Авлигатай тэмцэх газраас Нийгмийн даатгалын сангийн 170 тэрбум төгрөгийн авлагын хэргийг шалгахаар болсон гэх мэдээлэл гарлаа. Нийгмийн даатгалын сан 160 гаруй тэрбум төгрөгийн алдагдалд орох бодит эрсдэл нүүрлээд байгааг салбарын сайд өмнө нь мэдээлж байсан юм. Учир нь "Капитал" банкнаас 68.2 тэрбум төгрөг, "Чингис хаан" банкнаас 100 орчим тэрбум төгрөгийн авлага барагдуулна гэдгийг Монголын төр олон жил ярьж ирсэн. Харамсалтай нь аман яриа төдий явсаар ирсэн бөгөөд ямар нэгэн шийдэл гараагүй. Хохирлыг огт барагдуулаагүй.
Тэгвэл дээрх асуудлаар прокурорт гомдол гаргаж, прокурорын байгууллагаас гомдлыг хянаад, Авлигатай тэмцэх газар руу шилжүүлсэн мэдээлэл байна.
Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас тодруулахад "Би салбарын сайдын ажлыг хүлээн авч, Нийгмийн даатгалын үндэсний хорооны дарга болсон. Бид нэгдүгээрт мэргэжлийн хороог байгуулсан. Хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлийн есөн зөвлөх ажиллаж байгаа. Эдгээр мэргэжилтнүүд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг ямар хэлбэрээр байршуулбал үр өгөөжтэй, эрсдэлгүй байх вэ гэдэг шийдлийг Нийгмийн даатгалын үндэсний хороодод зөвлөдөг. Үүнд тулгуурлаж бид шийдвэрээ гаргадаг. Хоёрдугаарт, Олон нийтийн хяналтын зөвлөлийг байгуулсан.
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө өнөөдөр аль банкинд ямар хүүтэй хадгалагдаж байгаа нь нээлттэй байдаггүй байсан бол өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын вэб сайт руу ороход энэ бүх мэдээлэл ил тод болсон.
Гуравдугаарт, "Капитал" банк болон "Чингис хаан" банкинд эрсдэл үүссэн 160 тэрбум төгрөгийн асуудал бий. Бид мэргэжлийн хуульчдыг авч ажиллуулж, прокурорт анх удаа гомдол гаргаад явж байна. Прокурор энэ гомдлыг хянаад, Авлигатай тэмцэх газар руу шилжүүлсэн байна билээ. Авлигатай тэмцэх газраас шинээр хэрэг нээж, Нийгмийн даатгалын сан дээр үүсгэж буй эрсдэлтэй шийдвэрийг гаргасан албан тушаалтнуудыг шалгахаар болсон гэсэн хариу өгсөн. Энэ асуудал ойрын хугацаанд шийдэгдэх болов уу гэж харж байна" гэсэн юм.
Нэхэн сануулахад, “Капитал” банк нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн 100 хувь эзэмшлийнх. Тухайн үед ХОМ-тээ Капитал банкны 99.97 хувийг эзэмшдэг гэж мэдүүлсэн байдаг. Банк дампуурсан болон бусад асуудлаар тэрбээр “Улс төрийн нөхцөл байдалд орсон” гэдгээс өөр үг ам ангайгаагүй. Өөрөө болон нөхөр нь богино хугацаанд Хорих 461 дүгээр ангид саатуулагдаад гарцгаасан.
Тэгвэл НХХ-ийн сайдаар ажиллаж байсан С.Эрдэнэ НДС-ийн мөнгийг тус банк руу байршуулах шийдвэр гаргасан. Гэтэл Б.Ундармаа банкаа дампууруулж “завшсан” гэх мэдээллүүд хэвлэлээр гарч, хууль шүүхийн байгууллагууд шалгаж, хариуцлага тооцоод явсан байдаг. Гэвч хохирол төлөгдөөгүй. С.Эрдэнэ хэлэхдээ “Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үүсгэсэн хоёр зохиомол хэргээр дөрвөн жилийн хугацаанд шалгаж байгаа. Би 2016 оны наймдугаар сард Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын ажлаа хүлээлгэн өгсөн. Тэр үед ямар ч банкинд эрсдэл үүсээгүй, Нийгмийн даатгалын санд хохирол учраагүй, ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн үед аудит, хууль хяналтын байгууллагаас шалгалт хийж, бүх ажлаа хүлээлгэж өгсөн. Гурван жилийн дараа 2019 онд "Капитал" банк дампуурахад дансанд нь 230 хэдэн тэрбум төгрөг байсан юм гэнэ билээ. Тэрний 134 тэрбум нь Эрүүл мэндийн даатгалын сангийнх, 104 тэрбум төгрөг нь нийгмийн даатгалын байгууллагын мөнгө байсан. Ажлаа хүлээлгэн өгснөөс хойшх гурван жилийн дараа "Капитал" банкинд байсан мөнгө надад ямар хамаатай юм бэ. Намайг анхнаасаа "Капитал" банкинд их хэмжээний мөнгө байршуулах ажиллагааг эхлүүлсэн гэсэн. Тийм юм гэж байхгүй. Надаас өмнө нь ч банкинд мөнгө байршуулж л байсан” гэдэг. Ийнхүү хариуцлага, төлбөр ярихаар бүгд энхийн цагаан тагтаа болж уснаас хуурай гардаг. Одоо АТГ-аас албан тушаалын хэрэгтнүүдийг шалгаж байгаа юм бол ямар шийдвэр гаргахыг харах л үлдлээ. Олон жил дамнасан ч огт шийдэгдээгүй НДС-г цөлмөсөн хэрэгт хэн буруутан болох бол?
Ч.Зотол
Сэтгэгдэл бичих