Шахмал түлшийг зургаан жилийн өмнө “шахаж” эхлэхэд л зургаан хүн амиа алдаж байв


2-р сарын 18
9 цаг 48 минут

        Удахгүй цагаан сар болно. Урь орно. Утаагаа мартана, хэдүүлээ. Өвөл ирэхгүй юм шиг хэдэн сар явна. Тэгээд хүйтэрнэ. Утаатайгаа золгоно. Дахиад л угаартана. Зарим маань амиа алдана. Улаанбаатарынхан ердөө л ийм эргэлтэд амьдардаг.

Гэхдээ энэ хавар утаагаа ингээд мартмааргүй байгаа юм. Бид мартвал, тэд бас мартчихна. Өвөл болохоор баахан үлгэр ярьсаар байгаад хавартай золгуулна. Тэр хооронд нь өвдөж зовоод, үхэж үрэгдээд л байх болно.

Уг нь Засгийн газар зургаан жилийн өмнө, 2019 онд “..Улаанбаатарыг утаанаас салгана” гээд сүрхий том акц хийсэн. “...Сайжруулсан шахмал түлш” гэх сүрхий нэртэй түлш хийх үйлдвэрийг хүртэл байгуулсан. Өч төчнөөн зардал төрөөс гаргасан. Түүнээс хойш зургаан жилийн дараа, хоёр долоо хоногийн өмнө УИХ-аас Утааны сонсголыг зохион байгууллаа.

Сайндаа биш, утаа тамтгаа алдаад иргэд цахимаар саналаа өгсөөр байгаад тэр сонсголыг хийлгэсэн юм. Утааны сонсгол маш муу болсон. Угаасаа, тийм л зорилготой зохион байгуулаад байх шиг байна лээ. Гэвч нэг ололттой. Зургаан жилийн турш сайжруулсан шахмал түлш гэгчийг хийж тараасан “Тавантолгой түлш” ХХК-ийн ажлыг дүгнэсэн явдал боллоо. Шулуухан хэлэхэд, энэ компанид “шахаа”-наас өөр сайжирсан зүйл алга байв. Тэд түлшээ хийгээд зургаан жил болж байгаа ч хүмүүс илүү угаартаж хордсоор, амиа алдсаар байна. Утааны сонсголыг хийж ядаж байхад нь нэгэн гэр бүл угаартаад амиа алдаж байх жишээтэй.

Ийм эмгэнэлтэй явдал өнөөдөр ч гараад байгаа юм биш л дээ. “Тавантолгой түлш” ХХК-ийг зургаан жилийн өмнө түлшээ хийж эхлэхэд л зургаан хүн түлшинд нь угаартаад амиа алдаж байв.

Сануулахад, энэ явдал 2019 оны намар, аравдугаар сарын 4-9-ний хооронд болсон юм. Аравдугаар сарын 10-ны оройны байдлаар 88 өрхийн 174 иргэн хордсон мэдээллийг холбогдох байгууллагууд өгч байв. Албан бус мэдээллээр, “…10 гаруй хүн нас барсан” ч гэж байлаа. Мөн эмнэлгийн хүлээн авахаар 89 хүн эмчлүүлж, тэдний 10 гаруй нь хэвтэж эмчлүүлж байгааг эх сурвалжууд мэдээлсэн. Тэгэхэд “Тавантолгой түлш”-ийнхэн түлшээ хийж эхлээд удаагүй байв. Дээрх мэдээллийн мөрөөр Засгийн газар, Улаанбаатар хотын Онцгой комисс түргэн авч, тухайн үедээ нэлээд ажил болж байсан юм.

2019 оны аравдугаар сарын 8-наас эхлээд тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналтынхан “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийг битүүмжлэн шалгаж эхэлсэн. Эхний үзлэгээр л тус үйлдвэрээс маш ноцтой зөрчил илэрч байв. Шахмал түлшинд таван төрлийн хольц орцыг өөрчилсөн нь ил болж байв.

Түүнээс гадна, 2019 оны наймдугаар сард холбогдох байгууллагаас албаны бөгөөд нууцын зэрэгтэйгээр “Тавантолгой түлш” ХХК-ийн дөрвөн шуудай шахмал түлшийг Оросын лабораторид шинжлүүлжээ. Шинжилгээний хариугаар уг түлшнээс шоргоолжны хүчил гэдэг бодис илэрсэн байна. Түлшийг 5-6 цаг ноцоох үед шоргоолжны хүчил хэмээх бодис нь их хэмжээгээр ялгарч байгааг шинжилгээгээр тогтоосон гэдэг. Энэ нь, “…Шахмал түлшний барьцалдуулагчид шоргоолжны хүчил агуулагдаж байж болзошгүй бөгөөд шоргоолжны хүчил нь угаарын хийтэй хавсарвал хүнийг шууд үхэлд хүргэх аюултай” гэсэн талаарх мэдээлэл яригдсан. Хамгийн гол нь, Оросын тэрхүү лабораториас манай шахмал түлшийг шинжлээд “…Дахин нарийвчилсан шинжилгээнд хамруулах шаардлагатай” гэсэн зөвлөмжийг өгсөн гэдэг юм.

Тэр үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийнхан сандарч гарч ирээд хэвлэлийн бага хурал хийж байв.  Тус компанийн захирал М.Ганбаатар, ерөнхий инженер Ж.Батбаяр, Байгаль орчны асуудал хариуцсан зөвлөх С.Мөнхсайхан нар оролцсон. Тэгэхэд М.Ганбаатар “…Угаарын хийд хордох үзэгдэл өмнөх жилүүдэд байсан уу гэвэл байсан. Олон мянган хүн зөвшөөрөлгүй уурхайд нүүрс олборлож, амь насаа алддаг. Олон мянган хүн нүүрсний хорт хийд угаартдаг. Нийслэлийн 1.5 сая иргэн утаанд хордож, багтраа өвчнөөр өвчилдөг .Энэ байдлаас салах, хорт утаанаас салах  ажлыг манай компани эхлүүлж хийж байна. Бид ингэж бодож, ажиллаж байгаа. Манай хамт олон стандартын төвшинд үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын 2014 онд баталсан стандарт бий, үүний дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлсэн. 2019 онд энэ стандарт шинэчлэгдсэн. Үүнтэй холбогдуулан үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулаад ажиллаж байна. Монголчууд агаарын бохирдлын эсрэг шийдэл хайж 30-40 жил ажилласан. Өнөөдөр энэ түлш хэрэглээнд гарч хэрэгжээд явж байна. Үүнийг дагаад олон эрсдэл гарч байна. Үүнийг шийдэж, ажлаа зохион байгуулж, бэрхшээлийг давж гарах шаардлага бидэнд тулгарч байгааг юуны өмнө мэдэгдье” гэж байв.

Ерөнхий инженер Ж.Батбаяр нь “…Агаарын бохирдол идэвхждэг утааны улирал эхэлж байна. Үүний зэрэгцээ жил шахам ажиллаж ирсэн Тавантолгой түлш компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрч эхэлсэн. Гэвч энэ үеэр хэвлэл, мэдээллийн байгууллагуудын ташаа мэдээлэл гарах боллоо. Мөн зарим хүмүүсийн санаатай үйлдлээс болж ийм мэдээлэл гарч байна. Би нүүрсний чиглэлээр 30 гаруй жил ажилласан. Одоо “Тавантолгой түлш” ХХК-д ерөнхий инженерээр ажилладаг. Бидний хэрэглэж буй баталгаат технологи 20 жилийн хөдөлмөрийн үр дүнд, олон эрдэмтэн, судлаачийн судалгаанд үндэслэж бий болсон. Бид энэ компанийг байгуулсны дараа шинэ технологийг оруулж ирж, ЭХЯ-ны Шинжлэх ухаан, техникийн хурлаар оруулан орц найрлагыг баталгаажуулж авсан. Ингээд Монголын тэргүүлэх эрдэмтдийн хамт түлшээ үйлдвэрлэлд  туршин нэвтрүүлсэн. Туршилтыг СХД-ийн 28 дугаар хороонд бүтэн жилийн турш хийсэн. Үүний дүнд түлшний чанар найдвартай, баталгаатай гэдэг үндэслэлүүдийг гаргасан. Олон улсын магадлан итгэмжлэгдсэн лабораториудад шинжлүүлж дүгнэлт гаргуулсан. Монгол Улсын Геологийн төв лаборатори, АМГТГ-ын лаборатори, ЭСЖС олон улсын лаборатори дүгнэлт гаргасан. Мөн бүх станц дүгнэлт гаргасан. Нүүрсний үйрмэгийг барьцалдуулагч бодисын тухайд байгалийн энгийн шавар, эрдэнэшишийн цардуулыг ашигласан. Эдгээр нь цэвэр эко бүтээгдэхүүн юм. Түлшний РМ 2.5 байгаа. Энэ түлшийг ямар ч төрлийн зууханд түлэх боломжтой” гэж байв. 

Тэгвэл, ердөө хоёр долоо хоногийн өмнө УИХ-аас зохион байгуулсан Утааны сонсголын үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийн одоогийн ерөнхий инженер Д.Өлзийбат “…Манай компани 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл “Энержи ресурс”-ийн Ухаа худагийн угаан баяжуулах үйлдвэрээс баяжуулсан нүүрсний завсрын бүтээгдэхүүн болох мидлингийг авч ашиглаж байна. 2024 оны наймдугаар сар хүртэл бидний авч ашигласан мидлингийн дэгдэмхий бодисын гарц ерөнхийдөө стандартынхаа шаардлагыг хангаж байсан. Гэвч аравдугаар сараас нийлүүлсэн мидлинг 3-4 нэгжээр нэмэгдсэн. Шахмал түлшний стандарт 22 хувийн дэгдэмхий гарцтай бол түүхий эд маань 22 болж ирсэн. Энэ талаар холбогдох байгууллагуудад нь мэдээлээд арваннэгдүгээр сараас шинэчилсэн гэрээ хийсэн. Түүний дагуу нийлүүлж байгаа мидлингийн дэгдэмхий бодисын гарц бол 18-19 хувьтай буюу өнөөдрийн шахмал түлш үйлдвэрлэж байгаа түүхий эдийн шаардлагыг хангаад явж байгаа. Манай компани 2023 онд дэргэдээ лабораторитой болсон. Энэ лабораторид өдөр тутамдаа шахмал түлшний болон бүтээгдэхүүнийхээ чанарын шинжилгээг хийж борлуулалтад гаргадаг. Мөн хөндлөнгийн итгэмжлэгдсэн байгууллагуудаар сардаа 1-2 удаа дээж өгч шинжилгээ өгдөг. Бас байгаль орчны улсын байцаагч төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар сард 1- 2 удаа дээж авч шинжилгээнд өгдөг. Бид зөвхөн дотооддоо өгөөд зогсохгүй гадагшаа дээжээ явуулж бас шинжилгээнд өгсөн. Ингэхээр бид дээжийг зөвхөн дотоод гэхгүй өөрийн лаборатори, хөндлөнгийн лаборатори, гаднын лабораториудаар шинжилгээ хийлгэж үр дүнгээ гаргадаг” гэж байна.

Нэг үгээр хэлбэл, “Тавантолгой түлш” ХХК-ийнхан 2019 онд анх түлшээ “шахаж” эхлэхдээ, 2024 онд олон нийтийн шахалтаар Утааны сонсголд оролцохдоо нэг зүйлийг хэлж байна. “…Улаанбаатарчууд угаартаж хордоод, амиа алдаад байгаа нь биднээс болоогүй” гэсэн агуулгатай тайлбарыг л хийж байна.

Гэтэл ЭМЯ-наас 2005 оны хоёрдугаар сарын 3-нд албан ёсоор мэдээлэхдээ “…2017-2024 онд 11786 хүн угаартсан тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 2024 оны байдлаар угаартаж тусламж үйлчилгээ авсан 2662 хүн, орон нутагт 117 хүн байна. 2017-2024 оны хооронд угаартаж нас барсан иргэдийн тоо нийтдээ 137, орон нутагт 21, хаяг нь тодорхойгүйгээр нас барсан тав, ингээд 163 байгаа юм. Тэгэхдээ энэ мэдээлэл манай эрүүл мэндийн байгууллага дээр эмнэлгээр үйлчлүүлж, эмнэлэгт нас барсан иргэдийнх, цагдаагийн байгууллага, Шүүх шинжилгээний мэдээллийн төвийнхөөс зөрөөд байдаг. Дээрээс нь 2025 оны нэгдүгээр сарын 1-30-ны хооронд 368 хүн угаар, угаарын хийн хордлогоос эмнэлгийн тусламж авсан. 322 хүн эмнэлгийн тусламж аваад буцсан. Хэвтэн эмчлүүлж байсан 33 хүн эдгэрч гарсан. Одоо хэвтэн эмчлүүлж байгаа зургаан хүн байна. Мөн энэ хугацаанд долоон хүн нас барсан” гэв.

Харин ХЭҮК-ын 23 дахь илтгэлд “…Комисс сүүлийн гурван жилийн байдлаар иргэдээс эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбоотой нийт 100 гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэснээс сайжруулсан түлштэй холбоотой 12 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.

…Түүнээс гадна сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс шалтгаалж угаарын хийд хордох, угаартаж нас барах тохиолдол жил бүр өссөөр байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд сүүлийн долоон жилийн хугацаанд бүртгэгдсэн угаарын цочмог хордлого нь 9009 тохиолдол бүртгэгдсэн байна. Тандалтын тоон мэдээг харахад жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна.

НЭМҮТ-ийн тандалтын мэдээллээр 2017-2023 оны байдлаар 103 нас баралтын тохиолдол бүртгэгдсэн байна” гэжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “…Өвлийн улирлын агаарын чанарын найрлага дахь РМ10, РМ2.5, CO, SO2 хэмжээ нэмэгдэхэд ураг аяндаа зулбалтын давтамж нэмэгдэж, үр хөврөл бүрэлдэх байдал буурах хандлага ажиглагдсан”, “…Монгол Улсад агаарын бохирдлын эрсдэлт хүчин зүйлийн нөлөөгөөр уушгины хавдрын өвчлөл жилээс жилд тогтвортой нэмэгдэж байна. Олон улсад хийгдсэн судалгаагаар түүхий нүүрсний хэрэглээний улмаас уушгины хавдар өвчний тохиолдлыг нэмэгдүүлж байгааг тогтоосон”, “…Нүүрсний хэрэглээ нь элэгний хавдарт нөлөөлж байгаа нотолгоо гарч эхэллээ. Энэ бол маш ноцтой дүгнэлт. Үр хөврөл бүрэлдэх байдал 11-12 дугаар саруудад буурах хандлага ажиглагдсан. Энэ бол маш том аюул. Энд Монгол Улсын иргэн болж төрөх ёстой байсан хэдэн мянган хүний амь нас төрөөгүйгээс сүйдэж байна” гэсэн ноцтой мэдээллүүдийг олон нийтэд сонсголоо. Энэ мэтээр зургаан жилийн өмнө анх түлш үйлдвэрлэж эхлэхэд л хүний амь эрсдэж байсан нь өнөөг хүртэл хэвээрээ, харин ч нэмэгдсэн байдалтай болоод байна. Гэтэл нөгөөх “Тавантолгой түлш” ХХК-ийнхан “...Манай түлшнээс болох ямар ч боломжгүй” гээд бардам хэлж чадахгүй л сууж байна. Тиймээс Засгийн газар, саяхнаас энэ компанийг мэдэлдээ авсан Хотын удирдлагууд хүний амь хохирсоор байгаа энэ эрсдэл дээр “фокус”-лаж нэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болж байгаа юм. Наад зах нь, одоогийн үйлдвэрлэж байгаагааы жинхэнээсээ сайжруулсан түлшээр солих хэрэгцээ үүсээд байна.

Эх сурвалж: Б.Гарьд “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайдын томилгоог нөгөөдөр ТББХ, УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ30 минут 41 секундын өмнөНутгийн захиргааны байгууллагад чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн баталгаажуулж гэрчилгээ гардууллаа2 цагийн өмнөУИХ дахь МАН-ын бүлэг Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ2 цаг 4 минутын өмнө"Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна2 цаг 48 минутын өмнөБаруун далай ордыг түшиглэн хэрэгжүүлэх Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулна2 цаг 50 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2 цаг 52 минутын өмнө“Хүннү хотын эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах төсөл”-ийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулна4 цаг 6 минутын өмнөГ.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох эсэхийг УИХ 20 цагаас хэлэлцэж эхэлнэ4 цаг 8 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурал дээр "Миний карьер дууслаа. Намын даргаа өгнө" гэдгээ мэдэгдэж, Хэнтийнхэн, огцорсон сайд нар, 80-аад оны НАМЗХ-ныхон Г.Тэмүүлэнг дэмжих нэрийдлээр У.Хүрэлсүхийн эсрэг нэгджээ4 цаг 25 минутын өмнөСонгинохайрхан дүүргийн хэмжээнд 12 байршилд 35700 ширхэг гоёлын цэцэг тарьж байна5 цагийн өмнөГ.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал орууллаа5 цаг 14 минутын өмнөСэрэмжлүүлэг: Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ6 сар 10. 10:14Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ6 сар 10. 10:08Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар дангаараа засаглаж, бүтцээ багасгаж, төсөвт тодотгол хийнэ гэжээ6 сар 10. 10:01172 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа6 сар 10. 9:05УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 10. 8:52Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан6 сар 10. 8:49“Улаанбаатар биенналь 2025”-ын хүрээнд “Монгол кино өдөрлөг” зохион байгуулж байна6 сар 9. 19:25Төрийн банк “Кинг Тауэр” цахим тооцооны төвийн нээлтээ хийлээ6 сар 9. 19:21Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг МАН-ын бага хурал дэмжлээ6 сар 9. 19:18Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно6 сар 9. 19:04Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бэлтгэсэн хэргийг шүүхэд шилжүүллээ6 сар 9. 18:59Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.5 км авто замыг наймдугаар сард ашиглалтад оруулна6 сар 9. 18:55Г.Занданшатар: Миний үйлдэл үгнээс илүү байх болно6 сар 9. 18:15Т.Даваадалай: ТҮЦ түүхэндээ үүргээ гүйцэтгэсэн. Хотын асуудлыг улстөржүүлж болохгүй6 сар 9. 16:20Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ6 сар 9. 16:17Т.Даваадалай: Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн6 сар 9. 16:12Гэмт хэргийн шинжтэй 121 гомдол, мэдээллийг шалгав6 сар 9. 14:29Хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна6 сар 9. 14:07Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд хийж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна6 сар 9. 14:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.