Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон үйлдвэрлэлд ус ашиглаж байгаа талаарх мэдээллийг сонслоо


1-р сарын 14
16 цаг 23 минут

      Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.01.14) Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран хуралдаж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр  хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүнгийн тухай болон үйлдвэрлэлийн усан хангамж, ус ашиглалтын өнөөгийн байдал, чиг хандлагын талаарх Засгийн газрын мэдээллийг сонслоо. Хамтарсан хуралдааныг Байнгын хорооны дарга Б.Бейсен, С.Ганбаатар нар удирдан явуулав.

Олон улсын зээл, тусламжийн төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэлдээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Дэлхийн банк (ДБ), Азийн хөгжлийн банк (АХБ), Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны агентлаг (ЖАЙКА), Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын агентлаг (ХААХОУА)-аас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулсан юм. Өнөөдрийн байдлаар ДБ-ны санхүүжилтээр Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, АХБ-ны санхүүжилтээр Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслүүд хэрэгжиж байна. Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 2020-2025 онд хэрэгжиж байгаа бөгөөд Малын эрүүл мэндийн үйлчилгээг бэхжүүлэх, Нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, Төслийн хэрэгжилтийг дэмжих, Байгалийн гамшиг, онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах гэсэн дөрвөн бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт 80 сум, Улаанбаатар хотыг хамарч байна. Энэ төслийн хүрээнд 2025-2027 онд Япон Улсын Засгийн газрын нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилт, ХХААХҮЯ болон Дэлхийн банкны дэмжлэгийн нийт 2.4 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Ховд, Сэлэнгэ аймгуудын найман суманд малчид, хоршоод болон бусад оролцогчдыг мэдлэг, чадавхтай болгох, малчдын амьжиргааг дээшлүүлэх, ноос, ноолуурын чанар, нэмүү өртгийн сүлжээг сайжруулах цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа ажээ.

Мөн үндсэн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилт бүхий “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хувьсгалыг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх АХБ-ны нийт 46.25 сая ам.долларын санхүүжилттэй Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийг Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий, Увс аймгуудын 15 суманд хэрэгжүүлж байна. 2020 оноос эхэлсэн энэ төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, үр ашигтай усжуулалтын систем бий болгох, байгаль орчны хувьд тогтвортой хөдөө аж ахуйн  үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэх болон мэргэжил арга зүй, институц ба удирдлагын чадавхийг бэхжүүлэх ажлуудыг хийж буй юм.

Харин ДБ-ны 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 2020-2023 онд хэрэгжүүлсэн Экспортыг дэмжих, АХБ-ны 50.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 2016-2021 онд хэрэгжүүлсэн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт, 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2017-2024 онд хэрэгжүүлсэн Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах, ЖАЙКА-ийн 7.9 тэрбум иенийн санхүүжилтээр 2006-2015 онд хэрэгжүүлсэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай хөнгөлөлттэй зээлийн, ХААХОУС-ийн 21.06 сая ам.долларын хөнгөлттэй зээлээр 2012-2017 онд хэрэгжүүлсэн Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслүүд дууссан байна.

ЖАЙКА-аас хэрэгжүүлсэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах төслийн эхний шатнуудын хүрээнд олгосон зээлийн эргэн төлөлтөөр гурав дахь үе шатыг үргэлжлүүлэн явуулж буй юм. Одоо АХБ-ны 57.1 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн хоёр дахь үе шатыг эхлүүлэхээр бэлтгэж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Ж.Батжаргал, Г.Ганбаатар, Ц.Идэрбат, М.Ганхүлэг, Д.Батлут, Д.Энхтуяа, Д.Бум-Очир, Д.Жаргалсайхан, Ж.Золжаргал, М.Бадамсүрэн, Т.Аубакир, Д.Пүрэвдаваа, С.Замира, О.Амгаланбаатар нар болон Байнгын хорооны дарга С.Ганбаатар, Б.Бейсен нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд аймгуудыг хэрхэн сонгож, малчид, тариаланчдын чадавхыг нэмэгдүүлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар ямар дэмжлэг үзүүлдэг, Биокомбинатын вазкины үйлдвэрлэлийн хүчин чадлыг хэрхэн нэмэгдүүлсэн, говийн бүсийн аймгуудыг төсөл, хөтөлбөрт хамруулах боломж ямар байгаа, хэрэгжүүлж дууссан болон хэрэгжиж буй төслүүдийн үр дүнг цаашид хадгалах, үргэлжлүүлэх, бий болсон эд хөрөнгө, аж ахуйг хэн хариуцаж ажиллах зэрэг асуудлуудыг голчон хөндөж байлаа. Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн хөнгөлөлттэй зээлийг татвар төлөгчдийн хөрөнгөөр эргэж төлөх учир тэдгээрийн зарцуулалт, ашиглалтад хариуцлагатай хандах ёстойг сануулж, бий болсон үр дүнг нутагшуулах, бусад бүс нутаг руу түгээх, дэлгэрүүлэх чиглэлээр ажиллах нь зүйтэй гэсэн юм. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй зарим менежментийн төслийг нийт өртгийн 73 хүртэлх хувийг гадаадын зөвлөхүүд цалин хэлбэрээр буцаагаад авчихаж байгааг анхаарах шаардлагатайг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа зээл, санхүүжилтийн төслийг арилжааны банкаар дамжуулж хэрэгжүүлэхэд хүү нь өндөр болж, зорилтот бүлгүүдээ зохих өгөөжийг өгч чадахгүй байгааг, Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир үр дүнгүй, шаардлагагүй төслүүдийг дуусгах, эс бөгөөс үр дүнтэй болгоход анхаарч ажиллахыг зөвлөсөн юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал мэдээлэлд дурдагдсан төслүүдийн нийт санхүүжилтыг тооцож, энэ их хэмжээний зээлийн үр ашгийг нэгтгэн дүгнэх, салбар салбарт эдийн засаг, санхүүгийн нэгдмэл бус, бодит байдлаас зөрүүтэй зохиомол орчин үүсгэхгүй байх, бүтээгдэхүүний сүлжээ бий болгох, экспортод чиглэх зэрэгт анхаарч ажиллах зүйтэй гэсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд хүрээнд олгогдсон гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтүүд, давуу талуудын хэрхэн хуваарилсан болон шинээр бий болсон ажлын байрууд хаана хаана байрлаж байгаа зэрэг асуудлуудыг хөндөж, энэ талаар мэдээлэл өгөхийг хүссэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн төсөл, хөтөлбөрүүдээс бий болж буй үр ашгаар хөгжлийн сан үүсгэх, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир мал ахуйн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн зорилго болон санхүүжилтийг байгаль орчин, бэлчээрийг сайжруулах, мал аж ахуйг эрчимжүүлэхэд чиглүүлэх шаардлагатайг анхааруулсан юм.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен хавдрын тархалт улам нэмэгдэж, өвчлөгсөд улам залуужиж байгаад хүнсний аюулгүй байдлын асуудал онцгой нөлөөлж байгааг дурдан, “Хүнсний хувьсгал”-ыг үр дүнд хүргэхэд анхаарах шаардлагатайг анхааруулсан бол Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар төсөл, хөтөлбөрүүдийн санхүүгийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлт, удирдлагын бүрэлдэхүүн, хэрхэн хамрагдах тухай болон бий болсон бодитой, хэмжигдэхүйц үр дүнгүүдийн талаарх мэдээллийг ойрын хугацаанд ирүүлэхийг хүслээ.

Дараа нь Байнгын хороодын хамтарсан хуралдаанд үйлдвэрлэлийн ус хангамж, ус ашиглалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээлэлдээ, манай улс 2021 онд нийт 594.8 сая.м3/ жил, 2022 онд 606.2 сая.м3/ жил, 2023 онд 679.1 сая.м3/жил, 2024 оны урьдчилсан дүнгээр 618 сая.м3/жил ашигласан тухай танилцуулаад, ус ашиглалтын хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар 48.6 хувь, уул уурхайн салбар 26.1 хувь, хүн амын унд ахуй 14.5 хувь, эрчим хүчний салбар 5.8 хувь, үйлдвэр, ахуйн үйлчилгээний салбар 5.0 хувийг тус тус эзэлж байгааг дурдав.

Ус, рашааны нөөц ашигласны төлбөрөөр 2021 онд 48.1 тэрбум, 2022 онд 50.9 тэрбум, 2023 онд 85 тэрбум, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 74.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн бол Байгалийн нөөц ашигласны төлбөр (БНАТ) буюу газар, ус, ой, ан амьтан, ургамлын нөөц ашигласны төлбөрөөр 2020-2023 онд нийт 882 тэрбум төгрөг аймаг, сумдын төсөвт оржээ. Усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээ ашигт малтмал олборлох, зэсийн баяжмал, хайлуур жонш баяжуулах, архи, пиво, согтууруулах ундаа үйлдвэрлэхэд гадаргын усанд 10 хувь байсныг 25 хувь, газрын доорх усанд 20 хувь байсныг 35 хувь болгож 2021 онд нэмэгдүүлсэн байна. Харин унд, ахуйн зориулалтаар усны эрдэсжилт хатуулгыг цэнгэгжүүлж, зөөлрүүлэн ашигласан усны төлбөрийг гадаргын болон газрын доорх усанд тус тус 50 хувь, ан амьтан хамгаалах, өсгөн үржүүлэх, нутагшуулах зориулалтаар ашигласан усанд 100 хувь, цас бороо, үерийн усыг хуримтлуулж мал аж ахуй, газар тариалангийн зориулалтаар ашигласан тохиолдолд мөн 100 хувь чөлөөлж байгаа ажээ. Мөн БНАТ-ийн хувиар тооцох байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг 2023 онд 54.3 тэрбум төгрөг баталснаас 41.2 тэрбум төгрөгийг гүйцэтгэлтэй гарсан байна.

Уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа өмнөд говийн бүсэд усыг хэмнэлттэй ашиглах шинэ, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, дахин ашиглах, хур тунадасны, уурхайн шүүрлийн болон ахуйн цэвэршүүлсэн усыг дахин ашиглах, зарим томоохон голуудад урсцын тохируулга хийж хуримтлуулж, шилжүүлж ашиглах зэрэг менежментийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг Төрийн нарийн бичгийн дарга танилцуулгадаа дурдаж, цаашид улам бүр өсөх усны эрэлтийг хангахын тулд салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатайг онцлов.

Усан хангамж, үйлдвэрлэлийн ус ашиглалтын талаарх мэдээлэлтэй холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүд усны хамгаалалт, түүний дэглэм, бүс, хэрэгжилт, төлбөр, хөнгөлөлт болон дахин ашиглалт, түүний стандартын талаар хөндөн асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Л.Мөнхбаясгалан, М.Ганхүлэг, М.Бадамсүрэн, Т.Аубакир нар усны хамгаалалтыг сайжруулах, үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан болон бохирдуулсан усны төлбөрийг зохих хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх, цэвэршүүлэх байгууламж барьж усаа дахин ашиглаж байгаа аж ахуйн нэгжид олгох хөнгөлөлт, чөлөөлөлтийг мэдэгдэхүйц болгох, усыг дахин ашиглах асуудлаарх хууль, эрх зүйн орчныг бүрэн болгож, стандарт шаардлагыг тодорхойлон, үйлдвэрлэл, аж ахуйд байгалийн цэвэр ус ашигладаг явдлыг эцэс болгох, Хэрлэн-Тоонот, Орхон-Онги төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг чухал асуудлуудыг хөндөн ярьсан юм. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар улс орнууд байгаль дэлхийн эрхийн тухай асуудлыг Үндсэн хуульд тусгах болсон талаар дурдаж, усны эрэлт, үйлдвэрлэлд ашиглах байдал эрчимтэй нэмэгдэж буй энэ үед уг асуудлыг хариуцсан Засгийн газрын байгууллага ерөнхий чиг үүргийнх байх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Очирдара шүтээнд мандал өргөж, төр түмний буян заяаг даатгалаа8 цаг 16 минутын өмнөТөрийн хан хуурыг эгшиглүүлсэн Монгол Төрийн золголт болов8 цаг 19 минутын өмнөЭзэн Богд Чингис хааны шүтээн, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ8 цаг 27 минутын өмнөМөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай2 сар 18. 9:49Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ2 сар 18. 9:41“Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ2 сар 17. 9:51Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2514.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ2 сар 17. 9:45Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд 17 аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөн шинэчилнэ2 сар 17. 9:42Авто худалдааны төвийн "Нээлттэй хаалганы өдөрлөг" энэ сарын 6-16-ны өдрүүдэд болж байна2 сар 17. 9:09Улаанбаатарт 6 хэм хүйтэн, багавтар үүлтэй2 сар 17. 9:04Болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна2 сар 16. 12:45Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана2 сар 16. 12:36Сар шинийн барилдааны 1,2-ын даваа өнөөдөр болно2 сар 16. 12:02Сар шинийн баяраар Урт цагааны далд зогсоолоор иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ2 сар 16. 11:58Хилийн автозамын боомтууд цагаан сараар буюу энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд түр хаана2 сар 16. 11:54“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ2 сар 16. 9:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа2 сар 16. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн2 сар 16. 8:53АЙЛЧЛАЛ: Евразийн 15 тэрбум ам.долларын зах зээл рүү Монголыг хөтлөх Н.Учралын гео улс төр2 сар 15. 21:58Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ2 сар 14. 13:46Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа2 сар 14. 13:42Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна2 сар 14. 13:36Н.Учрал: Намын даргын хувьд “HE for SHE” үзэл санааг хэрэгжүүлнэ2 сар 14. 13:31Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө2 сар 14. 12:05Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна2 сар 14. 12:01Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ2 сар 14. 11:59Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо2 сар 14. 11:47Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана2 сар 14. 11:43Гангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна2 сар 14. 11:39“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно2 сар 14. 11:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.