Италийн Турин хотод Дэлхийн оюутны спортын өвлийн XXXII Универсиад наадам болж байна. Тус наадам нэгдүгээр сарын 13-23-н хүртэл үргэлжлэх юм.
Энэ удаагийн наадамд 57 орны 2000 орчим тамирчин спортын 11 төрөлд 96 багц медалийн төлөө өрсөлдөх бол манай улсаас спортын 5 төрөлд дөрвөн дасгалжуулагчийн удирдлага дор 12 тамирчин хурд хүчээ сорьж байна.
Тус наадмын шорт трейкийн төрөлд дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор Б.Гэрэлтуяа, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнх-Эрдэнэ, М.Борхүү нар өрсөлдөнө. Мөн уран гулгалтын төрөлд дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл оролцоно. Харин гүйлтийн цанын төрөлд дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор О.Золбаяр, А.Хүслэн, Б.Номин-Эрдэнэ, уулын цанын төрөлд дасалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор А.Сондорбаяр, О.Өсөх-Ирээдүй, А.Итгэл, снөүбоардын төрөлд Г.Ганзориг өрсөлдөх юм. Универсиад наадамд оролцсоноороо олимпын эрхийн оноо авах, чансаагаа нэмэгдүүлэх боломжтой болно.
Монголын баг тамирчидаас онцолбол, снөүбордын төрөлд оролцох Г.Ганзориг нь Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд өрсөлдөх анхны монгол тамирчин болж байгаа билээ. Тэрээр энэ төрөлдөө Монгол Улсын гурван удаагийн аварга, Монголын бүх ард түмний спортын их наадмын алт, мөнгөн медальт тамирчин юм.
Сэтгэгдэл бичих