УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай 2025 оны төсвийн тухай хуулиудыг энэ сарын 8-нд баталсан.
УИХ-ын дэгийн тухай хуулиар дээрх хуулиудыг Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлэх хуультай. ЕТГ-т хуулиуд ирснээс хойш ажлын тав хоногт Ерөнхийлөгч хориг тавих, эсэх шийдвэрээ гаргадаг.
Энэ талаар УИХ-ын тамгын газрын дарга Б.Баасандоржоос тодруулахад “УИХ Төсвийн тухай хуулийн эцсийн найруулгыг өнгөрсөн тав дахь өдөр буюу энэ сарын 15-нд сонссон. Эцсийн найруулга сонссоноос хойш ЕТГ-т хуулиудыг хүргүүлдэг. Өчигдөр УИХ хуулийн төслүүдийг ёсчлоод УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гарын үсэгтэй албан бичгээр үндсэн хууль болон дагасан таван хууль, тогтоолын төслүүдийг ЕТГ-т хүргүүлсэн. Одоо ЕТГ-т очсон. Ерөнхийлөгч хуулийн хугацаандаа хориг тавих эсэхээ шийднэ. Хуульд ажлын тав хоног гэж заасан байдаг” гэлээ.
2025 оны улсын төсөв хэл амтай батлагдаж, УИХ-аас энэ ондоо багтаан тодотгол өргөн барих чиглэлийг тогтоолоор өгсөн. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд хориг тавих магадлалтай байгаа юм. Хэрвээ Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавибал хэлэлцэх дэгтэй. Тодруулбал, УИХ-ын Дэгийн тухай хуульд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхдээ,
90.1.Хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална.
90.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
90.5.Гишүүд энэ хуулийн 90.4-т заасны дагуу үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хэрэв хууль, тогтоолын зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, хэсэг, заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулах бөгөөд хоригийг шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
90.6.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ.
90.8.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно.
90.9.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй" гэж заасан.
Сэтгэгдэл бичих