Хараагүй хүмүүст мэдлэгийн үүдийг нээж өгсөн ачтан – Луи Брайл


1-р сарын 6
9 цаг 31 минут

       Нэгдүгээр сарын 4 бол брайл үсгийн дэлхийн өдөр, түүнийг зохиогч Луи Брайлын мэндэлсэн өдөр юм.

Золгүй явдлын улмаас гуравхан настайдаа бүрэн хараагүй болсон боловч хувь заяаны хүнд сорилт бэрхшээлийг сөрөн зогсож, өөртэйгээ адил хараагүй болсон дэлхий даяарх олон сая хүнийг өөдрөг амьдрал өөд урамшуулан зоригжуулж байсан энэ хүний туулсан амьдралын түүх хэн бүхний бахархлыг төрүүлнэ. Түүний зохиосон брайл үсэг, соён гэгээрүүлэх бүтээлүүд нь хараагүй хүмүүсийн амьдралын хэв маягийг эрс өөрчилсөн билээ.

Хараа алдахаас урьдчилан сэргийлэх Олон улсын агентлагийн мэдээллээр, дэлхий даяар харааны бэрхшээлтэй 285 сая орчим хүн амьдарч байгаагийн 39 сая нь огт хараагүй байна. Харин өнөөдөр амьдарч буй харааны бэрхшээлтэй хүмүүс хэдэн зууны өмнөхтэй харьцуулахад сурч боловсрох, амьдралынхаа чанарыг сайжруулах тал дээр илүү их боломжтой байгаа нь чухамдаа Л.Брайлын ач гавьяа мөн. Өнөөдөр брайл үсэг нь харааны бэрхшээлтэй иргэдийн харилцаа холбооны хэрэглэгдэхүүн болж, нийгмийн амьдралд оролцоход нь чухал үүрэг гүйцэтгэж байна.

Бага насны золгүй тохиол

Луи Брайл 1809 оны нэгдүгээр сарын 4-нд Францын Кувре гэдэг жижигхэн хотод мэндэлжээ. Тэрбээр төрөлхийн бие султай хүүхэд байсан бөгөөд хоёр эгч ба ах нь түүнээс олон насны зөрүүтэй байв. Түүний эцэг Симон-Рене Брайл нутаг орондоо нэр хүндтэй, арьсан эдлэл хийдэг гарын уртай хүн байсан бөгөөд арьсан эдлэлийн цех ажиллуулж, бүтээгдэхүүнээ хажуугийн мухлагтаа зарж борлуулдаг байжээ. 

Төрөлхийн бие султай ч гэсэн Луи маш сониуч хүү байв. Ах эгч нартайгаа гэхээс илүүтэй эцгийнхээ урлан, мухлагт өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг тэрбээр аливаа зүйлийг заавал нүдээр үзэж, гараараа барьж шохоорхдог хүүхэд байв. Эцэг нь хүүгийнхээ эцэс төгсгөлгүй олон асуултад уйгагүй тэвчээртэй хариулна.

Нэгэн удаа аав нь худалдан авагчтай түр ярилцаж байх зуур 3-хан настай Луи саваагүй зангаараа шөвөг олж аваад эцгийгээ дууриан арьс цоолох гэж оролдов. Хэд хэдэн удаагийн оролдлого бүтэлгүйтэж, бие султай бяцхан хүү хамаг тэнхээгээ барсан яг тэр мөчид шөвөг нь гэнэт ойж үсрээд хүүгийн нэг нүдийг сохолжээ.  

Жижигхэн хотод эмч, эмнэлэг гэж байхгүй тул ойролцоох нэгэн тосгоноос эм баригчийг залж авчрав. Тэр эмэгтэй хүүд туслах гэж бүхий л чадлаараа оролдсон боловч халдвар нөгөө нүдэнд нь тархсанаар Луи бүрмөсөн хараагүй болжээ.

Өнөөдөр ч гэсэн хараагүй хүмүүсийн амьдрал амаргүй байгаа бол 200 гаруй жилийн өмнөх тэдний амьдралыг төсөөлөхөд ч бэрх. Тэдний ихэнх нь хүмүүсийн өглөгт найдан туйлын ядуу зүдүү амьдарч байлаа.

Харин Луигийн гэр бүлийнхэн, ах дүүс нь бүгд ачлал энэрэлтэй сайн хүмүүс байсан нь туйлын ховор аз завшаан. Тэд бяцхан хүүд урьдын адилаар хандаж, гуниг гутралыг мэдрүүлдэггүй байв. Явж буй замаа мэдрэхэд нь хүүдээ туслахын тулд эцэг нь тусгай саваа хийж өгсөн бөгөөд аялж зугаалахдаа үргэлж хүүгээ дагуулан явж, хорвоо ертөнцийн  сонин хачныг түүнд ярьж өгдөг байв. Мөн янз бүрийн аргыг хэрэглэн, хүүгээ цагаан толгой ба захиа бичихэд сургажээ.

Луи энэ бүхнийг амархан сурч, 6 настай байхад нь нутгийн нэгэн лам түүнд түүх, хөгжим зааж, шинжлэх ухааны талаарх анхны ойлголтуудыг өгчээ. Луи ердийн сургуульд сурахыг хүсэж байлаа. Найз нөхөд нь түүнийг өглөө бүр гэрээс нь сургууль руу нь авч явдаг болов. Луи багш нарынхаа заасныг маш анхааралтай сонсож, бүгдийг нь цээжилдэг хамгийн идэвх зүтгэлтэй сурагч байлаа. Харамсалтай нь, тэрбээр бичсэн зүйлийг бие даан уншиж чаддаггүй байв.

Хараагүй сурагч

Гэсэн хэдий ч эргэн тойрон дахь хүмүүс нь түүнд үргэлж анхаарал халамж тавьдаг байлаа. Луи 10 нас хүрэх үед сургуулийн захирал ба ламын  зөвлөсний дагуу түүнийг хараагүй хүүхдүүдэд зориулсан тусгай сургуульд сургахаар болжээ. 1785 онд Парис хотноо байгуулагдсан Хааны нэрэмжит хараагүй хүүхдүүдийн сургууль бол дэлхий дээрх ийм төрлийн анхны сургууль байлаа.

Мэдээж хэрэг нийслэлийн сургууль нь Кувре хотын сургуулиас илүү сайн нөхцөлд сургалт явуулдаг байж таарна. Гэсэн хэдий ч тэр үед хараагүй хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөх зүйлс үнэхээрийн ховор байжээ. Сургуульд хэрэглэж байсан сурах бичгүүдийн үсгийг цавуутай цаасны зузаан хуудсан дээр товойлгон суулгаж, сурагчид тэдгээрийг хурууныхаа өндгөөр мэдэрдэг байв. Гэвч үсгүүдийг хооронд нь ялгахын тулд тэдгээрийг том хэмжээтэй хийдэг байсан тул богинохон нэг текст гэхэд хэдэн хуудас зайг эзэлж, сурах бичгүүд дэндүү хүнд жинтэй болжээ. Хүүхдүүд удаан унших тул тэдэнд зүдэргээтэй байв.

Хараагүй зохион бүтээгч

Луи 12 настай байх үед түүний сурдаг сургуульд Францын армийн бэлтгэл ахмад Шарль Барбье ирж, маш сонирхолтой нэгэн санааг дэвшүүлжээ. 1808 онд Барбье цэргийнхний хооронд мэдээлэл солилцох системийг Наполеоны захиалгаар боловсруулж байв. “Шөнийн шрифт” гэдэг нэртэй энэ үсэг нь цэргүүдийн хооронд харанхуй шөнөөр мэдээллийг ямар ч дуу авиа гаргалгүйгээр дамжуулдаг тул дайснууд илрүүлж чадахгүй, гал нээх боломжгүй. Барбье франц хэлний бүх авиа ба авианы нийлэмжүүдийг багтаасан хүснэгтийг зохиожээ.

Хүснэгт дэх байрлалаас хамааран авиа ба нийлэмж бүрт хоёр оронтой код харгалзах бөгөөд дараа нь эдгээр цифрийг товгор цэг хэлбэрээр цаасан дээр буулгана. Харанхуй үед цэгүүдийг хурууны өндгөөр тэмтрэхэд хялбар боловч тоо ба үсгүүдийн хоорондын тохирлыг мэдрэх нь цэргүүдэд хэцүү байв. Иймээс “шөнийн шрифт” төдийлөн дэлгэрсэнгүй. Гэсэн хэдий ч өөрийнх нь сэдсэн санаа хараагүй хүмүүст хэрэгтэй байж магадгүй гэдгийг Барбье олж мэдэв.  Түүний “шөнийн шрифт”-ийн санааг туршиж үзэхэд олон дутагдалтай тал илэрсэн бөгөөд тоонууд, тэмдэгтүүд, цэг таслал, толгой үсэг зэрэг зүйлс байсангүй. Гэхдээ үсгүүдийг цээжлэхэд хялбар, зохиосон өгүүлбэр нь урьдынх шиг номын талыг эзлэхээр том зай эзлэхгүй.

“Шөнийн шрифт”-ийг сонирхсон бараг цорын ганц хүн нь Луи Брайл байсан гэхэд хилсдэхгүй. Энэ шрифтийг цаашид боловсронгуй болгосноор хараагүй хүмүүст том боломж нээгдэнэ гэдгийг сониуч хүү тэр дор нь анзаарав. 

15 настайдаа Луи хараагүй хүмүүст зориулсан, товгор цэгт суурилсан шинэ шрифтийг зохиож, цээжилж тогтоох, уншиж ашиглахад бэлэн болгов. Бичихэд зориулсан цэгүүдийн тоо цөөрч, зургаан цэгийг хооронд нь янз бүрийн хувилбараар хослуулан хэрэглэснээр цэг хоорондын зай багассан тул үсэг бүрийг хурууны өндгөөр мэдрэхэд улам хялбар болов.

Түүний бүтээсэн зүйлийг эхлээд сургуулийн захирал шалгав. Тэрбээр сонины нэгэн өгүүллийг чангаар дуудан унших үед Лиу цэгэн үсгүүд дээр дарж, үг ба өгүүлбэрүүдийг бүтээж байв. Уншиж дууссаны эцэст хурууныхаа өндгөөр дарагдсан үсгүүдийг “сэргээн унших” байдлаар сонины өгүүллийн бичвэрийг яг таг давтан хэлжээ.  Түүний зохиосон үсгийг сурахад маш хялбар болохыг сурагчид нэгэн дуугаар батлав. Тэд өмнө нь багш нарынхаа уншсан лекцийг үг бүрчлэн цээжилж байсан бол одоо дэвтэртээ бичиж тэмдэглэх аргыг маш түргэн сурчээ. Сурах үйл явц илүү хөнгөн хялбар, илүү сонирхолтой болсноор сурагчид өөр зүйлд цаг заваа зориулах боломжтой болов.

Хараагүй соён гэгээрүүлэгч

Цөхрөлтгүй хөдөлмөрлөгч Луи өөрийн бүтээлийг улам боловсронгуй болгож, брайл шрифтээр математикийн тэмдэгтүүд, хөгжмийн ноотыг тэмдэглэдэг болсноор хараагүй хөгжимчид ноотоо уншиж тэмдэглэх боломжтой болов. Луи өөрөө ч хөгжмөөр хичээллэж, орган хөгжмөөр мэргэжлийн өндөр түвшинд тоглож чаддаг болсон тул түүнийг сургуулийн ойролцоох Сен-Никол-де-Шан сүмд урьж тоглуулах болов. 17 насандаа тэрбээр багшийн туслахаар ажиллах болж, бага ангийн сурагчдад хичээл зааж байсан бол 19 насандаа жинхэнэ багш болж, хэл бичиг, арифметик, хөгжим, газарзүйн хичээл зааж эхэлжээ.

Товгор цэг бүхий брайл үсгийг хэрхэн хэрэглэх талаар тэрбээр ном сурах бичиг, гарын авлагуудыг зохиож, уг шрифтийг хөгжим, математик, газарзүйн хичээл заахад хэрэглэх талаар зөвлөмж гаргаж байв. Түүний бичсэн хамгийн анхны гарын авлага нь “Цэгүүдийн тусламжтайгаар үг, хөгжим, энгийн дуу зохиох аргыг хараагүйчүүд хэрэглэх тухай” гэдэг нэртэй байсан бөгөөд 1829 ба 1837 онуудад хоёр удаа хэвлэгджээ. 

Шантралгүй зүтгэсэн сүүлчийн он жилүүд

1834 онд Парис хотноо аж үйлдвэрийн үзэсгэлэн нээгдэж, Франц орны ололт амжилтыг сурталчилж байсны дотор Луи Брайлын зохиосон товгор цэгэн үсгийг ч танилцуулжээ. Тэрбээр хүмүүсийн ярьсан зүйлийг товгор цэгийн тусламжтайгаар буулгасны дараа тэдэнд уншиж өгч байв. Товгор бичгийг сонирхохоор Францын I Луи Филипп хаан хүртэл ирж  байжээ.

Гэвч хүмүүс зүгээр л үзэж сонирхоод л өнгөрч. Брайл үсгийг албан ёсны бичиг үсэг гэж хүлээн зөвшөөрсөнгүй, брайл үсгээр хараагүйчүүдэд зориулан ном сурах бичиг хэвлэхэд улсын сангаас хөрөнгө мөнгө гаргасангүй. 

Харин Луи энэ бүхэнд шантарсангүй, хичээлээ үргэлжлүүлэн зааж, номоо бичиж, зохиосон зүйлүүдээ улам боловсронгуй болгосоор. Удалгүй тэрбээр амархан ядардаг болж, байнга өвчинд нэрвэгдэх болов. 1836 онд эмч нар түүнд сүрьеэ гэсэн онош тавижээ. Угийн бие султай, дээр нь сургуулийн хичээлийн байр нь зай тохь муутай, хүйтэн чийгтэй байсан нь түүний эрүүл мэндийг улам дордуулав. Цэвэр агаарт гарч, амрахыг эмч нар түүнд байнга зөвлөж байсан боловч Луи эцсийн хүчээ шавхан ажиллаж, сурч боловсроход нь хараагүйчүүдэд туслахын тулд шинэ аргуудыг боловсруулж, туйлдан ядарсан үедээ л төрөлх Кувре хот руугаа явдаг байлаа. Өвчтэй байхдаа тэрбээр хэд хэдэн ном, гарын авлага бичиж, брайл үсгээ улам боловсронгуй болгож, 1837 онд брайл үсгээр бичсэн анхны ном нь хэвлэгдэн гарчээ.

Цуцалтгүй хөдөлмөрч тэрбээр 1839 онд “рафиграфи” гэдэг нэртэй өөр нэгэн товгор цэгэн бичиг үсгийг зохиосон нь хараагүйчүүд төдийгүй хэвийн хараатай хүмүүс ч уншиж болохоор байв.  Үсэг бичих ажиллагааг хөнгөвчлөхийн тулд Луи өвөрмөц төрлийн зүүг бүтээсэн байна. Гэвч 10 цэгээс бүрдэх үсэгнүүдийг бичих нь хараагүй хүмүүст хүндрэлтэй байсан тул тэрбээр өөртэй нь адил хараагүй бөгөөд механикийн ухаан судалдаг найз Пьер Фуко-д хандсан байна. Фуко хүсэлтийнх нь дагуу бичгийн машины өмнөх үеийн төхөөрөмж болох рафиграфыг зохион бүтээсэн бөгөөд түүний товчлуур дээр дарахад ердийн үсэгний товгор мөрийг цаасан дээр чернилээр буулгаж үлдээдэг байжээ. 

Энэ үед Брайлын эрүүл мэндийн байдал улам дордсоор гадуур зүгээр алхахад хүртэл хүч тэнхээ нь барагдах болов. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэрбээр бие нь арай гайгүй болсон үед л хөгжмийн хичээл зааж байв. 1851 оны эцэс гэхэд цуцалтгүй хөдөлмөрч Брайлын хүч тэнхээ бүрэн шавхагдаж, 1852 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр 43 нас хүрснээсээ хойш хоёр өдрийн дараа таалал төгсжээ.

Нас барсных нь дараа түүний цөөн тооны эд хогшлыг цэгцэлж байсан найзууд нь “Онгойлгож болохгүй, шууд шатаа” гэсэн бичигтэй жижигхэн хайрцгийг олжээ. Түүнийг онгойлгож үзэхэд дотор нь Луи Брайлаас мөнгө зээлж байсан хэдэн зуун хүний нэрс, мөнгөний баримтууд байжээ. Тэрбээр цалин хөлс гэхээр гавьтай мөнгө хэзээ ч авч байгаагүй бөгөөд өөртөө маш бага мөнгө зарцуулдаг байсан хэрнээ боломж л гарвал бусдад тусалж, сурах бичиг, бичгийн хэрэгсэл худалдан авахад нь ядуу зүдүү сурагчдад байнга тусалдаг байв.

Агуу ачтанд үзүүлсэн агуу хүндэтгэл

Луи Брайл нас нөгцсөн боловч түүний бүтээлүүдийг хүн төрөлхтөн мартсангүй. Хоёр жилийн дараа 1854 онд Францын засгийн газраас хараагүйчүүдэд зориулсан бичиг үсгийг хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрч, уг үсгийг түүнийг зохиосон Брайлын нэрээр нэрлэх шийдвэр гаргажээ.

Парис дахь Пантеон бунхан 

Хараагүй, дүлий иргэдийн амьдралыг сайжруулах асуудлаар 1878 онд Ром хотод болсон Бүх Дэлхийн конгрессоос “брайл бол хараагүй хүмүүст зориулсан албан ёсны бичиг үсэг мөн” гэдгийг баталгаажуулаад, түүнийг хэрэглэхийг дэлхийн бүх улс оронд зөвлөмж болгосон байна. Тэр цагаас хойш уг үсгийг бараг бүх хэлэнд зохицуулан ашиглаж байна.

Луи Брайлыг эх нутаг болох Кувре хотод оршуулсан бөгөөд он цаг улирах тусам хүн төрөлхтний өмнө түүний байгуулсан онцгой гавьяа улам бүр тодорсоор байв. 1952 онд түүний цогцсыг /гарыг нь үлдээгээд/ Парисын Пантеон дахь бунханд шилжүүлэн авчирч, Францаас төрсөн агуу хүмүүсийн шарилын дэргэд дахин оршуулжээ. Дараа нь 1953 онд Луигийн төрсөн байшинд нь түүний дурсгалын музейг нээв. 

“Тэрбээр хараагүй хүмүүст мэдлэгийн үүдийг нээж өгсөн юм” гэсэн бичиг бүхий дурсгалын самбарыг музейн хананд байрлуулжээ.

Тодруулга: БНМАУ-д 1963 онд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох анхны  сургууль байгуулагдаж, 1964 оноос брайл үсгийг зааж эхэлжээ. 

2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр болсон Эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний стандартчиллын техникийн хорооны хурлаар “Монгол брайл бичгийн стандарт”-ыг баталж, 2019 оноос эхлэн жил бүрийн нэгдүгээр сарын 4-ний өдрийг Харааны бэрхшээлтэй иргэдийн бичиг болох брайл үсгийн өдөр болгон тэмдэглэж байна. 

Эх сурвалж: Б.Адъяахүү


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ7 цаг 10 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана7 цаг 14 минутын өмнө“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо7 цаг 24 минутын өмнө“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов9 цаг 23 минутын өмнөНүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ9 цаг 27 минутын өмнөYouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ1 сар 15. 12:19Хаагдсан зам, даваа байхгүй1 сар 15. 12:06Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 14. 10:19Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ1 сар 14. 10:14Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэнэ1 сар 14. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 14. 9:16"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 13. 15:32Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ1 сар 13. 13:00УИХ-ын дарга Н.Учрал : Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм1 сар 13. 11:18Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ1 сар 13. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.