Д.Баярхүү: Дундаж орлоготой дундаж Монгол хүнээ л бүтээе!


1-р сарын 31
9 цаг 09 минут

       Монголчууд бид хөгжиж дэвжих гэж үхэн хатан үзэлцэж байна. Сайн хэрэг. Хөгжлийн төлөө тэмүүлэл сайн хэрэг. Харин тэр гэрэлт ирээдүйдээ хүрэх арга чарга нь монголчуудад тэгшхэн заяасангүй. Үзэл бодлоор нь би тэгж дүгнэж байна шүү. Төр-засаг нь оволзтол ажиллаж, уриалж, уриалан дуудаж, халамжилж, гуйж гувшиж, гадаадаас тусламж эрэлхийлээд 30%-ийн ядуурал ба ядуурахад бэлхэн цаана нь хэдэн хувь ч байдаг юм, тэднийхээ өмнө өвдөг сөхрөхийн босгон дээр мөн л гучин хэдэн жил дэнжигнэлээ. Одоогийн Засгийн газар ч бас өмнөхүүдийнхээ адил дэнжигнэн байна. Өвөл гэж нэг гайтай улирал монголчуудад заяагаагүй бол үлдэх урин дулаанд нь шувтан найрлаад наадамлаад байхаас буцахгүй, ийм л зураглал харагдаад байна.

Хөгжлийн гэрэлт ирээдүйд хүрэх арга нь Төр-засгийн хувьд ойлгомжтой. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэл нэн чухал. Гэхдээ одоогийн энэ цаг үед олборлох, ухаж гаргах, түүнийгээ урд хөршдөө тасралтгүй экспортлоод тэр их мөнгийг иргэддээ тараах.

Тэгэхийн тулд эдийн засаг-санхүүгийн бодлогоо томъёолж тодорхойлох ба ард түмнээрээ ажил хийлгэж, хийсэн бүтээснээр нь орлогожуулах тухай Төрийн ямар ч өндөр албан тушаалтан бараг л аман дотроо шивэгнэнэ. Тун зориггүйгээр, итгэлгүйгээр. Учир нь цаадуул нь ажил хийж амь зуух анхан шатны ойлголтгүй. Гэр хорооллын төдөн айлыг гаазжуулна, орон сууцжуулж утаанаас салгана гэхчлэн Төр-засгийн “Амны бэлгээс ашдын бэлгэ” нь ядарсан иргэдийн сэтгэлийн угт шингэхээсээ өнгөрсөн. Цаадуул нь төлбөрийн ямар ч чадваргүй, зуух авах боломжгүй айлууд дэндүү олон, тэд үргэлж угаарын аюулын ирмэгт, гэтэл үнэгүй хийж өгдөг төсөв мөнгө, баялаг, хуримтлал гэж Төрд байхгүй. Хэзээ ч бүтэхгүй ажлыг бүтэх гэж байгаа юм шиг мэдээлж цацна. Төлбөрөө шударгаар төлөөд гааз хэрэглээд, шинэ сууцанд орно гэхэд мөнгөний хуримтлалгүй, хуримтлалтай болох найдваргүй мянга мянган монгол хүнээ Төр одоо яах вэ? Бэлэн зэлэн, ухаалаг, смарт хариултыг хэл дээ. Төрийн хамгийн нэгдүгээр зэргийн ажил энэ шүү. Мөнгөний хуримтлалгүй, хуримтлалтай болох найдваргүй мянга мянган монгол хүнээ Төр яах вэ?

Нийслэлийн иргэдийн төлбөрийн чадваргүй үлэмж олонхи нь популизмын уриан дор баячуудыг сэгсэрч мөнгийг нь хуваан авах сэтгэхүйтэй. Тэс хөндлөн хэвтчихээд баячууд, олигархиудын (хулгайч улс төрчид гэж нэн ихээр ярьдаг!) хөрөнгө мөнгийг хураан авна, тэр нь ард түмний хөрөнгө хэмээн тас гүрийгээд нэг мэдэхнээ хүн болгон 137 сая төгрөгөө хулгайч нараас буцаан авах тухай тэмцлийн галд босч ирж байх шиг. Феодалын хөрөнгийг хурааж, тэгшитгэсэн улаан коммунист нийгэм байгуулахаар Коминтерны дор бадамлаж байсан 1930-аад оны Монголыг сэргээн байгуулахаар тэмцлийн замд шулуудав уу? Юу ч сэтгэхгүй болтол нь тархийг нь тэгж угаачихав уу, эсвэл өөрсдөө тэгж төрөв үү, зуун жилээр ухарч мөрөөдөх нь ямар логик байна, хариулт байна уу? Зүгээр сууж асар их мөнгөнд гэнэт хүрэх гэсэн адын бодол, тэчьяадал!

Твиттер-ээс нэг монгол жиргээчийн бичсэнийг татаад аваад ирлээ:–Халамж авдаггүй, ажлаа хийгээд амьдралаа аваад хэнд ч гай болохгүй явж байгаа мянга мянган жирийн иргэдийг эх оронч гэж боддог доо. Түүнээс биш лайваар цус ярьж цээжээ дэлддэг хэд биш шүү гэжээ.

XXI зууны дундаж монгол хүнийг мөрөөдөөд жиргэчихсэн юм биш үү? Би энэ жиргээнээс сэдэвлээд гарчгаа сонгосон ухаантай. Дундаж орлоготой дундаж монгол хүн гэж хэн юм бэ? Олон талаас нь тунгаагаад үз! Хөндлөнгийн баримт гэе дээ. Би бол дэлхийн хэвлэлүүдээс иймэрхүү мэдээлэл олж үзэж баясаж, бас монголчууддаа нөлөөлүүлэхээр (хорыг нь маажих, ажиллахаас аргагүй болтлоо хор нь хөдлөх, шар нь гозойх!) хөнөглөдөг нэгэн байгаа юм. 2024 оны үзүүлэлт. Дундаж цалингаар дэлхийд хошуучлагч 10 улсыг нэрлэжээ. Швейцарь нь бусдаасаа тасраад явчихаж.

1.Швейцарьт дундаж цалин 8111 ам.доллар

2.Люксембург $ 6633

3.АНУ              $ 6455

4.Исланд          $ 6441

5.Норвег          $ 5665

6.Дани             $ 5642

7.Канад            $ 5081

8.Гренланд      $ 4665

9.Ирланд         $ 4622

10.Нидерланд   $ 4581

Нэр бүхий 10 улсыг хараан зүхэж, дээрэмчнээр нь дуудахыг хүлцэж болно. Гэхдээ 10-уулаа дээрмээр баяжчихсан юм биш. Тэнд хөдөлмөрийн бүтээмж нь ингэж үнэлэгдсэн хэрэг. Энэ 10 улсын жишээг манай толгой эдийн засагчид судлаад дүгнэлт хийгээд Төрдөө өргөн бариасай билээ. 

Таньдаг залуугийнхаа постыг шууд хуулаад тавьчихлаа. Үнэн л хэлж. Ажил амьдралаасаа таашаал авахгүй бол амьдрахын утга гэж байна уу?

Хөнлөнгийн нэг судалгаа байна. Нэг зуун жилээр ухарч мөрөөдөөд тэгшитгэсэн нийгмийг хүсээд байдагт польш-шведийн иргэн, нийгэм судлаач эрдэмтэн Barbara

Törnquist-Plewa ингэж хариулжээ. “Homo Sovieticus” буюу “зөвлөлт хүн”-ий зан төлөвийн дараахи шинж чанаруудыг тодорхойлжээ:

  • Ёс суртахууны хувьд тогтсон үнэт зүйлгүй учир тухайн нөхцөл байдал, хүн, нийгмээс хамааран байнга өөрчлөгдөх ба хэзээ ч тогтсон үнэт зүйлтэй болохгүй. 
  • Заяаны идэвхгүй, арчаагүй, Төрөөс дээрээс сурган зааварлах, чиглүүлэх үүргийг (патернализмыг) шууд хүлээн зөвшөөрдөг.
  • Үр бүтээл, гавьяа зүтгэл, мэдлэгээрээ үнэлэгдэх гэхээсээ хуваарилалт, тэгшитгэлийг хүлээдэг. 
  • Бие даасан, хараат бус байдлыг эрхэмлэхээс илүүтэйгээр өөрийн бурууг тогтолцоо руу чихэх, Төрдөө гомдол гаргах, үргэлжид юм нэхэх шаардахыг эрхэмлэдэг. 
  • Эрсдэл даах чадвартай болж өөрийгөө хөгжүүлэхийн оронд нийгмээсээ аюулгүй, эрсдэлгүй байдлыг шаарддаг гэх мэт.
  •  Ийм “зөвлөлт” маягийн хүмүүс нийгэмд олшрох тусам тухайн нийгэм ардчиллаасаа ухарч дарангуй нийгэм рүү хальтран орохдоо амархан гэж онолджээ.

Феодалын хөрөнгийг хурааж, тэгшитгэсэн улаан коммунист нийгэм байгуулахаар Коминтерны дор бадамлаж байсан 1930-аад оны Монголыг мөрөөдөгчдийг энэ эрдэмтэн тодорхойлчихсон юм биш үү?

Artificial Intelligence буюу AI хөгжөөд технологийн дэвшил, инновац гүйцэгдэхгүй болсон цаг үед бид амьдарч байна. Ертөнц шал өөр болсон. Бид бахь байдгаараа баялгаа хувааж хүртэх гэж үзэлцсээр. Тэр нь мухар тэмцэл болчихсон. Гэхдээ шантардаггүй. Зүгээр сууж асар их мөнгөнд хүрэх гэсэн хорхой нь атаархал мөчөөрхөлтэйгээ холилдоод хөгжөөд байдаг. Зүгээр л дундаж орлоготой ДУНДАЖ МОНГОЛ ХҮН-ээ л буй болгож, тойлж, олшруулж, бэхжүүлж, тэд нь нийгмийнхээ олонхи (цөм) болчиход л швейцарийн банкны (дэлхийд зартай) захирал, тариачин хоёр нь яг ижил зиндаанд оччихсонтой адил болчих бус уу? Иймд МОНГОЛ ХҮН-ээ л хөгжүүл, хэрсүүжүүл, ажлын амтанд оруул! Олуулаа биш, гурав аравны тавхан саяуулаа! Төр-засгийн нэгдүгээр, хамгийн амин чухал ажил энэ шүү!

 

                                                                                                                              Д.Баярхүү



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо7 сар 19. 14:09СУИС-д хүний эрхийн хичээл оруулахыг ХЭҮК шаардаад дөрвөн жил болжээ7 сар 19. 14:06Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна7 сар 19. 11:30Олон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ7 сар 19. 11:28“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ7 сар 19. 11:23Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна7 сар 19. 11:19Халуун ус хязгаарлана7 сар 19. 11:16311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна7 сар 19. 11:11Өнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.