С.Нэргүй: Хамрын муруйсан таславчаа эмчлүүлэхгүй удвал дунд чихний үрэвсэл үүсгэх эрсдэлтэй


9-р сарын 4
14 цаг 01 минут

       Чих, хамар, хоолойн зонхилон тохиолддог эмгэгүүдийн нэгт хамрын таславчийн муруйлт багтдаг. Үүнтэй холбогдуулан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих, хамар, хоолой судлал, мэс заслын тасгийн их эмч, анагаах ухааны доктор, зөвлөх эмч С.Нэргүйтэй ярилцлаа. Тэрбээр энэ чиглэлээр 2002 оноос хойш ажиллаж буй туршлагатай юм.

-Монголчуудын дунд хамрын таславч нь муруйгаагүй хүн бараг байхгүй гэх юм билээ. Та мэргэжлийн хүний үүднээс хамрын таславчийн муруйлт гэж юу болох талаар тайлбарлахгүй юу. Ямар шалтгаанаас үүдэн таславч мурийдаг юм бол?

-Таславчийн муруйлтийг ярихаас урьтаж хамар гэх эрхтний талаар мэдээлэл өгөх нь зөв байх. Хамар нь нүүрний дунд хэсэгт урагш товойж байрладаг. Үүдэвч, хамрын яс, мөгөөрс, хамрын хөндийнөөс тогтсон юүлүүр хэлбэртэй эрхтэн. Хамрын хөндий нь таславчаар хоёр хэсэгт хуваагддаг. Энэ нь амьсгалах, агаарыг бүлээсгэх, тоос, шороог шүүх, үнэрлэх, дууг цуурайтуулах үүрэгтэй эрхтэн. Хамрын таславчийн муруйлт нь ихэвчлэн гэмтлийн гаралтай тохиолдох нь түгээмэл. Ингэхдээ хамрын ясны хугаралтай хавсарч тохиолдох нь элбэг. Ер нь хамрын таславч ихэвчлэн ахуйн гэмтэл болон зодоон цохионы үед үүсдэг. Мөн спорт тоглоомуудаас үүдэн таславч муруйх нь түгээмэл ажиглагдаж байна. Хамрын таславч нь мөгөөрсөн болон ясан гэсэн үндсэн хоёр хэсэгтэй. Аль хэсгээрээ, ямар хэлбэр, хэмжээтэй муруйснаас нь шалтгаалан долоо ангилдаг юм. Тухайн хэлбэрээс хамаараад эмнэл зүйн шинж тэмдгүүд нь ч харилцан адилгүй.

-Хамраа гэмтээгээгүй ч таславч нь муруйчихсан хүн цөөнгүй юм билээ. Тэгэхээр төрөлхийн муруй гэж байдаг уу?

-Төрөлхийн, бодисын солилцооны өөрчлөлттэй холбоотойгоор хамрын таславч муруйх магадлалтай. АНУ-д хийсэн судалгаанаас харахад нийт хүн амын 80 хувийнх нь хамрын таславч ямар нэгэн хэмжээгээр муруйсан гэж тодорхойлсон байдаг.

-Ямар шинж тэмдэг түгээмэл илэрдэг бол?

-Хамгийн түрүүнд илрэх шинж тэмдэг нь хамар битүүрэх юм. Хамар битүүрснээс үүдэн шингэн нус гарах, толгой өвдөх, зүрх дэлсэх, нойргүйдэх шинж тэмдэг илэрнэ. Энэ нь цаашдаа цусан дахь хүчилтөрөгч багасаж, ой тогтоолт муудахад хүргэнэ. Мөн сэтгэл түгших эмгэгтэй болгодог. Түүнчлэн таславч муруйснаар артерийн даралт ихсэх эрсдэлтэй.

-Үүнийг хэрхэн эмчилдэг вэ?

-Хүмүүс хамар битүүрсэн үед дусаалга хэрэглэх нь түгээмэл болжээ. Дусаалга хэрэглэсний дараа хамар нь хэсэг зуур онгойсон ч удалгүй дахиад л битүүрчихдэг. Учир нь дусаалга бол зөвхөн судас агшааж, түр хугацаанд л онгойлгох үйлчилгээтэй. Түүнээс биш хамрыг эмчлэх зориулалтгүй юм. Ер нь хамар онгойлгох зориулалттай эдгээр дусаалгыг ханиад, томуу, харшлын үед хэсэг хугацаанд л хэрэглэж болно. Хамгийн ихдээ тав хоног л хэрэглэвэл зохистой. Энгийнээр хэлбэл, хамрын дусаагуурыг удаан хугацаанд хэрэглэх нь цаашид сөрөг нөлөө үзүүлж, бүр л их битүүрдэг болгох эрсдэлтэй. Эмийн хамааралтай болгодог гэсэн үг. Тиймээс чих, хамар, хоолойн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж оношоо тодруулаад, тохирох эмчилгээг хийлгэх нь чухал. Хамар битүүрдэг олон төрлийн эмгэг бий шүү дээ. Тэдгээрийн аль нь вэ гэдгийг мэдэх нь зүйтэй. Тухайлбал, хамрын таславчийн муруйлт, самалдаг томролт, дайвар хөндийн үрэвсэл, ур, хоргүй, хортой хавдар, наалдац гэх мэт олон төрлийн өвчин бий.

-Хамрын таславч муруйсан бол заавал мэс засал хийлгэх ёстой юу?

-Таславчийн муруйлт гэж оношилсон тохиолдолд мэс засал хийж эмчилнэ. Өөр ямар ч эмчилгээ байхгүй. Муруйсан хэсгийг мэс заслаар авч, нөхөн сэргээдэг юм. Ингэхдээ нарийн мэргэжлийн эмчид үзүүлж оношоо тодруулах шаардлагатай. Таславчийн муруйлт, самалдгийн хөөлт, эсвэл хамрын дайврын үрэвсэл үү гэдгийг нь ялгана. Үүний дараа л эмчилгээний тухай ярих хэрэгтэй. Хэрэв самалдаг хөөсөн байвал түүнийг нь багасгах эмчилгээ хийнэ. Харин таславчийн муруйлт бол тэгшлэх мэс засал хийх юм. Ингэхдээ аль хэсэгт хэр хэмжээний, ямар хэлбэртэй муруйснаас шалтгаалаад мэс заслын эмчилгээнүүд нь ч өөр байна. Тиймээс зөв оношлуулах нь хамгийн чухал. Энгийнээр хэлбэл, энэхүү мэс засал нь таславчийн дотор байгаа муруйсан мөгөөрс ясыг нь аваад, оронд нь өөрийнх нь мөгөөрсөөр таславчийг нь нөхөн сэргээж, тэгшлэх эмчилгээ юм. Үүнийг улсын эмнэлгүүдэд даатгалаар хийж байгаа.

-Мэс заслын дараа дахин муруйх, эсвэл хүндрэл үүсэх тохиолдол бий юү?

-Мэс заслын дараа тэгшилсэн таславчийг барихын тулд тодорхой хэмжээнд хамарт чихээс хийдэг юм. Чихээсийг авснаас хойш хамрын таславч тэгширч, улмаар хамар онгойж хэвийн амьсгална. Эмч авч болно гэж хэлэх хүртэл чихээстэйгээ байх хэрэгтэй. Эмчийн зөвлөгөөг дагаагүйгээс таславч нь мэс заслын дараа дахин муруйсан тохиолдол цөөнгүй. Хүмүүс хамар нь битүүрч байгаа, эсэхийг сайн анзаардаггүй. Гайгүй юм шиг байна гээд тэр бүр тоодоггүй. Хэрэв удаан хугацаанд хамар битүүрч байгаа бол эмчид хандах нь зүйтэй. Гэхдээ ханиад, томуу зэргээс үүдэн хүний хамар ээлжилж битүүрэх тохиолдол бий. Тэр бүрд хагалгаа хийлгэе гэж болохгүй шүү дээ. Хүний бие махбод гадаад орчиндоо дасан зохицож халуун газар орвол битүүрчхээд, энгийн үед онгойно. Хамрын самалдаг ийм функцтэй байдаг. Хүмүүс хагалгаанд орохоосоо өмнө хамар битүүрэх нь гайгүй байна гэдэг. Гэтэл хагалгаанд орсны дараа ингэж амьсгалдаг юм уу гээд л гайхдаг юм. Тэгэхээр удаан хугацаанд хамар битүү явбал энгийн үед яаж амьсгалдгаа ч мартчихдаг байх нь. Мартчихсан учраас л бүрэн амьсгалж чадахгүй байгаагаа мэддэггүй.

-“Удаан хугацаанд хамар битүүрч, цацлага хэрэглэж байна. Гэсэн ч шөнө бүтэн нойроо авч чаддаггүй. Цацаад л хамар онгойчихдог болохоор түүндээ дасчихсан” гэх хүн цөөнгүй юм билээ. Ер нь эмчлүүлэхгүй, мэс засал хийлгэхгүй удвал ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Хүний биеийн эрхтнүүд хоорондоо харилцан хамааралтай, хамтран үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс нэгийнх нь үйл ажиллагаа доголдоход бусад ойролцоох эрхтэнд заавал нөлөөлдөг юм. Таславчийн муруйлтын үед хамар битүүрснээс үүдэлтэй дайвар хөндийн үрэвсэл буюу гайморит үүсэж болно. Мөн хамар, чихийг холбодог гуурсны амсар хавагнан битүүрснээр евстахит буюу дунд чихний үрэвсэл үүсэх эрсдэлтэй.

Хоншоорын хөндий, нүдний уг орчимд элхэгийн хөндий болон духан дээр байрладаг духны хөндий гэж бий. Эдгээр нь бүгд хамар луу шүүрлээ ялгаруулдаг. Дотроос нь салст шингэн ялгардаг юм. Үүнийг нь бид нус гэж нэрлэдэг. Бидний хэлж заншсанаар нус нь эргээд хамар луу орж агаарыг чийгшүүлэх, шүүх нөлөөтэй шингэнийг өөрөөсөө ялгаруулдаг эсүүдтэй. Эдгээр нь хамрын хөндийтэй холбогдсон нүхтэй байна. Эрүүл, энгийн үед эдгээр хөндийгөөс шүүрэл ялгарч, хүн нусаа зовуурьгүй нийх ёстой. Гэтэл хамрын таславч мурийсан үед зүүн талынхаа нүхийг хаачихдаг. Тэгээд л бүх үйл ажиллагаа эхэлнэ. Хамар дотор уг нь шүүрэл ялгарсаар л байгаа. Гэтэл таславч мурийснаар шүүрэл гарах нүхийг нь хаачхаж байгаа юм. Тэгэхээр битүү зүйлд шингэн хэт удаан хуримтлагдана гэсэн үг. Улмаар шүүрлийн шингэн нь өмхийрч, ногоордог. Тэгээд л ногоон нус гарч, өмхий үнэртээд, гайморит буюу дайврын үрэвсэл эхэлдэг юм. Дайврын үрэвсэл нэгэнт эхэлчихвэл эмчлэхэд маш хэцүү. Мэдээж эмийн эмчилгээ хийнэ. Үүний дараа дааврын болон нөхөн сэргээх эмчилгээг үе шаттайгаар хийнэ. Бид тухайн хүнийг эмчлээд явуулна. Гэтэл таславч нь муруй учраас хэсэг хугацааны дараа дахиад л битүүрнэ. Тэгээд л дайврын үрэвсэл нь дахичхаж байгаа юм. Тиймээс хамрын таславчаа тэгшлэхгүй бол бусад эмчилгээ нь үр дүнгүй болно. Ер нь таславч муруйгаагүй байсан ч энэ нь дахих хандлагатай өвчинд багтдаг. Гайморит дахидаг өвчин гэж дэлхий нийтээрээ яриад буй нь үүнтэй холбоотой шүү дээ.

Мөн муруйсан таславчаа тэгшлүүлэхгүй удвал дунд чихний үрэвсэл үүсгэдэг. Дунд чих болон хамрыг холбосон эвстакийн гуурс гэж бий. Таславч мурий бол энэ гуурс ч бас дүүрдэг. Энэ нь битүүрчихээр хэнгэргийн хөндийд шингэн үүснэ. Үүссэн шингэнүүд нь намираа хучуур эдийн тусламжтайгаар хамрын хөндий рүү орох ёстой байтал бас л хаагдчихаж байгаа юм. Энэ нь хүүхдүүдэд түгээмэл тохиолддог. Хамрын муруй, битүүрэл зэргээс үүдэн дунд чихний үрэвсэл үүсэх эрсдэл маш их. Энэ нь цаашдаа тархины үрэвсэл ч үүсгэх эрсдэлтэй өвчин. Тиймээс цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандаж, зөв оношлуулж, тохирсон эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Мөн хамар битүүрснээс үүдэн стресстэж болно. Хамартаа жаахан юм чихээд хэсэг хугацаанд байхад л ямар хэцүү санагддаг билээ. Гэтэл энэ байдал удаан хугацаанд үргэлжилбэл шөнө унтахад ч хүндрэлтэй болгоно. Улмаар стрессийн түвшин нэмэгдэнэ. Хамар битүүрснээр хангалттай хэмжээний хүчилтөрөгчөөр амьсгалж чадахаа болино гэсэн үг. Энэ нь зүрх, судасны системд ч нөлөөлнө.

Эх сурвалж: У.Цэцэгсүрэн “Өнөөдөр” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа3 цаг 50 минутын өмнө"Чингис хаан" ОУНБ руу явдаг ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо4 цаг 35 минутын өмнө“Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ4 цаг 41 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна5 цаг 13 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал5 цаг 19 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ5 цаг 24 минутын өмнөТ.Санаэгийн мэдэгдлийн талаар хэлэлцээ хийжээ5 цаг 50 минутын өмнө"Монгол бахархлын өдөр" зах худалдааны төвүүд ажиллана5 цаг 54 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхлаа6 цаг 3 минутын өмнө"Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна6 цаг 9 минутын өмнөМонгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана6 цаг 20 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн6 цаг 25 минутын өмнөБүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ11 сар 18. 18:34207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна11 сар 18. 13:50Их Британид ирж буй хууль бус цагаачдын үнэт эдлэлийг хураан авна11 сар 18. 13:45АҮЭБЯ: Шатахууны үнэ нэмэгдэхгүй11 сар 18. 12:10Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ЗГ-ын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа11 сар 18. 10:21Улсын хэмжээнд нийт 256 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байна11 сар 18. 10:04О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн11 сар 18. 9:57Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна11 сар 18. 9:42Монгол харваачийн эрдмийг дэлхийд мандуулсан бахархалт багш, шавь11 сар 18. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 18. 8:57Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн нартай Москва хотод уулзана11 сар 17. 23:21Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ11 сар 17. 16:26“Honda”-гийн машины парад Гиннесийн амжилт тогтоожээ11 сар 17. 16:22Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ11 сар 17. 16:17Улирлын томуу идэвхжлийн түвшинд байгаа ба эмнэлэгт хандсан 281,624 хүний 14,308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ11 сар 17. 12:59Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав11 сар 17. 12:44Алба хаагчид 21 иргэний амь насыг аварч, 36 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа11 сар 17. 12:41Т.Сайфолла, С.Мөнхзул нар ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо11 сар 17. 12:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.