Д.Амарбаясгалан: Ахмадуудынхаа зөвлөмж, дэмжлэг, нийгмийн оролцоотойгоор та бид хамтдаа илүү тав тухтай, эрх тэгш, хүртээмжтэй нийгмийг цогцлооно гэдэгт итгэлтэй байна


1-р сарын 8
13 цаг 20 минут

      Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулагдаж буй Ахмадын үндэсний чуулган өнөөдөр (2025.01.08) Төрийн ордонд болж байна. Улсын Их Хурал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй үндэсний чуулганыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэв.

Эх орныхоо өнцөг булан бүрээс мянга мянган нөхдөө төлөөлөн энэ танхимд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт ахмадууд Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та бүхэндээ айлчлан ирсэн шинэ оны мэндийг дэвшүүлж, 2025 ондоо эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхыг Улсын Их Хурлын нийт гишүүдийн нэрийн өмнөөс хүсэн ерөөж мэндчилж байна.  

Ахмадууд хэзээний эртэч, ажил хэрэгч зангаараа энэ удаагийн Үндэсний чуулганаа оны эхэнд хийх саналаа ирүүлснийг Улсын Их Хурлын даргын зөвлөл баяртай хүлээн авч, дэмжсэнээр Та бид өнөөдөр энэхүү танхимд чуулж байна.

2025 онд Монголын парламент болон Засгийн газрын хувьд эрх зүйн төгөлдөршил, эрүүл монгол хүн, мега төслийн бүтээн байгуулалт, алдагдалгүй төсөв зэрэг алсдаа үр өгөөжөө өгөх амбицтай томоохон зорилтыг дэвшүүлсэн. Тэр хэмжээгээр Та биднээс зүтгэл чармайлт, бас тэвчээр хүлээлт шаардах их сорилтын жил байх болно.

Иймд эх орныхоо XX зууны их бүтээн байгуулалт, 1990 ээд оны нийгэм, эдийн засгийн шилжилт, зах зээлийн үеийн баяр жаргал, бэрхшээл сорилтыг биеэрээ туулж яваа ахмадууд Та бүхний нийгмийн оролцоо, дуу хоолой, санал санаачилга, бүтээлч хөдөлмөр урьдын адил чухал хэвээр байна.

Тийм учраас энэ удаагийн Үндэсний чуулган ахмадуудын нийгмийн асуудлын зэрэгцээ ахмад настны хөдөлмөр эрхлэлт, нийгмийн олон талт оролцооны талаар түлхүү хэлэлцэнэ гэж итгэж байна. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль анхлан батлагдснаас хойш 20 жил, мөн Ахмад настны тухай хуульд өнгөрсөн онд оруулсан шинэчилсэн найруулгын хэм хэмжээний томоохон нэмэлт, өөрчлөлтүүд хэрэгжиж эхлэх цаг хугацаатай энэ чуулган давхцаж байгаагаараа онцлог юм.

Чуулганы зочид, төлөөлөгчид өө

Аль ч цаг үе, аль ч  нийгэмд ахмад үеийнхний нийгмийн үүрэг оролцоо нэн чухал байсан, байсаар ч байх болно. “Ахмадын сургаал алт, өвгөдийн эрдэм өв” хэмээн хэлэлцдэг монгол ухаан үүнийг нотолж байна. Ахмад үеийнхэнд амьдралын туршлага хэмээх нийгмийн үнэт капитал буюу баялаг нөөц бий. Ахмадын туршлага бол тэдний туулж өнгөрүүлсэн амьдралын ухаарал сургамж, ажил мэргэжлийн ур чадвар, амьдрах ухааны хуримтлал байдаг. 2023 оны байдлаар манай улсын нийт хүн амын 10.1 хувь буюу 385.3 мянга нь ахмад настан байна. Ахмадууд Та бүхний туршлага, мэдлэгийн хүч нөөцийг улс орныхоо хөгжилд хэрхэн үр өгөөжтэй ашиглах нь аливаа улс орны Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны тогтвортой хөгжлийн нэг үзүүлэлт, нэгэн шалгуур болж байна.

Дэлхий нийтэд ч сүүлийн жилүүдэд төрөлт буурч, дундаж наслалт нэмэгдэж, үүний улмаас ажиллах хүчний хомсдол, тэтгэврийн сангийн хямрал, эдийн засгийн хүндрэлтэй асуудал тулгарч байна. Энэ бүхэн манайд ч тулгамдсан асуудал болж байна. Үүнийг даван туулахын тулд улс орон бүр өөрийн өөрийн арга барилаар тодорхой бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд ахмад настны эрхийг хамгаалах, эрүүл, идэвхтэй насжилт руу чиглэсэн байнгын сургалтад хамруулах, технологид суралцуулах, эрүүл мэнд, халамж, нийгмийн даатгалын системийн тогтолцоонд шинэчлэлт хийх, асаргаа сувилгаа, сэргээн засал болон ахмадын тусламж үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх зэрэг шинэлэг арга хэмжээг авч хэрэгжүүлж, ажиллаж байна. Бид ч мөн адил цаг алдалгүй зөв зохистой бодлого барьж ажиллах ёстой.

Иймд ахмад настны нийгмийн асуудлыг өнөөгийн байдал, ирээдүйн хандлагын үүднээс иж бүрэн, цогцоор нь харж шийдэх зорилгоор дараах 5 чиглэлд нэн түрүүнд анхаарч ажиллах шаардлагатай.

Нэгдүгээрт, эрүүл мэнд. Энэ нь хүн бүрд нэн чухал, тэр дундаа, ахмад настны эрүүл мэндийн асуудал нийгмийн бодлого, халамж, үйлчилгээний нэг гол чиглэл байх ёстой. Ахмад үеийнхэн маань улс орон, өрх гэрийнхээ өнөөгийн амьдралыг бий болгохын төлөө залуу нас, эрүүл мэндээ зориулсан бас золиосолсон  хүмүүс юм. Одоо тэдэнд анхаарал халамж, асаргаа сувилгаа нэн чухал. Ахмадууд эрүүл мэндийн бүх төрлийн тусламж, үйлчилгээг авах онцгой, бүрэн эрхтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Эрүүл Монгол” хөтөлбөрийн хүрээнд үндэсний хэмжээнд ахмад настны эрүүл мэндийн цогц үнэлгээ хийж, тэднийг урьчилан сэргийлэлт, эрт илрүүлэгт хамруулах замаар эмнэлгийн яаралтай тусламж, сэргээн засалт, асрахуй сувилахуйн болон эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээг олон улсын жишиг, орчин үеийн шаардлагын түвшинд хүргэх нь нэн тэргүүний зорилт болж байна. Энэ бүхэнд чиг үүргийн яамд болон холбогдох бүх шатны байгууллага, албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ ягштал биелүүлж ажиллахыг анхааруулъя.

Хоёрдугаарт, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийн асуудал. Энэ талаар Улсын Их Хурал, Засгийн газраас өнгөрсөн хугацаанд боломж бололцоондоо нийцүүлсэн шийдвэрүүдийг гаргасаар ирсэн. 2016 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хувь тэнцүүлсэн болон тэтгэврийн доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэн бөгөөд ингэснээр дундаж тэтгэврийн хэмжээ 2016 онд 285.2 мянган төгрөг байсан бол 2025 оны 01 сарын 01-ний өдрийн байдлаар 848.0 мянган төгрөг болсон. Тэтгэвэр авах хүний тоо 2016 онд 376.5 мянга байсан бол 2024 оны байдлаар 499.2 мянга буюу бараг хагас саяд хүрчээ. Үүнийг дагаад тэтгэвэрт зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн бөгөөд 2025 онд 5.4 их наяд төгрөгийг төсөвлөж баталсан. Энэ онд инфляцын түвшинтэй холбогдуулж тэтгэврийг 6 хувь нэмсэн. Энэ бодлогыг цаашид тууштай, баримталж, хэрэгжүүлэх болно.  Ингэснээр ахмад настны авч буй тэтгэврийн худалдан авах чадвар буурахгүй байх нөхцөл боломж бүрдэж байгаа төдийгүй инфляцын түвшинтэй уялдаж тэтгэвэр нэмэгдэж байх тогтолцоонд шилжиж байгаа юм. 

Гуравдугаарт, ахмад настны хөдөлмөр эрхлэлт. Статистикийн мэдээллээр манай орны хөдөлмөрийн насны иргэд ба ахмад настны тооны харьцаа одоогоор 10:1 байна. 2040 он гэхэд 4:1 болж, ажиллах хүчний насжилт эрчимтэйгээр нэмэгдэхээр байна. Хэдийгээр ахмадууд маань нийгмийн амьдралын бүхий л салбарт хөдөлмөр эрхэлж байгаад тэтгэврийн насанд хүрч, гавьяаны амралтаа эдэлж байгаа ч тэдэнд хөдөлмөрлөх чадамж бололцоо, хүсэл эрмэлзэл их байгаа.

2024 оны байдлаар 55-69 насны эмэгтэй 203.779, 60-69 насны эрэгтэй 83.336 байна. Тэдний ихэнх нь хөдөлмөрийн чадвартай, ажлын туршлагатай. Хөдөлмөрийн зах зээлд хүний нөөцийн хомсдол үүссэн энэ цаг үед Та бүхний маань хувь нэмэр нэн чухал юм. Судалгаагаар 87.8 мянга буюу нийт ахмад настны 22.8 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа гэдэг мэдээлэл байна.

“Халамжаас хөдөлмөрт” гэсэн бодлогын хүрээнд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэн. Энэ оноос хэрэгжиж эхэлж байгаа Ахмадын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа үндсэндээ тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн. Одоо харин хуулиа хэрэгжүүлэхэд хаана хаанаа хүчин чармайлт гаргах ёстой. Төр хувийн хэвшлийн бүх байгууллага хуулиар хүлээсэн үүрэгтэй гэдгийг ч сануулж хэлье. Ахмадууд өөрсдөө ч дангаараа болон хамтрах, хорших хэлбэрээр шинээр ажлын байр болон ажиллах боломж бүрэн нээлттэй байна.

Ингэж ажиллаж сайн туршлага, үлгэрлэл, манлайлал үзүүлж байгаа  олон ахмадууд байгаа. Тэдэндээ энэ индрээс чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Дөрөвдүгээрт, ахмад настны хөгжил, идэвхтэй амьдрал. Шинжлэх ухаан, технологийн эрчимтэй өөрчлөлт бүхий шинэ цаг үе нь ахмадын амьдрал, хөгжил, аж төрөх ёсыг шинэчилж байна. Нийгэмд хүүхэд, залуусын шинэ үе ирж байдгаачлан ахмадын шинэ үе ирж байна. Насан туршийн суралцахуй, эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг нь шинэ үеийн ахмадуудын нийтлэг дүр төрх болж байна. Манай ахмадууд ч энэ жишгийг дагаж амьдралын хэв маягаа өөрчилж байна.

Өөрийн хүсэл, сонирхол, ур чадварт тохирсон ажил төрөл эрхлэх, шинэ ур чадварт суралцах, шинэ технологи эзэмших болон эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, сэтгэл зүй ба амирхахуйн дасгал бясалгал, спортын санаачилга, биеийн тамирын хөдөлгөөнүүдэд хамрагдах нь ахмад настны хөгжил, тэдний эрүүл насжилт, идэвхтэй амьдралын үндсэн нөхцөл юм.

Тавдугаарт, ахмадын эрхийг хамгаалах тэдний нийгмийн оролцоог дэмжих нь ахмад настны талаар баримтлах бодлогын нэг анхаарах чиглэл байх болно. Хуулийн энэ зарчмыг аливаа иргэн, асран хамгаалагч, аж ахуйн нэгж, төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан хэн боловч хэрэгжүүлж байх үүрэгтэй. Бидний амьдрал, ахуйд ахмад настны эсрэг нийгмийн хүчирхийлэл янз бүрийн хэлбэрээр гарсаар байгаа нь сэтгэл түгшээсэн асуудлын нэг болоод байна. Ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг өөрт нь зориулахгүй байх, тэдний эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, улмаар эрүүл мэнд, бие махбод, сэтгэл санаанд нь гэм хор учруулах, учруулахаар заналхийлсэн үйлдлүүд нь хүний эрхийн ноцтой зөрчлүүд мөн. Иймд холбогдох байгууллагууд онцгой анхааралдаа авч, Хүний эрхийн Үндэсний Комисс энэ тухай тайлангаа ирэх жилүүдэд Улсын Их Хуралд танилцуулбал зохино.

Эрх нь хангагдсан ахмадууд нийгмийн дунд идэвхтэй амьдрах боломж бүрдсэнээр тэдний нийгмийн оролцоо аяндаа өргөжих юм.  

Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан олон хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монголын нийт ахмадуудын нийгмийн оролцоо нэн чухал. Манай парламентын насаар ахмад гишүүн Д.Рэгдэл гуайгаар ахлуулсан “Ахмад настны оролцоог дэмжих” бүлэг байгуулагдан ажиллаж байгааг дуулгахад  мөн таатай байна. Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэлд амжилт хүсье. Оролцоог нь нийтээрээ дэмжье, урамшуулъя. Хамтдаа иргэндээ ээлтэй, шинэ нийгмийг байгуулж ажиллахыг бүх иргэдэдээ уриалъя.

Чуулганы зочид оо,

Ахмад настны нийгмийн асуудлаарх дээр дурдсан бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд бүх шатандаа хүчин чармайлт гаргаж, үйл ажиллагаагаа нэгтгэж, эрчимжүүлж, үр дүн гаргах нь чухал байна.

Үүний төлөө Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу Ахмад настны тухай хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж, хангаж ажиллахыг Засгийн газраас шаардах төдийгүй хууль, бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах үүргээ хэрэгжүүлж ажиллахыг ямагт хичээж ажиллана.  

Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй, ахмадын төлөөлтэй манай парламент хүн төвтэй хуулийн үзэл баримтлалын хүрээнд Ахмад настны тухай болон түүнтэй холбогдох бусад хууль, журмуудын зохицуулалтыг иж бүрнээр боловсронгуй болгох чиглэлээр санаачилгатай ажиллах болно.

Энэ цаг үед мөн ахмад настны нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг улсын хэмжээнд төлөөлөх үүрэг бүхий ахмадын байгууллагын үйл ажиллагаа ч шинэчлэгдэх шаардлагатай.

Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, орлогын баталгааг хангах, идэвхтэй насжилтыг дэмжих, оролцоонд суурилсан ахмад настны цогц тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, тэдний эсрэг, нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хүчирхийллийг гаргуулахгүй, газар авхуулахгүй байх чиглэлээр бүх шатны төв орон нутгийн байгууллага, иргэн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах шинэ эрэл хайгуул нэн чухал юм.

Ахмадын холбоод маань харилцан сайн туршлагаа солилцож, улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллаж, хууль, журмын хэрэгжилт практикт хэрхэн бууж байгаа талаар тухай бүр мэдээ, мэдээллээр хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг хангаж, байнгын хяналт тавьж ажиллахыг уриалж байна.

Энэхүү чуулганаас 2023 онд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор болсон “Шинэ сэргэлт: Ахмадын оролцоо” сэдэвт чуулганы үр дүнгээ хэлэлцээд цаашид бид хэрхэн хамтран ажиллах, ямар арга барилыг нэвтрүүлэх талаар үнэтэй санал, зөвлөмж гарах болно гэсэн хүлээлттэй байна.

Өмнөх чуулганаас гаргасан зөвлөмжид тусгагдсан Улсын Их Хуралд хамаарах 5 арга хэмжээ үндсэндээ бүрэн биелсэн болохыг Та бүхэндээ дуулгахын ялдамд  энэ чуулганаас гарах санал, зөвлөмжийг бүрэн дэмжиж, хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлье.

Ахмадуудынхаа зөвлөмж, дэмжлэг, нийгмийн оролцоотойгоор Та бид хамтдаа илүү тав тухтай, эрх тэгш, хүртээмжтэй нийгмийг цогцлооно гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хүндэт ахмадууд, чуулганд оролцогч зочид, төлөөлөгчид Та бүхэндээ  болон Монголынхоо нийт ахмадууддаа гарч байгаа шинэ он, ирж буй могой жилдээ эрүүл энх, эрч хүч, амжилт ололтоор дүүрэн байхыг ерөөж, чуулганы ажиллагаанд амжилт хүсье.

 

2025.01.08

Улаанбаатар хот



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан9 сар 3. 9:12"Хөдөө аж ахуйн салбарт арван жилийн хугацаанд 1,378.1 тэрбум төгрөгийг төрийн дэмжлэг, урамшуулал, хүүгийн татааст олгосон байна"9 сар 2. 16:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.