“Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг боллоо


1-р сарын 31
13 цаг 09 минут

      Улсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хамтран “Татварын хуулийн шинэчлэл” сэдвээр цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт дөрөв дэх хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.28/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Б.Заяабал, О.Номинчимэг болон салбарын мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид, татвар төлөгч аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 40 орчим хүн оролцлоо.

Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Р.Батболд энэ удаагийн хэлэлцүүлгийг  даргалсан.

Тэрбээр хэлэлцүүлгийг нээж, хэлсэн үгэндээ, ажлын хэсэг татварын хуулиудын хэрэгжилт, үр дүнд дүнд шинжилгээ хийх, хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй алдаа, зөрчилд иргэн, аж ахуйн нэгж, эрдэмтэн, судлаач, олон улсын байгууллагын санал, судлагааг сонсох замаар хэрэгжилт хангалтгүй, хэрэгжих боломжгүй хуулийн заалтуудад өөрчлөлт оруулах шударга, тэгш зарчмын хүрээнд татварын таатай орчныг бий болгох зорилготой ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын татварын тогтолцоо 1990 оноос хойших хугацаанд нийгэм, эдийн засгийн хөгжил, цаг үеийн нөхцөл шаардлагаас хамаарч Засгийн газраас татварын бодлого, шинэчлэлийг хэд хэдэн үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн татварын шинэчлэлийн хүрээнд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэх, бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж буй хувь хүний татварын харилцааг энгийн ойлгомжтой болгох, гадаад улсад төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасаж тооцох, Монгол Улсад байнга оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгчийн албан татвар төлөх, тайлагнах хугацааг тодорхой болгох, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, энэ харилцааг боловсронгуй болгох, зарим төрлийн албан татварын хувь хэмжээг буулгах зэрэг зарчмын нэлээдгүй өөрчлөлтийг хуульчилсан. Гэсэн хэдий ч хуулийн зарим зохицуулалт нь татвар төлөгчдөд таатай бус үр дүнгүй байгаа талаар холбогдох судалгаа болон иргэд, аж ахуйн нэгжүүдээс гаргаж буй санал гомдолд дурдагдсаар байгаа тул энэ удаагийн хэлэлцүүлгийг хийж буйг Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд онцолсон.

Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ” сэдвээр тавьсан. Илтгэлийн агуулга хуулийн хэрэгжилт, цаашид баримтлах бодлогод чиглэсэн байв. Тэрбээр илтгэлдээ, 2019 онд уг хуулийг шинэчилсэн найруулга хийснийг дурдаад Монгол Улс  2007 он хүртэл эл татвар өндөр шатлалтай  байсан. Бид 4/10 системийн тогтолцоо руу шилжсэнээс хойш 10 гэсэн суурь татварын хувь хэмжээтэй болсон гэв.

Мөн 10 хувийн татварыг дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад өндөрт тооцогдохгүй гээд одоогийн байдлаар хуулийн хүрээнд нийт 12 хөнгөлөлт, 9 чөлөөлөлтийг үзүүлж байна гэж байлаа. Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

ХХОАТ-тай холбоотой хамгийн гол асуудал нь хувиараа бизнес эрхэлдэг хүмүүсийн татварыг хэрхэн, яаж тайлагнуулах вэ гэдэгт байдаг. Иймд салбарын яамнаас урт хугацаандаа бүх нийтээрээ татвараа тайлагнадаг, төлдөг тогтолцоо руу захиргааны бус эдийн засгийн хөшүүргийн аргаар шилжүүлэхээр ажиллаж байна. Хөнгөлөлт, чөлөөлөлтүүд бага орлоготой иргэдийн хувьд шаталсан хэлбэрээр тодорхой хэмжээнд хэрэгжиж байна. Харин бизнесийн орлоготой иргэд хялбаршуулсан горимд хамрагдаад нэг хувийн татвар төлөх боломжийг бүрдүүлсэн. Эл татвараас тэтгэвэрт гарсан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөлөгддөгийг илтгэгч онцолж байлаа.

2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар нийт 36 мянган иргэн, 52 мянган аж ахуйн нэгжээс 120 гаруй мянган санал ирүүлээд байгаа аж. Уг саналд татварын шатлалын хувь хэмжээг бууруулахыг илүүтэй тусгасан бөгөөд Сангийн яамнаас одоо хэрэгжиж буй хөнгөлөлт, чөлөөлөлтөд дүн шинжилгээ хийж, оновчтой, хүртээмжтэй болгоход чиглүүлэх, татвар ногдох орлогод хамаардаггүй орлогын шинэ эх үүсвэрүүдийг судлах, татвар төлдөггүй, зайлсхийдэг иргэдийг хамруулахад анхаарах бодлогыг баримтлах юм байна.

Үргэлжлүүлэн Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Д.Сайханчулуун “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьсан.

Татварын байгууллагад 2,505.854 татвар төлөгч бүртгэлтэй байдгаас Монгол Улсын иргэн 2,464.854, гадаад иргэн 41.000 байна. Татвар төлөгчийн тоо 2014-2019 онд 126.6, 2019-2023 онд 19.2, 2023-2024 онд 8.6 хувиар тус тус өссөн талаар илтгэлд дурдсан байлаа. 

ХАОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтөд 2023 оны байдлаар 5,193.644  иргэн хамрагдаж байна. Чөлөөлөлт гэдэг нь татвар ногдох орлогоос нь чөлөөлдөг тул чөлөөлөгдсөн орлогын дүн 445,4 тэрбум төгрөг байна. 2023 оны жилийн эцсээр 1,033.396 иргэн хөнгөлөлтөд хамрагдаж, 194.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлснийг илтгэгч онцлон тэмдэглэсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх зурагнаас харна уу. 

Мөн 2023 оны байдлаар хувь хүний орлогын бүрдүүлэлт нь дотоодын нийт бүтээгдэхүүний 4.7 хувь, Монгол Улсын нийт орлого, зээл тусламжийн дүнд эзлэх хувь нь 8.3, татварын байгууллагын орлогод эзлэх хувь 9.6 байна гэж байв.

Хэлэлцүүлэгт тавьсан илтгэл, сэдвийн хүрээнд оролцогчид асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Оролцогчид хувь хүний орлогын албан татварт орон сууц түрээслэгчдийг хамруулахад арга хэмжээ авч буй эсэх, цалин хөлс зэрэг идэвхтэй орлогоос татвар бага, түрээс зэрэг идэвхгүй орлогоос өндөр татвар авдаг олоун улсын жишиг монголд эсрэгээрээ үйлчилж буйд шинэчлэл хийх, эсэх, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийг татвараас чөлөөлж хүрээг өргөжүүлэх боломжтой талаар тодруулж байлаа.

Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Д.Сайханчулуун, Иргэдийн зүгээс би байраа түрээслээгүй, хамаатан садангийн хүн сууж байгаа гэсэн тайлбаруудыг их ирүүлдэг тул орон сууц түрээслэгчдийг татварт хамруулахад хүндрэл үүсдэг. Татварын байгууллагаас хоёроос дээш орон сууцтай иргэдийн судалгааг гаргаж, үл хөдлөх хөрөнгийн татварыг ногдуулах ажлыг хийж байгаа хэмээн хариулсан. Мөн хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан иргэдийг татварын хөнгөлөлтөд хамруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг татвараас чөлөөлдөг хүрээг тэлэх асуудлыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын газрынхантай уулзалт хийж, санал солилцож байна гэлээ.

Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, хялбаршуулсан горим буюу орлогоос үл хамааран нэг хувийн татвар төлөх зохицуулалтын цаад агуулга нь хувиараа бизнес эрхлэгчдийг и-баримт системрүү хандуулахад чиглэсэн хэмээх нэмэлт тайлбарыг өглөө.

Түүнчлэн оролцогчдын зүгээс хувь хүний орлогын албан татвар нь ирээдүйн татварын бааз суурь болох учраас Сангийн яам, мэргэжлийн байгууллагууд онцгойлон анхаарах, эл хуулийн шинэчлэлтэд нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг нэвтрүүлсэн шиг  дэд бүтэц дээрээ тулгуурлан зоригтой шинэчлэл хийж, төлсөн татвараасаа жилийн эцэст тодорхой хувийг урамшуулал болгон олгодог болох зэрэг саналуудыг хэлж байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Метро ба газар доорх байгууламж олон улсын туршлага" сургалт эхэллээ11 минут 25 секундын өмнөГ.Занданшатар: "Онтрэ" компанийн асуудлаарх хөзрөө дэлгэхгүй15 минут 55 секундын өмнөХ.Нямбаатарын бродюрны асуудлыг нам дарахаар ирсэн Б.Одбаяр гэгч хэн бэ?1 цаг 57 минутын өмнөЦагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ2 цаг 53 минутын өмнөТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо3 цаг 11 минутын өмнөГ.Занданшатар: Төсвийн тодотголыг ирэх долоо хоногт өргөн барина3 цаг 28 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ3 цаг 38 минутын өмнө“Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй” сургалт боллоо3 цаг 46 минутын өмнөТББХ: Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжлээ3 цаг 51 минутын өмнөТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр, 48 зах, 99 лангуу, GS дэлгүүрийн эрх санал болголоо5 цаг 47 минутын өмнөНарны өмнөд туйлын зургийг анх удаа авчээ6 цаг 46 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 17 минутын өмнөЯвган хүний зам шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа ААН-үүдэд хяналт шалгалт хийж байна8 цаг 44 минутын өмнөУИХ: Ерөнхий сайдын томилгоог өнөөдөр хэлэлцэнэ8 цаг 49 минутын өмнөАзийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно9 цаг 37 минутын өмнөТөсвийн орлого 2.5 их наядаар тасарчээ9 цаг 40 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 цаг 47 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 цаг 49 минутын өмнөБурхан багшийн их дүйчэн өдрийн дэлгэрэнгүй хөтөлбөр6 сар 11. 10:14Бурхан багшийн найман сургаал6 сар 11. 10:09УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндийг дэвшүүллээ6 сар 11. 10:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан6 сар 11. 9:58Ерөнхий сайдын томилгоог нөгөөдөр ТББХ, УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ6 сар 10. 20:45Нутгийн захиргааны байгууллагад чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн баталгаажуулж гэрчилгээ гардууллаа6 сар 10. 19:16УИХ дахь МАН-ын бүлэг Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ6 сар 10. 19:13"Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна6 сар 10. 18:28Баруун далай ордыг түшиглэн хэрэгжүүлэх Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулна6 сар 10. 18:26Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 10. 18:24“Хүннү хотын эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах төсөл”-ийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулна6 сар 10. 17:11Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох эсэхийг УИХ 20 цагаас хэлэлцэж эхэлнэ6 сар 10. 17:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.