Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр (2025.02.19) сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Хувийн компани гүйцэтгэх ажил явуулж болохгүй. MCS группийн хамгаалалтыг хариуцдаг хурандаа З.Төрмандах нарын хүмүүсийг саатуулсан нь үнэн" гэж хариулсан.
"Монгол Вагнер" буюу "Хөлсний арми"-ийн удирдагчдын нэгээр тодроод буй хурандаа З.Төрмандах 2009 онд нэгэн сайтад С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ярьж байжээ. Түүнийг С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж байсан хүмүүсийн нэг гэдэг.
Цэргийн алба хаах гээд ганцаараа онгоцоор очиж байлаа
-Юуны өмнө танд докторын зэрэг хамгаалсанд чинь баяр хүргэе?
-Баярлалаа. Хууль зүйн докторын зэрэг горилж хамгаалсан.
-Цагдаагийн байгууллагад орох болсон талаар тань яриагаа эхлэх үү. Хэн нэг хүний нөлөөгөөр энэ байгууллагад орсон уу?
-Манайд цагдаа байтугай хуулийн чиглэлээр ажилладаг хүн байгаагүй юм. Аавын талын холын хамаатан Шүрэнцэцэг гэдэг ахмад Дарханы Цагдаагийн газар ажилладаг байлаа. Хэн нэгэн энэ мэргэжлийг сонгохыг зөвлөөгүй. Аав маань Завхан аймгийн уугуул Л.Заяатхүү гэж хүн байсан. Би Улаанбаатар хотод төрсөн. 33 дугаар дунд сургуулийг 1983 онд төгссөн. Тухайн үеийн НАХЯ өөрийн боловсон хүчнээ бэлдэхийн тулд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас санал авдаг байлаа. Би компьютерийн чиглэлээр суръя гээд өргөдөл гаргачихдаг юм. Гэтэл сургуулийн урилга дээр өөр нэг даргын хүүхэд явчихсан. Тэгээд оронд нь ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академид сурахаар болсон.
-Таныг сургуулиа төгсөж байхад компьютер байсан уу. Тэр чиглэлээр суралцах хүсэлтэй байсныг бодоход техник сэтгэлгээ сайтай байж дээ?
-Тухайн үед Монголд компьютер байгаагүй. Гэхдээ хэвлэлүүдээр ирэх зуун мэдээллийн зуун болно гэж бичдэг байлаа. Тэгээд л энэ чиглэлээр сурвал илүү амжилтад хүрнэ гэж бодсон. Аав маань жолооч, ээж маань худалдагч байсан болохоор надад тэр сургууль нь олдоогүй л дээ.
-Тэгээд ялгаагүй л Москва явах болж дээ?
-Үзэл суртлаас болдог байсан уу, гадаадад сургуульд явах гэж байгаа залуус цэргийн алба хаасан байх шаардлагатай байсан. Тэр шаардлагын дагуу Дорнод аймгийн Авдар хараатын заставт алба хаахаар болсон. Цэргийн алба хааснаар эх оронч сэтгэлээ төлөвшдөг, бие даах чадвартай болдог давуу талтай юм билээ. Цэрэг татлага явагдаад өнгөрчихсөн болохоор ганцаараа онгоцонд суугаад очиж байлаа.
-Хотын хүүд хөдөө, тэр тусмаа хил дээр очиход орчин нөхцөл солигдоод хэцүү байв уу?
-Нэг ертөнцөөс огт өөр ертөнцөд очиж байгаа юм. Орчин, нөхцөл өөрчлөгдөхөөр хэцүү гэхээсээ илүүтэй сонирхолтой байсан. Би волейболл, сагс тоглодог. Гармон хөгжим оролдоно. Сурсан жаахан авьяас маань өөрийгөө таниулахад, байр сууриа олоход эерэгээр нөлөөлсөн.
-Сурагчийн ширээнээс хилийн манаанд явахаар сонин санагдаж байна шүү?
-Очсон даруйдаа хилийн манаанд гарсан. 70 гаруй км газар 2-3 өдөр мориор явна. Эхэн үедээ хэнээс, юунаас, яах гэж хамгаалаад байгаагаа мэдэхгүй л явна шүү дээ. Гэхдээ цэргийн амьдрал бүгдийг төлөвшүүлдэг. Авдар хараатын застав Манжуурын худалдааны зам дээр байрлана. Тухайн үед хил тайван байгаагүй. Гурвуулаа хилийн манаанд явж байгаад хил дагуу хятадын талаас цэрэг, техник төвлөруулж байгааг хардаг юм.
Гурвуулангийнх нь хувьд анхны тохиолдол. Тэгээд нэгийгээ застав руу явуулах болсон. Бага дарга тушаал гаргаад нөгөө байлдагчийг явуулах боллоо. Намайг хотоос ирсэн болохоор газар орон нутгийн баримжаа авахдаа муу, төөрч мэднэ гээд үлдээсэн. Застав руу явах цэрэг маань магазинаа үлдээж байгаа юм. Хэн хэнийх нь санаанд явсан нь амь гарч, үлдсэн хоёрт нь үхэхээс өөр зам байхгүй гэсэн бодол байсан. Өнөөхөө явуулчихаад араас нэмэлт хүч иртэл гурав хоног хэвтсэн. Хятадуудын цэргийн үйл ажиллагааг хараад л. Тухайн үед хятадуудад хилийн дагуу цэргийн сургууль хийдэг байсан юм. Түүнтэй нь таарч л дээ. Хил дээр шуурга тавиад чонын үүрэнд унтаж амь гарч билээ.
-Хилийн цэрэгт адал явдлаар дүүрэн байжээ. Цэргийн албыг гурван жил хаасан уу?
-Үгүй ээ. Нэг жил хаасан. Гадагшаа сургуульд явах бусад цэргүүдтэй хамт цэргийн зориулалттай онгоцоор хотод ирсэн.
Би "Динамо"-гийн легионер
-Дорнын талаас "алтан" Москваг зорьжээ. Дахиад л өөр ертөнцөд буучихсан уу?
-Тийм, шинэ орчин нөхцөлд дасан зохицох хэрэг гарсан.
-Хил дээр хэрэг болсон авьяас Оросод очиход бас л тус болсон уу?
-Би волейболлын "Динамо" багт холбогчоор тоглодог байсан. Магадгүй Оросын волейболлын багт легионероор тоглосон цорын ганц тоглогч ч байж мэднэ.
-Танай багийн амжилт хэр байсан юм бэ?
-Тухайн үедээ ЗХУ-ын номер нэг баг байсан. Одоо ч гэсэн лидер багийн тоонд ордог.
-Таныг хууль эрхзүйн мэдлэгээс гадна банк, санхүүгийн өргөн мэдлэг шаарддаг өвөрмөц мэргэжил эзэмшсэн гэдэг. Энэ мэргэжлийг өөрөө сонгосон уу?
-ДЯЯ-ны Академи нь Эрүү, Эдийн засгийн чиглэлээр сургадаг байсан. Цагдаа олон чиглэлээр мэргэшдэг. Миний хувьд зааж зөвлөх хүн байсангүй. Тэгээд л энэ чиглэлээр суралцсан юм.
-Эдийн засгийн эсрэг хэрэг дээр ажиллаж үзсэн үү?
-Ганцхан удаа Кино үйлдвэрийн санхүүг шалгаж байсан юм. Тэдний санхүүтэй холбоотой баримт бичгийг "Фургон" машинаар гурван удаа зөөсөн. Тэгээд өнөөх гурван машин цаасыг үзэж амжаагүй ээ. Дадлагын оюутан учрыг нь ч ойлгоогүй биз.
-Сургуулиа төгссөн шинэхэн офицер хаана хуваарилагдсан бэ?
-Говь-Алтай аймагт хэсгийн төлөөлөгчөөр явах болдог юм. Хамаг юмаа бэлдчихсэн. Амгаланд байх хангалтаас хувцас формоо авчихлаа. Гэтэл нэг албан тушаалтан надад "Чи сурлага муутай болохоор сургуулиа төгсөөгүй, архи уудаг байсан тул чамайг хөдөө цөлж байгаа" гэдэг юм.
Тухайн үедээ тэр хүнд юу ч хариулж чадаагүй. Үнэндээ бол би бүх хичээлээ онц дүнтэй төгссөн. Сургууль төгссөн гэрчилгээнээс гадна тусгай дипломтой ирж байсан. Архи уухын тухайд спорт хөөгөөд жилдээ нэг л удаа баяр ёслолоор амсвал амсдаг байсан юм. Тэгээд удирдах албан тушаалтнуудад хандаж өргөдөл гаргасан. Өөрийнхөө дүнгийн хавтгайг сургууль төгссөн гэрчилгээний хамт хуулбарлаж тавиад өргөдөлдөө хавсаргачихсан. 1989 онд цаг хатуу намын тогтолцоо бүхнийг шийддэг үед энэ нь асуудал хаашаа ч эргэж мэдэхээр эрсдэлтэй байсан. Тэгээд Говь-Алтай явахаа болиод нэг сарын турш ажилгүй байсан. Бухимдлаа тайлахын хажуугаар, зүгээр суухгүйн тулд "Газ-69" машин угсарсан. Кузев, араамыг нь хог дээрээс эвлүүлээд, бусад эд ангийг нь зах дээрээс худалдаж авсан.
-Ажлын талбарт анх хөл тавих үед тань цаг үе хэцүү байсан даа?
-Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст жил ажиллахдаа гуравхан өдөр гэртээ хоносон байдаг юм. Зөөлөн орон дээр унтахаар нуруу хөшиж өвдөнө. Ширээ, шалан дээр унтаад сурчихдаг юм билээ. Харин энэ хугацаанд хүүхдүүд маань их хурдан том болсон шүү. Нэг ирэхэд л ихээ том болчихсон байдаг байлаа.
-Жилдээ гуравхан удаа гэртээ хонодог нөхөртэй гэрийн эзэгтэйг хэн гэдэг вэ. Амаргүй л байсан байх даа?
-Манай хүнийг Солонгоо гэдэг. Инженер бүсгүй бий. Хоёр хүү, нэг охины маань ээж. Цагдаагийн ажилтны гэр бүл байх хэцүү. Тэвчээртэй, хүлээцтэй байж л тэр бүхнийг давна.
- 24-хөн насандаа Эрүүгийн хэлтсийг толгойлсон гэл үү?
-"Улаанбаатарыг донсолгосон шөнө" гээд нийтлэл төвийн хэвлэл дээр гарч байсныг зарим хүн санаж байгаа байх. Ганцхан өдөр 13 хүнийг хутгалсан этгээдүүдийг олж саатуулах болдог юм. Манай зургаан төлөөлөгч нэг өрөөнд суудаг байсан. Нэгний маань найз гадаадаас ирээд "Напелеон" шарз задалдаг юм. Тухайн үед энэ шарз хэн бүхэнд олдоод байдаггүй. Шилийг нь бурханд тавих нь халаг байлаа. Бид сонирхоод бөглөөгөөр нэг нэг удаа тойруулаад амсахаар болдог юм. Эхний хүн амсаж байтал "Ялалт" кино театрын очимд хүн хутгалууллаа гэсэн дуудлага ирсэн. Шарз дараагийн хүнд очиж байхад л өөр нэг дуудлага ирлээ. Хутгалсан этгээдийн шинж тэмдэг өмнөхтэй яг адилхан. Өнөөх "Напелеон"-оо бүгдээрээ байж байгаад хурдхан амсчих гээд байдаг. Гэтэл тойруулж амжаагүй байхад л хэд хэдэн дуудлага өөр өөр газраас ирдэг юм. Өнөөхөө тойруулж ч амжилгүй мэдээллийн дагуу бүгдээрээ тус тусдаа гарлаа. Би "Ялалт"-аас Ногооннуурын чиглэл рүү явлаа. Дэнжийн 1000-д байх хашаанд сэжиг бүхий гурван залуу орчихдог юм. Тэр үед богино долгионы станц байсангүй. Нэмэлт хүч дуудаж чаддаггүй. Шийдчихсэн гурван залуу руу яваад орох зориг хүрдэггүй. Тэгээд гаднаас нь ажиглалт хийх боллоо. Ацтай шонгийн мод налаад зогсож байсан. Нэг мэдсэн унтчихаж, нөгөөдүүл ч тэр хойгуур гараад явчихсан. Үүрээр Хотын цагдаагийн даргаас тэднийг өдөртөө багтааж баривчлах тушаал авлаа. Тэгээд мэдээлэл
цуглуулаад гурван цагийн дараа барьж билээ. Олон жил шоронд орсон этгээд өөр хоёр залуутай хамт хайчны гуяыг салгаж барчихаад таарсан хүн болгоныг хутгалаад байж. Тэр хэрэг дээр ажилласан хүн бүр цол ахисан. Би ЦЕГ-ын Эрүүгийн хэлтсийн дарга болсон юм.
-Тухайн үед дуулиантай, олныг сэртхийлгэсэн хэргүүд их гардаг байсан?
-Эрүүгийн нөхцөл хүнд байсан тул бүх хэргийг биш ноцтой хэргүүдэд цохилт өгье гэсэн зорилготой ажиллаж байсан. Д.Мөрөн, И.Дулаанжаргал, Жамьяансэнгээ (талийгаач), Базаргүр нарын хурандаа нартай ажиллаж байлаа. Хүнийг санаатай алах гэмт хэрэг илрүүлэх тал дээр ажиллаж, туршлагжсан энэ хүмүүсээс их зүйл сурдаг байлаа. Өдөрт 5-6 удаа задланд ордог Шүүх эмнэлгийн задлангийн өрөөнд өнждөг мөрдөгч нар ч байсан. Хэрэг шалгадаг хүмүүс нэг талаас түүх бүтээдэг юм. Цаг үед болсон үнэн нөхцөл байдлыг олж илрүүлж, үнэ-ний түүхийг бүтээдэг.
Хэрэг илрээгүй бол үлдсэн хүүхдүүдийн амьдрал өөрөөр эргэх байсан гэж харамсдаг
-Таныг Монголын цагдааг Интерполд элсүүлэх ажлыг гардаж хийсэн гэдэг. Энэ үнэн үү?
-Талийгаач Жамьяансэнгээ хурандаа Монголын цагдааг олон улсын байгууллагад элсүүлэх шаардлагатайг анзаарсан. Тухайн үеийн эрүүгийн нөхцөл Интерполд элсэх зайлшгүй шаардлагатайг харуулж байсан. Мөн олон улсын цагдаагийн байгууллагаас туршлага хуримтлуулах шаардлага байлаа. 1991 онд ЦЕГ-ын дарга Пүрэв генерал бид хоёр Урагвай улсад болсон Интерполын нэгдсэн хуралдаанд оролцож тус байгууллагад Монголын цагдааг элсүүлсэн юм.
-Хурандаа хэмээх эрхэм цол санаанд чинь байв уу. Энэ цолыг хэзээ авсан бэ?
-Цагдаа хүчний байгууллагад цол ахина гэдэг амаргүй байдаг. Тодорхой хугацаа байдаг. Гэтэл энэ хугацаанд ажлын үр дүн муу байвал цол ахидаггүй. Миний хувьд хугацаагаар цол авч үзээгүй. Дандаа шагналаар авч байсан. Би илрүүлсэн хэргээ бүртгэдэг байсан юм. Өнгөрсөн хуга-цаанд би бие даан хүнийг санаатай алсан 28 хэргийг илрүүлсэн. Бусадтай хамтран 1990-2000 он хүртэл Монгол Улсын хэмжээнд үйлдэгдсэн хүнийг санаатай алах бүхий л гэмт хэрэг дээр ажиллалаа.
-Энэ хэргийг илрүүлэхгүй байсан нь ч дээр байв уу гэж бодогдох үе байх уу?
-Байдаг юм аа. Баянгол дүүргийн гэр хороололд нэг өрхийн тэргүүн сураггүй болчихсон. Хүнд алуулсан гэдэг нь тодорхой болчихсон. Тэгээд эхнэрийг нь уг хэргийг үйлдсэн гэж олж тогтоогоод шүүхэд шилжүүлсэн юм. Шүүхийн шийдвэр гарч гэрийн эзэгтэй, том хүү хоёр хоригдож, дунд хүү хүүхдийн колонид, бага хүү нь асрамжийн газар очсон юм. Сүүлд гэмт хэрэгтнүүд нас барж, бага хүү нь гудамжинд гарсан. Бид нас барсан этгээдийн хувийн байдлыг тогтоох ажиллагааг их хожуу хийсэн. Үнэн хэрэгтээ тэр нас барж байвал таарах хүн байсан. Хүүхдүүдээ тамалдаг, эхнэрээ зовоодог, эрүүгийн гэмт хэрэгтэн маягаар биеэ авч явдаг тийм хүн байсан юм билээ. Энэ хэрэг илрээгүй бол үлдсэн хүүхдүүдийн амьдрал арай өөрөөр эргэх байсандаа гэж бодохоор харамсдаг шүү.
-Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг дээр та ажиллаж байсан. Энэ хэрэг хэзээ илрэх бол гэсэн хүлээлт нийгэмд байдаг?
-Би хэрэг гарснаас хойш хоёр жилийн дараа энэ хэрэг дээр ажилласан. Илрэнэ, илрэхгүй гэхээр мэрэгч, төлөгч шиг болчихно. Хэргийг мөрдөж байхад хэд хэдэн алдаа гарчээ гэдгийг анзаарсан. Нэгэнт эцэслэн шийдэгдээгүй болохоор ярих боломжгүй юм. Зүйл ангийг нь төлөвлөхөөсөө эхлээд л алдаа гарсан байдаг. Эрүүгийн хуульд Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээгүй, авто осол гэх мэтээр хүний амь насыг хохироосон 50 гаруй зүйлчлэл бий. Талийгаач С.Зоригийг улстөрийн зүтгэлтэн биш гэж хэн ч хэлэхгүй. Гэтэл энэ хэргийг бусдыг санаатай алсан гэдгээр зүйлчилсэн байдаг. Хэрэв улстөрийн зүтгэлтэнг хөнөөсөн гэдгээр зүйлчилсэн бол хэргийг мөрдөх процедур нь хүртэл өөрчлөгдөх байсан.
-Ярихгүй байж болохгүй нэг сэдэв байна. Долдугаар сарын 1-ний өдөр манай түүхэнд хар толбо болон үлдээсэн. Энэ явдал өөрөөр эргэх боломж байсан уу?
-Нийтийг хамарсан жагсаал цуглаан гарч болзошгүй гэдэг нь өмнөх өдөр нь тодорхой байсан. Энэ тохиолдолд яаж ажиллах вэ гэсэн нарийн төлөвлөгөө цагдаагийн байгууллагад бий. Улстөрийн талаасаа ч тэр энэ асуудлыг хурцатгалгүйгээр зохицуулах боломж байсан. 1990-ээд онд энэ байтугай жагсаал, цуглаан гардаг байсан. Намын төв хороо огцорч, нийгмийн бухимдлыг зохицуулсан.
Өнгөрсөн оны зургаадугаар сарын 1-ний "Өнөөдөр" сонинд миний ярилцлага гарч байсан. Сонгуулиас үүдэлтэй нийгмийн бухимдал үүсвэл хариуцлагыг нь хэн үүрэх вэ гэдгийг хөндөж байсан. Үнэн хэрэгтээ Онц байдлын тухай хууль Монголын хууль ямар байгааг харуулсан.
-Цагдаагийн хурандаа нарыг хүн буудсан хэрэгт холбогдуулан шалгаж байна. Уг асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-"Бууд" гэсэн тушаалыг эрүүл ухаантай хүн өгөхгүй. Цагдаагийн ажилтанд өөрийн эрх хэмжээндээ нөхцөл байдалд тохируулан хэрэглэх тухай Галт зэвсэг хэрэглэх журам бий.
С.Ганболд
Сэтгэгдэл бичих