УИХ-ын гишүүн Б.Хэрлэн: Төрийн албаны өөрчлөлт шинэчлэлийн төлөө ажиллана


2-р сарын 28
9 цаг 28 минут

        Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэнтэй ярилцлаа.

-Таны хувьд анхны 126 гишүүнтэй парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдоод ажиллаж байна. Сонгогдохоосоо өмнө хаана, ямар албан тушаал эрхэлж байсан бэ

Миний хувьд ОХУ-д сурган сэтгэл судлалын багш мэргэжлээр дээд сургууль төгсөж ирээд боловсролын салбараас хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн. Төрийн удирдлагын чиглэлээр ХБНГУ-д магистр, докторын зэрэг хамгаалсан багш, судлаач хүн байна. Сүүлийн 28 жил төрийн албан хаагчдыг бэлтгэж мэргэжлийг нь дээшлүүлдэг Удирдлагын академид багшиллаа. Менежмент, тэр тусмаа хүнтэй ажиллах, байгууллагыг удирдах тухай хичээлүүд заадаг байлаа. Үүнээс гадна Монгол Улсын төрийн албаны шинэчлэл, төрийн удирдлагын чиглэлээр эрдэм шинжилгээний судалгааны ажлууд хийж ирсэн. Эрдэм номын мөр хөөсөн их дээд сургуулиудын багш судлаачдын нэг.

-Улс төрд орох сонголтыг яагаад хийх болов. Энэ удаагийн парламентад жагсаалтаар сонгогдсон шүү дээ?

-Хууль, дүрэм, журам та бидний амьдралын голдрилыг чиглүүлж байдаг. Хуулийн үзэл санаа, түүнийг хэрэгжүүлэх арга механизм бидний амьдарлын болох болохгүйг тодорхойлж, боломжийг нээж бас хязгаарлаж  байдгийг бид сайн мэднэ. Төрийн аливаа бодлогын төвд хүн байх, хүндээ анхаарал хандуулсан бодлого шийдвэр гаргахад өөрийн мэдсэн сурснаа зориулах сэтгэлээр өнөөдөр ажиллаж байна. Ажилтай орлоготой, амар тайван, хийж бүтээж сайн сайхан амьдрах нөхцөл боломжийг ард иргэддээ бүрдүүлэхийн төлөө улс төрд орсон. Миний хувьд 2013 онд улс төрийн намд сонголтоо хийж гишүүнээр элссэн. УИХ-ын 2016, 2020 оны сонгуульд нэр дэвшиж байсан. Харин ноднин жил Монгол Ардын Намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болох боломж над тохиолоо, хичээж ажилланаа.

- Хүнтэй хэрхэн ажиллах, удирдах тухай хичээл зааж, судалгаа шинжилгээний ажил хийж байсан гэж ярилаа. Парламентад ороод 125 хүнтэй нэг анги болоод, ажил үүрэг гүйцэтгээд явахад хэр байна. Хүнтэй ажиллаж сурсан таны хувьд  боломжийн хэмжээнд байж чадаж байна уу?

- Энэ парламентын 126 гишүүд салбар, салбарын мэдлэг, туршлагатай төлөөлөл болохын хувьд асуудлыг өөр өөрийн өнцгөөс харж, олон талын эрх ашиг байр суурийг төлөөлж байна. Тэгэхээр их сайн эргэцүүлж тунгаасан, илүү оновчтой шийдвэр гаргах нөхцөл бүрдлээ. 126 гишүүний ажил мэргэжлийн онцлог, үзэл баримтлалын ялгаа нилээд харагдаж байна. Эрдэм номын хүн улс төрд тэр тусмаа хууль тогтоох түвшинд ажиллахад сурсан зангаараа хэлэлцэж байгаа асуудлын цаад мөн чанар, учир шалтгаан, түүний шийдэл гаргалгаа үр дагаврыг онол номын дагуу харж үзэх талтай юм байна. Өөрөөр хэлбэл аливаа асуудлыг прагматик байдлаар шийдээд явья гэлгүй, ном ёсоор нь алдаа хийдэл багатай байлгах гэж чармайх талдаа байдаг юм байна.

-Энэ удаагийн намрын чуулганаар ямар, ямар хууль, ажлын хэсэг дээр голлож ажиллав?

- Миний хувьд Боловсрол, шинжлэх ухаан, спортын болон Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна. Энэ хоёр байнгын хорооны хамаарах асуудлуудын хүрээнд ажлын хэсгүүдэд орж ажиллаж байна. Үүнээс гадна УИХ-ын даргын Д.Амарбаясгалангийн захирамжаар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа 5 ажлын хэсэгт орж ажиллаж байна. Тухайлбал, Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, Төрийн албаны хуулийг шинэчлэх ажлын хэсэг, Төрийн үйлчилгээг дахин инженерчлэх ажлын хэсэг, Төсөв боловсруулах цагалбарыг оновчтой болгох ажлын хэсэг дээр нь ажлын хэсэгт ороод ажиллаж байна. Хуулиараа УИХ-ын гишүүн ердөө хоёр байнгын хороонд ордог. Олон ажлын хэсэгт орсноор асуудлыг уялдуулан цогцоор нь авч үзэх боломжийг олгож байна, ялангуяа шинэ гишүүдэд богино хугацаанд ажилдаа гаршихад үнэхээр хэрэгтэй боллоо гэж би хувьдаа хардаг.

-Төрийн албаны хуулийг шинэчлэх гээд сая ярилаа. Тэгвэл та төрийн албаны шинэчлэлд олон жил судалгаа хийсэн хүн. Тэгэхээр төрийн албыг ингээд өөрчилчихвөл болно доо гэсэн зүйл юу байна. Манай төрийн албаны одоогийн хууль хэр гэж бодож байна вэ?

Төрийн албаны тухай хуулийг 1994 онд анх батласнаас хойш дөрвөн удаа шинэчилсэн байдаг. Тухайн цаг үеийн нөхцөл байдлаас үүдэж төрийн албанд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэхээр томоохон өөрчлөлтийг хийгээд явсан. 2004 онд төрийн захиргааны өөрчлөлт шинэчлэлд төрийн албаны боловсон хүчнийн удирдлагыг нийцүүлэх гэж, 2008 онд төрийн албыг улс төрөөс ангид байлгах гэж, 2017 онд сонгууль бүрийн дараах халаа солиог зогсоож төрийн албыг тогтвортой болгох гэж хуулийн шинэчилсэн. Ингэхдээ төрийн албанд ороод сайн ажиллаад явбал албан тушаал шатлан ахиад явах тухай мерит зарчмыг хуульчилж оруулж ирсэн түүхтэй.

Төрийн албаны талаар хийж ирсэн судалгаа шинжилгээнээс харахад төрийн албыг оновчтой бүтэцтэй, үр дүнг эрхэмлэсэн соёлтой болгох хэрэгтэй байна. Үүний тулд төрийн албан дахь халиа солиог зогсоож, нөгөөтэйгүүр ажил хийсэн нэр зүүгээд үр дүн багатай явдаг байдлыг засах хэрэгтэй байна. Чадварлаг боловсон хүчин төрийн албанд орж үр дүнтэй ажиллах ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Хамгийн гол нь Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой заасан нас, хүйс, яс үндэс, нийгмийн статус үл харгалзан төрийн алба хаах боломж бүх хүнд адил тэгш байх ёстой гэсэн зарчмыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлье. Нөгөө талаасаа мерит зарчмыг хэрэгжүүлэх шийдвэрийг шударга, ил тод, нээлттэй байлгах арга механизмуудыг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Аливаа субъектив нөлөөллийг хязгаарлахгүй бол болохоо болилоо. Дээр нь төрийн албанд ажилласан хүмүүсийн нийгмийн баталгааны тухай асуудал байна. Өөрийнхөө хамгийн эрч хүчтэй цаг, насаа төр, түмнийхээ төлөө зориулж яваад хөдөлмөрийн чадвар хариад ирэхийн цагт тэр хүний амьдрал хэр баталгаатай байна вэ, амьдрал ахуй нь дордохгүй байх ямар арга замаар баталгааг хангах вэ гэдгийг тодорхой нарийн болгох хэрэгтэй байна. Ингэж байж төрд хоёргүй сэтгэл үнэнч зүтгэх нөхцлийг бүрдэнэ. Энэ бүх асуудлыг нэгдсэн байдлаар цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй гэж боддог.

-Төрийн албаны бүтэц, орон тооны хувьд та ямар байр суурьтай явдаг вэ. Хэт данхайсан гэдэг шүүмжлэл төрийн албыг байнга л дагаж явдаг шүү дээ?

-Төрийн албан хаагчдын тоо тогтмол өсөн нэмэгдэж байна. 2024 оны байдлаар төрийн албанд 230 мянга орчим төрийн албан хаагч ажиллаж байна. Манай нийт хүн амын 6.8 хувь, ажиллах хүчний 17.9 хувь нь төрд ажиллаж байна. Бусад улс оронтой ажиллах хүчний 15 орчим хувь нь төрдөө ажилладаг гэвэл манайх арай өндөр байгаа. Хүн ам цөөн, ажиллах хүч багатай манай улсын хувьд төр данхайгаад байна гэж хэлэхэд энэ тоо бас нөлөөлж байгаа. Төрийн албан хаагчийн тоо нэмэгдэж байгаа учир шалтгааныг хүн амын өсөлттэй холбоотойгоор боловсрол эрүүл мэндийн салбарт сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдэж байгаатай холбож тайлбарладаг. Угаасаа Үндсэн хуулиндаа Иргэдийнхээ сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалах эрхийг төрөөс хангах, хамгаалахаар заасан байдаг учраас энэ өргөн уудам газар нутагт тархан суусан ард иргэддээ төрийн энэ үйлчилгээг хүргэхийн тулд сургууль цэцэрлэг эмнэлгээ ажиллуулах болно. Ингээд тоо өсдөг. Нөгөө талаар нийгмийн хөгжил, хувьслыг дагаад төрийн шинэ үйлчилгээнүүд гарч ирж, дагаад бүтэц, орон тоо нэмэгдэх тал бий. Дээр нь төрийн зүгээс өөр дээрээ илүү хариуцлага үүрэх, ажил үүргээ нэмэгдүүлж, эрх мэдлийн хүрээгээ тэлэх хандлага сонирхолтой байдгийг эрдэмтэд судалгаачид мөн нотолсон байдаг.

Сүүлийн үед цомхон төр, ухаалаг төр, цахим засаг гэж ярих болсон нь төрийн данхар бүтэц, хөшүүн үйл ажиллагааг засах гэсэн санаа зоригийг илрэл юм. Судлаач хүний хувьд цомхон төр гэдэг ойлголттой санал нийлдэггүй. Бага хүчээр ихийг амжуулна гэдэг уриатайгаар 1980 аад онд төрийн захиргааны шинэчлэлийг олон оронд хийсэн нь үр дүнд хүрээгүй түүх бий. Бүхнийг мөнгөөр хэмжиж боловсон хүчнээ цөөлж, аж ахуйн тооцоог нэвтрүүлээд эхэлтэл улс орон ард түмний сайн сайхны төлөө ажиллах учиртай төрийн алба нь ашгийн төлөө оршин байгаа мэт болж эхэлсэн тул энэ өөрчлөлтийн үзэл санаа цааш үргэлжлээгүй. Цомхон төр гэдэг ойлголт үүнтэй холбоотой юм. Харин Үндсэн хуулинд заасан иргэний эрхийг хангах, хамгаалах төрийн үүргүүддээ суурилан чиг үүргээ нарийн тодорхой болгоод, түүндээ тохирсон оновчтой бүтэц зохион байгуулалтыг бүрдүүлэх хэрэгтэй гэж боддог. Өнөөдөр төрийн олон чиг үүргийг төр, хувийн хэвшлийн түншлэл, иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлэх замаар бүтцийг өөрчлөх асуудал яригдаж байна. Бас төрийн олон үйлчилгээг цахимаар хүргэх арга зам бас хэрэглэгдэж байна. Энэ бүгд дээр нэмээд өнөөгийн төрийн захиргааны байгууллагын бүтэц зохион байгуулалтыг илүү чамбайруулах тал дээр нилээд анхаарч ажилламаар байгаа юм. Төрийн ажил үйлчилгээг тодорхой нэгж хэсэг хариуцаж байна уу, хүн хүч нь бүрэн орон тоогоороо ажиллаж байна уу, ажил үүргийн хуваарь оновчтой байна уу, ажлын явцын шат дамжлага зохистой түвшинд байна уу үгүй юү гэх мэт зохион байгуулалтыг оновчтой болгох замаар олон асуудлыг шийдэх боломжтой.

-Таны хувьд өөрөө бие дааж санаачлан боловсруулж, өргөн барихаар зэхэж байгаа хуулийн төсөл байна уу?

- Дотроо бодож явдаг хоёр гол зүйл дээр илүү төвлөрч ажиллана. Нэг нь төрийн удирдлага, төрийн албаны талаар хийж байсан судалгаа шинжилгээний ажлуудаас харахад төрийн албыг илүү бүтээлч үр дүнд чиглэсэн болгоё гэвэл төрийн албаны хүний нөөцийн удирдлага, бүтэц зохион байгуулалтыг цогцоор оновчтой болгох асуудал. Нөгөөх нь монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний асуудал. Хөдөлмөрийн орлогоор амьдарч байгаа хүний хүч хөдөлмөр шударга үнэлэгдэж, нийгмийн баталгааг сайжруулах тухайд онцгой анхаарч ажиллана. Ид хийж бүтээх насны мэдлэг боловсролтой залуусаа эх нутагтаа улс орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулаад ажиллаж амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Эрүүл чийрэг, мэдлэг боловсролтой ажиллах хүчээ гадагш алдаад баймааргүй байна. Дээр нь өнөөгийн хууль эрх зүйн зохицуулалтыг хийдэлгүй болгох тал дээр бусад гишүүдтэйгээ хамтраад дэмжээд ажиллана.

-Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал нийгэмд шүүмжлэл дагуулсан. Та Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүн, багш хүний хувьд үүн дээр юу хэлэх вэ. Ер нь Ёс зүй, дэгийн байнгын хороогоор цаашид энэ асуудлыг авч хэлэлцэх зүйл яригдсан уу?

- Ер нь УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг Монгол Улсын УИХ-ын тухай хууль, Улсын Их хурлын гишүүний ёсзүйн дүрэмд ёс зүйн зарчим, хэм хэмжээ, шаардлагуудыг тодорхой зохицуулж өгсөн байдаг. Эдгээрийг мөрдөж УИХ гишүүд нь нийгэмд зөв үлгэр дууриал үзүүлж байх тухайд манай байнгын хорооноос хичээнгүйлэн анхаарч ажилладаг. Хэрвээ УИХ-ын гишүүн дээрх хууль дүрмийг зөрчсөн нь тогтоогдох юм бол Ёс зүй, дэгийн байнгын хороон дээр хэлэлцэж, холбогдох арга хэмжээг цаг тухайд нь авч ажилладаг байгаа.

-Засгийн газрыг үйл ажиллагааг нь оновчтой, хурдан шуурхай явуулдаг болохын тулд Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гишүүдээс сонгодог болно гэдэг хуулийн өөрчлөлтийг хийгээд одоогийн Засгийн газрын бүх гишүүд УИХ-аас сонгогдсон. Гэвч энэ нь эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж байна. Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарчихлаа гэдэг шүүмжлэлүүд гардаг. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-УИХ нь хууль тогтоох мөн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй институц. УИХ-аас Засгийн газрын гишүүд томилогдохоор энэ хоёр чиг үүргийг хэрэгжүүлэхэд зөрчил үүсэх үү, үгүй юу гэдэг асуудал гардаг. Энэ асуудалд бид улстөрийн онол номынх нь дагуу хандах хэрэгтэй. Үндсэн хуулиараа Монгол Улс парламентын засаглалтай улс. Парламентын засаглалтай улс орнуудад Засгийн газраа парламентаасаа бүрдүүлээд явдаг тогтсон жишигтэй. Засаглалын онол нь ийм юм. Иргэдийнхээ дийлэнх олонхийг итгэлийг авч сонгогдсон парламентын гишүүдээс засгийн газар бүрэлдэнэ. Ингэснээр тухай ард түмнийхээ сонголт, итгэлд тулгуурласан гүйцэтгэх засаглал бүрдэж, үйл ажиллагаагаа явуулах бүрэн эрхтэй болно гэж үздэг.

-Засгийн газрын гишүүд чуулган, байнгын хорооны хуралдаанд суудаггүй. Асуудлыг нь асууя гэхээр хариулдаггүй гэсэн шүүмжлэл гишүүдийн зүгээс гарч байсан шүү дээ?

Ёс зүй, дэгийн байнгын хорооноос УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журмыг батлан гаргасан. Уг журамд УИХ-ын гишүүд байнгын хороо болоод чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох тухай, ирцийг бүртгэж байх тухай тодорхой заасан. Хуралдаанд оролцох үедээ Засгийн газраас оруулж ирсэн асуудлаар кабинетын зарчмаа барьж, нэгдмэл байр суурийг илэрхийлнэ. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн нь хууль тогтоох үйл ажиллагаандаа онцгой анхаарч ажиллана гэсэн санааг агуулсан журам гарсан. Энэ журам Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар 2025 оны 1 дүгээр сарын 08 ны өдөр батлагдаж энэ өдрөөсөө мөрдөгдөөд явж байна.

Эх сурвалж "Өдрийн сонин" 2025 оны 02-р сарын 21 №035 (7647)



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцалж байна8 цаг 57 минутын өмнө“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна9 цаг 2 минутын өмнө“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо9 цаг 7 минутын өмнөГазрын доройтлыг бууруулж, эдийн засгийн өөрчлөлтийг авчрах нөхөн сэргээгдэх бүтээгдэхүүнээр монголын ноос, ноолуурыг онцлов8 сар 26. 12:36Хувийн дансандаа төлбөр авч, шатахуун дараалалтгүй олгосон ШТС-ийн эрхлэгчийг 2 саяар торгожээ8 сар 26. 12:32Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа8 сар 26. 12:24УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо8 сар 26. 12:21Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: СОР17-гоос хүлээх бодит үр дүн8 сар 26. 12:14Н.Учрал: "COP17" бага хурлын хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна8 сар 26. 12:09Зээлээ төлсөн даруйд зээлийн оноо шинэчлэгддэг боллоо8 сар 26. 12:05АТГ: Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаар шилжүүлэв8 сар 26. 11:03Өнөөдөр COP17 “Газар ба хүн төвт өдөр” сэдвийн хүрээнд үргэлжилж байна8 сар 26. 10:59Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов8 сар 26. 10:32УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн яриа хэлэлцээ маргаашийн бодит өөрчлөлтийн эхлэл байг8 сар 26. 10:2017 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллээ8 сар 26. 10:16Монгол- Люксембургийн харилцааг шинэ шатанд гаргах талаар ярилцлаа8 сар 26. 10:11Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайллын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв8 сар 26. 9:42Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ8 сар 26. 9:38Кувейтийн сан хөрөнгө оруулалт хийж, төсөл хөтөлбөрүүдэд хамтрах хүсэлтээ илэрхийлэв8 сар 26. 9:24УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 26. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 сар 26. 9:15COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ8 сар 25. 16:14УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм8 сар 25. 16:11Төрийн банк бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих санхүүжилтийн шийдлийг COP17-д танилцууллаа8 сар 25. 16:02НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв8 сар 25. 13:54АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав8 сар 25. 13:51"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв8 сар 25. 13:47“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна8 сар 25. 13:31НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ8 сар 25. 13:22COP17: “Усны өдөр” сэдэвчилсэн хуралдаанаар үргэлжилж байна8 сар 25. 13:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.