Золиосны хүүхэд ба буруу гараар орсон өв соёл


2-р сарын 5
9 цаг 08 минут

      “Тавхан үгэндээ танигдаад байна аа” гэж ардын дуунд үгүүлдэгчлэн манай өнөөгийн нийгмийн “нүцгэн” төрхийг “Хаврын морин уралдаан”-ы талаар үүссэн маргаан тун тод харуулав. Мууг өөгшүүлэхэд мунхагуудын оролцоо их гэдгийг харуулж “... өв соёлоо хөгжүүлж байна” гэх башир үгийг даган “зажилж”, шүлсээ үсэргэгчид ч мундахгүй олон болжээ.

Монголын өв соёл, хэлбэрт биш агуулгадаа байдаг

Монголчуудын өв соёлын нэг болох найр наадам, тэр тусмаа эрийн гурван наадам бол хийх ажилгүй уйдаж, цаг нөхцөөх гэсэндээ, эсвэл олны ойворгон дэвэргэн занг хөөргөж байгаад олз ашиг олох гэсэндээ, бие биедээ баярхаж, гайхуулах гэж цугладаг мөрийтэй тоглоомчдын цугларалт биш л дээ. Мал ахуйдаа эрхшээгдэн, нийтийг хамарсан үйл ажиллагаа хомс байсан цаг үеийн, ард иргэдээ баясгаж цэнгүүлэх монгол наадмын цаад үндсэн агуулга зорилго нь нийгмийн харилцаан дахь бие биенээ хүндэтгэх дэг журам, элэгсэг дулаан зөөлөн харилцаа, жудаг ёсыг нийтийн хүрээнд ойлгуулан таниулах, сургаж дадуулах, түүнчлэн өөрсдийн бие, оюуны чадамжаа сорьж тэнсэх, мал аж ахуйн арга ухааны мэдлэгээ хуваалцах, морь малынхаа шандас, чанар чансааг мэдэлцэх, харилцан суралцах, сэлгэн сайжруулах зэрэг нийгмийн харилцааны бусад хэрэгцээ, шаардлага /өнөөгийн үзэсгэлэн худалдаа гэх мэт шиг/, тэр бүхнээс жишиж харагдах сайн сайхан, онцгой авъяас чадварыг харж бахдах, баясан хүндлэх нийтэч зан суртахуун, сэтгэл оюуны төлөвшлийг бүрдүүлэхэд чиглэж ирсэн байдаг.

Товчлон хураангуйлж хэлбэл монгол наадам бол сурган хүмүүжүүлэх ухааны өвөрмөц туршлага, төр ёс, дэг журмыг хүн арддаа эзэмшүүлэх, нийгмийн сэтгэл зүйг зөв төлөвшүүлэхэд чиглэсэн, үл анзаарагдах сургалтын арга хэлбэр, оюуны өндөр соёл байсан юм.

Тухайлбал морь уралдуулахад хүүхдээр унуулдаг байсан нь мал аж ахуйгаа эрхлэх, эдлэх арга чадварт бага балчраас нь хэрхэн сургаж дадуулж буйг харуулах, морь мал нь эзэнтэйгээ хэрхэн ээнэгшин дотносож чадсаныг илтгэх нэг үзүүлэлт байжээ. “Унаган адуу эзнээ орхидоггүй” гэж ярьдгийн учир ч тэр. Тэгэхдээ хүүхэд морь хоёр ижилдэж дассан төдийгөөр ч хүүхдээ уралдаанд оролцуулаад байсангүй.

Тухайн жил, улирал, сар, өдрийн тохироо, уралдах цаг, нарыг шинжиж тохируулж, орон газрын орших эзэд, лус савдгийг ч аргадан баясгаж, сахиус шүтээндээ ч даатгаж, хүүхдийнхээ сүлд хийморийг нь өргөх, амь насыг нь бөхлөх, болгоомж, сэрэмж, хайр энэрлийн “эервүү орон”-г бүтээдэг зан үйлийн соёлыг ч наадмын агуулгаас салгаж ойлгох аргагүй билээ.

Гэтэл манай өнөөгийн маанагууд тэр бүх утга агуулгыг ойлгосонгүй. Өнөөгийн монголын хөдөөд морь унаж, малаа хариулдаг малчин ч ховордож, машин мотоциклоор малаа туудаг, эргүүлдэг болтлоо уламжлалт мал аж ахуйгаасаа холдсоор байна. Морь малаа уналга эдэлгээнд сургах, эмнэг догшиныг номхруулах чадвартай нь ч улам бүр цөөрсөөр байгаа. Өөрөөр хэлбэл хүүхэд битгий хэл томчууд нь ч нийтээрээ морь унахаасаа төсөөрчихөөд байна. Энэ хандлагыг өөрчлөхийн тулд ядахдаа эхлээд насанд хүрэгчиддээ үлгэр жишээ болж уяачид өөрсдөө уясан морио унаад уралдахгүй яасан юм бэ?!

“Алдарт уяач”, “Манлай уяач” гэх мэт элдэв алдар, цол гуншинг бие биедээ өгч, эрлийз хурлийз адууг энд тэндээс авчирч наймаалцдаг, /хоорондоо бас зөрчилддөг/ “... уяачдын холбоо” гэх нэр хаягийн дор бүгсэн, далд эдийн засгийн бүлэглэлүүдийн үйл ажиллагаа малчин уламжлалыг сэргээхэд өчүүхэн ч чиглээгүй, хүүхэд залуусыг мал аж ахуйн уламжлалт арга ухаанд сургаж дадуулахтай ямар ч холбоогүй явж ирснийг мориноосоо холдсон хөдөөгийн малчдын аж байдал тодорхой гэрчилнэ. Гэтэл өөрсдөө зугаацахын тулд хахир хүйтэн хаврын жаварт морь унаж уралдуул! гэж бусдын хүүхдийн амь насыг золиослохыг шаардах нь, зөөлрүүлж хэлэхэд дэндүү хуншгүй зан. Хувийн ашиг завшаан, алдар нэр горилогчдын цэвдэг сэтгэлийн энэ хандлага нь “өв соёл” тээж буй хэрэг биш, буруу гараар оруулан устгаж буй хэрэг билээ. Хот суурин газарт гэдсээ илэн хэвтэгсэд нь зонхилох “...уяачдын” гэх эдгээр бүлэглэл монголын нүүдлийн мал аж ахуйн өв соёлыг тээж түгээх ч гэж юу байх вэ дээ! Эдний үйл ажиллагаа зөвхөн адууг “морин уралдаан” гэх бооцоот тоглоомын хэрэгсэл, цаашлаад мөнгө угаах нэг хэрэгсэл болгон ашиглаж ирсэн гэсэн дүгнэлтийг юм ойлгодог хэн бүхэнд төрүүлдэг нь ч үнэн.

Тэрхүү “бооцоот тоглоом”-оо “монголын өв соёл” гэх нэрээр далдалж, хүүхэд ашиглаж, мөнгө олох гэсэн далд боолчлолын гэмт хэргийн шинжтэй энэ бусармаг сэдлээрээ нийгэмд хэрүүл маргаан үүсгэчихлээ.

Бүр “монголоороо байя” гэх уриатай, “морьтой жагсаал” гэх жүжиг тавин, гал дээр тос нэмж донгиотов. Энэ нь “... Уяачдын холбоо” гэх бүлэглэлтэй өнөөгийн Засгийн Газрын тэргүүн болоод зарим гишүүд, УИХ-ын нэлээн хэдэн гишүүн ашиг сонирхол нэгтэй, нэр холбоотой улс төрийн өнгө аяс холилдсоныг “Ерөнхий сайд тэргүүтэй хурдан удмын адуутай Засгийн газрын гишүүд” ... гэх зэрэг мэдээллүүд илчлэв.  Өнөөгийн ЗГ, УИХ гэгчийн үнэн төрх нь энэ!       

Нийгмийн донгиорол

УИХ, ЗГ-ын гишүүдээсээ эхлээд нийтээрээ хэн нь төрийн ажил хийж, хаана юу ярьж байгаагаа мэдэхээ больчихсон манай өнөөгийн нийгмийн зан төлвийг, хуульчилсан “мангуурал” гэх үү, албан ёсны “донгиорол” гэх үү?!

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хүссэн, хүсээгүй 5-11 сарын хооронд л хурдан морины уралдаан зохион байгуулах

Засгийн газрын тогтоол өнөөдөр хүчингүй болж байна” гэж хэлж гэнэ.

Тогтоолын хугацааг сунгаж, үргэлжлүүлэх нь хэний хийх ёстой ажил юм бэ?!

Сайдын хэлж буй энэ үг угтаа “цаашид үргэлжлүүлэн хүчинтэй байлгахыг бид хүсэхгүй байна” гэсэнтэй утга нэг сонсогдож байгаа биз дээ! Засгийн газар ийнхүү хэрэгжүүлэх ёстой үүрэг хариуцлагаасаа татгалзаж “...хурдан морины уралдааныг хэзээ, хэрхэн зохион байгуулахыг аймаг, орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн холбоод шийдэх” боллоо гэнэ. Харин ЗГ-аас тэдэнд зөвлөмж хүргүүлэх гэнэ. Засаг төрийн үүрэг хариуцлага, эрх мэдэл гэдэг нь гар дамжуулан түгээх эд бараа, өөрсдөө олоод хүрт гээд дунд нь цацдаг өглөгийн идээ биш л дээ. Засгийн газар шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол огцрох ёстой. Гэтэл Төрийн ажлын үүрэг хариуцлага, шийдвэр, хяналт, гүйцэтгэлийн, эрэмбэ, ёс зүй, дэг журмыг зориуд үгүй хийж, хов хэрүүл, дуулиан шуугианаар олон нийтийг талцуулсан маргаан дэгдээж, асуудлыг шийдэлгүй, хариуцах эзэнгүй, хоосон яриа болгон үлдээдэг “төр эзэнгүйдүүлэх” зуршлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамгийн сурцтай гүйцэтгэж ирлээ. Үүний ойрын жишээг УДШ-ээс гаргасан 2025 оны 01 дүгээр сарын27-ны өдрийн мэдэгдлээс харж болно.

Тус мэдэгдэлд “...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаан дээр "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хууль бус газар олголтууд явагдсан, газрын наймааны ард шүүгч нар байна, ...” гэх зэргээр мэдэгдэл хийсэн.

Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах,...холбогдох зөвшөөрлүүдийг Засгийн газрын харьяа агентлаг, яамны эрх мэдэл бүхий албан тушаалтнууд олгодог. ...Бүх шатны Засаг дарга болон сайдыг Монгол Улсын Ерөнхий сайд томилдог бөгөөд Засгийн газрын өөрийнх нь эрх мэдлийн асуудал. Захиргааны хэргийн шүүх нь “газрын наймаачдад хариуцлага тооцох” чиг үүргийг хуулиар хүлээдэггүй бөгөөд шүүн таслах ажиллагаа нь бүхэлдээ Улсын Их Хурлаас баталсан хуулийн дагуу явагддаг. “...захиргааны шүүхийн шүүгч нар авлигад байр авсан” гэх асуудал нь Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийн хүрээнд мөрдөн шалгах байгууллагуудаар шалгагдан тогтоогдох, хуульд заасан зохих журмаар шийдвэрлэгдэх бүрэн боломжтой. “...шүүгчтэй хуйвалдсан СӨХ”, “СӨХ-ны ард байгаа шүүгч” гэх зэргээр тодорхой нэр хаяггүй мэдэгдэл удаа дараа хийж, захиргааны хэргийн шүүхийн хууль ёсны үйл ажиллагааны эсрэг олон нийтийг турхирч байгааг эсэргүүцэж байна" гэжээ.

Тодруулж хэлбэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө томилж, ЗГ-ын байгууллагуудаа авлигач хулгайчдын үүр болгочихоод, түүнийгээ засахын оронд, гудамжны хов шиг юм яриад, ажлаа хийхгүй байна” гэж энэхүү мэдэгдэлд дүгнэжээ.

Ийнхүү өнөөдөр улс нийгмийн амьдралыг шийддэг “эзэн” байхгүй, харин ая тал засдаг төсвийн байгууллага, үүрэггүй албан тушаалтан, хоосон хичээгсдээр Төр гэх данхар бүтэц дүүрч байгаа. Жишээ нь “Хаврын морин уралдаан”-ы асуудлаар монголын ХЭҮК-оос “...энэ тогтоолоо хүчингүй болгосноор хүүхэд нэг дүгээрт байх, хүүхдийн ашиг сонирхлыг дээдлэх зарчмаасаа ухралт хийж байна. ХЭҮК энэ шийдвэрт харамсаж байна. Иймд гаргасан шийдвэрээ эргэн харж, хүүхдэд ээлтэй шийдвэр гаргаасай гэж хүсэж байна” гээд л болоо. Гэтэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хөдөө орон нутгаар “126 гишүүнтэй, таван намын төлөөлөл бүхий шинэ парламент 30 жил гацсан мега төслүүдийн чөдрийг тайллаа” хэмээн “цаасан барилга”-аа магтаж явах жишээтэй.

Нийгмийн хэрүүлийг Төрийн ажил гэж ойлгодог болчихсон иргэд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар өмнөхүүдтэй нь харьцуулахад хамгийн сайн ажиллаж байгаа нь гэж зулгуйдна.

Хулгайчийг хулгайчтай харьцуулж дүгнэдэг сэтгэхүйгээс хулгайгүй амьдрах арга ухаан төрөхгүй л дээ. Төрийн үүрэг хариуцлагыг сайн дурын ажил гэж ойлгодог болтлоо төр улсаа дампууруулж буй нийгмийн энэ эмгэг дэндүү ужгирлаа. Одоо болих цаг болсон юм биш үү! Эрүүл ухаанаар эргэцүүлж, эв нэгдлийг зүгшрүүлсэн, итгэл дүүрэн сайхан амьдрах, намгүй нийгмийн шинэ тогтолцоог, улс үндэстний эрх ашгийг дээдэлсэн, бурууг засаж, зөвийг тэтгэх, үүрэг хариуцлагтай Монгол Төрийг бүтээцгэе ээ! Энэ бүхэн та бидний нийтийн ухамсарт үйл хэрэг шүү дээ!

 

О.Лхагвадорж  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв12 сар 12. 9:27Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно12 сар 12. 9:23Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ12 сар 12. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн12 сар 12. 9:14Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ12 сар 11. 16:01Монголбанк: Тэтгэврийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэхгүй ч хугацааг сунгах боломжтой боллоо12 сар 11. 14:12АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 11. 14:06Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ12 сар 11. 14:02Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү12 сар 11. 12:112025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ12 сар 11. 12:0634 хувь эзэмшилгүйгээр бүх татвараа авахад 80 хувийн ашигтай байна гэдгийг хэлж байжээ12 сар 11. 10:52УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа12 сар 11. 9:47Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө12 сар 11. 9:37“Би чадлаа” гэсэн мэдрэмж хүүхдийн дотоод ертөнцийг хүчтэй болгодог”12 сар 11. 9:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.