Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг өнөөдөр /2024.09.13/ хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Халхын голын 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалыг үр дүнтэй хамтран зохион байгуулсанд талархаж байна гээд энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсоныг онцлов.
Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Парламент хоорондын хамтарсан Комисс чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэлээ. ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковын зүгээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалаар парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцсаныг дурдлаа. Уг хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны тулгуур байх болно гэдэгт итгэж байна гэв. Тэрбээр, энэ сарын 18-нд Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах Евразийн эмэгтэйчүүдийн IV чуулга уулзалтад монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцоход анхаарал тавьж, хоёр орны парламентын эмэгтэй гишүүдийн харилцааг өргөжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийллээ. Талууд худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих