Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) нь Гэгээн Жүд хүүхдийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллаж, "Хүүхдийн хорт хавдрын эмийн хүртээмжийг дэмжих" санаачилгад 2024 оны тавдугаар сард гарын үсэг зурсан. Тэгвэл энэхүү санаачилга энэ оноос ажил хэрэг болж, ядуу буурай орнуудын хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд нэн шаардлагатай эмийг үнэ төлбөргүй нийлүүлж эхэлснийг ДЭМБ-аас мэдээлжээ.
Туршилтын шатанд нийт зургаан улс руу хүүхдийн хорт хавдрын эмийг нийлүүлэхээс эхний ээлжинд Монгол, Узбекистан улс руу хүүхдийн хорт хавдрын үед хэрэглэдэг нэн шаардлагатай эмүүдийг нийлүүлж эхэлсэн байна. Дараагийн тээвэрлэлтийг Эквадор, Йордан, Балба, Замби улс руу хийхээр төлөвлөжээ. 2025 онд эдгээр улсын хорт хавдартай 5000 орчим хүүхдэд шаардлагатай эмийн эмчилгээг хүргэх аж.
Туршилтын үе шатанд байгаа дээр дурдсан орнуудад хүүхдийн хорт хавдрын эсрэг чанарын баталгаатай эмийг ямар ч үнэ төлбөргүйгээр тасралтгүй нийлүүлэх юм байна. Бага, дунд орлоготой орнуудад (LMICs) хүүхдийн хорт хавдраар эсэн мэнд үлдэх магадлал 30 хувиас бага байдаг нь өндөр орлоготой орнуудынхаас хамаагүй доогуур үзүүлэлт юм. Тиймээс ядуу буурай орнуудад эхлээд хүүхдүүдийн хорт хавдрын эмийг үнэ төлбөргүй нийлүүлж байгаа аж.
"Хүүхдийн хорт хавдрын эмийн хүртээмжийг дэмжих" глобал платформд ойрын 5-7 жилийн хугацаанд 50 улсыг хамруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ хугацаанд хорт хавдраар өвчилсөн 120 000 орчим хүүхдийг эмчлэх эмээр хангах зорилготой бөгөөд үр дүнд хүүхдийн хорт хавдрын нас баралтын түвшинг мэдэгдэхүйц бууруулах юм.
Дэлхий даяар жил бүр 400 мянга орчим хүүхэд хорт хавдраар өвчилдөг байна. Нөөц хязгаарлагдмал орчинд амьдардаг эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь хорт хавдрын эмийг тогтмол авч чадахгүй, эсвэл худалдан авах боломжгүй нөхцөлд байдаг. Эдгээр хүүхдүүдийн 70 хувь нь зохих эмчилгээ хийлгээгүй, эмчилгээ тасалдсан, чанаргүй эм зэрэг хүчин зүйлийн улмаас хорт хавдраар нас бардаг гэсэн судалгаа байдаг аж.
Сэтгэгдэл бичих