УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргаж буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Түүний албан бланк дээр УИХ дахь АН-ын бүлгээс Ж.Баярмаа хамгийн түрүүнд гарын үсгээ зурлаа. “Дахиад гурван гишүүн гарын үсэг зурахаа илэрхийлсэн” гэж Ч.Лодойсамбуу гишүүн цахим хуудаснаа мэдээлэв. Баянгол дүүргийн 22 дугаар хороонд оршин суудаг байсан нэг айлын зургаан хүн угаартаж амиа алдсан эмгэнэлт явдал олон нийтийг эмзэглүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус иргэд Ч.Лодойсамбуугийн улс төрийн акцийг дэмжсэн хэвээр.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатар тэргүүтэй “15 давхрынхан” хөдөлж эхлэв. Сошиал талцал дахин үүсгэж, УИХ дахь Л.Оюун-Эрдэнийн кнопчидыг Ч.Лодойсамбуугийн эсрэг “Татгалзаж байна” чэллэнж өрнүүлэв. УИХ-ын сонгуулийн үеэр “Тооноор ордог” клипний гол дүрд тоглож, “Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив” авсан гэх асуудлаар УИХ-ын гишүүнээс эгүүлэн татагдаж ч мэдэх байдалд ороод буй Э.Болормаа “Татгалзаж байна. Гадны захиалгатай юм шиг сонин үг хэлээр “Ерөнхий сайдыг огцруулъя” гэж өдөр холбогдлоо. “Хэро” Б.Баатар та хоёрын хоорондох асуудал улс оронд огт хамаагүй” гэх үгийг Ч.Лодойсамбууд дайлаа. Э.Болормаагийн хувьд, 2025 оны улсын төсөв хэлэлцэх үеэр Төрийн ордонд сэтгүүлчдэд “Тойргоос сонгогдсон гишүүдэд таван тэрбум төгрөг тусгах гэж байна” гэсэн дуулианы эзэн... Түүний дараа сошиалаас “Пороро” хочтой болсон, “Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт төрийн нууц мэдээлэл задруулсан” гэх ноцтой асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Л.Оюун-Эрдэнэ найздаа тал зассан пост бичив. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дараагийн улаан хамгаалагч нь Харвард төгссөн коммунист залуу О.Батнайрамдал. Тэрбээр “Лодой над руу залгах хэрэггүй..” гэж шогтов. Түүний дараа өмнөх Засгийн газрын үед Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгээр дэд сайд, УИХ-ын гишүүн болсон Б.Уянга мөн л найзыгаа өмөөрч Ч.Лодойсамбуу руу “архирлаа”. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын эрх мэдлээ ашиглан УИХ-д кнопчидоо оруулж ирснийхээ үр дүнг ийм үед гаргалгүй яах вэ. Харин Ерөнхий сайд асан С.Баяр...
“Аль нэг айл гэрийн эмгэнэл дээр өндийж тодрох гэсэн хэнбугай ч миний ясны дургүйг хүргэдэг. Энэ зангаа би нуухгүй яршиг л байна”... Энэ бол Ерөнхий сайд асан С.Баярын твиттер хуудаснаа бичсэн үг. Л.Оюун-Эрдэнийг өмөөрч, “15 давхрынхан”-ы ая таалалд нийцүүлж Ч.Лодойсамбуу руу агсарч бичсэн нь. Эрх баригч намын дарга, Ерөнхий сайд асан тэрбээр өдгөө сошиалынхны хэлдгээр “Хэро” Б.Баатарын “хиамчин” болчихоод байгаа. “Хиамчин” гэдэг сошиал троллууд болон хөлсний армийнхныг хэлдгийг хүн болгон мэдэх болсон цаг. Нэгэн цагт Монголын улс төрийн стратегич хэмээн хэвлэлээр өргөмжлүүлж явсан С.Баяр ингээд Б.Баатарын “хиамчин” болчих гэж... Хоржоонтой ч юм шиг. “Нийслэлчүүдэд тулгамдаж буй гол асуудал утаа. Угаартаж амиа алдсан зургаан хүний асуудалд улстөржих байтугай эсэргүүцлээ илэрхийлэх хэрэгтэй” гэдгийг хашир улстөрч С.Баяр мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч твиттерт шүд зуун бичсэн үг нь жихүүцмээр биш гэж үү.
“С.Баярын үеийн Монголын улс төрийн хар түүх” гэж сэдэв бий. УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэд тухайн үеийн МАХН (МАН)-ын цагаан байрны өмнө эсэргүүцлээ илэрхийлж, өдгөө мөн л “15 давхар”-ын “хиамчид”-ын нэг болсон БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын БЭТ-өөр сая томилогдсон Ж.Батзандан тэргүүтэн залуусыг өдөөн турхирч, эцэст нь таван залуу амь насаа алдсан. Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчид гэмтэж бэртсэн. Энэ үйл явдлын дараа С.Баяр АН-тай хамтарч стандарт бус Засгийн газар байгуулсныг “С.Баяр, Н.Алтанхуяг нар таван хүний амиар сайдын суудал наймаалцлаа” гэж хэвлэлүүд бичиж байв. “Долдугаар сарын 01”-ний хэрэг явдлын дараахан Н.Түвшинбаяр олимпийн аварга болж, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, С.Баяр нар Сүхбаатарын талбайд тэврэлдэж, С.Баяр “Би азтай Ерөнхий сайд” хэмээн хөлчүүрхэн хашгирч байсан нь архив болж үлдсэн. “Долдугаар сарын 01”, таван хүний амь, стандарт бус Засгийн газар, С.Баярын шийдвэр, АН-тай хийсэн тохиролцоо… Энэ түүх нэгийг хэлнэ бус уу.
УИХ-ын 2024 оны сонгуулиар “15 давхрынхан”-ы явуулсан медиа гол сэдэв нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг байлаа. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон этгээдүүдийг хохирогчийн дүрд тоглуулж, олон нийтээс оноо авах гэсэн биш өдөр бүр үзүүлсэн криминал кинонуудаараа үзэгчдийг жигшээсэн гэхэд болно. Тэр үед С.Баяр “Хүний үхлээр улстөржлөө” гэж лав хэлээгүй. Сонгуулийн ялалтаа тэмдэглэж тэр зүгийнхэнтэй зуслан дээрээ party-даж байгаа бичлэгээ цахим орчинд хуваалцсан. Нэгэн цагт Монгол төрийн 03 байсан хүн Л.Оюун-Эрдэнэ болон “15 давхрынхан”-тай чухам юугаар ийнхүү эрх ашиг гагнагдсан нь сонирхолтой л юм. Тэр тусмаа “15 давхрынхан”-ы “Том ах” нь Х.Баттулга байхад шүү дээ. Х.Баттулга Ерөнхийлөгч байх үед С.Баяр шүүхээс ял сонсож, шоронд хоригдож ч байсан удаатай. Харин одоо Х.Баттулгын бригад болох “15 давхрынхан”-ы зараалаар хөдөлдөг хүүхэлдэй болон хувирлаа. “Мардайн ураны ордын асуудлаар оросуудыг мурьж, Тавантолгой орд дээр оросуудаас зугтсан, Н.Энхбаярынхан буюу “Элсний 13”-ыг М.Энхболдыг унагах улс төрдөө ашиглачихаад Ерөнхий сайд болмогцоо бас нүүр буруулсан, Оюутолгойн гэрээг байгуулахын өмнөхөн Ерөнхий сайдын албаа Сү.Батболдод залгамжлуулчихаад хулжин одсон” гэх түүхийн гол дүр С.Баяр “15 давхрынхан”-ын үргээлгийг хийтлээ шалдаа буух гэж…
Д.Болд
Сэтгэгдэл бичих