Үндэсний орон сууцжуулалтын хороог өнгөрсөн есдүгээр сард байгуулж, Ерөнхий сайд өөрөө ахлан ажиллаж байгаа. Тус хороо нь ипотекийн зээлийн журмыг шинэчилж, зорилтод бүлгийг орон сууцжуулах зорилготой. Үндэсний хорооны ажлын явцын талаар Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалантай ярилцлаа.
-Үндэсний орон сууцжуулалтын хороо гэж байгуулсан. Байгуулагдсанаас хойш ямар үр дүн гаргаж ажилласан бэ. Ипотекийн зээл олголт зогсоод иргэд хүлээлттэй байна?
-Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний орон сууцжуулалтын хороог байгуулаад хоёр сар болж байна. Энэ хорооны гол зорилго нь нэгд, ипотекийн зээлийн тогтолцоог улс төрөөс ангид, тогтвортой, хүртээмжтэй болгох юм. Өнгөрсөн хугацаанд найман их наядын ипотекийн зээл гаргаад 130 орчим мянган айлыг орон сууцжуулсан байна. Гэхдээ энэ нь зорилтод бүлэгтээ чиглэж чадсан уу, үгүй юу гэдэгт бид хариулт олох ёстой. Анх удаа байр авч, гэр бүл болж байгаа хүмүүс, олон хүүхэдтэй гэр бүл рүү чиглэсэн бодлогыг бид явуулж чадаагүй юм байна. Ер нь Монгол Улсын ипотекийн бодлого илүү өндөр орлоготой айл өрхүүдээ дэмжчихсэн байна. Энэ хөтөлбөрийг ганцхан Монголбанк хэрэгжүүлээд байна. Цаашдаа ганцхан Монголбанк биш Сангийн яам төр оролцож, олон улсын байгууллагуудтай хамтарч тогтвортой зээлийн хүртээмжийг бий болгоно. Хоёрт, ипотекийн зээлийг сайн олгож байгаа ч нөгөө талд орон сууцны үнэ нэмэгдээд байна. Тиймээс хэрхэн орлогод нийцсэн, хямд орон сууцны бүтээгдэхүүнтэй болох вэ гэдэг хамгийн чухал. Ипотекийн зээлийн хүү найман хувь байж байгаад зургаан хувь болгоход орон сууцны үнэ өсчихсөн. Тэгэхээр иргэдийн сард төлдөг төлбөр хэвээрээ болчихож байгаа юм. Уг нь зээлийн хүүг бууруулсан нь өрх дээр ирэх ачааллыг бууруулах байсан. Орон сууцжуулалтын асуудал ганц Барилгын яам, Монголбанкны асуудал биш юм байна. Энэ бол салбар дундын зохицуулалтын асуудал гэж үзэж байгаа. Тиймээс манай яам ипотекийн хөтөлбөрт оролцно.
-Танай яам цаашдаа энэ хөтөлбөрт санхүүжүүлэгчээр ороод явах уу?
-Хуримтлалын сан манай яаманд ирсэн. Хуримтлалын сангийн эх үүсвэрийг ипотекийн зээл рүү оруулж байгаа. Энэ жил Хуримтлалын сангаас 400 гаруй тэрбум төгрөгийг ипотекийн зээл рүү оруулсан. Үүнээс хойш зээл олголт 12-16 сар хүлээгддэг байсан бол хугацаа нь уртасчихсан юм байна. Тиймээс бид хамгийн түрүүнд зорилтод бүлгүүдээ зөв тодорхойлно. Анх удаа байр авах гэж байгаа, олон хүүхэдтэй орон сууцгүй өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд хэд байгаа вэ гэдэг судалгааг хийж байна.
Тухайлбал, байрны метр квадратыг 80 метрээс багасгах, мөн барилгынхаа үнийг барина гэх мэт тогтолцооны цогц бодлогууд авч хэрэгжүүлэх нь Үндэсний орон сууцжууллалтын хорооны гол зорилго. Үндэсний хороо байгуулагдаад хоёр сар болж байна. Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээл хэнд хүрч, хэдэн айлын асуудлыг шийдэж чадсан, цаашдаа Монгол Улсад ипотекийн зээлийн хэрэгцээ хэд байгаа, үүнд хэдэн тэрбум төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй, төр хэрхэн оролцох вэ гэдэг системээ тодорхой болгож байгаа. Цаашдаа дунд болон урт хугацаанд зорилтод бүлэгт бус байр авах гэж байгаа хүний орлогод нийцсэн орон сууцны сонголтууд байх ёстой. Түүнчлэн орон сууцныхаа 30 хувийг бүрдүүлж чадахгүй байгаа, ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй бүлгээ тодорхойлно. Иргэдийн өрхийн орлогод нийцсэн орон сууцны сонголтууд байх ёстой.
-Монголбанкнаас байршлаасаа хамаараад зээлийн хүүг өөр, өөр байлгах саналаа өгсөн гэсэн. Зээлийн хүүд өөрчлөлт оруулах уу?
-Өөрчлөлт оруулна. Одоо бол иргэдэд хоёр л сонголт байгаа. Ипотекийн зургаа болон найман хувийн зээл, арилжааны хүүтэй орон сууцны зээл. Улаанбаатар хотын төвийн бүс болон Зайсан гэх мэт үнэтэй орон сууцны хорооллуудад орон сууцны зээлийн хүү арилжааны хүүгээрээ явна. Харин гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьж байгаа бол хямд хүүтэй зээлүүдээ өгнө. Эсвэл гэр хорооллоос орон сууц руу шилжиж байгаа, захын дүүргүүдэд анх удаа орон сууц авах гэж гэх мэт шатлалтын бодлогоо удахгүй зарлана.
-Хэзээ зарлаж, хэрэгжүүлэх вэ?
-Нэгдүгээр сар гэхэд аль бүлэг рүү хэдэн хувийн хүүтэй зээлийг ямар орон сууцад олгох вэ гэдгийг тодорхой болгоно гэж бодож байна.
-Ипотекийн зээл олголт зогссон байгаа. Нэгдүгээр сараас хэвийн олгоод эхэлнэ гэж ойлгож болох уу?
-Ипотекийн зээл олголт бүрэн зогсоогүй. Харин оочирт байгаа хугацаа нь хойшилчихсон. 30 хувиа бүрдүүлчихээд байгаа хэрнэ орон сууцаа авч чадахгүй байгаа иргэд дотор хямд буюу орлогод нийцсэн орон сууц авах гээд байгаа иргэд хэд байгаа вэ гэдгийг эхний ээлжид тодорхойлох ёстой. Түүнээс өндөр орлоготой хоёр, гурав дахь орон сууцаа авах гэж байгаа иргэдийг дахин санхүүжүүлж болохгүй.
-Харимтлалын сан танай яаманд очсон. Цаашдаа сангийн мөнгийг хэрхэн өсгөх вэ. Ганцхан ипотекийн зээлийг санхүүжүүлээд явах юм уу?
-Баялгийн сангийн хуульд Хуримтлалын сангийн эх үүсвэр уул уурхайн компаниудын ногдол ашгаас санхүүжнэ гэж заасан. Энэ жил 490 тэрбум төгрөгийг Эрдэнэс Монгол компаниас өгсөн. Энэ мөнгийг ипотекийн зээлд оруулсан. Ирэх жил 540 тэрбум төгрөг гэж ярьж байгаа. Үүнийг ипотекийн зээлийн санхүүжилтэд өгнө. Гэхдээ энэ мөнгө иргэн бүрийн дансанд байршаад үржиж байх ёстой мөнгө. Хуульд Хуримтлалын сангийн жилийн хүүгийн өгөөж бодлогын хүүгээс багагүй байна гэж заасан. Тэгэхээр бодлогын хүү 11 хувь байхад Хуримтлалын сангийн жилийн өгөөж 11 буюу түүнээс дээш байх ёстой.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл бичих