Пан Азийн аварга, МУГТ Д.Лхагва: Пан Азийн аварга нэрэндээ би дуртай


3-р сарын 6
14 цаг 45 минут

       Монголын анхны мэргэжлийн боксын тамирчин гэгдэх алдрын эзэн, Пан Азийн аварга, МУГТ Д. Лхагватай уулзлаа. Арван жил мэргэжлийн боксын рингэн дээр нударга зөрүүлсэн түүнтэй уулзаж ярилцаагүй 20 оныг үдсэн байх юм. Бид мэргэжлийн бокс хэмээх өвөрмөц ертөнцийн сонин болоод Э.Цэндбаатарын тоглолтын талаар ярилцсан юм.

-Та бол Монголын ширэн бээлийтнүүдийн түүхэнд мэргэжилд гарсан анхны боксчин. Яагаад энэ сонголтыг хийсэн бэ. Мэргэжлийн бокст гаргасан зам тань хэр дардан байсан бэ. Тухайн үед олон өрсөлдөгч байсан, шигшээ баг гэж бүхэл бүтэн бүрэлдэхүүн байлаа шүү дээ?

-Намайг мэргэжлийн бокст гарсан цагаас эхлэн мэргэжлийн бокс гэж ярьж эхэлсэн. Монголд мэргэжлийн бокс гэж ярихаас биш, орох шаанс гардаггүй, олддоггүй байсан үе. Миний үеэс өмнө шаанс нь гарсан бол орох хүмүүс зөндөө л байсан байх. Үнэндээ би түрүүлж гарсан юм биш, тохироо нь тэгж таарсан юм. Гэхдээ би шаанс гарвал мэргэжлийн бокс руу гарна даа гэж дотроо төсөөлж байсан. 1994 онд мэргэжлийн боксын дэд ерөнхийлөгч Монголд айлчилж ирэхэд надад “Мэргэжлийн бокс руу шууд гаръя” гэсэн бодол төрж байсан болохоор 1996 оны Атлантын олимпийг хаяад мэргэжлийн бокс руу гарсан түүхтэй.

-Тухайн үед шигшээ баг гэдэг бол атгасан гар шиг зангидсан хамт олон байсан. Бэлтгэл нь торгон ирэндээ орчихсон зассан шагай шиг болчихсон байсан цаг үе шүү дээ. Боксчид дундаа өөрийг тань маш дайчин, яс зааж үздэг боксчин гэж нэрлэдэг, “Яс” Лхагва гэдэг хочтой байлаа шүү дээ?

-Спорт бол ах захын хүндлэл, сахилга бат байдаг. Дээр үеийн тамирчдын бэлтгэл чанартай сайн байсан нь, багш нараа хүндэлдэг, үгэнд нь сайн ордог, хэлснийг нь хийдэг байсантай холбоотой. Бэлтгэл дээр багш нар дасгал сургуулилт хийлгэхээр түүнийг нь аль болох аргалахгүйгээр, хуурахгүйгээр сахилга баттай, “яс” хийдэг байсан гэдэг утгаар яс гэж хочилдог байсан юм болов уу. Тамирчдын гол зэвсэг бол яах аргагүй сахилга бат.

-Та Атлантын олимпод оролцсон бол медаль авах байсан уу. Мэргэжилд гарсан нь зөв байсан уу?

-Миний амжилтын буухиа 1995 оноос эхэлж байсан. Би шигшээ багт 17, 18 настай байхдаа орлоо гэж бодоход 23, 24 насан дээрээ ир орсон үедээ мэргэжилд орсон. Одоо харамсаад байдаггүй. Хэрвээ сонирхогчдын бокстоо үлдсэн бол амжилт гаргах л байсан. Жишээ нь, 1995 онд оролцсон бүх олон улсын тэмцээнээсээ би алтан медаль авч байсан. Тухайн үед жин ч тогтчихсон, 57-гоос 60 кг-ын жинд ороод Улсын аварга болчихсон үе байлаа. Тэгэхээр олимпод найдвар байсан л байх гэж боддог юм.

Олимп болдог жил би мэргэжилд гараад жил гаруй тоглоод 4-5 удаа ялалт байгуулчихсан байлаа. Тэр үедээ олимпийн тоглолтуудыг, тамирчдыг арай дээрээс хардаг юм билээ. Атлантын олимпоос алтан медаль авсан Алжирын тамирчинг би “машиндчих” л байж гэж бодогдож байсан шүү. Гэхдээ цаг хугацааг ухрааж болохгүй шүү дээ. Олон хүн надад “Олимпод орчихоод мэргэжилд гарахгүй юм уу” гэж хэлж байсан. Яахав, би ганцхан жил хүлээх байсан. Гэтэл ганцхан жил хүлээж тэвчээгүй юм. Яагаад гэвэл олимпод оролцчихоод мэргэжилд гаръя гэхээр шаансгүй болчих болов уу гэж бодоод ганц боломж гарч ирсэн дээр нь л давхиад орсон нь тэр.

-Мэргэжлийн бокст гарлаа, Пан Азийн аварга цолонд хүрлээ, аваргын бүс зүүлээ, Лхагва Шим гэж гарч байлаа. Тэр ид тачигнаж явсан үеэ эргэн дурсахад?

-Пан Азийн аварга нэрэндээ би дуртай. Азийн аваргуудын нэг шүү дээ. Манай улсад Азийн аваргууд одноос олон байна. Би Азийн аварга гээд явж байсан бол хүмүүс сонирхоод байхгүй. Пан Ази гэдэг нэр нь их чухал байгаа юм. 30 жилийн өмнө монголчуудад гоё сэтгэгдэл төрсөн. Хүмүүсийн сэтгэхүйд Пан Ази гэхээр содон сонсогддог. Би ч өөрөө тэр үед Пан Ази гэхээр хаана байдаг юм бол гэж боддог л байсан. Пан Ази гэдэг цолондоо би дуртай. Мэргэжлийн бокст ороод хийсэн хамгийн анхны тоглолт маань 1995 онд Индонезид болсон. Тэр тоглолтод ялснаар Пан Азийн аварга болсон шүү дээ. Тэр үед миний бүсийг харсан хүн болгон л сонирхож байхад их гоё байсан. Мэргэжлийн бокс гэсэн одооных шиг ойлголт тэр үед байгаагүй. Мэргэжлийн бокс гэхээр нэгнийгээ алж хяддаг, харгис гэж боддог байсан. Намайг мэргэжлийн бокст гарахад улсаа бодсонгүй гэж хэлж байлаа.

-Та мэргэжлийн бокст яг хэдэн жил тоглосон бэ?

-Би мэргэжлийн боксыг 1995 оноос 2005 он хүртэл 10 жил тоглосон. Дэлхийн рейтингд ороогүй байхад Пан Азийн аварга болсон. 58.9, 61.9 гэсэн хоёр жингийн аварга болсон. Ингээд шууд дэлхийн рейтинг рүү орсон. Эхний арав дотор байсан хүн чинь Пан Азийн аварга болоод шууд рейнтигийн гуравт жагсаж байлаа. Гуравт эрэмбэлэгдээд ирэхээр ямар нэгэн тивийн аваргын, ямар нэгэн бүсний төлөө тоглохгүй болчихдог. Зөвхөн дэлхийн аваргын урьдчилгаа тоглолтдоо ороод явдаг. Нэг ёсондоо оноо цуглуулж байгаа юм. Дэлхийн аваргын тоглолтууд өөрөө ямар нэгэн бүсний гэх мэт жижиг, сажиг тоглолтуудыг орхидог байхгүй юу. Харин 1996 онд буюу яг жилийн дараа рейтингийн нэгт бичигдэж эхэлсэн. Пан Азийн аварга мэргэжлийн бокс нэгд орж байж л аваргатайгаа тоглодог дүрэмтэй. Би 1997 онд аваргатай тоглоод анхны ялагдлаа хүлээсэн.

Тэр ялагдал надад маш их ухаарал өгсөн. Сагсуурч, онгирч болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Ямар ч олон найз нөхөдтэй байсан юм. Дандаа магтаж байсан хүмүүс ялагдаад ирэхээр ямар болдгийг харсан. Зайгаа бариад нэг л өөр болчихсон юм шиг санагдаад. Мэдээж үүн дээр би гомдохгүй. Тэгээд 1997 онд ялагдсанаас хойш бэлтгэлийг бол маш сайн хийсэн. Олон хүнтэй уулзахаа ч байсан. Олон хүнтэй уулзах бол маш их цаг авдаг юм шүү дээ. Заримтай нь уулзахгүй, утсаа салгаж байж бэлтгэлээ хийнэ. 1997 онд ялагдаад хоёр жил доошоо орсон. Бүтэн хоёр жил дахин хүлээж, бүр эхнээс нь эхэлж байж ялалтуудаа байгуулсан. Тэгээд 1999 онд дахин нэг рүү гарч байгаа. Тэгж байж 1999 онд дэлхийн аварга болсон.

-Сая Монголд мэргэжлийн боксын тулаан боллоо. МУГТ Э.Цэндбаатар Мексикийн боксчинтой тоглолоо. Мексикийн боксчин Педрогийн “Би Монгол Улсыг Чингис хаанаар төсөөлдөг. Одоо гэхдээ би Монголыг Чингисийн үеийнх шиг гэж бодохгүй байна. Дэлхийд танигдсан Монголын боксчинг би мэдэхгүй. Н.Төгсцогт байсан ч хөгширсөн. Э.Цэндбаатар, Н.Төгсцогт та хоёрыг Монголын нутагт, ард түмний чинь нүдэн дээр зодож, бокс зааж өгнө өө” гэсэн бичлэг нь тархсан. Мэдээж ямар ч шоу цэнгээнд маркетинг байдаг. Тэр хүн зургадугаар раунд дээрээ алчуур шидүүлээд тоглолт өндөрлөлөө. Үүнийг үзэж байсан Танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Хэвлэлийн яриа бол тамирчид хооронд байдаг л асуудал. Хувь хүний эмоцио гаргасан хэрэг. Мексикчүүд өөрсдийгөө халуун цустай гэж ярьдаг. Юу аманд орж ирнэ, түүнийгээ л ярьдаг хүмүүс юм шиг санагдсан. Би ч бас өөрөө АНУ-д мексик гаралтай хүмүүстэй тулаан хийгээд явж л байсан. Хоёрдугаарт, Чингисийн Монгол гэдэг нь бол жаахан улстөржөөд явчихжээ. Би энэ тухай сайн мэдэхгүй байна. Мэдээж Монголыг бол дэлхийд Чингис хаанаар л мэднэ.

-Уучлаарай. Мексик бол бокс сайн хөгжсөн орны нэг мөн үү, мөн. 100 жилийн түүхтэй, 164 дэлхийн аваргатай улс. Хэдийгээр энэ хүн уриалан дуудаж маркетинг хийж байсан ч Монголын мэргэжлийн боксчны хувьд дургүй чинь хүрээгүй юү?

-Одоо нас явлаа. Залуу байсан бол ямар нэгэн эмоци гаргах л байх. Одоо би 30 жилийн өмнө байснаасаа огт өөр болсон. Тийм болохоор одоогийн өнцгөөс бол юу ч гарахгүй шүү дээ. Хоёрдугаарт, ийм зүйл ярьдгийг мэддэг болохоор тоогоогүй. Нэг ёсондоо бие биенийгээ азаартуулах, сэтгэл зүйн дайралт. Манай монголчууд л даруухан болохоос гадны тамирчид маш их дайралт хийдэг. Түүнд л бэлэн байх ёстой. Шатаж, азаартаж болохгүй. Энэ чинь өөрөө нэг дайралт шүү дээ.

-Ер нь тэмцээнийг харж байхад Э.Цэндбаатар илүү байсан уу?

-Цэндээ бол хамаагүй илүү байсан шүү дээ. Бэлтгэл, цохилт, тэсрэлт гээд. Мэргэжлийн боксын гол цөм ерөөсөө л тэсрэлт шүү дээ. Сайхан байсан. Би хажуугаас нь харж байлаа. Алчуур шиднэ гэдэг чинь ялгаагүй л хугацаанаас нь өмнө тулааныг дуусгаж байгаа гэсэн үг.

-Дараагаар нь Мексикийн боксчны хоёр хавирга хугарсан байсан гэнэ. Э.Цэндбаатарын гар нь цуурсан байсан гэх мэдээлэл гарсан?

-Ер нь цохиулаад хавирга хугарах бол сүртэй асуудал биш. Гэхдээ яах вэ бие нь жаахан сул байна л даа. Бэлтгэл дээр ч гар бяцарна. Хуруунууд ч хугарна. Энэ бол тийм шинэ соргог зүйл биш. Мэргэжлийн бокст байдаг л зүйл.

-Мэргэжлийн бокс гэхээр асар их мөнгө гэдэг. Энэ удаагийн тоглолт ч мэдээж хэрэг мөнгөөр яригдана. Ер нь зохион байгуулах газрыг нь хаанаас товлодог вэ?

-Холбоо бол тэмцээн зохион байгуулах зөвшөөрөл л өгдөг болохоос зохион байгуулалтад оролцохгүй. Тэмцээн болж байгаа улс л зохион байгуулна. Урлагаар бол продакшнууд урлагийн тоглолтыг зохион байгуулж байгаатай адил спорт дотроо бокс, бокс дотроо мэргэжлийн бокст зөндөө олон “promo­tion” буюу тэмцээн зохиодог байгууллага бий. Тэр газар л тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ байгууллага бол тамирчдаа од болгоно, PR-ийг нь цацна, хүнээ цуглуулна, билетээ зарна гээд бүх ажлыг явуулдаг. Тамирчдад тогтсон үнэ биш мөнгө өгдөг. Хаа хол Мексикээс Монголд ирж тоглохыг хэн ч хүсэхгүй. Халуун орноос хүйтэн газар ирж тоглуулна. Үүнийг мөнгөөр л авчирдаг. Жишээ нь, 5000 ам.доллараар тоглуулъя гэвэл хэн ч ирэхгүй. Тэгэхээр боломжийн мөнгийг нь өгч байж тоглолтоо хийлгэнэ. Гэтэл энэ мөнгийг босгож байж тэр хүнд мөнгө өгч тоглуулна. Сонирхогчдын бокс шиг нэг медаль, нэг цом өгч болохгүй. Тодорхой хэмжээний мөнгийг Э.Цэндбаатарт санал болгоно. Тэр нь Э.Цэндбаатарт таалагдаж байж л тоглоно шүү дээ. Түүнээс чамд дараа нь мөнгийг нь өгье гэдэг зүйл байхгүй.

Энэ мөнгийг ивээн тэтгэгч нарын хандив, билет, шууд дамжуулалтын мөнгөнөөс ямар ч асуудалгүй босгоод ирж байгаа. Гол нь Э.Цэндбаатар өнөөдөр Монголд нэр хүндтэй од байна шүү дээ. Үүнийг үгүйсгэх аргагүй. Тийм болохоор энэ тэмцээн зохиогдож байгаа юм. Түүнээс биш мэргэжлийн бокст анх гарч байгаа хэн ч биш хүн байвал ямар ч мөнгө олдохгүй. Гэхдээ мэргэжлийн бокс мөнгө биш шүү дээ. Хүмүүс мөнгө гэж бодоод яриад байдаг. Мэргэжлийн бокст хүч үзэхэд алдар нэр, амжилт ялалт хэрэгтэй. Тэгж чадвал хүссэн хүсээгүй мөнгө дагадаг.

-Э. Цэндбаатар өнгөрсөн оны олимпийн сорилго тэмцээнд оролцъё гэдэг хүсэлтээ МБХ-нд гаргаад, ирж оролцоод өрсөлдөгчөө ялсан. Монголын ард түмний хүлээж байсан медалийг аваад ирье гэж амлаад олимпийн эрх авсан. Олимпод очоод эхний тойрогтоо ялагдсан. Та тоглолтыг нь харсан уу?

-Харсан. Сонирхогчийн бокс гуравхан раундтай учраас эхнээсээ тачигнаад л дуусдаг. Оноо авах биш, илүү идэвхтэй байсан нь л ялалтыг авна. Сонирхогчдын бокс луйвар ихтэй. Гэхдээ үүнийг луйвар гэж хараад байгаа болохоос биш шүүж байгаа шүүгч нарын үзэмжийн л асуудал.

-Миний хувьд түүнийг олимпийн бэлтгэлээ сайн хангаагүй байж гэж боддог?

-Э.Цэндбаатар бол хурд удаан, тэсрэлт байхгүй харагдсан. Олон шалтгаан байгаа байх. Ямар ч мэдрэмж нь байхгүй болчихсон зүтгээд л дайраад байгаа ажиглагдсан. Уг нь бол тэр өрсөлдөгчийг манай Э.Цэндбаатар өлхөн хусчихаар боксчин байсан. Миний харснаар л тэр.

-Пан Азийн аварга маань тамирчин байсан үедээ хэдийнэ цэг хатгасан ч спортоосоо хөндийрөлгүй дасгалжуулагч болж эргэн ирлээ. Үнэндээ ганц өөрийгөө боддог байсан бол түмний хүүхдийн төлөө зовинох цаг болж. Тамирчин байснаас дасгалжуулагч нь хэцүү гэж олонтаа сонсож явлаа?

-Одоо л наад үгний чинь утгыг ойлгож эхэлж байна. 2020 оны Токиогийн олимпийг үзэж байгаад, ширэн бээлийтнүүдийнхээ тоглолтыг хараад дасгалжуулагч болохоор шийдэж, эхнэртэйгээ зөвлөөд шийдвэрээ гаргасан даа. Дасгалжуулагчийн ажил хэцүү юм. Гэхдээ хэцүүгүй зүйл гэж хаана ч байхгүй. Бас сонирхолтой юм гэдгийг биеэр мэдрээд явж байна. Гурван жил гаруйн хугацаанд маш сайн ойлгосон нэг зүйл бол хүүхдүүдэд техникийг түлхүү заах хэрэгтэйг мэдэрлээ. Техник үнэхээр дутуу байна.

-Боксын шигшээ багийг нэрэндээ дүйхүйц чанартай байх үед Вандуйн Батбаяр гэдэг агуу дасгалжуулагчийн “цэрэг явсан” хүний хувьд тэр үеийн бэлтгэл сургуулилтыг өнөөдрийнхтэй харьцуулж дүгнэ гэвэл юу гэж хэлэх вэ. Боксын спорт уналтад орлоо гэвэл хүлээн зөвшөөрөх үү?

-Ер нь боксын спорт унахын хувьд унаж байгаа. Энэ нь боксын удирдлага хийгээд тамирчид аль алинаас нь л болдог байх. Хариулт маань арай нэг бөөрөнхийлсөн болчих гээд л байна л даа. Миний хувьд шигшээ багт байсан үе маань социализм дуусаад зах зээлийн нийгэм рүү шилжиж эхэлсэн цаг байлаа. Тэр үед хүмүүсийн ухамсар шал өөр. Багш дасгалжуулагчийнхаа үгэнд ордог, дээд үеийнхээ боксчдыг хүндэлдэг, ухамсартай байсан. Одоо үед болохоор хүний эрх их ярьдаг болж. Энд нэг зүйлийг хэлье. Гэхдээ энэ миний л бодол шүү. Их спортод ихийн төлөө зүтгэж, хөлсөө урсгаж байхад хүний эрх ярих шаардлага байна уу. Хамгийн гол нь сахилга бат шүү дээ. Тэгж байж нэгдмэл болж, амжилтад хүрнэ. Түүнээс бусад тохиолдолд тэр хүний эрхээ ярь л даа, хамаагүй. Нэг багшийн удирдлага дор зангидсан гар шиг байж амжилт ялалтад хүрнэ. Одоо үүнийг хийх гэхээр, ахиухан бэлтгэл хийлгэвэл ядаргаанд орчихно, арай чангахан дуугарвал дарамталлаа гэнэ. Миний хувьд хамгийн гол зүйл хүний ухамсар, сахилга бат. Гэтэл одоогийн хүүхдүүд ах захаа мэдэхгүй, дээд үеэ хүндлэхгүй байна, маш жаахан амжилт гаргавал түүндээ их хөөрүү байна. Тэгэхээр сахилга бат л дутагдаад байна. Сахилга баттай байх юм бол болчихно.

-Бокс бол залуу насны спорт. Тасралтгүй хөгжүүлье гэвэл залгамж халааг бэлтгэх ёстой. Энэ тал дээр?

-Шигшээ багт байгаа тамирчдын ихэнх нь 30 гараад явж байна. Үнэндээ бокс бол 27-28 нас хүрэхэд л хөгшинд тооцогдож эхэлдэг “харгис” спорт. Гэтэл манайд 26, 27 нас залуудаа ороод байна шүү дээ. Яагаад гэхээр дороос гарч ирж байгаа залуучууд нь нөгөөдүүлээ ялахгүй байна. Нэгэнт өрсөлдөгчид нь барахгүй болохоор тэд шигшээд байхаас яахав. Гэхдээ нас ахисан боксчид хаана ч тэмцээнд орсон хийдэг юмаа л хийнэ. Өөрөөр хэлбэл, гадагшаа яваад хүн ялахгүй байна.

-Гаднаас дасгалжуулагч авчирч тамирчдаа бэлтгэж эхэллээ. 2028 оны олимпоос Монголын ширэн бээлийтнүүд медаль авах болов уу. Та хэр итгэлтэй байна вэ?

-Гаднаас дасгалжуулагч авчирлаа гэнэ. Манайхан тодорхой хэмжээнд авчраад л байгаа шүү дээ. Куба нь ч ирсэн, Узбек ч ирсэн. Яг үнэндээ хуучны Кубын дасгалжуулагчдын арга барил одоо хоцрогдсон шүү дээ. Үнэхээр сайн тамирчид бэлтгэж гаргая гэвэл бокс ид хөгжиж байгаа орноос үнэтэй дасгалжуулагчдыг нь авчир л даа. Одоо бол бараг л узбек, казахууд болчихоод байгааг анхаарах хэрэгтэй. Латин Америкаас дасгалжуулагч авчирвал өөр хэрэг. Тэгэхээр бас л мөнгөний асуудал гарч ирж таарна. Тэгэхээр арай хямд төсрийг нь авчирч байгаа байлгүй. Бидний үед ирж ажилладаг байсан кубүүд ч одоо байхгүй болсон цаг. Олимпийн циклийн үлдсэн хугацаанд гаднаас хүн авчраад, тамирчдаа бэлтгүүлээд амжилт гаргана гэдэгт би л лав итгэхгүй байна. 2025 он гарчихлаа. Дэндүү богинохон хугацаа үлдлээ шүү дээ.

Эх сурвалж: Ярилцсан Н.Саранчимэг DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө9 цаг 59 минутын өмнөБаянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна4 сар 25. 10:40УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 25. 10:33М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна4 сар 25. 10:29“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна4 сар 25. 10:06“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа4 сар 25. 10:01БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 25. 9:53УИХ-ын чуулган: Гурилын 3 үйлдвэр нийт зах зээлийнхээ 78 хувийг үйлдвэрлэж байна4 сар 24. 17:30“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа4 сар 24. 14:06Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Жэннон Коулинтай уулзав4 сар 24. 14:04Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно4 сар 24. 14:01Д.Амарбаясгалан: Үндэсний үйлдвэрлэлээ л дэмжиж байвал бүтээгдэхүүн үнэтэй байсан ч яахав гэсэн үзлээр хандаж хэрхэвч болохгүй4 сар 24. 13:57БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа4 сар 24. 13:49Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоов4 сар 24. 13:47ТҮЦ-т номын худалдаа эрхэлж байсан 9 иргэн “Номын худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулж эхэллээ4 сар 24. 13:42“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ4 сар 24. 13:39Б.Дөлгөөн: Бонд гаргах нөхцөлийн шалгуурыг бууруулсан нь чухал ач холбогдолтой4 сар 24. 13:05Д.Амарбаясгалан: Импортын гурилын татвар тэглэснээс гурилын үйлдвэрүүд дампуураад дуусаж байгаа гэж ярих нь зохисгүй4 сар 24. 12:11Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно4 сар 24. 12:04УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 24. 12:01“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!4 сар 24. 9:04Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж байна4 сар 24. 8:46УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 24. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.