Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх өнгөрсөн арванхоёрдугаар сард хуралдаж, 80 хүн, хуулийн дөрвөн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий "Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой хэргийн шүүх хурлыг хийсэн. Шүүх бүрэлдэхүүн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарыг цагаатгасан тогтоолыг хүчингүйд тооцож, гэм буруутай эсэхийг дахин хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Харин УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг гэм буруутайд тооцсон. Улс төрийн хүрээнд хоёр сар гаруй хүлээлт үүсгэсэн шүүхийн тогтоолыг хэргийн оролцогчдод маргааш (2025.02.21) гардуулах аж. Хуулийн дагуу дээрх тогтоолыг холбогдох хүмүүс гардаж авснаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх бөгөөд Улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байх учиртай. Н.Алтанхуягийн хувьд, гэм буруутай эсэхийг дахин хэлэлцүүлэх эрх нээлттэй бол Дав.Цогтбаатарыг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах нөхцөл ийнхүү үүслээ.
Тэрбээр өнгөрсөн сонгуульд Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймагт АН-аас нэр дэвшсэн юм. Түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татвал хангайн бүсэд нөхөн сонгууль явуулна. Дав.Цогтбаатар шүүх хурлын дараа "Би УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшихдээ шүүхийн байгууллагаас бүх шийдвэрээ аваад Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. Дээд шүүхийн бичиг албан ёсоор ирэх байх. Хуулийн дагуу асуудал шийдэгдээд явах болов уу. Би тангараг өргөхдөө "Үндсэн хууль зөрчихгүй. Тангарагтаа үнэнч байна" гэж тангараг өргөсөн. Тангараг өргөснөөс хойш хууль зөрчөөгүй. Би гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах өргөдөл өгөхгүй” гэсэн тайлбар өгч байв.
Б.Жавхлан
Сэтгэгдэл бичих