Утаа бол геноцид, Улаанбаатарын бүх хүн хохирогч нь!


2-р сарын 3
9 цаг 47 минут

      Утааны албан ёсны сонсгол өнөөдөр эхэлнэ. Гэхдээ утааны сонсгол болохоосоо өмнө улиг “улиг” болчих шиг боллоо. Учир нь УИХ-ын Түр хороо нь өмнөх долоо хоногуудад гурван ч удаагийн “...Хэлэлцүүлэг” зохион байгуулав. Давсгүй хоол мэт тэр сулхан арга хэмжээнүүд ийм үр дүнд хүргэв.

Сонсголын өмнөх дээрх хэлэлцүүлгүүдээр “...Утааны хор уршиг юу байна вэ”, “...Утаа яагаад улам хортой болов”, “...Утаанаас хэн хэн ашиг хонжоо хайж, хэн хэн хэдийг унагасан бэ” гэх асуудал огт яригдсангүй ээ. Зөвхөн өчигдөрхөн албан тушаал авсан нөхдүүд ирэх жилүүдэд утааны эсрэг юу хийх тухай “мөрөөдөл” төдий зүйлүүдийг ярьсаар өнгөрөөлөө. Үндсэндээ, Түр хороо нь ач холбогдол муутай хэлэлцүүлгийг зохион байгуулсаар утааны сонсголыг Улаанбаатарын иргэдийн анхаарлаас холдуулж чадлаа.

Ер нь бол, “...УИХ-аас зохион байгуулдаг ийм сонсголуудыг хэнээр удирдуулах вэ” гэдэг дээрээ гишүүд ихээхэн анхаарах хэрэгтэй юм байна. Утааны сонсголыг Ж.Чинбүрэн удирдаж байна. Үнэхээр сул юм, энэ гишүүн. Утааны сонсголыг “унтуулах” даалгавартай аятай л зохион байгуулах юм. Түүний оронд Б.Энхбаяр гишүүнээр утааны сонсголыг хийлгэсэн бол утааны учрыг олон нийт олоход их л хэрэгтэй байв шүү. Хүн болгон л ингэж хэлж ярьж байна. Ер нь ч тийм биз. Санал нийлнэ.

Өнөөгийн Ж.Чинбүрэнгийн сонсголоос өнгөрсөн жилүүдэд утааны талаар улстөрчид юу хийсэн, хэн нь хэнийгээ илчилсэн бэ гэдгийг сэргээн үзвэл хамаагүй дээр ойлголт авахаар байна.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 2023 оны аравдугаар сарын 16-ны хурал дээр л гэхэд одоогийн БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа УИХ-ын гишүүний хувиар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд эвгүй эвгүй асуултыг тавьж байжээ. Тэрээр “…Өнөө өглөө интернэтэд дэлхийн хамгийн их бохирдолтой улсаар Монгол Улс нэгдүгээрт нэрлэгдсэн. Улсаараа ийм бохирдолтой хотод, улсад амьдарч байгаадаа гутамшигтай санагдаж байна. Сүүлийн гурван жилд агаарын бохирдол, угаартсанаас яг хэдэн хүн нас барсан бэ. Хэрэв агаарын бохирдлын эсрэг эрс шийдэмгий цогц арга хэмжээ авахгүй бол 2024 он гэхэд таван жилийн дотор 13 мянга орчим хүн нас барна гэсэн тооцоолол байгаа. Тэгэхээр Б.Чойжилсүрэн сайд нуугдаж тоглохоо болиод шийдэмгий л арга хэмжээ авмаар байна. Энэ хийж байгаа ажлууд чинь бүгдээрээ ерөөсөө үр дүн харагдахгүй байгаа байхгүй юу. Зүгээр л нэг урд хормойгоо хойд хормойгоор нь нөхсөн. Тэгээд зарцуулж байгаа мөнгө нь улам л нэмэгдээд байгаа юм. Агаарын бохирдлоос улбаалаад жилд дунджаар 1400-4000 орчим хүн амь насаа алддаг. Тэрний 15 хувь нь хүүхэд гээд, 50 хувь нь утаанаас улбаатай гээд л ДЭМБ-ийн судалгаа гараад байгаа байхгүй юу. Хоёрдугаарт, энэ түлж байгаа шахмал түлш, барьцалдуулагч гэдэг нь хүний биед ямар ч хоргүй гэдгээ бичгээр авъя. Би тэр лабораторийн шинжилгээний дүгнэлтийг нь бичгээр авъя. Танаас дараа нь гаргуулаад авах хэрэгтэй байна” гэхэд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “…Улаанбаатар хотын бүх айлыг орон сууцжуулж байж утаанаас бүрэн сална. Одоо бол Улаанбаатар хотын гэр хороололд дунджаар 200 мянган өрх амьдарч байна. Энэ өрхүүдийг орон сууцаар хангахад доор хаяж 50 орчим их наяд төгрөгийн санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. Орон сууцжуулах процесс маань хүн амынхаа өсөлтийг гүйцэхгүй байгаа. Энэ процесс дунд, урт хугацаанд, 10, 15, 20, 30-аад жил үргэлжлэх байх. “…Наана нь яах вэ” гэдэг асуулт үүснэ. “…Газжуулъя” гэтэл Оросоос Хятад руу манай улсаар дамжуулан тавих газын хоолой хамгийн өөдрөгөөр тооцоолоход 2030 оноос нааш ашиглалтад орохгүй. Тэгэхээр бид 2025 онд гэхэд хагас коксын үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан тохиолдолд утааны чанар доор хаяж 50 хувь, магадгүй 60-70 хувь буурах болов уу гэсэн. “…Ингэж түлж үзье, туршиж үзье” гэсэн чинь үгэн дээр зохион байгуулалттай хэд хэдэн хэвлэлийн бүлэглэл ажиллаад ерөнхийдөө унагаах тал руугаа, олон нийтийн санаа бодлыг нөгөө талд нь гаргах гэмт мэдээллийн гэмт халдлагад өртөж байгааг нууцгүй үнэнээ хэлье. Энэ дотор янз янзын л ашиг сонирхолтой улсууд байх шиг байна. Улстөржиж байгаа нэг хэсэг байх гэж бодож байна. Танай намыг ярьж байгаа юм биш, манайд ч иймэрхүү асуудлууд байгаа. Улаанбаатар хотын утаа буурчих юм бол тодорхой бүлэг, Засгийн газар, нам, улс төрийн хүчин, хувь улс төрчид оноо авчхаж магадгүй гээд “…Хийлгэхгүй” гэсэн зохион байгуулалттай бүлэглэлүүд байна. Ийм л сэдэв байгаа юм” гэж хариулсан.

Бүр, УИХ-ын БОХХАА-н 2010 оны зургадугаар сарын 9-ний хурал дээр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “…“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр дээр уул уурхайн баялгаас орж ирсэн маш их хэмжээний орлогыг одоо байгаа төслийг нь баталчихвал маш их хэмжээний орлогыг компаниуд завшихаар болсон байгаа. Түүнийг л болиулах ёстой. Төсөвлөсөн мөнгө бол аймаар. Энэ бол ядуучуудад орон сууцны хороолол барьж өгөх гэж байгаа юм. 70 мянган орон сууцны хороолол шүү, ядуучуудад. Ядуучууд орон сууцанд ороод, орон сууцныхаа мөнгийг төлөхгүй ээ, нураана аа, балгас болгоно оо. Гэмт хэргийн ертөнцийг тэр чигээр нь зохион байгуулалтад оруулж байгаа юм. Энэ бол бусад оронд хийгдээд гашуун зовлонг нь амсчихсан. Ажлын хэсэгт би ороод хэлсэн. Иргэддээ ипотекийн зээл л өгчихье, орон сууцны зээл өгье. Иргэд өөрөө орон сууцаа сонгоод л худалдаад аваг. Төр гэхгүй. Бид нар орон сууцны зээлийн эрхийг л иргэдэд өгч байна, мөнгийг нь л өгч байна. Одоо энэ дээр 8.0 тэрбум ам.доллар төсөвлөсөн байгаа” гэж байлаа.

Энэ мэтээр өчигдрөөс өнөөдрийг хүртэл Монголын төрийн Улаанбаатарын утаатай хэрхэн тэмцсэн түүхийг хураавал гэж хөгийн юм гарч ирнэ. “…Хүрээний бузрыг уудалбал далай” гэдэг шиг л зүйл болно. Гэхдээ энэ удаагийн утааны сонсгол бол тэр бүх “булай”-г ухахгүй шинжтэй. Хөндлөнгөөс тэгж л харагдаж байна.

Гэтэл, энэ Улаанбаатарын утааны асуудал геноцидын үндсэн хэв шинжээ олчихсон. Геноцид нь улс төрийн болон хууль эрх зүйн олон хүчин зүйлтэй холбогддог. Гэхдээ өнөөдрийг хүртэл дэлхий дээрх аймшигт сүйрлүүдийг тодорхойлоход л геноцид гэдэг үгийг ашиглаж байгааг олонтаа сонсдог.  Гэтэл эрдэмтэд энэ нэр томъёог уй гашуу, эсэргүүцлийг илэрхийлэхэд ашиглаж болно гэдэг. Харин одоогоор та бидний хувьд ойлгоход хялбар тодорхойлолт нь Нью-Йоркийн их сургуулийн Хүний эрх, олон улсын хуулийн практикийн профессор Васаки “…Энэ нь аймшигтэй хүчирхийллийн янз бүрийн тохиолдлын орчуулга юм” гэсэн нь болж байна. Ингээд харахаар Улаанбаатарын утаа геноцид мөн үү. Та бодоод өөртөө ч болов хариулаарай.

Ийм учир шалтгаантай байтал утааны сонсгол тун чиг унхиагүй удирдагчтэй, унтаа байдалтай болж байгаа нь гайхал төрүүлээд байгаа юм. Уг нь утааны сонсголыг улс орон даяар өнгөрснөөс өнөөг хүртэл “ухаж”, алдаа оноог нь ил гаргахын зэрэгцээ, буруутай этгээдүүдэд хариуцлага үүрүүлж, хамгийн гол нь ойрын хугацаанд утаанаас салах сайн шийдлийг олох байсан юм. Утааны сонсголын бэлтгэл хийгээд хэлэлцүүлгээс ийм найдвар бараг л үгүй нь харагдав. Тиймээс Монголын төр “...Утаа бол геноцид байсан” гээд шулуухан зарлах буюу хүлээн зөвшөөрөх цаг нь нэгэнт болжээ.

Учир нь утаанд бүрхэгдэж, бүслэгдсэн Улаанбаатарт Монгол Улсын хүн амны талаас илүү нь амьдран суудаг. Хүн бүр ямар нэг байдлаар амь нас, эрүүл мэнд, эдийн засгийн хохирол амсчихсан. Өдөр, цаг, минут, секунд бүрд энэ утаагаар амьсгалж, хэн ч тогтоож чадаагүй хорыг өөртөө шингээсээр байгаа юм. Тэр утгаараа, Улаанбаатарын утааны хохирогч нь Улаанбаатарт амьдран суудаг бүх хүн юм.

Тийм учраас Улаанбаатарт амьдардаг л бол “...Утааны сонсгол надад хамаагүй, улстөрчдийн асуудал” гээд орхимооргүй байгаа юм. Өнөөдөр та өөртөө цаг гаргаж, сэтгэл зовохгүй бол ирээдүй угаартана.

Тиймээс, хэрэв улстөрчид ийм эс үйлдэхүй гаргаж байгаа бол утааны хохирогч болсон Улаанбаатарт амьдардаг иргэн бүхэн анхаарах хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын утаатай хамаатай хүн таны жинхэнэ жагсах, тэмцэх хамгийн чухал сэдэв энэ шүү дээ. Юун цагаан сар…

Эх сурвалж: Б.Гарьд “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайдын томилгоог нөгөөдөр ТББХ, УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ1 цаг 2 минутын өмнөНутгийн захиргааны байгууллагад чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн баталгаажуулж гэрчилгээ гардууллаа2 цаг 31 минутын өмнөУИХ дахь МАН-ын бүлэг Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ2 цаг 34 минутын өмнө"Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна3 цаг 19 минутын өмнөБаруун далай ордыг түшиглэн хэрэгжүүлэх Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулна3 цаг 21 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ3 цаг 23 минутын өмнө“Хүннү хотын эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах төсөл”-ийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулна4 цаг 36 минутын өмнөГ.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох эсэхийг УИХ 20 цагаас хэлэлцэж эхэлнэ4 цаг 39 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурал дээр "Миний карьер дууслаа. Намын даргаа өгнө" гэдгээ мэдэгдэж, Хэнтийнхэн, огцорсон сайд нар, 80-аад оны НАМЗХ-ныхон Г.Тэмүүлэнг дэмжих нэрийдлээр У.Хүрэлсүхийн эсрэг нэгджээ4 цаг 56 минутын өмнөСонгинохайрхан дүүргийн хэмжээнд 12 байршилд 35700 ширхэг гоёлын цэцэг тарьж байна5 цаг 31 минутын өмнөГ.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал орууллаа5 цаг 44 минутын өмнөСэрэмжлүүлэг: Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ6 сар 10. 10:14Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ6 сар 10. 10:08Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар дангаараа засаглаж, бүтцээ багасгаж, төсөвт тодотгол хийнэ гэжээ6 сар 10. 10:01172 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа6 сар 10. 9:05УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 10. 8:52Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан6 сар 10. 8:49“Улаанбаатар биенналь 2025”-ын хүрээнд “Монгол кино өдөрлөг” зохион байгуулж байна6 сар 9. 19:25Төрийн банк “Кинг Тауэр” цахим тооцооны төвийн нээлтээ хийлээ6 сар 9. 19:21Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг МАН-ын бага хурал дэмжлээ6 сар 9. 19:18Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно6 сар 9. 19:04Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бэлтгэсэн хэргийг шүүхэд шилжүүллээ6 сар 9. 18:59Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.5 км авто замыг наймдугаар сард ашиглалтад оруулна6 сар 9. 18:55Г.Занданшатар: Миний үйлдэл үгнээс илүү байх болно6 сар 9. 18:15Т.Даваадалай: ТҮЦ түүхэндээ үүргээ гүйцэтгэсэн. Хотын асуудлыг улстөржүүлж болохгүй6 сар 9. 16:20Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ6 сар 9. 16:17Т.Даваадалай: Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн6 сар 9. 16:12Гэмт хэргийн шинжтэй 121 гомдол, мэдээллийг шалгав6 сар 9. 14:29Хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна6 сар 9. 14:07Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд хийж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна6 сар 9. 14:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.