Судлаач Г.Ариунболор: Манайх шиг улс төрийн мөчлөг богинотой оронд мега төслүүд бүрэн хэрэгжих нь баталгаагүй


10-р сарын 18
12 цаг 41 минут

      Улс төр судлаач, эрх зүйч Г.Ариунболортой Засгийн газраас дэвшүүлсэн 14 мега төслийн хүрээнд ярилцлаа.

-Хамтарсан Засгийн газар эдийн засгийг тэлэх 14 мега төслийг хэрэгжүүлэхээр зарласан. Өмнө нэг аймаг, сум, тойрог тус бүрд бүтээн байгуулалт нэрээр улсын төсөв хуваагддаг байсан. Тэгвэл энэ жилээс улсад ашигтай, эдийн засгийг сэргээх том төслүүдэд улсын төсөв зарцуулагдахаар байна. Энэ нь 14 мега төсөл бүсчилсэн хөгжлийн үр дүн гэж харж байна уу?

-Засгийн газрын хувьд өмнө 2017 онд “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” гэх баримт бичгийг Үндэсний хөгжлийн хороо боловсруулаад явж байсан. Үүнийгээ өргөжүүлээд “Алсын хараа 2050” төсөл рүү шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, одоогийн энэхүү бүсчилсэн хөгжлийн бодлого 2017 оноос үндэс сууриа тавьсан гэсэн үг. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд парламент 126 гишүүнтэй боллоо. Мэдээж өмнө байсан олон жижиг тойрог шиг зөвхөн нэг аймгийн асуудлыг шийдэхгүй. Улсын хэмжээнд хөгжлийн бодлого нь тодорхойлогдож явдаг болсон нь том давуу тал гэж судлаач хүнийхээ хувьд харж байгаа. Зарим хүмүүсийн хувьд Засгийн газраас дэвшүүлсэн 14 мега төсөл дээр шүүмжлэлтэй хандаж байгаа.

-Том төслүүдтэй холбоотой судлаачдын шүүмжлэл юу байна гэж…?

-Юуны түрүүнд хамтарсан Засгийн газар 14 мега төслөө дөрөвхөн жилийн хугацаанд хэрэгжүүлж амжих уу гэдгийг хэлж байна. Тэгэхээр Ерөнхий сайдын өөрийнх нь танилцуулсан 14 мега төслийн хөгжлийн төлөвлөгөөг нь харахад 2024-2032 он хүртэл буюу найман жилийн хугацаанд хэрэгжихээр байгаа. Үүнийг судлаачийнхаа хувьд юу гэж ойлгож байна гэхээр манай улс шиг дөрвөн жилийн мөчлөгөөр Засгийн газар нь солигддог оронд бүтэн найман жилийн хугацаатай энэ том төсөл цаашид баталгаатай хэрэгжээд явах эсэх нь эргэлзээтэй. Үнэхээр хэрэгжээд явна гэх баталгаа байхгүй. Энэ бол мега төслүүдийн хамгийн том сул тал гэж харж байгаа.

-Хоёулаа мега төслүүдээ тус бүрд нь ямар ач холбогдолтой, аль нь хэрэгжих боломжтой эсэх талаар ярья. Тухайлбал, хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал төсөл байна. Энэ төслийн хувьд эдийн засаг талаасаа ямар ач холбогдолтой вэ?

-Хил холболтын төмөр замуудын ажил боомтын сэргэлтийн хүрээнд 2020 оноос эхэлж яригдаж байгаа. Тэр ч утгаараа Засгийн газраас Боомтын сайд гэх бүтцийг шинээр бий болгосон. Тэгвэл өмнөх Засгийн газрын Боомтын сайд эрхлэх асуудлынхаа хүрээнд ажлаа бодитой сайн хийсэн үү гэдэг нь эргэлзээтэй.

Нөгөөтэйгүүр өнөөгийн Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа үйл ажиллагааг дүгнээгүй.

Тиймээс уг асуудалд судлаачдын хувьд шүүмжлэлтэй ханддаг. Учир нь өмнөх ажлаа дүгнээгүй байж дараагийн том зорилтуудыг эхлүүлэх боломжгүй. Энэ хил холболтын төмөр замын ажлыг 2025 он гэхэд дуусгахаар 956 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж байгаа. Ингээд 2028 хүртэл хилийн боомтоо идэвхтэйгээр ашигласнаар эдийн засгийн тэлэлт үзүүлж, импортыг багасана гэсэн. Гэтэл өмнөх боомтын сэрэлтийн хүрээнд ямар ажил хийсэн юм бэ. Яг хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд экспортын хэмжээг хэдэн хувь нэмэгдүүлсэн бэ гэдэг тооцоо судалгаа байхгүй байна. Энэ хил холболтын төсөл дуусчихвал мэдээж төмөр зам дагасан ложистикийн дэд бүтэц хөгжинө. Эдийн засагт 10-14 хувийн өсөлт бий болох боломж харагдаж байгаа.

-Хил холболтын төмөр замын хувьд зарим хэсэгт манай талаас хилээ тултал төмөр зам барьчихсан. Харин одоо айлын талаас уг замыг холбох ажлаа хэзээ эхлүүлэх нь тодорхойгүй байгаа шүү дээ. Энэ асуудал дээр улс төрийн идэвх чухал байх, тийм үү?

-Саяхан манай улсад БНХАУ-ын дэд дарга айлчилсан. Энэхүү айлчлалын хүрээнд уг асуудлыг хөндөж тавихаар төлөвлөсөн байсан. Харин одоог хүртэл Засгийн газраас энэ асуудлыг хөндөж тавьсан уу, шийдэл нь хэрхэн гарсан талаарх мэдээлэл огт хийгээгүй. Энэ бол айлын талтай тохиролцож, шийдэх ёстой чухал асуудлын нэг. БНХАУ-ын хувьд мөн дотооддоо уг асуудлыг нарийн хэлэлцэж байгаа байх. Учир нь энэ бол нэг талдаа улс төрийн шийдвэр. Нөгөө талдаа эдийн засгийн үр өгөөжөө айлын тал харах нь зайлшгүй. Тэгэхээр хил холболтын төмөр замын ажлаа Засгийн газар хэлснээрээ 2025 он гэхэд бүрэн хийж дуусгах уу гэдгийг бид харж, хүлээхээс өөр арга байхгүй.

-Мега төслүүдийн ихэнх нь эрчим хүчний төсөл байгаа. Тухайлбал, Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц төсөл байна. Уг төслийн эдийн засгийн ач холбогдол, улс төрийн шийдэл нь юу байна вэ?

-Мега төсөл дээр эрчим хүчний асуудал илүүтэй тавигдсан нь ойлгомжтой байх. Тэр дундаа говийн бүсийг хамарсан эрчим хүчний асуудал илүүтэй чухал. Учир нь Монгол Улсын эдийн засгийн 70 гаруй хувийг хангаж байгаа салбар бол уул уурхай. Тэгэхээр уул уурхайн үйлдвэрлэл хаана явагдаж байна гэхээр мэдээж говийн бүс. Энэ утгаараа Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийг эрэмбийн хувьд тэргүүнд тавьсан нь улс төрийн шийдэл талаасаа маш зөв. Нөгөөтэйгүүр манай улс эрчим хүчний хувьд хойд хөршөөсөө 70 хувийн хараат оршдог. Тэгэхээр хойноос авч байгаа эрчим хүчээ өмнөд бүс рүүгээ татах тусам эрчим хүчний өртөг ихэснэ. Тэр чинээгээр уул уурхайн бүсэд эрчим хүчний зарлага өндөр байна гэсэн үг. Энэ утгаараа уг зардлыг багасгах, цаашлаад уул уурхайн бүсээ эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд дээрх Тавантолгойн ДЦС-ын төсөл нэн тэргүүнд яригдахаас өөр арга байхгүй.

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бэлтгэл ажил хангагдсан. Харин тулгамдаад байсан санхүүжилтийн асуудлаа саяхнаас шийдсэн гэж байгаа. Тэгэхээр ойрын хугацаанд уг цахилгаан станц ашиглалтад орох боломжтой гэж ойлгож болох уу?

-Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС-ын төслийн санхүүжилтийн хувьд 50 хувь нь төр, хувийн хэвшил, үлдсэн 50 хувь нь гадаадын зээл, тусламжаар хийгдэх юм билээ. Тэгэхээр санхүүжилт, эдийн засаг талаасаа хүндрэлтэй нэг асуудал гарч байгаа юм. Юу гэхээр дээрх хоёр төсөлд шаардагдсан гадаадын зээл, тусламжийн эргэн төлөлтийг улсын төсөв цаашдаа дааж явж чадах уу. Учир нь энэ чигийн нарийн тооцоо мэдээлэл одоог хүртэл танилцуулагдаагүй байна. Магадгүй энэ хоёр төсөл ашиглалтад орлоо гэж бодоход тэрхүү авсан гадаадын зээл, тусламжийг бид хэдэн жилийн дотор нөхөх вэ. Нөгөөтэйгүүр дээрх станцаас эрчим хүчээ хангаж байгаа бүс нутаг үнэ, тарифаа өөрсдөө тодорхойлоод явна гэж байгаа. Гэтэл гадны зээлээ бид хүүтэй нь хамт төлнө. Энэ бүхнээ тооцоод дээрх станцуудын эрчим хүчний үнэ импортоор авч байгаа эрчим хүчний үнээсээ давчихвал яах вэ. Судлаачдын хувьд энэ үнэ давах магадлал өндөр байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, гаднаас импортоор эрчим хүч авахаа болиод илүү өндөр үнээр дотоодынхоо эрчим хүчийг авдаг болно гэсэн үг. Хэдий эрчим хүч дотооддоо үйлдвэрлэж байгаа ч үнийн хувьд өндөр байвал энэ нь ард түмэнд дарамт болно. Тэгэхээр энэ талын тооцоо судалгаагаа Засгийн газар иргэдэд тодорхой мэдээлэх, танилцуулах шаардлагатай.

-Эрчим хүчний сайдын хувьд ойрын хугацаанд буюу 2028 он цаашлаад 2030 он гэхэд Монгол Улс эрчим хүчний хараат байдлаасаа гарна гэж зоригтой хэлсэн. Үнэхээр бид хараат байдлаасаа гарах боломжтой юу. Эсвэл энэ нь улс төрийн оноо авах гэсэн мэдэгдэл үү?

-Ирээдүйд ингэнэ, тэгнэ гэсэн төлөвлөлт, зорилго нь байдаг ч арга зүй, тооцоо судалгаа нь тодорхой гарсан эсэх нь тийм ч нээлттэй биш байгаа. Тэгэхээр судлаачдын хувьд салбарын сайдын хэлж байгаатай бүрэн санал нийлнэ гэхэд хэцүү. Б.Чойлжилсүрэн сайдын хувьд судалгаан дээр суурилсан гэдгээ хэлж буй ч яг ямар судалгаа тооцоолол хийчихээд яриад байна гэдгээ нээлттэй хэлээгүй. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн УЦС 2028 онд ашиглалтад орно гэж салбарын сайд нь хэлдэг. Гэтэл үнэндээ манайх шиг улс төрийн цикль нь богино үргэлжилдэг Засгийн газартай орны хувьд энэхүү төслийг дараа дараагийн Засгийн газар нь хэрэгжүүлээд явах эсэх нь тодорхой биш байна.

-Тэгэхээр шийдвэр гаргагчид дэндүү яарсан дүгнэлтүүдийг хийгээд байна гэсэн үг үү. Өөрөөр хэлбэл, улс төр талаасаа иргэдэд таалагдах хандлагаа илүүтэй анхаараад байна гэж ойлгох уу?

-Улстөрчдийн хувьд энэ хандлагаа илүү барих нь ойлгомжтой байх. Гэхдээ төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол эхлээд нөөц, бааз, суурь, судалгаа сайн байж дүгнэлт бодитой байдаг. Эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд сэргээгдэх эрчим хүчний төслийг зөв гэж байгаа. Гэхдээ тэд энэ төслийн үндэслэл, тооцоо, судалгаа нь хаана байна вэ гэдгийг шаардаж байна. Харамсалтай нь манай улс төрийн хүрээнд өрнөж байгаа үйл явдлыг том зургаар нь харвал эхлээд Ерөнхий сайд ийм, ийм том төсөл хэрэгжүүлнэ, тийм үр дүнд хүрнэ гэж зарладаг. Нэгэнт олон нийтэд Ерөнхий сайд нь гарч ирээд хэрэгжүүлэх том төслөө зарлачихсан учраас тэрийг нь хариуцсан шинэ яам, агентлаг бий болдог. Сая Ерөнхий сайд 14 мега төсөл хэрэгжүүлнэ гээд мэдэгдсэн. Үүнийгээ дагаад 14 агентлаг шинээр бий болсон гэж байгаа. Угтаа эхлээд төлөвлөлт, тооцоо судалгаагаа хийчихээд дараа нь бааз суурь, нөөцөө бэлтгэчихээд эцэст нь бодлого, стратегиэ танилцуулах ёстой. Гэтэл эхлээд том бодлого, стратеги, төлөвлөлтөө тодорхойлчихоод араас нь тооцоо судалгаа, бааз сууриа бүрдүүлэхээр ажиллаж байгаа нь том төслүүдийг үр дүнгүй болгох эрсдэлтэй. Аливаа зүйл эхлээд арга зүйтэй байдаг. Арга зүйгээ тодорхой болгочихоод түүнд хүрэх арга зам, стратегиэ гаргадаг. Эцэст нь үр дүнгээ бодитой хардаг шүү дээ. Гэтэл манайд энэ дараалал эсрэгээрээ явж байна. Тэгэхээр үүнээс юу харагдаж байна гэхээр манайд улс төрийн амбиц нь илүү өндөр байна гэсэн үг. Ийм урвуу тогтолцоо бий болоод удлаа. Үүнийгээ засаж, зөв арга зүйгээр явж байж бид бодитой үр дүнг гаргана.

-Тэгвэл Засгийн газраас зарласан 14 мега төслөөс ойрын дөрвөн жилд бүрэн хэрэгжих боломжтой хэдэн төсөл байна гэж та харж байгаа вэ?

-Ажил нь эхэлчихсэн байгаа гэдгийг нь харгалзан үзвэл Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл энэ хугацаанд ашиглалтад орчих болов уу. Мөн Эгийн голын УЦС ч ажил нь ахицтай явах магадлалтай харагдаж байна. Гашуунсухайт, Ганц мод, Ханги Мандалын хил холболтын төмөр замын ажил эхэлчихсэн байгаа. Газрын тос боловсруулах цогцолборын хувьд 2016 оноос хойш одоог болтол хэрэгжиж байна. Ядаж эдгээр төслүүдээ энэ хамтарсан Засгийн газар гүйцэт дуусгачихвал Монгол Улсын хөгжилд бодитой нөлөөлөл үзүүлнэ гэж харж байгаа. Угтаа улс төр талаасаа чи, би гэж талцахгүй байх нөхцөл нь бүрдчихсэн. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргагчид нэг саванд орчихсон учраас бие биенийхээ ажлыг янз бүрийн шалтгаанаар гацаах шаардлага гарахгүй гэсэн үг. Энэ утгаараа хамтарсан Засгийн газарт гурван нам нэгдсэн учраас дэвшүүлсэн том төслүүдээ хэрэгжүүлэх боломж хангалттай бий. Хэрэгжүүлж чадах эсэх нь наанадаж хоёр жилийн дараа харахад тодорхой болно.

-Энэ 14 мега төслөө 2028 оны сонгуулиар одоогийн эрх баригч нам болон Засгийн газарт хамтарсан улс төрийн хүчнүүд дутуугаа гүйцээе гэдэг байдлаар улс төрийн хөзөр болгон ашиглах нөхцөл байдал харагдаж байна уу?

-Тэгэхээр “Алсын хараа 2050” гэдэг бол улс орны хөгжлийн гэхээс илүү улс төрийн том баримт бичиг. Хуучин 1924 онд байгуулагдсан Ардын засаг “Шинэ эргэлтийн бодлого” гэх баримт бичгийг гаргасан байдаг. Энэхүү баримт бичгийг 2019 онд МАН дахин сэргээж “Шинэ сэргэлтийн бодлого” гэх хөгжлийн баримт бичгийг гаргасан. Тус намын хувьд улс төрийн ууган хүчин. Нөгөөтэйгүүр эрх баригч намынхаа хувьд улс төрийн амбицаа “Алсын хараа 2050” гэх баримт бичгээр илэрхийлсэн. Энэ утгаар нь ойлговол хөгжлийн төлөвлөгөө нь МАН-ын улс төрийн насыг уртасгах гол баримт бичиг мөн. Нөгөөтэйгүүр 14 мега төслөө Засгийн газрын тэргүүн танилцуулахдаа “Алсын хараа 2050” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд баталж байгаагаа илэрхийлсэн. Тэгэхээр 14 мега төсөл нэг талдаа эдийн засгийн тэлэлтийг бий болгох том зорилт боловч нөгөө талдаа эрх баригч намын улс төрийн хэрэглэгдэхүүн болж ашиглагдах нь ойлгомжтой.

Эх сурвалж: Э.Мөнхтүвшин DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ33 секундын өмнөНийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо12 минут 27 секундын өмнөСар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана16 минут 32 секундын өмнөГангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна20 минут 4 секундын өмнө“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно23 минут 47 секундын өмнө“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна27 минутын өмнөСоёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэсэн гал унтраасан бодлого л хэрэгжиж байна2 сар 12. 10:13Их хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэсэн хэргийг шалгаж байна2 сар 12. 10:06Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа2 сар 12. 10:01Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна2 сар 12. 9:54УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ2 сар 12. 9:51Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна2 сар 12. 9:46Хот, нийтийн аж ахуйн 46 байгууллагын 3000 гаруй албан хаагч их цэвэрлэгээ хийж байна2 сар 12. 9:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.