Өнөөдөр ХХ зууны Эрүүл мэндийн салбарын шилдэг байгууллага, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Үндэсний бүтээмжийн шагналт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 70 жилийн ой тохиож байна.
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь улсын хэмжээнд зүрх, мэдрэлийн лавлагаа тусламж үйлчилгээ түүн дотроо зүрх судасны мэс засал, мэдрэлийн мэс засал, зүрх, тархины судсан дотуурх оношилгоо эмчилгээ, тархины харвалт, зүрхний шигдээсийн хүнд үеийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийг үзүүлж буй Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн лавлагаа төв эмнэлэг юм.
Тус эмнэлэг нь өнгөрсөн хугацаанд засаглалаа сайжруулах “Эрэлтээ дагасан оновчтой, үр ашигтай бүтэц” бий болгох зорилт тавьж, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй зүрх, мэдрэл, тархи судасны чиглэлийн өвчнийг эмчлэх аргыг нэвтрүүлэн нутагшуулж, 161 тэрбум төгрөгийн өртөгтэй тусламж үйлчилгээг үзүүлэн иргэдэд эдийн засгийн дарамтгүйгээр эх орондоо өндөр чанартай тусламж үйлчилгээ авах боломжоор хангасан байна.
Мөн дэлхийн 14 улсын 47 байгууллагатай хамтран ажиллаж, зочин профессорын багуудын хамтын ажиллагааг идэвхжүүлснээр гадаадад оношлогдож эмчлэгдэх байсан иргэнд 1,803 өндөр түвшний нарийвчилсан үзлэг оношилгоо хийж, 700 гаруй эмчлүүлэгчид нарийн төвөгтэй мэс заслын тусламж үйлчилгээг хамтран үзүүлжээ.
Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсны үр дүнд дэлхийн жишигт нийцсэн мэдрэлийн мэс заслын вакум өрөө, эмчилгээ оношилгооны орчин үеийн аппарат тоног төхөөрөмжөөр хангагдаж, иргэдийг өөрийн эх орондоо, чанартай тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаараа авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Өнгөрсөн 70 жилийн түүхэнд байгууллагын соёл хандлага, бүтээлч сэтгэлгээ, эмч мэргэжилтнийхээ мэдлэг, ур чадвараар эх орондоо төдийгүй олон улсад танигдаж, анагаах ухааны ололт амжилт, дэвшилтэд арга, шинэ технологийг тасралтгүй нэвтрүүлэн нутагшуулж, олон зуун эрдэм чадалтай эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнийг төрүүлэн гаргаж чадсан үе үеийн Шастинчууддаа 70 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан
Сэтгэгдэл бичих