Ж.Гомбожав: 1924 онд улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээдэс маань ухаанаа зарж, анхдугаар Үндсэн хуулиа баталж чадсан


11-р сарын 20
13 цаг 34 минут

       Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн босгон дээр Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожав гуайтай уулзаж ярилцлаа.

-Монгол Улс 1924 оноос хойш түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хуулиа баталжээ. Тусгаар улсын хувьд анхдугаар Үндсэн хуулиа баталсны үнэ цэнэ, ач холбогдол гэвэл….?

-Аливаа улс оронд нийгмийн эрс шинэчлэлт өөрчлөлт, хувьсгал гарсны дараа Үндсэн хуулиа шинээр бичдэг юм болов уу гэж би боддог. Монгол Улсын хувьд ч ялгаагүй. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал,1921 оны ардын хувьсгалын үр дүнд 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан байдаг. Гэтэл 1924 оны түүхэн цаг үе нь өөрөө улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан. Гэсэн хэдий ч өвөг дээдэс маань ухаанаа зарж, анхдугаар Үндсэн хуулиа баталж чадсан байдаг. Иймд анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой тохиож буй энэ цаг үед өвөг дээдсээ үнэхээр биширч, шүтэж, дээдлэн хүндэтгэмээр байна, бас тэдэндээ талархах ёстой гэж боддог. Учир нь 1924 оны Үндсэн хууль нь 1940, 1960,1992 оны эцэг хуулийн суурь, углуурга нь болсон. Модоор зүйрлэвэл үндэс нь гэх үү дээ.

-1992 оны шинэ Үндсэн хуулийг боловсруулан батлахад цаг үе, нийгмийн байгуулалтын хувьд 1924 оныхоос тэс өөр. Гэсэн хэдий ч тэр үеийн хуулиас дордуулсан эсвэл эргэж хармаар асуудал байдаг уу?

-Бид 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлахдаа 1924 оны хуулийн зарим заалтуудыг санамсаргүй, эсвэл алсыг харж чадаагүйгээс гээсэн тал бий. Тухайлбал, 1924 оны Үндсэн хуульд Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны анхан шатны нэгжийг 10 гэр байна гэж заасан байдаг.  Улс оршин тогтнохын үндэс нь өрх, гэр бүл. Өрх гэр бүл амар амгалан, аз жаргалтай, хангалуун сайхан байгаагаар тухайн улс орны хөгжлийн шалгуур болгож дэлхий нийтээрээ үнэлдэг болжээ. Бид ч ингэж үнэлэх ёстой. Гэтэл бид 1992 оны Үндсэн хуулийг батлахдаа Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны үндсэн нэгж нь баг, хороо гээд тусгасан. Өөрөөр хэлбэл, томруулсан байгаа юм.

Мөн 1924 оны Үндсэн хуулиас бидний суралцах, анхаарах ёстой нэг асуудал байна. Хэдийгээр тухайн цаг үед нөхцөл байдал хүнд байсан ч Улсын Их Хурлаа хоёр танхимтай байгуулахаар баталсан байгаа юм. Харин бид парламентаа нэг танхимтайгаар баталсан. 1992 оны Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан. Гэхдээ ард түмэн нь эрх мэдлээ яаж хэрэгжүүлэх вэ гэхээр “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалтыг тусгаж баталсан ч, дутуу боджээ. 30 гаруй жилийн дараа эргэн харахаар парламентаа хоёр танхимтай байгуулах байж гэж бодогддог юм.

-Гэхдээ 1992 оны Үндсэн хууль ч бас улс төр, нийгмийн эрс өөрчлөлтийн дараах амаргүй цаг үед батлагдсан, тийм үү?

-Тэгэлгүй яахав. 1992 оны Үндсэн хуулийг баталсан нь түүхэн онцлогтой, сайхан үе байсан. Нэгдүгээрт, улс төрийн хувьд нэг намаас татгалзаад олон намын тогтолцоонд шилжиж, үүний үр дүнгээр Ардын Их Хурал, Улсын Бага Хурал нь байгуулагдсан.

Хоёрдугаарт, 1924,1940,1960 оны Үндсэн хуулиа боловсруулахдаа аливаа нэгнээс хараат байдалтайгаар баталдаг байлаа. Харин 1992 оны Үндсэн хууль бол өөр. Тухайн үед социалист систем унаж, хуучнаар Зөвлөлт Холбоот Улс задарч, олон бүгд найрамдах улсууд тусгаар тогтносон, Бүгд Найрамдах Хятад Ард улстай 1960-аад оны дунд үеэс харилцаа муудсан тул хөршийн харилцаа сэргэж амжаагүй байсан төдийгүй дэлхийн бусад орнуудтай харилцаа нь өнөөдрийнх шиг ийм өргөн дэлгэр болоогүй зурвас үе байлаа. 1992 оны Үндсэн хуулийг баталсан нийгэм, цаг үеийг базаад хэлбэл, монголын ард түмэнд үүлэн чөлөөний нар байсан юм. Тиймээс шинэ Үндсэн хуулиа монголчууд дэлхийн аль нэгэн гүрнээс хараат бусаар, өөрсдөө баталсан юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиа бичих тэр эрх, үүрэг боломж нь монголын ард түмэнд л оногдсон. Энэ нь түүхийн цаг үед давтагдахгүй хувь заяа. Үүний ард би заавал нэг тайлбар хэлдэг юм. Бид Үндсэн хуулиа боловсруулахдаа 1920,1940,1960 оныхыг хуулаад бичсэн юм биш, дэлхийн олон орны Үндсэн хуулиудыг судлах, бүр олон улсын байгууллагуудаас төлөөлөгчид ирж ажиллуулахын зэрэгцээ эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлсэн. Иймд дэлхийн Үндсэн хуулиудын ололт, амжилтыг чамгүй шингээж чадсан хууль болсон гэж салбарын судлаачид үнэлж, дүгнэдэг юм билээ.

-Тухайлбал, томоохон ололт, амжилт гэвэл…?

-1924, 1940, 1960 оны Үндсэн хуульд иргэний эрхийн тухай тусгасан байдаг бол шинэ Үндсэн хууль хүний эрхийг тунхагласан хууль болж чадсан. Хүний эрхийг дээдэлсэн ийм хууль баталсан нь ардчилсан нийгэм байгуулагдаад, олон намын тогтолцоо бүрдсэнтэй шууд холбоотой. Ер нь 1990 оны хувьсгал төрийг улс төрийн нэг нам удирддаг тогтолцооноос салж, ард түмэн удирддаг байя гэснээс үүдэлтэй. Энэ үндсэн дээр Үндсэн хуулиа баталсан юм.

Нийгэм, эдийн засгийн хөгжил талаас нь авч үзвэл Үндсэн хуулиа баталснаас хойш оносон зүйл хүмүүсийн амьдрал, нүдэн дээр ил байна. Дэлхийн технологийн хөгжлүүд нэвтэрч, хотын барилга байшин, унаа машины хэрэглээ ямар байгаа билээ дээ. Намайг Төв аймгийн даргаар ажиллаж байхад урилгаар ирсэн хамтарч ажилладаг япончуудаа аятайхан хоолоор дайлчих газар нийслэлд тоотойхон байлаа. Гэтэл өнөөдөр… Энэ талаас нь харвал Үндсэн хууль нийгэмд тодорхой үүргээ гүйцэтгэсэн, сайн талууд байсаар байна.

-Тэгвэл алдсан эсвэл дутуу бодсон асуудал байгаа юу?

-Тийм, шинэ Үндсэн хуулиа баталснаас хойших 33 жилийн дотор алдаа, дутагдлууд гарсан. Хүний эрх, ардчилал гээд бүх зүйлийг чөлөөтэй юм шиг хавтгайруулж ойлгуулснаас монгол хүний ёс зүй, зан чанар, өв уламжлалын асуудлыг гээгдүүлж, Үндсэн хуульдаа шингээж чадаагүй явдал нь хамгийн гол алдаа байж гэж бодогддог.

Түүнчлэн эдийн засгийн хувьд шинэчлэл, өөрчлөлт нэрийн дор өмнөх нийгмээ хэт үгүйсгэж, устга, нураа гэсний үр дагавраар хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлөө тэр чигээр нь татаад унагаачихсан явдал. Хоцрогдсон гээд үйлдвэрийнхээ техник технологио устгаад, мэргэжлийн боловсон хүчнээ ажилгүй болгоод орхисон доо.

-Улс орны өнцөг булан бүрээс, нийгмийн янз бүрийн төлөөллөөс сонгогдсон хүмүүс Үндсэн хуулиа батлахаар ирсэн. Та тухайн үед Депутатын хорооны дарга байсан, 430 гаруй депутатуудыг зангидаж, хууль хэлэлцэнэ гэдэг амаргүй байсан уу?

-Миний хувьд Шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах үед Ардын Их Хурлын дарга, хуулийн төслийг хэлэлцэх үед /1990-1992 он/ 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Депутатын хорооны даргаар ажилласан. Хүмүүс тэгж асуудаг юм. Хөдөөнөөс нэгдэл, сангийн аж ахуйн хэдэн дарга нар ирээд хууль баталсан юм шиг шүүмжилдэг. Гэтэл Ардын Их Хурлын депутатууд тухайн цаг үедээ төрийн тодорхой түвшний өндөр албан тушаал хашиж байсан болохоор төрийн бодлого, хууль шийдвэрийн талаар мэдлэг, ойлголтой байсан. Цөөн хэсэг нь салбар бүрийн эрдэмтэн, мэргэжилтнүүд байсан. Үндсэн хуулийн төслийг 06 дугаар сарын 10-наас 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бүх ард түмнээр хэлэлцүүлсэн шүү дээ. Төв, хөдөө орон нутагт очиж хуулийн төслийг хэлэлцүүлэх ажилд өнөөх депутатууд маань ажилласан тул төслийн талаар чамгүй судалж, зэгсэн мэдлэг мэдээлэлтэй болсон байлаа. Иймд Үндсэн хуулийн төслийг хэлэлцэн, батлах үед депутатууд улс төрийн хувьд эрх чөлөөтэй, хүний үг хэлэх эрхийг хэн ч хязгаарлахгүй гэдэг ойлголттойгоор асуудлыг олон талаас нь ярих сонирхол ихтэй, нухацтай хэлэлцдэг байсан.

Харин шинэ Үндсэн хууль батлагдсаны дараах 1992-1996 оны парламентад би Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж байсан. Энэ парламент шинэ Үндсэн хууль батлагдсантай холбогдуулан салбарын томоохон суурь хуулиудыг шинээр баталсан. Өнөөдрийг хүртэл энэ үед батлагдсан хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах замаар явж ирсэн. Аливаа юмны анхны шан тавина гэдэг хэцүү. Үнэхээр парламентын түүхэнд хамгийн чадварлаг бүрэлдэхүүнтэй танхим байсан гэж боддог.

 

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв2 цаг 58 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог3 цаг 2 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг3 цаг 7 минутын өмнөТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ3 цаг 18 минутын өмнөАТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан5 цаг 47 минутын өмнөЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно5 цаг 54 минутын өмнөДэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа6 цаг 53 минутын өмнөГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ6 цаг 56 минутын өмнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ7 цаг 1 минутын өмнөДэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ7 цаг 52 минутын өмнөАТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв7 цаг 55 минутын өмнөХууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ9 цаг 49 минутын өмнөМонгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо9 цаг 56 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав11 сар 9. 9:10“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно11 сар 9. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан11 сар 9. 8:47УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа11 сар 6. 10:44Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана11 сар 6. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.