Их Жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой өнөөдөр /2025.02.02/ тохиож байна. Төр нийгмийн зүтгэлтэн, цэргийн суут Жанжин Дамдины Сүхбаатарын хийж бүтээсэн, туулсан замнал, түүхэн гавьяаг нь үеийн үед мартах учиргүйг сануулан Жанжны мэндэлсэн энэ өдөр хөшөөнд нь цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар нарын удирдах албан тушаалтнууд, намын гишүүд, иргэд, мөн их Жанжны гэр бүлийн төлөөлөл оролцжээ.
Мөн энэ өдрийг тохиолдуулан Монгол Ардын Намын дэргэд “Анхны долоо” хэмээх санг байгуулсан байна. Энэхүү арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд болсон бөгөөд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Намын даргаар ажиллаж байсан Б.Даш-Ёндон, Н.Энхбаяр болон Засгийн газар, УИХ-ын гишүүд, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга нар, газар, хэлтсийн дарга, зөвлөхүүд, их Жанжны гэр бүлийн төлөөлөл оролцов.
Сангийн нээлтэд оролцсон Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид түүхэндээ үргэлж хүндэтгэлтэй хандах болно. Монгол Ардын Нам анхны долоогийнхоо түүхтэй хамт байна. Түүхэндээ хүндэтгэлтэй хандсан улс бүхэн илүү удаан хугацаанд оршин тогтнодог” гэжээ.
Мөн Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар анхны долоогийн түүхэн гавьяаг хүндэтгэж, энэхүү санг байгуулж буйгаа онцолсон байна.
Энэ түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар нар жанжин Д.Сүхбаатарын гэр бүлийнхний төлөөллийг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлсэн байна.
“Анхны долоо” нэртэй сан нь тусгаар тогтнолын үнэт зүйл, үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, хүүхэд залуучууд руу чиглэсэн зэрэг олон чиглэлд үйл ажиллагаа явуулах аж.
Тодруулбал, эхний ээлжинд 100 хүүхдэд сургалтын тэтгэлэг олгохоор зарлажээ.
Түүхэнд 1921 оны Ардын хувьсгалын анхны долоо буюу Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Чагдаржав, Д.Догсом, Х.Чойбалсан, Д.Лосол нарын намтар, замнал, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан зориулсан үйл хэргийн тухай тэмдэглэсэн байдаг билээ.
Сэтгэгдэл бичих