Эх нялхас, Хавдрын эмнэлгийн үүдээр явж үзчихээд 200 тэрбум төгрөгөөр соёлын төв барих эсэхээ шийднэ үү, гишүүд ээ


8-р сарын 26
11 цаг 02 минут

      УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголыг угтаа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Гэвч гол агуулгаасаа хальсан төсвийн тодотгол болж байгааг эдийн засагчид анхааруулан хэлсээр байна. Үүний нэг жишээ нь 200 тэрбум төгрөгөөр сумдуудад соёлын төв шинээр барихтай холбоотой санал юм. Энэхүү саналыг зарим гишүүд дэмжиж зарим нь эрс эсэргүүцэж байна. Улмаар нийгмийн хүрээнд маргаан, шүүмжлэл дагуулж байгаа гол сэдвийн нэг боллоо. Нийгмийн энэ маргаанаас харахад ард түмний ихэнх нь шинэ соёлын төв барихыг үгүйсгэж байгаа юм.

Харин нөгөө талдаа соёлын төв шинээр барьж сонгогдсон тойрогтоо ажил хийсэн хүн мэтээр харагдах гэсэн хэдэн улстөрчид энэхүү саналаа улс оронд тулгамдаад байгаа нэн тэргүүний ажил мэтээр олон нийтэд ойлгуулах гэж улайрсаар. Яах вэ, чухал газартаа, чухал хүмүүстээ шинэ соёлын төв хэрэгтэй л байх. Гэвч энэ нь улс орны өмнө тулгамдаад байгаа ард түмний аминд тулсан асуудал гэж үзэхгүй. Шинэ б арилга, байгууламж ус, агаар мэт дутагдаж байгаа салбар Монгол Улсад цөөнгүй бий. Тэр бол эрүүл мэндийн салбар. Ёстой ард түмний аминд тулчихаад шийдэлгүй олон жил болсон асуудал бол эмнэлгийн шинэ байр, өргөтгөл, шинэчлэлт. Жишээ нь ЭХЭМҮТ-ийн өглөөний оочер байна. Уйлсан, өвдсөн, шаналсан бяцхан хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүдийн бараан царайтай, хөл гишгэх зайгүй бүгчим энэ орчинд үнэхээр зай талбайтай орчин үеийн шинэ эмнэлэг хэрэгтэй байна. Ийм чихэлдсэн орчинд бага зэрэг бүлээрсэн хүүхдээ авч ороод өвчнийг нь бүр хүндрүүлэх тохиолдол ч их гардаг.

Өөрөөр хэлбэл, аюулгүй, халдваргүй орчин эмнэлгүүдэд байхгүй болсон гэсэн үг. Зай талбай бүхнээ өвчтөн хүлээн авах өрөө болгон ашиглаж байна. Зай болгондоо нэг ч гэсэн ор гаргаад өвчтөнөө хэвтүүлэн эмчилж байна. Эх, нялхсын эмнэлэгт хүүхдээ тэврээд очсон эцэг, эх болгоны толгойд “Монгол Улсын төр, засаг даан ч яав даа. Алгын чинээ хүүхдүүдийнхээ төлөө татвар төлөгч бидний мөнгөөр олигтой эмнэлэг бариад өгчихөж болдоггүй л юм байх даа. Ямар арчаагүй улс оронд бид амьдарч байна вэ” гэсэн ганцхан бодол орж ирдэг. Ийм бодол, тархи толгойнд орж ирдэггүй хүмүүс Монголд мөн олон байх шиг байна. Тэд нар нь магадгүй 200 тэрбумаар Соёлын төв барих гэсэн улстөрчид байх. Томчуудын хүүхдүүд өвдлөө гэхэд үнэтэй хувийн эмнэлгээр үйлчлүүлчихнэ. Хүндхэн өвдлөө гэхэд яаралтай гадагшаа аваад л нисчихэж байгаа. Ийм хүмүүс эгэл жирийн амьдралтай иргэдийн Монголын төрөөс хүсэж, шаардаж байгаа асуудлыг яаж ч ойлгох билээ. Учир нь тэд ард түмний зовлонг мэдрэхгүй, мэдэхгүй байна. Хавдрын эмнэлгийн үүдний өрөөнд болдог тэр зовсон, шаналсан хүмүүсийн эмнэлгийн үйлчилгээ авах гэсэн “алаан”-ыг энэ 126 гишүүн очиж үзэх хэрэгтэй. Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн барилга 1982 онд ашиглалтад ороход стандартын дагуу тоноглосон хагалгааны хоёрхон өрөө төлөвлөсөн учраас 2000 оноос дөрөв болгон өргөтгөж байж. Өрөөний хүлээгдлээс болж тухайн өдөрт төлөвлөсөн мэс заслаа дуусгахын тулд эмч нар наанадаж 21:00, цаад тал нь шөнө “Төрийн дуулал” эгшиглэхтэй зэрэгцэн ажлаа дуусгадаг.

Одоо Хавдрын эмнэлгийн ачаалал 10 биш 20 дахин нэмэгдсэн. 1982 онд ЗХУ-ын тусламжаар ашиглалтад орсон Монгол Улсын цорын ганц хавдрын эмнэлгийн одоогийн байрыг шинэчлэх, өргөтгөх зайлшгүй шаардлагатай гэдгийг олон жил ярьсан. Одоог хүртэл барих эсэх нь шийдэгдээгүй л явж байна. Бүр социализмын үеэс хойш Монгол Улсад нарийн мэргэжлийн эмнэлэг огт баригдаагүй гэж бодохоор дэндүү эмгэнэлтэй биш гэж үү. Эмнэлэг барихынхаа оронд энд тэндхийн сумдад соёлын төв шинээр болон байнгын шинэчлэлт засварыг нь хийсээр өдийг хүрч. Одоо бүр 200 тэрбум төгрөгөөр сумдуудад соёлын төв барина гэнэ. Өдөрт хагалгааны ор олдохгүйгээс болж хэдэн арван хүн үхэж байна. Эмчийн ур чадвар, хүрэлцээ тааруугаас бус өвчтөн хэвтэх ор, эмнэлгийн орчин байхгүйгээс болоод иргэдээ алдсаар байгаа нь харамсалтай. Энэ асуудлаар хавдрын эмч “Бидний эмчилгээг голсондоо ард түмэн гадагшаа явдаггүй. Бас бид муудаа өвчтөнөө алддаггүй. Гол асуудал нь манайд тэр хөгжилтэй орнууд шиг аятай, тухтай үйлчилгээ үзүүлэх орчин алга. Энэ орчинг шинэ эмнэлэг барьж шийднэ” гэж сонинд ярилцлага өгч.

Ойрын 20-30 жилд Монгол Улсад хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэх тооцоололтой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч “гурван эрэгтэй тутмын нэг нь, таван эмэгтэй тутмын нэг нь хорт хавдраар өвдөнө” гэдэг таамаглал дэвшүүлжээ. Тэгвэл өнөөгийн “алаан” болоод байгаа эмнэлгийн хүрэлцээ өдөр ирэх тусам л улам ширүүсч, нэмэгдэнэ гэсэн үг. Сэтгэлээ баясгах гэж соёлын төв ордог байж болно. Сэхээнд ортлоо өвдчихсөн байхад соёлын төв хэрэггүй л болов уу.

Хавдраар үхэж байгаа иргэдээ бодоцгоо. Ханиаданд дарлуулж, өвчнөө эмчлүүлэх гэж үүднээсээ хоймор хүртлээ чихэлдэх Эх, нялхсын эмнэлгээ нэг харцгаа. Хоёрхон эмнэлгийн үүдээр ороод гарахад л 200 тэрбум төгрөгөөр соёлын төв барих нь чухал уу гэдгээ ойлгох байлгүй, та бүхэн. Тэгэхээр гишүүд минь энэ хоёр эмнэлгээ нэг үзчих. Ний нуулгүй хэлэхэд соёлын төв гэдэг бол Монгол Улсад яг одоохондоо арай л хээнцэрдэж байна. Эцсийн бүлэгтээ соёлын төв бол комминустын үзэл суртлын л үлдэгдэл.

Тиймээс ардчилсан улс оронд хөгжлийн гараагаа соёлын төв барьж эхлүүлдэг биш худалдааны гудамж байгуулснаар эхэлдэг гэж олон улс хүлээн зөвшөөрдөг. Жишиг нь ч тийм. Монгол шиг соёлын төв барьж хөгжлийн шинэ гучин жилээ эхлүүлье гэдэг улс дэлхийд хаана ч байхгүй болов уу. Япон улс гэхэд томоохон байгалийн гамшгийн дараа соёлын төв гэхээс илүүтэйгээр худалдааны гудамжаа нэн тэргүүнд сэргээн босгодог. Худалдааны гудамжаа сэргээснээр ард түмэн төрийн царай харахгүйгээр өөрсдийнхөө амьдралыг дээшлүүлдэг гэж үздэг байна. Энэ хандлага жишгээрээ Япон улс өнөөдөр эдийн засаг, хөгжлөөрөө дэлхийн эхний аравт жагсаж байна. Биднээс бусад нь улс нийгэмдээ юу чухал вэ, ямар асуудлыг нэн тэргүүнд тавьж эрэмбэлэх вэ гэдгээ мэдээд байна. Бид үнэхээр хөгжье гэж бодож байвал иймэрхүү хандлагаа засах хэрэгтэй.

Тулгамдсан асуудлаа зөв эрэмбэлж сурах шаардлагатай. Эрх ашгийн эрэмбэ гэхээс илүү улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгийг юунд зарцуулах уу, ямар ажлыг тэргүүнд эрэмбэлэх үү гэдгээ тодорхой зөв гаргадаг болъё. Иргэнийхээ амь насыг аварч, өвчнөөс нь салгах орчинг бүрдүүлэх нь чухал уу, эсвэл энд тэндхийн хэсэг хүмүүсийн уулзах, цэнгэх байрыг бэлдэх нь чухал уу гэдгээ бодоцгоо.

Эх сурвалж: Э.Мөнхтүвшин DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө51 минут 40 секундын өмнөЛ.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна55 минут 2 секундын өмнөУлсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ57 минут 34 секундын өмнөНийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо1 цаг 10 минутын өмнөСар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана1 цаг 14 минутын өмнөГангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна1 цаг 18 минутын өмнө“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно1 цаг 21 минутын өмнө“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна1 цаг 25 минутын өмнөСоёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэсэн гал унтраасан бодлого л хэрэгжиж байна2 сар 12. 10:13Их хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэсэн хэргийг шалгаж байна2 сар 12. 10:06Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа2 сар 12. 10:01Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна2 сар 12. 9:54УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ2 сар 12. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.