Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо


11-р сарын 26
15 цаг 02 минут

        Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр Төрийн ордны "Их Хуралдай" танхимд 11 цаг 00 минутад эхлэв.

Хүндэтгэлийн хуралдаан эхлэхийн өмнө Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Их Хуралдай” танхимын голд тусгайлан зассан индэрт заллаа. 

Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний ауюлгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд уригдан оролцов.

Ийнхүү Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэсний дараа хүндэтгэлийн хуралдааныг нээж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ.(бүрэн эхээр нь эндээс)

Тэрбээр хэлсэн үгэндээ, Дэлхийд суу алдараа бадраасан 2200 гаруй жилийн төрт ёсны уламжлалтай тусгаар Монгол Улс түүхийн ээдрээ нугачааны зурваст тусгаар байдлаа алдсан хэдий ч эх орныхоо цэц эрдэмт төрийн түшээд, эрэлхэг зоригт тэмцэгчдийн ач гавьяагаар тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхийг бид үеийн үед санаж энэ улсынхаа тусгаар тогтнол, ард түмэн засаглах ёсыг нандигдан хамгаалах ёстойг онцлов.

Мөн тэрбээр, Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласныг дурдаад Монгол Улсын анхны Үндсэн хуулийг баталсан үйл явц нь хууль тогтоох үйл ажиллагаа байсны зэрэгцээ Монголын тусгаар байдал, ард түмний засаглах хувь заяаг шийдсэн түүхэн үйл явдал байсан гэлээ.

Түүнчлэн өнөөдөр бид 1924 оны анхдугаар Үндсэн хуулийн утга агуулгыг орчин үеийн үндсэн хуулиудын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчмуудтай харьцуулан жишихийг урьтал болголгүй, уг баримт бичгийн Монголын ард түмний бүрэн эрхт засаглал, үндэсний эрх зүйн тогтолцооны цогц байдлыг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмрийг онцлон санах учиртайг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ онцолсон.

Мөн Монгол Улс энэ зуун жилийн хугацаанд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулга, мөн чанарын хувьд тасралтгүй хөгжүүлж өнөө цагийн ардчилсан Үндсэн хуулиа бүтээсэн гэдгийг цохон тэмдэглэж байлаа.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд, Монгол Улсын Их Хурал өнөө цагийн Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг төрийн байгууллагууд цаашид мөрдлөгө болгон ажиллах шаардлагатай гэв.

Мөн бид Бүгд Найрамдах Улсыг тунхагласан анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид бүгд найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх санаа зорилго нэг байгаа гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв.(бүрэн эхээр нь эндээс)

Тэрбээр хэлсэн үгэндээ, Чин зоригт эх оронч өвөг дээдсийн баатарлаг тэмцлийн үр дүнд 1911 оны цагаагчин гахай жил Үндэсний эрх чөлөөний хувьсгал гарч, туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн монголын ард түмний чинхүү хүсэл эрмэлзэл тэмүүлэл биеллээ олж, улмаар тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх Ардын хувьсгалын үндэс суурийг тавьсан түүхтэй. Энэхүү түүхэн үйл хэрэг бол ноёд язгууртан, лам хувраг, эгэл ард бүх нийтээрээ эх оронч үзлээр эвлэлдэн нэгдсэн үндэсний эв нэгдлийн хүч байсан гэж хэлж болно. Тусгаар тогтнолын төлөөх мохошгүй тэмцэл 13 жилийн туршид зогсолтгүй үргэлжилсний үр дүнд, 1921 оны 07 дугаар сарын 11-нд Ардын хувьсгал ялж, хожим 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Монгол Улсын 14 дүгээр оны модон хулгана жилийн өвлийн дунд сард Монгол түмний хувь заяаг эргүүлсэн XX зууны нэгэн сод үйл явдал болсон нь Улсын анхдугаар Их Хурал хуралдаж, Үндсэн хуулийг батлан, Бүгд Найрамдах засгийг дэлхий дахинд тунхаглан зарласныг онцлон тэмдэглэсэн. 

ХХ зууны эхэн үеийн дэлхийн дахины улс төр, геополитикийн нөхцөл байдал, ялангуяа манай хоёр хөршийн зүгээс Монгол Улсын тусгаар байдалд хандах хандлага ихээхэн ээдрээт түүхтэй байсныг Монгол Улсын Ерөнхийлөгч тодотгоод Монголын эрх баригчид Зөвлөлт, Хятадын удирдагчидтай уулзахдаа Монгол Улс тусгаар байдлаа ямагт хадгалах бөгөөд Дундад иргэн улсын нэг хэсэг болохыг хэзээ ч, хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хоёрдмол утгагүйгээр, итгэл төгс эрс шийдэмгий илэрхийлж байсан нь түүхэн үнэн юм. Ийм эгзэгтэй цаг үед монголын төрийн удирдагч, зүтгэлтнүүд улс төр, дипломатын уран хурц нүүдэл хийж, тусгаар тогтнолоо баталгаажуулан, улс гэрээ мандуулах арга эвийг эрэлхийлж, энэхүү эрхэм зорилгоо алхам алхмаар бататгасаар байсныг түүх гэрчилдэг хэмээв.

Ардын Засаг анхдугаар Үндсэн хуулийг хэлэлцэн батлах Улсын анхдугаар Их Хурлын төлөөлөгчдийг жинхэнэ ардчилсан зарчмаар сонгох, тэдгээрийн бүрэлдэхүүнд халх дөрвөн аймаг, их шавь болон дөрвөд, казах, буриад, алтайн ба Хөвсгөлийн урианхай, Ховдын тариачин хошуу зэрэг ястан угсаатны төлөөллийг заавал оролцуулахад онцгой анхаарч, багагүй хугацаа зарцуулсныг дурдаад Үндсэн хуулийн төслийг Ерөнхий сайд Цэрэндорж 1924 оны 11 дүгээр сарын 25-нд танилцуулж, 77 төлөөлөгч хоёр өдөр зүйл тус бүрээр хэлэлцэн Улсын анхдугаар Их Хурлаар буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны үдийн хойно 4 цаг 17 минутад 6 бүлэг, 50 зүйл бүхий Үндсэн хуулийг баталж байсан түүхтэй. Энэ бол төрт ёсны өнө эртний түүхтэй монголчууд бидний хувьд анх удаа бичмэл Үндсэн хуультай болсон гайхамшигт үйл явдал гэж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгийнхээ төгсгөлд, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан энэ өдөр бол монголчууд бидний улс үндэстэн, тусгаар тогтнолоороо бахархах үндэсний их бахархлын өдөр мөн. Энэ бахархлын эзэн нь эрх чөлөөт монголын ард түмэн  гэдгийг онцлон тэмдэглэв.

Манай ард түмэн эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, төрт ёсны үнэт зүйл, өв соёл, үүх түүх, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс, үндэстнээрээ хамтдаа хүчин зүтгэхийг Төрийн тэргүүн ард түмэндээ хандан уриаллаа. 

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр  баталсан “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай" 43 дугаар тогтоолыг уншиж, танилцууллаа.

Уг тогтоолд төрийн бүх байгууллага, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулиа дээдлэн залах, иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр Үндсэн хуулиа дээдлэн залахыг уриалахаар тусгажээ.

Мөн Үндсэн хуулийн агуулга, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх түвшний боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгаж, Үндсэн хуулийн агуулга, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулах, сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалсан байлаа.  

Мөн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын энэхүү тогтоол өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэхийг онцлон тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна13 минут 44 секундын өмнөЭнэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна19 минут 53 секундын өмнөХуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй22 минут 14 секундын өмнөДөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна26 минут 35 секундын өмнөСанхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ30 минут 28 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн52 минут 30 секундын өмнөТөрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо11 сар 18. 15:39Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ11 сар 18. 13:02Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ11 сар 18. 12:58Молибдений баяжмалын үнэ огцом өсжээ11 сар 18. 10:47“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр11 сар 18. 10:43Б.Энхбаяр, Д.Батлут, Д.Мөнх-Эрдэнэ нарын чөлөөлөгдөх хүсэлтийг танилцуулна11 сар 18. 10:01“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна11 сар 18. 9:55Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ11 сар 18. 9:51Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа11 сар 18. 9:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн11 сар 18. 9:09УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой11 сар 17. 15:53Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй11 сар 17. 14:05Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргажээ11 сар 17. 12:33Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв11 сар 17. 12:04Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг 5 хоногийн дотор хэлэлцэнэ11 сар 17. 12:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна11 сар 17. 11:07Цээжний нөмөр шиг Буйр минь11 сар 17. 9:40Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 17. 9:30“Мон жүүс” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмжээ11 сар 17. 9:10Цаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно, 10 хэм хүйтэн11 сар 17. 9:02УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа11 сар 16. 16:15АТГ хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ11 сар 16. 16:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа11 сар 16. 14:51Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна11 сар 16. 13:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.