“Хэро” Б.Баатар пянгаа даадаг л байгаа даа


2-р сарын 11
19 цаг 54 минут

                     Монголын улс төр, энтертайнмент ертөнцөд “Хэр энтертайнмент”-ийн Б.Баатар гэх “Муу ёрын үзэгдэл” тодорсноос хойш багагүй хугацаа өнгөрч байна. Морьтон монголчууд, морин төвөргөөн, нэр алдартай дуучид, бүжигчдийн олноор бялууруулж хийдэг байсан клипүүдээрээ тэр анх үзэгчдэд танигдсан. Харин одоо Б.Баатар бараг л ХААН. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг нь телевизийн зах зээлд брэнд контент болж, хөтлөгч П.Анужин, найруулагч Б.Баатар гэдэг хослолд нэр алдар авчрахын цагт “хөшиг”-ний ардаас Х.Баттулга гарч ирсэн. Х.Баттулга “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр ажиллах болсон цагаас “Хэро энтертайнмент” болон найруулагч Б.Баатар нарын бэлтгэсэн нэвтрүүлгүүдийн хар материалууд цахим орчинд задарч, ихээхэн дуулиан дэгдээж байв. Б.Баатар “Ц.Нямдорж Увсаасаа хүртэл урвасан” хэмээн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт камерын ард тал засан хэлж буй бичлэг ч олны сонорт хүрсэн. Хоржоонтой юм шүү. Улс төрд Х.Баттулга гэдэг “Том ах”-тай, Ц.Нямдорж гэдэг автортой “Шударга 5” тодроход түүний дүү Л.Оюун-Эрдэнэ тэргүүн эгнээнд нь багтсан. Н.Энхбаярт “Увсаасаа урвасан...” хэмээн Б.Баатарын муулж суусан сайд асан Ц.Нямдорж нэгэн цагт төмөр замын асуудлаас болж өвөр зуураа дажин өрнүүлж байсан Х.Баттулгатай хамт Л.Оюун-Эрдэнийг “хөтлөөд” М.Энхболдын хаалгыг балбуулсан гэхээр... Одоо Ц.Нямдорж Л.Оюун-Эрдэнийн улс төрийн сценарийг гаргалцдаг итгэлт ах, МАН-ын даргынх нь зөвлөх юм гэсэн. М.Энхболдыг эрх мэдлийн сэнтийгээс буулгаж, оронд нь Л.Оюун-Эрдэнэд хэмжээлшгүй их эрх мэдлийг олгосон цаг саяхан. Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга болж, “Хэро энтертайнмент”-ийн Б.Баатар монголчуудын оюун санаагаар наадах бүрэн эрх, бүдүүн зүрхтэй маэстро болон хувирсан.

            УИХ-ын 2024 оны сонгууль... Л.Оюун-Эрдэнийн хувьд, намаа сонгуульд ялуулж МАН-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалаа хадгалах чухал тулаан байсан гэдэг нь ойлгомжтой. Тэрбээр нэгэн цагт Б.Баатартай “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг хамтран хийдэг байсан П.Анужинг зүүн бүсэд нэр дэвшүүлсэн ч ялагдсан. Хэдийгээр Л.Оюун-Эрдэнэд П.Анужинг ямар ч хамаагүй аргаар ялуулах хүч, мөнгө, эрх мэдэл байсан ч тэр хүсээгүй юү, П.Анужин өвдөг шороодсон. Харин Б.Баатарын хувьд, дүүгээ сонгуульд ялуулахын тулд ПР-ын хамгийн хар бараан технологийг хэрэглэж, С.Зоригийг хөнөөсөн хэргийг гол зэвсгээ болгон Ц.Элбэгдоржийг ардын дайснаар тодруулсан. С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон этгээдүүдийг нэвтрүүлгийнхээ зочноор урьж, С.Зориг агсны хамтран амьдрагч асан Б.Булганаар анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгүүлж, Ц.Элбэгдоржийн үед шүүхээс ял сонсож байсан хүмүүсээр криминал цуврал хийсэн. Сошиалаар нэг талцал хагарал, эгдүүцэл жихүүцэл, хийрхэл өдөөсөн эдгээр нэвтрүүлэг нь үнэн хэрэгтээ үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд халтай, монголчуудын оюун санаанд сөргөөр нөлөөлөхүйц үр дагавартай байсныг хэрсүү үзэгчид анзаарсан байх. Хууль хэрэгждэг, шударга ёс тогтсон оронд үүнийг гэмт хэрэг гэж үзэн хуулийн хариуцлага тооцох ёстой л доо. Гэвч Л.Оюун-Эрдэнийн цагдаа, АТГ, тагнуул Б.Баатарт хариуцлага тооцох нь байтугай мөнөөх “15 давхар”-т нь дуудагдаж ирцгээдэг биз.    

            УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргав. Сэтгүүл зүйн салбараас парламентад анх удаа сонгогдсон, улс төрийг өмнө нь хөндлөнгөөс харж, сурвалжилж, улстөрчидтэй ярилцлага хийдэг байсан залуугийн хувьд энэ бол хүч тэнцвэргүй тулаан. Ёстой л залуу улстөрчийн эр зоригоор “Улаан бал”-аас өөр зэвсэггүйгээр тэр Үндсэн хуулиар үнэмлэхүй эрх мэдэлтэй, УИХ-д олонхи болсон намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эсрэг хөдөллөө. Л.Оюун-Эрдэнийн мэдэлд тагнуул, АТГ, цагдаа, эрх баригч хүчнийхэн байгаа бол Ч.Лодойсамбуу “Улаан бал”-аас өөр зэвсэггүй. Хувь улстөрчийн хувьд ийм эрсдэлтэй нөхцөлд буй Ч.Лодойсамбуугийн эсрэг “Хэро энтертайнмент”-ийн Б.Баатар тэргүүтэн бригадаараа хөдөлж байна. Д.Энхтүвшин гишүүний ярьсанчлан УИХ-ын гишүүд, сайд, дарга нар очиж чиглэл авдаг “Гэрэгэ тауэр”-ийн 15 давхраас Ч.Лодойсамбууг байж болох муу муухайгаар балбаж байна. Түүнийг улс төрд ч, нийгэмд ч ганцаардуулах, үзэн ядуулах бохир технологийг тэр тауэраас явуулж байна. Эрх мэдэл, их мөнгөний хүчээр тэд аархаж байна. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулахгүйн тулд ард иргэдийн дунд талцал хагарлыг дахин сэдрээлээ.  

            “Л.Оюун-Эрдэнэ унавал энэ гэр бүл маш хүнд хэцүүг туулна. Энэ баталгаатай шүү”... УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө ийн дурдсан. Тэрбээр “Би сэтгүүлч байхдаа Л.Оюун-Эрдэнийн дарамтад янз бүрээр өртөж байсан. Намайг “2028 онд чамд тойрог олдохгүй. Тэр цагт чи гэмт хэрэгтэн болж хувирсан байх болно” гэж сүрдүүлсэн. МАН-ын зарим гишүүн “Чамайг дэмжиж байна. Гэхдээ бид хэрчүүлээд дуусна шүү дээ. Жаахан ажиглая” гэж байна” гэлээ. Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга, Ерөнхий сайд ч үнэндээ Х.Баттулга гэдэг Б.Баатарын “Том ах” МАН-д ч, АН-д ч, Засгийн газарт ч засаглалаа тогтоосныг улстөрчид бүү хэл жирийн иргэд мэддэг болсон цаг. Х.Баттулга УИХ-ын намрын анхны чуулганд ганц ч удаа суухгүй томорч байгаагийн цаана ийм том эрх мэдэл бий. Тиймээс Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарт өөрсдийнхөө эсрэг хөдөлсөн бүхнийг харлуулах байтугай хүч чадал байна. Арилжааны телевизүүдийн хөтөлбөрийг хүссэнээрээ өөрчилж, тархи угаалтынхаа цувралуудыг цацах эрх мэдэл тэдэнд бас байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэвлэл мэдээллийн ажилтнууд Б.Баатарын дохио зангаагаар ажиллаж, сошиал сүлжээ, сэтгүүл зүйн салбарынхан Б.Баатарын мөнгөний өмнө сөхөрч байна. Тэр ч бүү хэл Ерөнхий сайд асан С.Баяр, Р.Амаржаргалаас эхлээд УИХ-ын гишүүд хүртэл Л.Оюун-Эрдэнийг магтан дуулж тал засаж байна. Нэг найруулагчийн өмнө бүгд өвдөг сөхөрч байна шүү дээ. Тэд бүгдийг нь худалдаж авч байна. Нэгэн цагт “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ш.Отгонбилэгийн өрөөний үүдэнд Б.Жаргалсайханаас эхлээд Монголын хамаг том бизнесмэнүүд дугаарладаг байсан шиг, М.Энхболдыг эрх мэдэлтэй байхад Т.Бадамжунайн өрөөний үүдэнд хүний, өөрийн намынхан албан тушаал горилон хүлээж суудаг байсан шиг өдгөө Б.Баатарын оффислодог 15 давхрын өрөөг сахиж байдаг болсон нь нууц биш. Хэнийг албан тушаалд томилж, хэнийг ч хэн ч биш болгохыг тэд шийддэг гэж байгаа. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн эрх мэдлийн тойрогт Б.Баатарын найзууд багтаж,  экс эхнэр нь Кино урлагийн зөвлөлийн дарга, түүний нөхөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх гээд төрийн салаа мөчир бүрийг хэрсэн сүлжээ болтлоо томорлоо. Монголын улс төрд Х.Баттулга гэдэг хүний нөмөрт Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар гэдэг ах дүүс ийнхүү хаанчилж байна. Гэвч юм бүхэн цаг хугацаатай. Л.Оюун-Эрдэнийн эрх мэдэл дуусахын цагт тэдний хувь заяа хэрхэх бол... Иртэй бяртай яваа энэ үедээ хураасан олон дайсныхаа өсөрхөлд тэд хариу барьж чадах хүчтэй хэвээр байна гэж үү... “Авлигын загалмайлсан эцэг” гэгддэг байсан Н.Энхбаяр-ыг хууль хяналтынхан нэг л өглөө “оймсдож” аваачаад хуульд тушаачихсан. Таалалдаа нийцээгүй болгоныг “Хонгил”-оор оруулдаг байсан гэгддэг Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ч ирж чадахгүй байна. Ц.Элбэгдоржийн “сайн дүү” Ч.Сайханбилэг яав. МАН-ын стратегич хэмээн мандан бадарч явсан С.Баяр шоронд орсон. УИХ-ын гишүүн, сайдын суудлаас буудаггүй байсан С.Баярцогт мөн л хар гэрт хоригдож, өнгөрсөн сонгуулиар намаасаа нэр дэвших эрх авч чадаагүй. Эцэст нь бараг бүгд “Махны машин”-даа ийн хэрчүүлдэг. АТГ, цагдаа, ШШГЕГ-аа Хэнтийнхнээр толгойлуулж буй Л.Оюун-Эрдэнийг ч ийм хувь тавилан дайрахыг үгүйсгэхгүй. Тэр цагт “Хэро” Б.Баатар яах бол. “Махны машин”-ы нэг хэсгийг энтертайнмент болгон зүсийг нь хувиргаж яваа Б.Баатарын энэ их мөнгөний эх үүсвэр, далд санхүүжилт ил болбол “15 давхрынхан” бүрэн бүрэлдэхүүнээрээ хуулийн өмнө үнэнээ өчиж л таарна. “Мөнгө мөртэй” гэдэг шүү дээ. “Тамгагүй төр”, элдэв криминал цувралуудынх нь санхүүжилтийн араас хууль хяналтынхан орвол юун Ч.Лодойсамбуугийн түрээсийн төлбөр л болох болов уу. Ерөнхий сайд дүүгийнхээ эрх мэдэлд дулдуйдаж, улс төр, урлаг соёл, хэвлэл мэдээллийнхнийг хүссэнээрээ хөдөлгөж буй Б.Баатар пянгаа даадаг л байгаа даа. Яг одоо түүний эзэмшлийн “15 давхрынхан” сошиал ертөнцөд эрүүл хүн ч галзуурмаар элдэвтэй хар технологио үргэлжлүүлж байна.  

                                                                                                                                                        Ж.Гал



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна4 сар 25. 10:40УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 25. 10:33М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна4 сар 25. 10:29“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна4 сар 25. 10:06“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа4 сар 25. 10:01БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 25. 9:53УИХ-ын чуулган: Гурилын 3 үйлдвэр нийт зах зээлийнхээ 78 хувийг үйлдвэрлэж байна4 сар 24. 17:30“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа4 сар 24. 14:06Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Жэннон Коулинтай уулзав4 сар 24. 14:04Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно4 сар 24. 14:01Д.Амарбаясгалан: Үндэсний үйлдвэрлэлээ л дэмжиж байвал бүтээгдэхүүн үнэтэй байсан ч яахав гэсэн үзлээр хандаж хэрхэвч болохгүй4 сар 24. 13:57БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа4 сар 24. 13:49Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоов4 сар 24. 13:47ТҮЦ-т номын худалдаа эрхэлж байсан 9 иргэн “Номын худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулж эхэллээ4 сар 24. 13:42“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ4 сар 24. 13:39Б.Дөлгөөн: Бонд гаргах нөхцөлийн шалгуурыг бууруулсан нь чухал ач холбогдолтой4 сар 24. 13:05Д.Амарбаясгалан: Импортын гурилын татвар тэглэснээс гурилын үйлдвэрүүд дампуураад дуусаж байгаа гэж ярих нь зохисгүй4 сар 24. 12:11Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно4 сар 24. 12:04УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 24. 12:01“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!4 сар 24. 9:04Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж байна4 сар 24. 8:46УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 24. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.