ЭЗБХ: Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжив


1-р сарын 13
17 цаг 31 минут

      Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.01.13) хуралдаан гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр, 13 цаг 13 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэв. Эхлээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа юм. Улсын Их Хурлын зүгээс төслийн санхүүжилтэд шаардлагатай нийт 1 тэрбум 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрүүдийг 2017, 2019 онуудад соёрхон баталсан. Төслийн хэрэгжилтийн явцад “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ээс EPC-4 багц ажил буюу үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, газрын тос боловсруулах ажлын төсөвт өртөг нэмэгдэх талаар мэдэгдсэн бөгөөд төслийн өртгийн нэмэгдлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 оны 9 дүгээр сард хэлэлцэн, төслийн нийт өртгийг 1 тэрбум 698 сая ам.доллар буюу хуучин төсөвт өртгөөс 462.2 сая ам.доллароор нэмэгдэхээр баталгаажуулжээ. Үүний дагуу Засгийн газрын зүгээс “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д шаардлагатай нэмэлт санхүүжилтийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр, Зээлийн хэлэлцээрийг хийгээд байгаа хэмээн Ц.Туваан сайд танилцуулав.

Энэтхэгийн талаас 464 сая ам.долларын нэмэлт санхүүжилт нь EPC-4 багц ажлын хүрээнд зарцуулагдах тул 2019 онд тус багц ажлын хүрээнд байгуулсан 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг цуцалж, шинээр байгуулах хэлэлцээрийн дүнд нэгтгэсэнээр, нийт 700.0 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахаар хэлэлцээрийн төсөлд тусгажээ. Зээлийн хэлэлцээрийн төсөлд Энэтхэгийн талаас өмнөх зээлийн хэлэлцээрийн нөхцөлүүдээс гадна дараах 3 нөхцөлийг шинээр тавиад байгаа гэв. Тодруулбал, төслийн хүрээнд дахин нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэх; төслийн хүрээнд олох бүх орлого, авлагыг Монгол Улсад орших аль нэг банканд нээсэн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн дансаар дамжуулах бөгөөд хэрэв зээлийн хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлээгүй буюу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн дансыг царцааж, төлбөрийг үйлдвэрийн орлогоос шууд татан авах; Зээлийн хэлэлцээрийн хүрээнд төлбөрийн үүрэг дуусах хүртэл буюу 2040 он хүртэлх хугацаанд “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн орлогод дарамт үүсгэх аливаа асуудалд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банктай зөвшилцөх зэрэг нөхцөлүүдийг зээлийн хэлэлцээрт тусгасан гэв.

Мөн төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай импортоор орж ирсэн тоног, төхөөрөмжийг төсөл дуусах хүртэл гаалийн түр горимд байршуулах зохицуулалтыг тус хэлэлцээрийн төсөлд тусгасан болохыг Ц.Туваан сайд танилцуулав.

Нэмэлт санхүүжилтийн зээлийн эх үүсвэр нь өмнөх зээлүүдийн адил жилийн 1.75 хувийн хүүтэй, үйлчилгээний шимтгэл болон хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл тус бүр 0.5 хувь, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй юм байна. Энэхүү зээлийн хэлэлцээр нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн нэг болох “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг бүрэн хэрэгжүүлж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад чухал ач холбогдолтой аж.

Зээлийн хэлэлцээрийн төслийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Р.Батболд, Б.Жаргалан, Ж.Алдаржавхлан, М.Бадамсүрэн, Х.Ганхуяг нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бол хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлэв. Тухайлбал, П.Сайнзориг гишүүн Монголын талаас хариуцлагатай, гүйцэтгэлтэй байх нь шаардлагын талаар байр сууриа илэрхийлж, хамгийн хурдан хугацаанд бүх боломжит нөөцөө дайчлан "Газрын тос боловсруулах үйлдвэр барих" төслийг дуусгах чиглэлээр тал бүрдээ санаачилгатай ажиллах нь зүйтэй гэдэг санал хэлсэн. Б.Мөнхсоёл гишүүн, 2019 онд дээрх багц ажлын хүрээнд байгуулсан 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг цуцалж, шинээр байгуулахаар байгаа бөгөөд энэ гэрээний төсөлд авсан зээлээ ашиглаагүй байсан ч хүү төлөх зохицуулалт байгааг сануулж, гэрээний нөхцөлийг анхаарах санал хэлж байв. Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж буйгаа М.Бадамсүрэн гишүүн илэрхийлээд, гэрээний хэрэгжилт, гүйцэтгэлийг жил бүр дүгнэж, хариуцлагын асуудлыг тодорхой болгох нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Р.Сэддорж гишүүн төслийн гүйцэтгэгч, албан тушаалтнууд хариуцлагатай байхыг сануулж, төсөл хэрэгжиж буй аймаг, орон нутгийнхантайгаа зөвшилцөлд хүрч, хамтарч ажиллах нь чухал гэдгийг хэлж байсан. Ингээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 12 нь дэмжив. Иймд санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Дараа нь Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

“Эрчим хүч-3” буюу “Багануур-Чойр чиглэлийн 188км 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөх төсөл” нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого,  “Шинэ сэргэлтийн бодлого” болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, эрчим хүчний өндөр ач холбогдолтой төсөл гэдгийг тодотгов. Засгийн газрын зүгээс тус төслийн зээлийн хэлэлцээрийг Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хийж,  Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн гэв.

Төслийг Дэлхийн банкны 47.0 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд тус зээл нь СОФР буюу баталгаат овернайт санхүүжилтийн хүү дээр 1.44 хувийн нэмэгдэлтэй хувьсах хүүтэй, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн хугацаанд эргэн төлөлт хийх нөхцөлтэй юм байна. Зээлийн хөрөнгийг Өрийн удирдлагын тухай хуулийн 24.3-д заасны дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д дамжуулан зээлдүүлэхээр төлөвлөсөн байна.

Төслийг хэрэгжүүлснээр Багануур-Чойр чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулах чадварыг хоёр дахин нэмэгдүүлж, Багануур, Чойр дэд станцуудын өргөтгөн, эрчим хүчний чанар, найдвартай ажиллагаа, тогтвортой байдал хангагдахаас гадна өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг саадгүй хангах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой болохыг Б.Жавхлан сайд танилцууллаа.

Зээлийн хэлэлцээрийг төслийн талаарх дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, М.Энхцэцэг, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан. Эрчим хүчний найдвартай байдлыг хангахад чухал ач холбогдолтой энэхүү төслийг дэмжиж буйгаа гишүүд илэрхийлж байсан бөгөөд ажлын хэсгээс гишүүдийн асуултад хариулахдаа төслийг хэрэгжүүлэх санаачилга 2007-2008 оны үед гарсан, Зээлийн хэлэлцээрийг 2022 онд эхлүүлсэн талаар тайлбарлаж байв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэхдээ С.Цэнгүүн гишүүн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Р.Сэддорж гишүүн эрчим хүчний эх үүсвэрийг найдвартай байлгах чиглэлээр санаачилгатай ажиллахыг салбарын яамныханд сануулаад санал хураалт явуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 64.7 хувь нь дэмжснээр Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар өсчээ29 минут 45 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа38 минут 5 секундын өмнөC.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя46 минут 21 секундын өмнөМонгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв1 цаг 57 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа2 цаг 2 минутын өмнөБ.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль2 цаг 36 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлж, ээлжит бус чуулган өндөрлөлөө2 цаг 40 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2 цаг 56 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа9 сар 14. 17:11Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа9 сар 14. 16:40Зөрчил гаргасан 94 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ9 сар 14. 16:27У.Хүрэлсүх: Үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөхүйц үг, үйлдлийг таслан зогсоох ёстойг анхааруулж байна9 сар 14. 15:08Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна9 сар 14. 13:4440 дэх удаагийн “Номын баяр” баасан гарагт эхэлнэ9 сар 14. 13:35Монголын пара шатарчид эхний хожлоо авлаа9 сар 14. 11:33Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ9 сар 14. 10:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, ажилтнуудад талархал илэрхийллээ9 сар 14. 10:09УБЦТС: Энэ долоо хоногт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 14. 10:03Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ9 сар 14. 9:46Улсын Бага Хурлын гишүүд ном, бүтээлээ хандивлаж, парламентат ёсны хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал боллоо9 сар 14. 9:40НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно9 сар 14. 9:34Тэр жилийн намар буюу Улсын Бага Хурал9 сар 14. 9:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа9 сар 14. 9:07Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна9 сар 14. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан9 сар 14. 8:51Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт мэндчилгээ дэвшүүлэв9 сар 13. 15:34УИХ-ын гишүүн Х.Болормаагийн санаачилгаар Сүхбаатар дүүрэг Спорт цогцолбортой боллоо9 сар 12. 21:32Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна9 сар 12. 18:52Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 сар 11. 17:38БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө9 сар 11. 17:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.