Непал Улс дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн урилгаар Балба Улсын Катманду хотод болж буй “Хүний капиталын хөгжилд хөрөнгө оруулах-тэсвэртэй, оролцоог хангасан нийгмийн хамгаалал” сэдэвт олон улсын хуралд Хүүхдийн мөнгөний хөтөлбөрийн талаар танилцуулга хийлээ.
НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Непал Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулсан тус хурал "Монгол Улсын хүүхдийн мөнгөн тэтгэмж" нь сайн туршлага болохыг онцлов.
Монгол Улсын хүүхдийн мөнгөн тэтгэмж, бодлогын талаарх илтгэлийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын газрын дарга А.Хишигбаяр цахимаар тавилаа.
Нийгмийн халмжийн үйлчилгээний 12 хөтөлбөрийн 1 нь хүүхдийн мөнгөн тэтгэмж бөгөөд Монгол Улсын нийт 1.3 сая хүүхдэд сар бүр 100.0 мянган төгрөгийн тэтгэмж олгож байгаа, тус хөтөлбөр хүүхдийн ядуурлыг бууруулж, эмзэг бүлгийн гэр бүлүүдийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж буй талаар санал солилцлоо.
Энэхүү хурлаар хүний хөгжлийг дэмжихэд хүүхдэд, ялангуяа хүүхдийн бага насанд хөрөнгө оруулах нь ядуурлаас сэргийлэх, бууруулахад хамгийн үр дүн үзүүлж байгааг онцолсон.
Нийгмийн хамгаалалд хамрагдах нь хүүхдийн нийтлэг эрх бөгөөд хүүхэд бүр энэ эрхийг эдэлж хамгаалагдах ёстой, мөн нэг ч хүүхдийг орхигдуулахгүй байх зарчим баримтлахыг уриаллаа.
Сэтгэгдэл бичих