Ч.Болд: Хоёр орны хооронд дипломат харилцааны эхлэлийг тавьсан анхдагчид нь 1926-1930 онд Франц улсад суралцсан дөрвөн сурагч юм


11-р сарын 29
10 цаг 17 минут

         Монголоос анх баруунд сургахаар сурлага, сахилга батаараа шалгарсан дунд сургуулийн 35 хүүхдийг сонгон авч илгээсэн нь 100-гаад жилийн өмнөх томхон үйл явдал юм. Хожим тэд Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх сэхээтнүүд болсон билээ. Монгол төрийн шийдвэрээр 1926 оноос Герман, Францад сурч байсан хүүхдүүдийг 1930 онд гэнэт эгүүлэн татсан байдаг. Тэднийг сургахаар илгээсэн МАХН-ын Төв Хорооны дарга Ц.Дамбадорж, Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ж.Цэвээн, Ардыг Гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхан нарыг “баруунтан” хэмээн буруутгаж, албан тушаалаас нь буулгажээ. Монгол хүүхдүүдийг Герман, Франц улсад суралцуулах ажлыг анх сэдэж зохион байгуулсан, ажил хэрэг болгон хэрэгжүүлсэн бараг бүх хүн ямар нэг хэмжээгээр хэлмэгдэж, шорон гяндангийн хаалга татсан билээ. Дээрх 35 хүүхдээс л гэхэд гурав нь цаазлуулж, найм нь 3-25 жилийн ял эдэлж, хоёр нь сэжиг бүхий нас барсан байдаг юм. Тухайн үед явсан хүүхдүүдээс дөрвийг нь Францад сургаж байсан бөгөөд энэ тухай судлаач Ч.Болдтой ярилцлаа.

-Францад сурах анхны дөрвөн монгол хүүхдийг ямар шалгуураар сонгосон юм бол…

-Баруун Европт сургахаар нийт 35 хүүхэд шалгаруулан Герман улсад явуулаад тэндээсээ дахин дөрвийг нь сонгож Францад сургасан юм билээ. Ардын Засгийн газрын 1925 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу Т.Аюурзана, Ж.Дүгэрсүрэн, Л.Намсрай, Л.Уртнасан нарын дөрвөн сурагч 1926 оны долдугаар сараас Франц улсад суралцаж эхэлсэн. Тэднийг Ардыг Гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхан Парис хотноо хүргэж өгсөн байдаг юм. “Герман, Франц улс дахь монгол сурагчдын захиргаа”-наас 1929 онд “Герман, Франц улс дор бүхий монгол сурагчдыг хэрхэн юуг сургах тухай төсөвлөгөө” гэсэн албан бичиг АГЯ-нд явуулсан нь архивт бий. Тэнд “олон улсын эрхийг мэдэх ба цааз хуулийн боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд зөвхөн Парис хотын сурагчдаас явуулмой” гэж бичсэн байдаг юм.

-Энэ дөрвөн хүний намтар түүх тодорхой байдаг уу?

-Одоо бол тодорхой болсон. Тухайлбал, Франц улсад суралцсан дөрвөн сурагчийн нэг нь Т.Аюурзана. Тэрбээр 1910 онд Амгаланбаатар хотноо төрж, Нийслэл Хүрээний анхны бага, дунд сургуульд суралцаж төгсөөд 1924-1926 онд Улаан-Үд хотноо сургуульд сурсан.

1926 оны 5-7 дугаар сард Германд хэлний бэлтгэл хийж, 1929 он дуустал Парис хотноо Мишле лицейд (Lycee Michelet) суралцаж байгаад буцаан дуудагдсан. Т.Аюурзана тус сургуульд суралцаж байхдаа боксын спортоор хичээллэж, сургуулийнхаа боксын тэмцээнд түрүүлж байсан тухай мэдээ бий.

-Эх орондоо ирээд юу хийж байсан хүн бэ?

-1930 онд эх орондоо эгэн ирээд Латин үсгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Шинжлэх ухааны хүрээлэнгийн ажилтнаар ажиллаж байгаад Москва хотноо аспирантурт суралцжээ. Мах-ноосны чиглэлийн нарийвтар ноост “Орхон” үүлдрийн хонь, нарийвтар ноост, өөхөн сүүлт “Жаргалант” үржлийн цөм сүргийг бий болгосон эрдэмтэн шүү дээ. Түүнд 1961 онд Гавьяат мал зүйч цол анх удаа олгож, Мах-ноосны чиглэлийн нарийвтар ноост хонь бий болгосны учир 1972 онд Төрийн шагнал хүртээсэн. Манай улсын анхны академич нарын нэг.

-Эдгээр хүүхдүүдийн Францад сурч байсан тухай дурсамж дурдатгал нь байдаг болов уу?

-Франц явсан дөрвөн хөвгүүний нэг Ж.Дүгэрсүрэнгийн дурсамж бий. Тэрбээр “1926 оны 4 дүгээр сард Батухан багш сайд, Далай, Авирмэд багш нар бидний 30 гаруй хүүхдийг авч, хоцрогдсон Монгол Улсдаа соёл боловсрол олж ирэхээр Баруун Европын зүг чиглэн явж байлаа.Анх бид Германд хүрч очлоо. Тэнд хэл бичиг сурч байтал Батухан багш, Илийн цахар Уртнасан, говь нутгийн Л.Намсрай, Амгаланбаатар хотын Т.Аюурзана бид дөрвийг дуудаж “Та нарыг сонгон авч улсын их хэрэгт ирээдүйд зүтгүүлэхээр сургах гэж энэ газар ирсэн. Одоо Монголын сурагчдыг Франц улсад сургах шийдвэр гарч байгаа болохоор та дөрвийг удахгүй хэд хоноод Парис хотод аваачиж өгнө дөө” гэв.

Тэр үед багш Батухан маш их зүйлийг хийж Монголын холбогдолтой газрын зураг хэвлүүлэн гаргахаар бэлтгэв. Авирмэд багш монгол бичгийн машин захиалж, хэвлэлийн төрөл бүрийн зургийн бар хийлгэсэн. Эрдэнэбатухан багшийн бичсэн “Ази тив” гэдэг номын барыг хийлгэв. Үүнээс гадна Германы олон зүйлийн соёлын хэрэгцээтэй зүйлийг хэрэглэхээр худалдан авч Монголд явуулж байсан болно. Ингэж Баруун Европтой худалдаа арилжааны талаар анх харилцаж байсан цаг.

Парис хотод 1926 оны долдугаар сарын 28-нд хүрэлцэн очиж Батухан багш ЗХУ-аас Франц улсад суугаа Элчин сайдын яамнаас франц хэлний багш гаргуулан бид нарт франц хэл бичгийг заалгах болсон, францын академийн нэрт эрдэмтэн бөгөөд монгол судлаач академич П.Пеллио бидний даамал болж, улмаар Парисийн Лицей Мишлэ гэдэг 12 жилийн дунд сургуульд оруулж байсан. Батухан багш бидэнд “Соёлтой газар ирээд хоцорсон Монголоо умартуузай, элдэв гоё сайхныг үзээд толгой, хөл алдаж болохгүй. Юмыг их сурах хэрэгтэй. Урьдаар хэл бичгийг эрхэмлэн 1-2 жилдээ үзэх хэрэгтэй. Эв түнжинтэй, дөрвүүл ах дүү мэт байх нь чухал. Бие биеийг хамгаалж явах хэрэгтэй. Хувьсгалч хүн юмны түрүүнд хэрэгцээт зүйлийг тунгаан авч хэрэглэх нь чухал” гэхчилэн сургамжийнхаа үгийг хэлж явсан” гэж дурсан бичсэн байдаг юм.

-Ж.Дүгэрсүрэнгийн намтар түүх нь гэвэл…

-1910 îíд Áóðèàäûí Õîðü àéìãèéí Ýëõид (îäîîãèéí ÎÕÓ-ûí Áóðèàä óëñûí Çàèãðàåâñêèé ðàéîíû Èëèíñê ñóóðèí) төрсөн хүн. 1917 îíä Нийслэл Хүрээн дэх Îðîñûí Êîíñóëûí сургуульд, 1923 îíд Ардын Засгийн анхны бага, дунд сургуульд суралцаж төгссөн.

Ж.Дүгэрсүрэн нь Францад лицей сургуулиа төгсөж Сорбонны их сургуульд орох болоод байтал буцаан дуудагдсан. Францаас ирсний дараа буюу 1930 оноос хойш төрөл бүрийн ашигт малтмалын орд газруудыг илрүүлэх 128 удаагийн экспедицид оролцон, 30 гаруй томоохон орд газруудыг нээсний зэрэгцээ эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн чанартай 104 боть зохиол бичиж геологийн болон бусад санд хадгалуулсан хүн.

1930-1932 онд Зөвлөлтийн эрдэмтэдтэй хамт Хөвсгөлийн Хорьдол сарьдагийн аранзан зэс, Эрдэнэтийн овооны зэс, Хэнтийн Тугалтайн нурууг шинжлэж баялгийг нь тогтоож байсан. Өнөө бидний ашиглаж буй Өмнөговийн Таван толгойн нүүрс болон Охин хөтлийн нүүрс, Зүүнбаянгийн нефть, Бэрхийн хайлуур жонш, Дорноговийн Өндөр шилийн гөлтгөнө зэрэг олон орд газрыг нээж илрүүлэх, нөөцийг нь тогтоох, шинжлэн судлах ажилд оройлон зүтгэж явсан гавьяа түүнийх. Манай эрдэмтдээс хамгийн анх газар зүй, эрдэс судлалын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан хүн.

-Францад сурсан дөрвийн нэгийг эсэргүүний хэргээр цаазалсан гэдэг. Хэн нь юм бэ?

-Тэр бол Л.Намсрай. 1925 онд нийслэлд ирж Оюутны сургуулиас шалгаран Парисын Мишле лицейд сурч байгаад дуудагдан ирсэн. Ирээд Намын түр сургуульд дэлхийн байдал, тоо бодлогын багш, Ардыг Гэгээрүүлэх яаманд зурагчин, Улсын хэвлэлд зураачаар ажиллаж байж. 1933 оны 5 дугаар сард цэрэгт сайн дураар явж I дивизийн их бууны хороонд улаан гэрийн эрхлэгч, мөн оны намар Цэргийн театрт шилжин ажлын цэрэг, “Улаан-Од” сонин, Улсын Хэвлэлийн хороо хоёрын дунд зурагчин, мөн “Улаан-Од” сонинд түгээгчээр ажилласан юм билээ. Дараа нь Цэргийн театрт туслах дарга, найруулагч, 1938 оны намраас Цэргийн театрт зурагчин, жүжигчин, найруулагч зэрэг ажлуудыг хийж байгаад 1941 оны сүүлчээр ДЯЯ-нд баривчлагдсан.

Түүнд “…1926-1929 онд Франц улсад суралцаж байхдаа хөрөнгөтний үзэл онолоор хүмүүжсэн, угаасаа тайж язгууртан, хувьсгалын бодлогыг зөвшөөрдөггүй, 1929 оноос Францын тагнуулын газрын тагнуулч, цэргийн эрхтэн генерал Жорж Ассолонд элсэн францын тагнуул болж, өөрийн улсад ирснээс хойш Мэргэн гүн Гомбожавын удирдлагаар удаа дараа тагнуулын мэдээ хураалгаж байсан, Гомбожавын шийдвэрээр 1932-1936 онд Германы тагнуул Дэмчигийн Буддарьтай ажиллаж цэргийн тухай тагнуулын мэдээг удаа дараа хураалгаж байснаас гадна гэрэл зургийн материалыг хорлон сүйтгэх, сүүлийн үед Буддарийн шийдвэрээр Иш-Аюуш, Балданцэрэн нарын удирдлагаар Японы тагнуулчидтай хамтран ажилласан нь өөрийн нь удаа дараагийн мэдүүлэг, гэрч … нарын гэрчилснээр батлагдсан” гэсэн хилс хэрэг тулгаж, давж заалдах эрхгүйгээр хувийн эд хөрөнгийг нь хураан улсын орлого болгож, буудан алах ял оноосон байдаг.

-Харамсалтай юм. Монголын анхны мэргэжлийн гэрэл зурагчин байж дээ…

-Манай улсын ууган гэрэл зурагчдын нэг В.Бадамтай хамт ажиллаж байсан музейн ажилтан, 1930-аад оны үеийн “Чи бичиг мэдэх болсон уу?” гэдэг олны танил зурагт хуудас бүтээсэн зураач шүү дээ. Мөн тэрбээр “Өргөмөл Сувд” зэрэг арваад жүжгийн зохиол бичсэн зохиолч, “Партизан Батхүүгийн зам” зэрэг олон жүжиг найруулан Цэргийн театрын тайзнаа тавьсан найруулагч.

Нэг үгээр хэлбэл, 1930-1940-өөд оны манай соёл урлагийн томоохон зүтгэлтэн байлаа. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цэл залуугаараа өнгөрсөн энэ сэхээтний нэр он цагийн зузаан тоосонд дарагдаж бүдгэрэн мартагдсан нь харамсалтай. Гэвч түүний алдар манай соёл урлагийн түүхийн хуудаснаа зохих байр сууриа эзлэн мөнхрөнө гэдэгт эргэлзэхгүй байна.

-Л.Уртнасангийн талаар мэдээлэл байна уу?

-Л.Уртнасан нь 1912 онд Сумъяа бэйсийн хошуунд төрсөн.Нийслэл Хүрээний анхны бага, дунд сургуулийн тэргүүний сурагч. Парисаас дуудагдаж ирээд багшилж байхдаа франц хэлнээс “Дэлхийн байдал” хэмээх ном орчуулж хэвлүүлсэн нь манай улсын газар зүйн анхны сурах бичиг болсон гэдэг. Тэрбээр Германд сурч байсан Д.Сурмаажавтай 1931 онд ханилан суужээ. Тэд Хүрээний анхны бага, дунд сургуульд хамт сурч байсан. Л.Уртнасан 1932-1935 онд ЗХУ-ын Ленинград хотод Цэргийн хүн эмнэлгийн академид явж суралцсан байна. Төгсөх жилээ хүнд өвчний учир нутагтаа буцаж ирээд 1936 онд нас барсан. Хорвоод дөнгөж 24-хөн жил амьдарч цэл залуугаараа нас барсан түүний тухай мэдээ баримт тун хомс. 1936 онд өвчний учир насан эцэслээгүй бол 1937 оны их хэлмэгдүүлэлтээр зүгээр өнгөрөхгүй байсан нь лавтай.

-Яагаад?

-Охин У.Батнасантай нь 2008 онд уулзаж байхад ярьсан нэгэн зүйл санаанаас гардаггүй юм. Тэрбээр: “Ээж минь “Танай аав азтай хүн” гэдэг байсан.Учир нь аав минь 1936 онд өвчнөөр өөд болсон. Гэтэл өөд болсных нь дараа жил буюу 1937 онд их хэлмэгдүүлэлт эхэлсэн шүү дээ. Ленинград хотод Цэргийн хүн эмнэлгийн академид аавтай минь хамт сурч байсан Ш.Сүхэндамба нарын дөрвөн их эмчийг 1937 онд баривчлан цаазалсан гэдэг. Тэгээд л ээж маань “Хэрэв аав чинь байсан бол юу гэж амьд үлдэх билээ. Харин ч бидний гар дээр өргүүлж байгаад өөд болсон азтай хүн” гэдэг байсан. Сүүлд намайг сургуульд орсоны дараа ногоон малгайтай нэг хүн ирээд “Аав чинь хаана байна” гэсэн. Бурхан болсон аавын минь зураг авдар дээр байгаа шүү дээ. Ээжээс “Энэ хүн хаана байна” гэж асууж байсан. Мөн ч тэнэг хүн шүү. Тэгэхэд ээж минь уурандаа “Сэлэнгэ аймгийн Түшигцагаан нуурт байгаа” гэж хэлж байж билээ гэсэн юм.

-Энэ дөрөв дээр дараа нь Францад сурахаар хоёр хүн нэмэгдэж очсон байдаг билүү?

-Тиймээ. 1927 оны эхээр эдэн дээр нэмэгдэж насанд хүрсэн хоёр хүн Парист суралцахаар очсон бөгөөд М.Гомбожав нь Сорбонны их сургуульд, Ц.Бадамжав (эмэгтэй) нь “Коллеж де Франс”-д суралцаж байсан.

Түүхнээ Мэргэн гүн гэж алдаршсан Гомбожав бол алтан ургийн язгууртан, хошууны Засаг ноён явсан хүн. Тэрбээр1923 онд Нийслэл Хүрээнд ирж Оюутны сургуульд суралцахын зэрэгцээ, Судар бичгийн хүрээлэнд ажиллаж, Ж.Цэвээн, Жамьян гүн нартай дотносжээ.1925-1926 онд ЗХУ-ын Ленинград хотноо Дорно дахины дээд сургууль, 1927-1929 онд Франц улсад суралцаж байсан. Манж, төвд, хятад, орос, англи хэлтэй, герман, франц хэлийг гарамгай эзэмшсэн Монголын үндэсний анхны шилдэг сэхээтний нэг. Сорбонны их сургуульд суралцаж байхдаа нэрт монголч эрдэмтэн П.Пеллиогийн шавь байсан.

М.Гомбожав нь 1930-1933 онд Зөвлөлт Буриадын эрдмийн хүрээлэнд нэр томьёоны толь зохиох ажилд оролцож, 1933 оноос “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” зохиох анхны комиссын нэгэн гишүүн нь болж байв. Түүнчлэн энэ үедээ Багшийн сургууль, Намын төв сургууль, Орос сургуульд багшилж байжээ.

Буриадад ажиллаж байхдаа буриад бүсгүй Оюунбилэгтэй ханилж, 1934 оноос Ленинградын Дорно дахины дээд сургуульд Ж.Цэвээнтэй хамт ажиллаж байгаад 1937 оны наймдугаар сарын 18-ны шөнө ЗХУ-ын Дотоод яамныханд баривчлагдсан. “Хувьсгалын эсэргүү” гэх хилс хэргийн учир Магаданд хоригдож байгаад 1940 онд нас барсан.Монгол хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн, анхны аспирант энэ хүний хувь заяа ингэж эмгэнэлтэйгээр төгссөн.

-Харин Бадамжавын хувь заяа хэрхсэн бол?

-Эрдэмтэн Ж.Цэвээний гэргий Ц.Бадамжав нь хойт Хори аймгийн нутагт 1886 онд төрсөн.Бага насандаа Хаант Орос улсын гимназид суралцаж төгсөөд албан байгууллагуудад бичээч, данс хөтлөгч зэрэг ажил хийж явжээ. Ж.Цэвээнийг буриад мужийн соёл гэгээрлийн байгууллагуудад эрдэм шинжилгээний ажил хийж байхад нь танилцан гэр бүл болсон байна.

Энэ хүн Хаант Орос улсад гимнази төгсөж, хаа холын Франц улсын коллежид суралцаж, Нийслэл Хүрээний дунд сургуульд багшилж, “Народный дом”-д үдэшлэг олон нийт зохион байгуулж,1921 оны хавар МАН-ын анхдугаар хуралд оролцож, Москвад хуралдсан III Интернационалын II их хурал, Бүх дэлхийн Эмэгтэйчүүдийн анхдугаар их хуралд суулцаж, Клара Цеткинтэй танилцан, Монголын бүсгүйчүүдийг хэрхэн удирдаж, эмэгтэйчүүдийн эвлэл байгуулах тухай заавар сургаалыг авч иржээ. Мөн 1924 онд НТХ-ны дэргэд Бүсгүйчүүдийн тасгийг анх зохион байгуулахад орлогч эрхлэгч болж байсан. Бадамжав нь ардын хувьсгалын үйл хэрэгт анхнаас нь зүтгэж явсан гавьяатай нэгэн төдийгүй Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг үндэслэгчдийн нэг юм.

Бадамжав эх орондоо эргэн ирээд багшлахын зэрэгцээ орос, франц хэлнээс орчуулга хийж байжээ. Эрдэмтэн зохиолч Д.Цэвэгмид түүний тухай дурсахдаа: “…Бадамжав гуайн яриаг Д.Нацагдорж их л анхааралтайгаар сонсож, франц хэлнээс нэгэн зүйл ном орчуулан тайлбарлуулж суудаг сан” гэжээ.

Францад угсаатны зүйн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалах ажлаа эхлэх үеэр түүний нөхөр Ж.Цэвээнийг “баруунтан” хэмээн ажлаас нь халж, улмаар улс төрийн хилс хэрэгт баривчилсан учраас Бадамжавын мөрөөдөл бүтэлгүй болж. Тэр Монголын газар зүй, угсаатны зүйг судлан, монгол, төвд, франц хэлний материал цуглуулж байсан боловч ямар ч дэмжлэг олсонгүй явсаар 1939 оны хавар насан эцэслэсэн.Түүний амьдралын сүүлчийн он жилүүдийн тухай зохиолч Д.Цэвэгмид дурсахдаа “…Чойжилсүрэн бид хоёр Багшийн сургуулийн түлээнээс нэг явган тэрэг түлээг Бадамжав гуайнд аваачиж өгсөн юм. Тэгэхэд Бадамжав гуай Далан давхарт нэг муу овоохойд сууж байсан даа. Бадамжав гуай өөрийгөө лүйжинч болсон гэж хэлээд, дахин битгий ирээрэй, та нарт муу юм болж мэднэ гэсэн дээ, хөөрхий” гэж бичсэн нь бий.

Москва, Ленинградаар аялж, Берлинд буудаллаж, Парист номын дуу сонсож явсан, орос, франц хэлтэй, түвд, манж бичиг номонд торохгүй болсон энэ эмэгтэйн амьдрал, хувь заяа цөвүүн цагийн шуурганд уруудан эмгэнэлтэйгээр төгссөн юм.

-Ирэх онд Монгол Улс, БНФУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Танд хийхээр төлөвлөсөн зүйл байгаа юу?

-Би сүүлийн 16 жилийн туршид энэ сэдвээр судалгаа хийхдээ нэгэн зууны тэртээ Франц улсад суралцсан дөрвөн сурагч болон хоёр оюутны амьдрал, хувь заяаны түүхийг өгүүлсэн ном бичиж хоёр удаа хэвлүүлсэн. Мөн хоёр удаа эрдэм шинжилгээний хурал санаачлан зохион байгуулж, гурван удаа архивын баримт-гэрэл зургийн үзэсгэлэн дэглэж олон нийтэд үзүүлж байлаа.

Монгол Улс, БНФУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой ирэх 2025 онд тохионо. Гэхдээ энэхүү албан ёсны харилцаанаас хагас зуун жилийн өмнө хоёр орны хооронд “ардын дипломат”-ын эхлэлийг тавьсан анхдагчид нь 1926-1930 онд Франц улсад суралцсан дөрвөн сурагч байсан юм аа гэдэг түүхийг олон нийтэд хүргэхээр чармайн зүтгэсэн хөдөлмөрийн минь үр дүн энэ л дээ.

Ирэх онд тохиох түүхэн ойд зориулан уламжлал ёсоор гэрэл зургийн үзэсгэлэн гаргахын зэрэгцээ монгол-франц хэлээр цомог хэвлүүлэх бодолтой. Мөн баримтат кино бүтээх санаа байна.

-Кино хийхэд өндөр өртөг зардал гарна биз дээ?

-Нэг үеэ бодоход 1926-1930 онд Герман, Франц улсад суралцсан монгол сурагчдын түүхийг сонирхдог, дэмждэг хүмүүс, албан байгууллагууд бий болсон шүү. Одоо бол манайхан энэ түүхийн тухай тодорхой хэмжээнд мэдэх болсон. Би нэг ном бичээд 300 хувь хэвлүүлж дөнгөнө. Харин баримтат кино бүтээгээд гурван сая хүнд хүргэх бол өөр хэрэг. “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино мөн” гэсэн үг байдаг биз дээ? Санаж сэдээд хөөцөлдөж явахад сайхан сэтгэлээр туслах хүмүүс гараад ирдэг юм байна лээ. “Болно доо, болгоно доо” гээд л зүтгэж явна.

Эх сурвалж: Д.ОЮУНТУЯА DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Б.Чимидийн нэрэмжит шагнал"-ын шалгаруулалт эхэллээ12 сар 9. 18:37НҮБ-ын хүүхдийн сангийн Улс орны хөтөлбөрийн 2024 оны үр дүнг хэлэлцлээ12 сар 9. 17:49ЁЗДБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ12 сар 9. 17:46С.Цэнгүүн: Эрчим хүчний үндэсний хорооноос гарах болсноо мэдэгдэж байна12 сар 9. 17:43Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хэргийг шүүхэд шилжүүлжээ12 сар 9. 17:37Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд хилийн хориг тавьжээ12 сар 9. 17:31АҮББХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв12 сар 9. 14:56Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоогоороо Азид тэргүүлж байна12 сар 9. 14:52Төрийн банк биржийн бус зах зээлд “Ногоон ирээдүй” бонд гаргалаа12 сар 9. 14:31ОХУ-ын Курилын арлуудын бүс нутагт 6.1 магнитудын газар хөдлөлт бүртгэгджээ12 сар 9. 11:21Нийгмийн даатгалын санг цөлмөсөн албан тушаалтнуудыг шалгана12 сар 9. 9:20Нарансэвстэйн боомтыг нээж болохгүй 10 шалтгааныг нэрлэв12 сар 9. 9:10Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдлээ12 сар 9. 9:06“Ерөнхийлөгчийн багын найзууд шийдвэр гаргах гол хүмүүс болсон”12 сар 9. 9:00“Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хаалт боллоо12 сар 9. 8:56УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд12 сар 9. 8:53УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төсөлд олон нийтийн санал бодлыг тусгах үйл ажиллагаа эхэлж байна12 сар 9. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн12 сар 9. 8:31Тэгш эрх, шударгаар шүүлгэх эрх, хүүхэд хамгаалал, хүний эрхийн хамгаалагч сэдвээр хичээл заав12 сар 8. 17:44"Бидний эрх Бидний оролцоо" сургалт зохион байгуулав12 сар 8. 16:26Үзэл бодлоо илэрхийлэх, халдашгүй чөлөөтэй байх, сурч боловсрох эрхийн агуулгуудыг судаллаа12 сар 7. 18:42“Хүн төвтэй” хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд оюутан залуусыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж эхэллээ12 сар 7. 17:11Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ12 сар 6. 20:41ТББХ: Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ12 сар 6. 16:40ОУХБ-ын 187 дугаар конвенцод хийсэн нийцлийн судалгааны үр дүнг танилцуулав12 сар 6. 16:38Төрийн банк тогтвортой, ногоон санхүүжилтэд манлайлна12 сар 6. 16:30ТБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ12 сар 6. 15:31Монгол нүүдлийн зан үйл өв ЮНЕСКО-д бүртгэгдлээ12 сар 6. 11:12Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна12 сар 6. 11:01Монгол Улсад 32 543 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна12 сар 6. 10:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.