С.Эрдэнэбат: Нийгмийн даатгалын асуудлыг засах ёстой ч шударгаар төлж байгаагаа шийтгэж болохгүй


10-р сарын 17
10 цаг 22 минут

         УИХ-ын гишүүн С.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Таны хувьд Монголын үйлдвэрчний эвлэл (МҮЭ)-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тэгэхээр гишүүн болоод ямар зүйл дээр түлхүү анхаарал хандуулж ажиллах зорилготой байгаа вэ?

-Шинэ парламент маань гишүүдийнхээ тоог нэмж, нийгмийн олон дуу хоолойг оруулж ирсэн. Ингэснээр УИХ-ын гаргаж байгаа шийдвэр маань илүү бодитой болно гэж бодож байгаа. Тиймээс хамт олон маань намайг дэвшүүлсэн. Үүнээс гадна МАН орж ирээч гэдэг боломжийг тавьж өгсөн. Энэ утгаараа парламент илүү мэргэжлийн болсон гэдэг нь харагдаж байна. Тухайлбал, миний хувьд байнгын хороо, ажлын хэсэг, хуулийн төсөлд өмнө нь ажиллаж байсан. Гэвч орж ирээд үг хэлэх эрх байдаггүй. Зөвхөн санал өгдөг. Тэр санал маань яаж тусаж байгааг мэдэх боломжгүй. Гэтэл Үйлдвэрчний эвлэл гэх том айл, миний ард маш олон хүн байдаг. Тэдний хүсэл, эрмэлзэл хуульчлагдаж гарч чадаж байна уу гэдэг эргэлзээтэй байсан. Хуулийн нэг үг, үсэгний ард хүний амьдрал байдаг шүү дээ. Тиймээс миний хувьд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийнхээ дуу хоолой болж түлхүү ажиллая гэдэг бодолтой байгаа. Мэдээж шинэ гишүүн учраас суралцах зүйл их байна. Харин хуулийн хувьд гэвэл Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад 20 гаруй жил багаас нь ажиллаад ирсэн учраас нэг их түүртээд байх зүйл алга.

-Тэгэхээр хуулийг чанартай гаргах тал дээр нэлээд анхаарч ажиллана гэсэн үг үү?

-Өмнө нь байнгын хороон дээр 3-4-хөн гишүүний саналаар бүхэл бүтэн хуулийн нэг заалт хасагддаг, эсвэл нэмэгддэг байсан. Тэр нь алдаатай байдаг. Одоо манай Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл яг шийдвэр гаргах түвшинд орж, дуу хоолойгоо гаргаж байгаа нь сайн хэрэг. Мэдээж миний бүх хэлсэн саналыг авна гэж байхгүй.

Зарим санал дээр цөөдөж байна. Одоо улсын төсөв ид хэлэлцэж байгаа. Энэ үед татвар, төлөгчид, баялаг бүтээгчдийн мөнгийг яаж жигд хүртээх вэ гэдэг асуултыг л би тавиад байгаа. Тийм учраас тендерийн хуулиа өөрчил. Энэ том төслийг авснаараа хэдэн жижиг дунд үйлдвэрлэлийг араасаа дагуулах юм. Үндэсний үйлдвэрлэгчдээ хэрхэн дэмжих юм гэдгийг нь асуудаг, харгалзан үздэг болох хэрэгтэй. Гадаадын улсууд ийм нийгмийн үнэлгээг хийдэг болсон. Ийм зүйлийг хийж өгөөч гэдгийг тавиад байгаа юм. Тендерийн хуулийн ажлын хэсэгт миний бие орсон. Тэгэхээр сүүлийн 10 жил хэн, хэн тендер авсан. Ямар гэр бүл, субьектын хооронд тендер явж байна. Үнэхээр мундагтаа аваад байна уу. Эсвэл танил тал, нам эвслийнхээ харьяаллаар аваад байна уу гэдгийг ил болгоно. Нэгхэн жишээ хэлэхэд, өнөөдөр манай улсын эмнэлгүүдийг мэс заслын бүх багаж, хэрэгслийг нэгхэн компани нийлүүлдэг юм билээ. Ийм монополь байж болохгүй. Манайд мундаг аж ахуйн нэгжүүд бий. Тэднийг бол хоёр гараа өргөөд дэмжинэ.

-Сүүлийн жилүүдэд том, том мөнгөн дүнтэй төсөл, хөтөлбөрүүд ярьж, уул уурхайн бүтээгдэхүүнийг асар ихээр худалдаалж, Дотоодын нийт бүтээгдэхүүн өслөө гээд байгаа. Гэтэл яг амьдрал дээрээ тогтвортой ажлын байр хомс, цалин бага, худалдан авах чадвар муудсан, татварын дарамт ихэссэн гэдгийг иргэд хэлж байна. Энэ тал дээр юу хийвэл болох вэ?

-Өчигдөр (уржигдар) манай Нийгмийн бодлогын байнгын хороо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхантайгаа уулзсан. Би өөрөө хөдөлмөрийн эдийн засагч хүн. Улстөрчид хөдөлмөрийн эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг маш сайн мэддэг байх ёстой. Одоо чинь эсрэгээрээ ажиллах хүч олдохгүй байна гээд байгаа. Гэтэл энэ чинь зөвхөн манайд ингээд байгаа зүйл биш. Сүүлийн үеийн залуучууд харьцангуй хүнд гэж хэлдэг, биеийн ачаалал шаардсан ажил хийх дургүй байна. Бүгд чөлөөтэй, цагт баригддаггүй ажил хийхийг хүсдэг болчихсон. Харин үүний эсрэг ажил олгогчид ажилтнаа өөрсдөө бэлтгэж, дэмжиж явах гэсэн зарчмыг барьж байна. Гэтэл манайд болохоор шууд гадны ажиллах хүчийг оруулж ирье гэж байна. Гэтэл иргэдээ гадагш нь явуулчихаад гадаадын хүмүүс оруулж ирэх гээд байгаа нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Улсын хар хайрцагны бодлого, ажиллах хүчний бодлого гэж байх ёстой. Сүүлийн үед бид багшийн хомсдолд орсон.

Яагаад ийм болсон гэхээр байрны мөнгө хийхээр гадагшаа явсан. Гэтэл мөрөөдөл нь байр байж болохгүй байхгүй юу. Уг нь бол тогтвор суурьшилтай ажиллах юм бол байртай болно гэдэг итгэл үнэмшлийг нь өгөх хэрэгтэй. Гэтэл судалгаагаар 1-5 дахь жил дээрээ ажлаасаа гарах нь их байна гэж гарсан. Тиймээс энэ тал дээр бид бодлого гаргаж ажиллах ёстой.

-Цалин хөлсийг нэмэх тал дээр та юу хэлэх вэ?

-Миний хувьд өнгөрсөн Засгийн газартай, Үйлдвэрчний эвлэлд байхдаа нэлээд ажиллаж байж цалин нэмүүлсэн. Хөдөө орон нутгийн нэмэгдэл 40 хувь гэдгийг оруулж өгсөн. Үүний үр дүнд одоо хүмүүс орон нутагт их очиж ажиллаж байна. Үүнээс гадна гадаадад “Тархины гоожилт” гэж ярьдаг. Нэг үгээр сувилагчийг бэлдэхэд асар их цаг хугацаа, зардал гардаг. Тийм болохоор ганц хоёрхон мянган ам.доллар өгөөд бэлэн сувилагчийг манайхаас авч байна. Одоо манай бүх эмнэлэг сувилагчийн дутагдалтай. Үүнийгээ дагаад үйлчилгээ нь унана. Багш яг адилхан. Дээрээс нь чадвартай төрийн албан хаагчид ч цалин, төрийн дарамтаас болоод зугтаж байна. Тийм болохоор сая би Засгийн газрын хөтөлбөрт хэд хэдэн зүйлийг оруулж чадсан. Төр өөрөө дархлаатай байх үүднээс төрийн албан хаагчид өөрсдийгөө хамгаалдаг институци байх ёстой. Ямар ч том сайд, намын дарга байгаад төрийн албан хаагчийг шууд халах ёсгүй болгосон. Дээрээс нь улс төрийн хатуу гишүүнчлэлийг байхгүй болгоё гэсэн.

-Таныг МАН-ын жагсаалтаар ороод ирсэн гэж дургүйцэх хүмүүс бас байна?

-Анх санал тавихад нь би зөрүүлээд нөхцөлөө тавьсан. Би ямар нэгэн намын эрх ашигт үйлчлэхгүй. Цэвэр ажилчдынхаа дуу хоолой болно гэсэн. Харин намаас үүнийгээ чөлөөтэй тавь. Эсрэг санал өгч болно, асуудал тавьж болно гэсэн. Тийм ч болохоор би сая намрын чуулган дээр хамгийн олон үг хэлж, асуулт асуусан гишүүн болсон. Энэ нь попрох гээд байгаадаа биш. Надад маш олон хүн санал тавьдаг. Үүнийг хэлээд, асуугаад өгөөч гэдэг. Тийм болохоор тэдгээрийг нь багцлаад асуудалд ханддаг. Өмнө нь гишүүдийн асуултыг тэгсхийгээд аргалаад өнгөрдөг болсон бол одоо тийм юм байхгүй болсон. Салбар салбарын мэргэжилтнүүд ороод ирчихсэн учраас Засгийн газрын гишүүд маань маш их зүйлийг судалж, мэдэж байж орж ирэхгүй бол гишүүдийн асуултад унахаар болсон.

-Татварын дарамт их байна гэдгийг иргэд, аж ахуйн нэгжүүд хэлдэг. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Ер нь бол бага, дунд орлоготой иргэдийн татварыг чөлөөлөх, хөнгөлөх ёстой. Нэг хүнд оногдох амьжиргааны баталгаажих доод түвшин нь бүсээсээ хамаараад 450 орчим мянган төгрөг байна. Үүгээр нь тооцвол таван ам бүлээ тэжээдэг хүн наад захын хүнсний дутагдал, хомсдолд орохгүй байхын тулд 2.2 сая төгрөгийн орлоготой байх ёстой болж байна. Нэг гишүүнд ногдох орлого нь амьжиргааны баталагаажих доод түвшнээс доошоо орчихсон, эсвэл ойролцоо бол татварыг нь 50 хувь хөнгөлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангасан, ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй ажилтнаа дэмжсэн, нийгмийн сайн сайхны төлөө ажил хийсэн аж ахуйн нэгжүүдийг татварыг хөнгөлөх ёстой. Би бол үүнийг санаачилж, дэмжсэн гишүүдийн нэг. Ингэх юм бол компаниуд хариуцлагатай болоод ирнэ. Мөн өнөөдөр шударгаар нийгмийн даатгал төлж байгаа иргэд хохирч байна. Өнөөдөр хувиараа нийгмийн даатгалыг хамгийн багаар төлж байгаад сүүлийн таван жилээ өндөр төлдөг хуулийн цоорхой гаргаад ирчихсэн. Энэ чинь шударга бус шүү дээ. Улстөрчдийн поп амлалтуудаас болоод манай Нийгмийн даатгалын сан өнөөдөр тун хүнд нөхцөл байдалтай болсон. Энэ алдаагаа засах ёстой. Гэхдээ шударга төлж байгаагаа шийтгэх байдлаар засч болохгүй. Мөн татвар дээр өндөр орлоготой хүмүүсээс өндөр л авах ёстой. Өнөөдөр Богд уулын ам бүрд өндөр үнэтэй байшингууд байна. Тэнд хүмүүс амьдарч байна. Ингэж болно. Гэхдээ бусдаас онцгой эрхтэйгээр дархан цаазат ууланд амьдарч байгаа бол үл хөдлөхийнх нь татвар өндөр л байх ёстой. Бусдаас илүү лиценз эзэмшиж байгаагийнхаа хэрээр татвараа илүү төлдөг л байх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдыг бол дэмжинэ. Гэхдээ манай улсад ашигтай л байх хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэгчид, компаниудаас нь давуу эрхтэй хөрөнгө оруулагч байж болохгүй.

Эх сурвалж: Т.Дарханхөвсгөл DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна1 цаг 37 минутын өмнөТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө1 цаг 40 минутын өмнөИх Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо1 цаг 46 минутын өмнөМонгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол3 цаг 7 минутын өмнөТөрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв3 цаг 17 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм3 цаг 23 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв3 цаг 26 минутын өмнөС.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн3 цаг 29 минутын өмнөИх Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан3 цаг 32 минутын өмнөӨвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр4 цаг 33 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан4 цаг 40 минутын өмнө“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг11 сар 9. 16:41Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 9. 16:29АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ11 сар 9. 12:51“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ11 сар 9. 12:46Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ11 сар 9. 11:56АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв11 сар 9. 11:52Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ11 сар 9. 9:58Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо11 сар 9. 9:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав11 сар 9. 9:10“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно11 сар 9. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан11 сар 9. 8:47УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.