Үзэл бодлоо илэрхийлэх, халдашгүй чөлөөтэй байх, сурч боловсрох эрхийн агуулгуудыг судаллаа


12-р сарын 7
18 цаг 42 минут

     Үзэл бодолтой байх нь хүний оршин байхын язгуур нөхцөл, ямар ч тохиолдолд хязгаарлаж болохгүй хүний салшгүй эрх юм. Монгол Улсын Үндсэн хуульд хүн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхийг баталгаатай эдлэхээр тогтоосон. Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт (ИБУТЭОУП)-д хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх эрхтэй, хэний ч өөрийн сонгосон шашин, шүтлэгтэй байх, эсхүл шашин, шүтлэгтэй болох эрх чөлөөг хязгаарлахаар албадан шахах ёсгүй гэж заасан байна.

Төрийн ордонд өнөөдөр (2024.12.07) эхэлсэн хүний эрхийн сургагч багш бэлтгэх “Бидний эрх, бидний оролцоо” хөтөлбөрийн сургалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Г.Нарантуяа “Үзэл бодлоо илэрхийлэх эрх” сэдэвт илтгэл тавилаа. Илтгэлдээ тэрбээр Хойд Солонгосын коммунист дэглэмийг дэмжигч гэж сэжиглэгдэн, Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахуйц урван тэрслэх үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэгт шийтгэгдсэн иргэн Кангийн кейсийг жишээлсэн юм. Иргэн Канг 13 жил хоригдох хугацаандаа үзэл бодлоо өөрчлөх шахалт дахамтанд байнга байсан бөгөөд түүнийг “үзэл санааг засан хүмүүжүүлэх систем” гэж нэрлэдэг тусгай хөтөлбөрт албадан хамруулж байжээ. НҮБ-ын Хүний эрхийн хороо Кангийн ИБУТЭОУП-ын 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан “Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй” байх эрх чөлөө зөрчигдсөн гэж үзсэн юм. Тус Пактын 19.2-т “Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гэж заасан байдаг.

Тайвнаар хуран чуулах, жагсаал цуглаан хийх, хэвлэн нийтлэх нь хүний үзэл бодлоо илэрхийлэх арга хэлбэр, биеэ даасан хүний эрх юм. Гэвч Монгол Улсын Хэвлэлийн эрх чөлөөний болон үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой эрх чөлөөний индексүүд сүүлийн жилүүдэд улам унасаар байна хэмээн доктор Г.Нарантуяа хөтөлбөрийн оролцогчидтой харилцан ярилцахдаа онцолсон юм. Индексүүдийг сэтгүүлчийг баривчилсан, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг хориглон хязгаарласан тохиолдол, кейсүүдийн тоогоор тооцон гаргадгийг тэрбээр тодорхой тайлбарласан юм.

Мөн тэрбээр хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Үндсэн хууль, олон улсын гэрээгээр тогтоосон шалгуурт нийцүүлж, хуулиар хязгаарлах шаардлага байдгийг ярьж, бусад хүний эрх, эрх чөлөө, нэр төр, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам (ordre public), нийтийн эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах шаардлага нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хууль ёсны үндэслэлүүд болдгийг онцолсон юм. Хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөвхөн хуулиар хязгаарлах бөгөөд уг хууль тодорхой хэм хэмжээ тогтоосон, хүн зан үйл, үйлдлээ тогтоох ойлгомжтой чиглэл болж чадахуйц байх ёстойн зэрэгцээ ил тод, нээлттэй байх нь чухал юм. Мөн хуулиар тогтоох хязгаарлалтууд нь бодитой, гарцаагүй шаардлагатай байх, илэрхийлэл нь ерөнхий бус тодорхой байх зэрэг нарийвчилсан шалгуурууд тавигдана.

Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн төслийг олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, уг хөтөлбөрийн ач холбогдлыг таниулан сурталчлах, залуусын оролцоог хангаж, санал бодлыг сонсох үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсгээс энэхүү хүний эрхийн сургагч багшийн хөтөлбөрийг зохион байгуулж байгаа юм. Хөтөлбөр сургалтын дараагийн хичээлийг “Халдашгүй, чөлөөтэй байх эрх” сэдвээр ХЭҮК-ын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд заалаа. Тэрбээр халдашгүй, чөлөөтэй байх эрх нь хүнд угаас заяадаг, Үндсэн хуулиар баталгаажуулдаг, хөндлөнгийн хэн боловч дур мэдэн халдаж болохгүй жам ёсны эрх болохыг тодорхойлж, түүний агуулга, хамгаалалт болон хязгаарлалтын талаар нэг бүрчлэн задалж тайлбарлав.

Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх нь бие махбодийн халдашгүй байх, чөлөөтэй, аюулгүй байх, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх, нэр төр, алдар хүнд халдашгүй байх, хувийн болон орон байрны, өмчийн халдашгүй байдал, захидал харилцааны нууц зэрэг өргөн хүрээтэй агуулга багтаадгийг доктор Б.Энхболд илтгэлдээ тодорхой задлан шинжилж, эдгээр агуулга бүрийг жишээ баримт, статистик үзүүлэлтээр баяжуулан ярив. Тухайлбал, манай улсад хүн амь хохироох гэмт хэрэг жилд дунджаар 209 бүртгэгддэг бол хүний эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан гэмт хэрэг 7087 бүртгэгддэг байна. Нийт гэмт хэргийн 52 орчим хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг эзэлдэг бөгөөд ихэнх тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчдөг энэ гэмт хэрэг 2012 онд нийт гэмт хэргийн 40.8 хувь, 2017 онд 56.3 хувь, 2023 онд 60.9 хувь болж өссөөр байна.

Хүний эрхийн сургагч багшийн сургалтын дараагийн хичээлийг “Бүх нийтийн боловсролын төлөө!” Иргэний нийгмийн Үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг хийлээ. Их, дээд боловсрол эзэмшиж байгаа залуусын сурч, боловсрох эрхийн тухай агуулгыг хөндсөн илтгэлдээ тэрбээр боловсролын хүртээмжтэй холбоотой суурь асуудлаас эхлэн дээд боловсролын тогтолцоонд өнөө хэр байсаар байдаг хүйсийн болон бусад талаарх ялгаварлан гадуурхалт, үнэ төлбөр, эрэлт хэрэгцээ, үндэстний онцлог, зан заншилд нийцүүлэх зэрэг өргөн хүрээтэй агуулгыг багцлан танилцуулж, дэлхий дахинд сүүлийн жилүүдэд гарч буй эрсдэлт нөхцөл байдлуудад дүн шинжилгээ хийсэн юм. Ковид19 цар тахал, дижиталчлал буюу цахим хамаарал, эдийн засгийн тогтворгүй байдал, нийгмийн анги давхаргын зөрүү буюу хэт хөрөнгөжилт, ядуурлын зааг улам холдож байгаа явдал, шилжилт хөдөлгөөн болон дүрвэлт зэрэг олон хүчин зүйл сурч боловсрох хүний төрөлхтний нийтлэг эрхийг улам хөндөж буй юм.

НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO)-ын судалгаагаар манай улсад дунд боловсролын дараах боловсрол буюу их, дээд сургуульд хамрагдалтын түвшин хөрөнгө чинээний ялгаатай байдалтай ихээхэн хамааралтай  байгааг харуулсан байна. Оюутнуудаас авсан судалгаагаар тэдэнд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлуудыг санхүүгийн бэрхшээл тэргүүлж, сурах бичгийн үнэ удаалсан байна. Энэ бүхэн дээд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын зохицуулалтуудыг хэрэгжүүлж, суралцагчдыг дэмжих дэвшилтэт аргачлалуудыг нэвтрүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм.

Дүгнэлт ярилцлагын үед “Бидний эрх, бидний оролцоо” хөтөлбөрт оролцогчид өнөөдрийн сургалт ихээхэн өгөөжтэй болсонд талархал илэрхийлж, хүний эрхийн талаар манай улсад хүндрэл бэрхшээлтэй тулгамдсан асуудал олон байгааг болон тэр бүхнийг хэрхэн шийдвэрлэх талаар мэдэж авсандаа баяртай байна гэсэн юм. Хөтөлбөрийн дараа энэ чиглэлээр үе тэнгийнхэн, сургууль, хамт олондоо зохих ёсоор нөлөөлж, нийгэмд эерэг хандлага бий болгохын төлөө идэвхтэй ажиллана гэдгээ хэлж байв.

Өнөөдрийн сургалтын төгсгөлд “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөр”-ийн төслийг оролцогчдод тараан өгч, уг төсөлд тусгуулах санал боловсруулах даалгавар өглөө гэж Улсын Их Хурлын Xэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өнөөдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй7 цаг 57 минутын өмнөБүгд Найрамдах Улс тунхагласаны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа8 цаг 3 минутын өмнөӨнөөдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр11 сар 26. 9:27Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал11 сар 26. 9:17Цаг агаар: Цас орно, өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 26. 9:14БОХХААБХ:Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ11 сар 25. 18:34Их хэмжээний цас орж, цаг агаарын аюултай үзэгдэл болохыг сэрэмжлүүлж байна11 сар 25. 18:28Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав11 сар 25. 18:24Нөмрөгийн ДЦГ-Т 3.35 их наяд төгрөгийн байгаль орчны хохирол учирчээ11 сар 25. 13:47Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын явцад 12,1 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлэв11 сар 25. 11:52Замын хөдөлгөөнд саад учруулж байршуулсан автомашиныг зөөж шилжүүлдэг болно11 сар 25. 11:48УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа11 сар 25. 9:33Засгийн газар хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг хэлэлцэнэ11 сар 25. 9:28АНУ-ын Сиаттл хотод “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө хүлээн авлаа11 сар 25. 9:24Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй11 сар 25. 9:09Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа11 сар 25. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн11 сар 25. 8:57Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 24. 16:12Цахилгааны төлбөрийг 2026 оны 12 дугаар сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна11 сар 24. 16:09Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ11 сар 24. 13:36Хууль бус ашигт малтмал олборлосон болон эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрын хэмжээ 5392 га байна11 сар 24. 12:56Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ11 сар 24. 12:50Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ11 сар 24. 12:34Тайландын Хаант улсад зорчих иргэдийн анхааралд11 сар 24. 11:10Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв11 сар 24. 11:02Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 24. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн11 сар 24. 9:19Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо11 сар 23. 17:29Хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх сургалт гурав дахь өдрөө үргэлжилж байна11 сар 23. 17:25Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв11 сар 23. 15:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.