Ард түмнийг айдас, үзэн ядалтаар удирдах Л.Оюун-Эрдэнийн “Улаан сүүдэр”


2-р сарын 20
17 цаг 45 минут

                  Хэнри Киссинжэр, “Хятад”: Маогийн удирдлагад байсан кадрууд үргэлж үхлийн ирмэг дээр амьдарч байжээ. Тэдний хувьд, өөрсдөө өдөөн турхирах ёстой байсан бослого, үймээнийхээ галд өртөх аюул, ихэнх тохиолдолд түүндээ үрэгдэх бодит аюул үргэлж байсан юм. Хоёр дахь үеийн (Дэн Сяопиний үе) удирдагчид бараг толгой дараалан дээрх хувь тавиланг эдэлж, асар их зовлон зүдгүүрийг туулсны дараа л эргэн албан тушаалд орсон байдаг. Хувьсгалын үед Маогийн хамгийн дотны хамтран зүтгэгч бүр, түүний дотор өөрт нь хамгийн удаан зүтгэсэн Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд асан Жоу Эньлай хүртэл эцэст нь хэлмэгдсэн...

            Онцолж хэлэхэд, энэ бол Нобелийн шагналт, АНУ-ын төрийн нэрт зүтгэлтэн, дипломатч Хэнри Киссинжэрийн тухай нийтлэл биш. Харин Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдоод хоёр жил дөрвөн сар болж буй Л.Оюун-Эрдэнийн тухай юм. Тэрбээр У.Хүрэлсүхээс Ерөнхий сайдын тамгыг гардаж авснаас хойш яг таван сарын дараа буюу 2021 оны зургадугаар сарын 25-нд эрх баригч МАН-ын дарга болсон. Энэ цагаас эхлэн Монголын улс төрд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн он тоолол эхэлсэн. “Бэрс” дээд сургуулийг төгсөж, Бэрх тосгоны Тамгын газрын даргаар ажиллаж, “Алсын хараа” хэмээх анхны номоо 2005 онд бичиж, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагад зургаан жил гаруй ажилласан тэрбээр 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Үндсэн хуулиар үнэмлэхүй эрх мэдэлтэй анхны Ерөнхий сайд. “Гартаа буу барьсан этгээдэд эрх мэдэл буй” гэдэгчлэн “Эцэг хууль”-д Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхийн талаар заасан бүх заалт Л.Оюун-Эрдэнийн хувьд гартаа барьсан улс төрийн гол зэвсэг нь. Тиймээс тэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатараас ч илүү эрх мэдэлтэй. Танхимын сайд нараа томилох, чөлөөлөхөөс гадна тагнуул, цагдаа, АТГ, тэр ч атугай шүүх эрх мэдэл түүний гарт бий. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айдастай байна. Тэрхүү айдас нь ард түмний бухимдал, уур хилэн...

            Хэдийгээр УИХ-ын дарга Г.Занданшатар оны дараахан “УИХ шинэ Үндсэн хууль хэлэлцэхгүй” гэж фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн ч Монгол Улсын Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг саяхан УИХ-ын даргад өргөн мэдүүлэв. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарын дээрх мэдэгдлийн эсрэг “нүүдэл” хийлээ. “МАН-ын даргын удирдаж буй Засгийн газар УИХ хэзээ ямар хууль хэлэлцэхийг мэднэ шүү” гэх улс төрийн давхар цохилтыг ч Л.Оюун-Эрдэнэ парламентын засаглалд өгөв. Тиймээс УИХ хэлэлцэхээр товлосон бүх хуулийн төслөө хойшлуулж, УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг сурталчлан таниулахаар өнгөрсөн долоо хоногт тойргууддаа ажиллалаа. УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгийн 3000 гаруй иргэнтэй нүүр тулан уулзаж, уур бухимдалтай үгийг нь сонсож, загнуулахдаа загнуулж, магтуулахдаа магтуулж ирсэн бол бусад гишүүний хувьд ч мөн адил. Хамгийн сонирхолтой нь МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард түмэнтэйгээ нүүр тулсан уулзалт хийсэнгүй. Хэдийгээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул, Орхон аймгийн иргэдтэй тэрбээр уулзахаар товлосон ч үнэн хэрэгтээ зугтсан талаар Төрийн ордонд шивэр авир гэлцэж байна. Харин Хэнтий аймагт “Аялал жуулчлалын сэдвээр ярилцана” гэх халхавч дор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, хуурай дүү болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг тэргүүтэй хүмүүстэй уулзаж, жич яриа өрнүүлжээ. Ийнхүү тэрбээр өнгөрсөн жил хотын мэр Д.Сумъябазартай хамт автобусад сууж, энгийн ардууд шигээ эгэл жирийн Ерөнхий сайд болж ПР-дах гэсэн биш “Тамхины иш хаясан иргэдийг 50 саяар торгочихъё л доо” хэмээн хэгжүүн дуугарч, бодит амьдралаас хэт тасарснаа харуулж, иргэдийн дургүйцлийг төрүүлснээс хойш камерийн өмнө харагдахаас шийрэгнэх болсон. Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар л Засгийн газраас гарсан шийдвэр, “5 Ш” ажиллагааны талаар олон нийтэд мэдээлж байгаа. Л.Оюун-Эрдэнэ ард түмнээс хол, “хөшиг”-ний ардахь Ерөнхий сайд болон хувирав. Мал төллөлт, хаврын тариалалт ид үедээ явж байна. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биш, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сая Дархан-Уул аймагт ажиллав. Угтаа үе үеийн Ерөнхий сайд нар худлаа, үнэн ч гэсэн сэтгүүлчдийг дагуулаад газар тариалангийн бүс нутгуудад ажилладаг байсан, Ерөнхий сайд аа! Ард түмнээс юунд ингэтлээ айна вэ.

            Л.Оюун-Эрдэнэ өчигдөр (2023.05.18) нэгэн гоц мэдэгдлийг хийв. “Нэг хүнд оногдох ДНБ түүхэнд анх удаа 5000 ам.доллар давлаа” гэж. Яг уу, Ерөнхий сайд аа? Тэрбээр “2022 оны ТОП-100 аж ахуйн нэгжүүд нь Монгол Улсын ДНБ-ий 74 хувь, нийт татварын орлогын 30 хувийг бүрдүүлж байгаа нь эдийн засгийн өсөлтийн гол үзүүлэлт болж байна... “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг тууштай үргэлжлүүлсний үр дүнд 2022 онд нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам.доллар давж, цар тахлын оргил үед -4.6 хувь байсан эдийн засаг 2023 оны нэгдүгээр улирлын урьдчилсан тооцооллоор 7.6 хувийн өсөлттэй байна” гэлээ. Гоё үг, сайн мэдээ! Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “цаана”-аас бэлтгэж өгсөн энэ үг, тэдгээр тоо бодит амьдралд хэр нийцэж байна вэ. Есийн тос граммалдаг, талх дөрөв хувааж худалдаж авдаг, ганц уут липтон цайг хэдэн өдөр хэрэглэдэг нийслэлийн захын хорооллынхны амьдралд энэ гоё статистик чинь бодитоор хэрэгжиж байгаа юу, Ерөнхий сайд аа. Нэг л үнэмшилгүй сонсогдоод байна даа. “ТОП-100”-д сошиалаар нэг муулуулж буй “Монполимет” орсон ч байх шиг... Олны өмнө магтаж, өөртөө оноо нэмэх тактик хэрэглэх байсан юм бол засаг, медиаг оролцуулсан өндөр өртөгтэй, өргөн фронттой дайралтыг “Ам.долларын ханшийн зөрүүг бид төлөхгүй” гэж мэдэгдсэн “Монполимет”-ийн эсрэг хийх шаардлага байсан юм уу... Эдийн засгийн талаар А ч үгүй, танай Засгийн газрын “хамгаалалттай” лаивчны дайралт одоо ч үргэлжилж байна. Хамгийн сонирхолтой нь Л.Оюун-Эрдэнийг ийн шоудаж байх зуур УИХ 2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцлээ. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ирэх жилийн төсвийг 20 их наяд давсан их тэлэлттэй, хоёр их наядаар тоологдох алдагдалтай, ДНБ-ий 35 хувь давсан хэмжээтэй байхаар тооцож байна” гэв.   

            Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олны өмнө үг хэлэх бүртээ хийтэй дуугарч, гярхай, хэцүү ааштай, айхтар хүмүүсээр дүүрэн олон нийтийн сүлжээнийхний доог тохуу болдог. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ тактикаа өөрчилж, Х.Нямбаатар гэдэг “чанга яригч”-тай болсон. Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа “Х.Нямбаатар аа, чиний энэ тодрох гэдэг зан аминд чинь ч хүрч мэднэ шүү” гэж айлгасан ч Л.Оюун-Эрдэнийн хамгийн ойрын шадар хүн болох энэ залуу “Төрийн ордны гурван давхарт шүүгчдийг дуудаж, ял захиалдаг” гэх айхтар үгийг олны өмнө хэлж байв. Төрийн ордны гурван давхарт Ерөнхийлөгчийн өрөө бий. Х.Нямбаатарыг тэгж хэлэх үед Жэнко Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч байв. Түүний энэ үг Х.Баттулгын зэвүүг хүргэж, Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдохоор нэр дэвших үед өмнөө зогсоож байгаад “Аятайхан байгаарай. Шүүхэд өгнө шүү. Ц.Нямдоржийн дайнд ажиллаж чадахгүй бол чи хэн ч биш шүү” гэх сануулгыг телевизийн камерийн өмнө өгсөн удаа бий. Гэхдээ Х.Нямбаатарын нэг авууштай тал нь тэр бас ч гэж зүрх зоригтой аж. Улс төрийн хүрээнд “Мангас” Т.Бадамжунай гэгддэг нөхрийг Филиппин улсаас “Шувуу” ажиллагааны хүрээнд авчирсныхаа дараа буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд baabar.mn сайтад ярилцлага өгөхдөө “Т.Бадамжунайг зугтаалгасан хүн бол Х.Баттулга. Т.Бадамжунайг албадан авчирсан нэг шалтгаан нь 6.3 сая ам.долларын хэрэгтэй холбоотой асуудал бий. “Эрдэнэт үйлдвэрт” зэсийн худалдааны гэрээ хийсний ёндоонд 6.3 сая ам.доллар Монголд орж ирсэн байдаг юм. Үүний таван сая ам.долларыг Жэнкогийн цэргүүд зарцуулсан. Харин 1.3 сая ам.долларыг Т.Бадамжунайтай холбож тайлбарладаг. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Ёндоонд авсан таван сая ам.долларынхаа 1.5 саяар нь “Майдар” хотын хоёр км автозамыг тавьсан байгаа юм. Үүнийг Жэнкогийн цэргүүд өөрсдөө мэдүүлсэн. Энэ хэрэг нь илрэх гээд байгаа учраас Т.Бадамжунайг авчирсанд Х.Баттулга үнэн голоосоо эгдүүцэж, айж балмагдаж байна гээд товчхон тайлбарлая” гэх ноцтой мэдээллийг дурдсан удаатай. Гэвч Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга гэдэг экс зөвлөхөө Т.Бадамжунайн хам хэрэгтнээр шалгуулж, шүүхийн тавцанд авчирч чадах уу. Тэрбээр өнгөрсөн онд “Гашуунсухайтын төмөр зам 2013 онд ашиглалтад орсон бол 375 сая тонн бүтээгдэхүүн экспортолж, хамгийн багадаа 80 их наяд төгрөгийн борлуулалтын орлого Монголд орж ирэх байсан. Энэ бол бидний алдагдсан боломж” гэж мэдэгдэж байв. Энэ хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь Жэнко Х.Баттулга. Л.Оюун-Эрдэнэ үүнийг мэдэхээр барах уу! Гэвч “АТГ-т байцаалт өгөхөөр ирлээ” гэж баахан камер дагуулан ирж шоудсан Х.Баттулгад үүсгэсэн хэрэг гэж ингэхэд байна уу. Үнэндээ “Дон Жэнко”-ийн гарын үсэг хаана ч байдаггүй учраас хуулийнхан түүнийг барьж чаддаггүй. Хэвлэлүүдэд 2021 оны гуравдугаар сард “ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-аас 20 сая ам.доллар бэлнээр оруулж ирсэн үү” гэх мэдээлэл гарч, ихээхэн дуулиан дэгдсэн ч энэ хэргийг хав дарав бололтой. Яг л С.Зоригийг хөнөөсөн нь гурван шатны шүүхээр нотлогдсон ч хэргийг нь саяхан прокуророос хэрэгсэхгүй болгож, С.Зоригийг хөнөөлгөсөн захиалагчийн хэргийг замхруулдаг шиг...! Төрийн ордны “Тамхины цэг” дээрх яриаг сонирхуулахад, “Хэро” Б.Баатар “Х.Баттулгыг яадаг ч байсан хориулахгүй” гэж дүү Л.Оюун-Эрдэнэдээ агсам тавьсан гэдэг шүү. Үнэн, худлыг хэн мэдлээ!

            Дахин дурдъя. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асар айдастай байна. Христийн пастор байсны хувьд, үг ярианы баялаг сайтай ч тэрбээр улс төрийн эр зориг муутай аж. Хэдийгээр Ц.Нямдорж тэргүүтэй МАН-ын хашир улстөрчид “Үндсэн хууль бол органик хуулиудтай адилгүй. Дахин дахин өөрчилдөг хууль ч биш” гэсэн сануулгыг өмнө нь өгч байсан гэх ч Л.Оюун-Эрдэнэ улайран зүтгүүлж байгаа нь сонирхол татна. Учир нь гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоог өөрчиллөө гээд Л.Оюун-Эрдэнэд нэмэх оноо авчрахгүй. Гэвч яагаад тэр вэ... УИХ-ын гишүүд тойрогтоо иргэдтэй хийсэн уулзалтуудаас яг адилхан бухимдсан үгс сонсогдох нь “УИХ-ын гишүүд муусайн хулгайчууд. Хөгжлийн банкийг тоносон, нүүрсний хулгайч нар, ЖДҮ-чид, концессчид, ард түмний боломжийг хулгайлагсад...”. Шуудхан хэлэхэд, энэ бол Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гүйцэтгэх засаглалын зүгээс ард түмэнд шударга ёсны хувьсгал хийж буй мэт харагдахын тулд явуулж буй “ХЭРО ЭНТЕРТАЙНМЕНТ” улс төрийн цуврал драмын үр дүн. МАН-ын дарга, Ерөнхий сайдын сэнтийд улиран залрах хүсэлтэй Л.Оюун-Эрдэнийн “Улаан сүүдэр”-ийн тусгал нь УИХ буюу парламентын засаглалыг адаг муухай болгон хувиргалаа. Жэнко Х.Баттулга сая Баянхонгорт иргэдэд мөнгө тарааж, гишүүдийн уулзалтыг самарсан гэв шүү. Магадгүй, улс төрийн хүрээнийхний хардаж буйчлан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрх мэдлээ алдахгүйн тулд өөр рүүгээ чиглэж буй “гал”-ыг УИХ руу зориуд чиглүүлэх гэж Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг Засгийн газар, хууль хяналтынхан, Хөгжлийн банкны удирдлага, сошиал медиа, лаивчдын хүч хавсарсан кампанит ажлыг төдийгөөс өдий хүртэл зохион байгуулж байгаа ч байж мэднэ. Гэвч энэ бүхний найруулагч нь хэн бэ? Жэнко юу, Хэро юу! Дээрх хэргүүдээс гадна С.Зоригийг хөнөөсөн хэргээр энэ Засгийн газар удтал шоудаж байна. Угаас үе үеийн эрх баригчид энэ хэргээр сонгууль болгоноор “тоглодог”. Бүр “Алуурчдын хэргийг хэрэгсэхгүй болголоо” гэж прокурортойгоо нийлээд Х.Нямбаатар сайд зарлалаа. Араас нь Ц.Нямдорж Төрийн ордонд албаар үзэгдэж хэвлэлийнхэнд яриа өгч ч байх шиг. Нэг найруулагчтай, нэгдсэн сценаритай, улс төрийн тавилттай жүжиг мөн биз... Гэвч тэдгээр гурван хүнийг цагаатгасан шүүхийн тогтоолыг огт харуулахгүй байгаа. Харуулахгүй байна гэдэг тийм тогтоол гараагүй гэсэн үг. Тогтоол гараагүй гэдэг нь Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүхээс албан ёсоор цагаатгаагүйн нотолгоо! Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар ийнхүү Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ард иргэдийн тархийг гэмт хэргээр угааж, айдас хүйдэст автуулж, Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэргийн буруутнуудыг УИХ тийш зааж, АТГ нь гишүүдийн нэрсийг зарлаж, иргэдийн уур бухимдлыг улам дэвэргэх улс төрийг хийж байна. Сүүлийн үед Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуулиудад суралцсан УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын хүүхдүүдийг олон нийтийн сүлжээнд буллидах ажил эрчимжиж байна. Захиалга нь мөн л засаг зүгээс...!? Засгийн газрын дохио зангаагаар орилдог, дайрдаг, бусдыг шившиглэдэг нөгөө л хэд “ажил”-даа орцгоосон нь үүнийг нотлох бус уу. Ийнхүү Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар ард түмнийг айдас, үзэн ядалт, оюун санааг нь эрүүгийн гэмт хэргээр “тэжээх” криминал улс төрийг хийсээр удлаа. Энэ нь эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн, эрх мэдлээ ирэх сонгуулиар алдахаас айсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Улаан сүүдэр” биш гэж үү. Ленин, Сталин, Мао Зэдун, Ким Чен Ир... Ард иргэдийг айдаст автуулах замаар дарангуйллын он тооллоо уртасгадаг байсан түүхтэй. Ленин Оросын ядуу тариачдаар нударган баячуудыг жигшүүлж, боловсролгүй хэсгээр нь элит хүмүүсийг үзэн ядуулахын тулд кино урлагийг үзэл суртлынхаа гол зэвсэг болгож “Бүх урлагийн дотроос хамгийн хүчирхэг нь кино” хэмээн тунхаглаж байв. Нийтлэлч Баабар энэ тухайд “Оросын хүн амын дийлэнхийг эзэлсэн бичиг үсэггүй тариачдын тархийг угааж, хувьсгалч болгоход кино л их чухал гэсэн утгатайгаар Ленин энэ үгийг хэлсэн” гэсэн удаа бий. Мао Зэдун Соёлын хувьсгалын үеэр сор болсон сэхээтнүүдийг шившиглэн гутааж, коммунизмыг тунхаглаж, мөнхийн эрх мэдэлтэй байхын тулд мөн л кино урлагийг ашиглаж байсан. Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ир бүр киноны “улаан” хоббитой байжээ. Тийм ч учраас тухайн үед Өмнөд Солонгост ид алдаршиж байсан жүжигчин, найруулагч хоёрыг 1978 онд хулгайлуулсан дуулиант явдал өнгөрсөн зуунд болсон. Пол Фишерийн “Ким Чен Ир продакшн” номонд энэ тухай дэлгэрэнгүй бий. Монгол Улсын Ерөнхий сайдаар анх томилогдохдоо “Наяад оны төлөөлөл” хэмээн ПР-дуулж байсан Л.Оюун-Эрдэнийн Монголын нийгэмд өгч буй мэдээлэл, мессэж, үйлдлүүдийг харахад яг л дээрх дарангуйлагчдын үйлдлийг давтаж буй мэт. Хэдийгээр улс төрийн хүрээнийхэн “Засгийн газрынхан Т.Бадамжунайтай тохироо хийж Монголд авчирсан байх” гэж таамагладаг ч Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар Ши Жиньпиний “Үнэгний ав” маягийн драмыг Жунай ноёнтныг онгоцны буудал дээр авчрахдаа яг хуулбарласан. Ирэх сонгууль хүртэл өөр ямар драм дэглэхийг таахад нэг их хэцүү биш. С.Зоригийг хөнөөсөн хэргийн цуврал сериал үргэлжилнэ, “Б.Хурц зандалчин” гэх дуусдаггүй үлгэрээ олон нийтийн сүлжээгээр нэг сэвнэ, Хөгжлийн банкны гэх хэргээр УИХ-ын гишүүдээс дахиад хэнийг золиослох бол, Боловсролын зээлийн сангаас хүүхэд нь зээл авсан “хэрэг”-ээр танхимаасаа Ц.Даваасүрэнг жертвлэх гээд байна уу яах гээд байна. Учир нь Л.Оюун-Эрдэнийн үгэнд ордоггүй “том толгой”-той хоёр сайд бол Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар. Х.Болорчулуун нь “Гурилын үнийг буулгаж чадахгүй ээ” гээд шууд гэдийчихдэг сурагтай. Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар иргэдэд сурталчлаад ир. Гишүүдийн тоог 152 болгомоор байна” гэх хүслээ албан томилолттой хамт дайсан ч амжилтгүй болж УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох дээр бусад намтай нэгдэх шиг боллоо. Гэвч Л.Оюун-Эрдэнийн хувьд, иргэдтэй нүүр тулан уулзахаас айж буй уулзалтууд МАН-ын хувьд УИХ-ын 2024 оны сонгуулийн угтал маш том тест боллоо гэдгийг эрх баригчид хүлээн зөвшөөрч байна. Товчхондоо, “Гишүүдийн тоог 152 болгож нэмбэл ямар вэ” гэсэн УИХ-ын гишүүдийн өөдөөс үнийн өсөлт, өр зээл, ажилгүйдэл, ядууралд нэрвэгдсэн иргэд чулуу нүүлгэх нь холгүй байна гэнэ. Энэ бол Засгийн газраас дэглэсэн “Шударга ёсны хувьсгал” хэмээх Л.Оюун-Эрдэнийн эрх мэдлийг хадгалж үлдэх гэсэн “Савангийн дуурь”-ийн үр дүн. “Парламент муухай. Хулгайчдаар дүүрсэн” гэж УИХ-ын гишүүдийн нүүрийг ширлэх гэсэн биш Л.Оюун-Эрдэнэ МАН-ынхны уур бухимдлыг ч ихээхэн төрүүлж байгаа сурагтай. Иргэд эрх баригчдад уураа гаргаж, МАН-ынхан намын дарга, Ерөнхий сайддаа бухимдлаа илэрхийлсэн өдрүүд үргэлжилж байна. УИХ-ын гишүүд ирэх долоо хоногт дахиад тойргууддаа ажиллана. “УИХ-ын гишүүдийн тоо 152 байх уу, эсвэл 126 болгох уу” гэдэг зөвшөөрлийг иргэдээсээ авах гэж Л.Оюун-Эрдэнийн өмнөөс дахин нүүрээ улалзуулах хэрэг гарах нь дээ, гишүүдэд. Л.Оюун-Эрдэнийн дарангуйлагч болох хүсэл мөрөөдөл бүхий “Улаан сүүдэр” МАН-д ч халгаатай болж эхэллээ. “Ийм муу Ерөнхий сайдаар намаа сонгуульд удирдуулж оролцохоос болгоомжилж байна” гэх гишүүд ч цөөнгүй. “How democracies die”... Харвардын их сургуулийн улс төр судлаач Стевен Левицки, Даниэль Зиблатт нарын 2018 онд хэвлүүлсэн энэхүү бүтээлд улс орны удирдагчид эрх мэдлээ хадгалж, бэхжүүлж, нэмэгдүүлэхийн тулд ардчиллыг аажмаар хэрхэн мөхөөдөг талаар өгүүлжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүн лүгээ Үндсэн хуулиар олгосон үнэмлэхүй эрх мэдэлтэй “ХААН” хэвээр үлдэхийн тулд Монголын оюун санааг гэмт хэргийн мэдээлэл, энтертайнмент улс төрөөр удирдаж байна. Төрийн ордноос хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээ тийш өдөр бүр шахам айдас төрүүлсэн, үзэн ядалт ханхлуулсан, ажилгүйдэл, ядууралдаа бухимдсан иргэдээр арай дээгүүр давхаргынхныг үзэн ядуулах суртал ухуулгыг хийж байна. Энэ танай медиа багийн хийж байгаа ажил уу, Ерөнхий сайд аа. Технологи нь танил харагдаад байна. How democracies die, Mr.PM?  

                                                                                                                             С.Баттулга

                                                                                                                            2023.05.19   



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна4 сар 25. 10:40УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 25. 10:33М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна4 сар 25. 10:29“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна4 сар 25. 10:06“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа4 сар 25. 10:01БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 25. 9:53УИХ-ын чуулган: Гурилын 3 үйлдвэр нийт зах зээлийнхээ 78 хувийг үйлдвэрлэж байна4 сар 24. 17:30“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа4 сар 24. 14:06Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Жэннон Коулинтай уулзав4 сар 24. 14:04Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно4 сар 24. 14:01Д.Амарбаясгалан: Үндэсний үйлдвэрлэлээ л дэмжиж байвал бүтээгдэхүүн үнэтэй байсан ч яахав гэсэн үзлээр хандаж хэрхэвч болохгүй4 сар 24. 13:57БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа4 сар 24. 13:49Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоов4 сар 24. 13:47ТҮЦ-т номын худалдаа эрхэлж байсан 9 иргэн “Номын худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулж эхэллээ4 сар 24. 13:42“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ4 сар 24. 13:39Б.Дөлгөөн: Бонд гаргах нөхцөлийн шалгуурыг бууруулсан нь чухал ач холбогдолтой4 сар 24. 13:05Д.Амарбаясгалан: Импортын гурилын татвар тэглэснээс гурилын үйлдвэрүүд дампуураад дуусаж байгаа гэж ярих нь зохисгүй4 сар 24. 12:11Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно4 сар 24. 12:04УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 24. 12:01“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!4 сар 24. 9:04Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж байна4 сар 24. 8:46УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 24. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.