслан зогсоохын тулд эрх зүйн орныг сайжруулах тал дээр идэвхтэй ажиллана. Ер нь тэгээд Монголын нийгэмд том, жижиг гэлтгүй тулгамдсан, хуримтлагдсан маш их асуудал байна. Гараад алхахад л алхаж байгаа зам, амьсгалж байгаа агаараас эхлээд асуудал их бий. Тулгамдсан олон асуудлыг шийдэхийн тулд мэдээж байгаа хуулиудын хэрэгжилтийг ЗГ нь хангаж, түүнд УИХ хяналт тавьж таарна. Мөн хамгийн гол нь хууль эрх зүйн орчныг сайжруулнаа л гэсэн үг. Энэ нь хууль тогтоогчийн үүрэг. Тиймээс хууль тогтоомжуудыг уншиж судлахаас эхлээд зөндөө л ажил байна.

Хоёрдугаарт, дабль стандартыг халахын тулд юу хийх ёстой вэ гэдэгт ач холбогдол өгнө. Өөрөөр хэлбэл, улстөрчид болон өндөр дээд албан тушаалтнууд алдаа гаргавал ямар хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхой байх ёстой, өөрөөр хэлбэл, хариуцлагын тогтолцоог бий болгомоор байна гэсэн үг.

Эх сурвалж: Р.ХИШИГЖАРГАЛ DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ58 минут 14 секундын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ1 цаг 3 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ1 цаг 54 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа1 цаг 58 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа2 цаг 6 минутын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ2 цаг 11 минутын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна2 цаг 14 минутын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна2 цаг 44 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ3 цаг 2 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа3 цаг 39 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 46 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно3 цаг 48 минутын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 23. 9:03Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.