Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?


3-р сарын 17
8 цаг 55 минут

        Монголын улс төр нь бизнестэйгээ хутгалдчихсан. Улстөрчид нь бизнесмэнүүдийн хүчээр гарч ирдэг. Бизнесмэнүүд нь гаргасан улстөрчдийнхөө гарын үсгээр хөлждөг. Бараг л мафийн зохион байгуулалттай. Сүүлийн үед илэрч буй том том кэйсүүд үүнийг нотолсоор байна.

Тэдний нэг болох Засгийн газар, “Энержи ресурс” ХХК-ийн Ухаахудагийн ордын төрийн хувь хэмжээг тохирох хэлэлцээний тогтоолыг өнөөдөр эхлэх УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Ер нь бол, Тавантолгойн ордын нэг толгой нь Ухаахудаг юм. “Ордын нийт талбайн дөрөвхөн хувийг ийм нэрээр “Энержи ресурс”-д үлдээсэн гэдэг. Гэтэл ордын коксжих нүүрсний нийт нөөцийн дор хаяж 25, зарим эх сурвалжийн мэдээл­лээр 40 орчим хувь нь Ухаахудаг нэрээр “Энержи ресурс”-д очсон байдаг.

Уг нь, Тавантолгой ордод 1950-1989 оны хооронд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. 1990 онд коксжих нүүрсний ТЭЗҮ-ийг хийж дуусгасан.

Гэсэн хэдий ч 1999 онд “Майн инфо” ЗБН-д “Тавантолгой-1”, “Тавантолгой-2” хайгуулын 29 639, 42 413 гектар бүхий хайгуулын талбайнуудыг гурван жилийн хугацаатай олгосон. “Майн инфо” ЗБН-ийг Д.Жаргалсайхан, Д.Батсайхан, С.Хосбаяр, Д.Төрбат нар 1997 онд үүсгэн байгуулсан. Хамгийн сонир­холтой нь “Майн инфо” ЗБН-ийн нэг үүсгэн байгуулагч Д.Жаргалсайхан нь тухайн үед АМГТГ-ын даргаар ажиллаж байв. Тавантолгойн ордын лицензийг өөрөө өөртөө олгосон байгаа юм.

Тэрээр 1998-2006 онд АМГТГ-ын даргаар ажилласан. Түүний энэхүү “Майн инфо” ЗБН нь 2000 онд “Майн инфо” ХХК болоод эдгээр талбайг “Энерго ресурс” ХХК-д шилжүүлсэн. “Энерго ресурс” ХХК-ийг тэр жил Д.Батсайхан, Б.Баттөр нар үүсгэн байгуулсан. 2002 онд “Энерго ресурс” ХХК нь 24 036 гектар “Тавантолгой-1” талбайнхаа, 39 274 гектар “Тавантолгой-2” талбайг төрд шилжүүлж, 5 063 гектар талбай бүхий “Тавантолгой-1”, 1901Х дугаартай 2135 гектар “Ухаахудаг”, 1901Х-1 дугаартай 1011 гектар “Ухаахудаг” талбайг авч үлдсэн. Тэгмэгц 5188Х лицензтэй 14 263 гектар “Бор толгой”, 5189Х лицензтэй 24 036 гектар “Бор тээг-1”, 5190Х лицензтэй 24 532 гектар “Шар тээг” талбайг “Дархан хаан уул” ХХК нь АМГТГ-аас шилжүүлж авсан. Тухайн үед АМГТГ-ын дарга нь “Майн инфо”-гийн Д.Жаргалсайхан байв. Мөн энэхүү “Дарханхаан Уул” ХХК-ийг Ерөнхий сайд асан Сү.Батболдын авга ах Д.Батхуяг, тухайн үеийн “Номдот” ХХК-ийнхантай хамтарч үүсгэн байгуулсан байдаг. 

2005 онд тус “Энерго ресурс” ХХК нь авч үлдсэн гурван лицензээ “Дархан хаан уул” ХХК ч гурван лицензээ “Энержи ресурс” ХХК-д шилжүүлсэн. Тавантолгой ордын эдгээр лицензийг шилжүүлсэн АМГТГ-ын дарга нь Д.Жаргалсайхан л байв.

Түүнчлэн “Энержи ресурс” ХХК-ийн 43.5 хувийг “M-Си-Эс” групп, 29 хувийг “Тэнгэрийн цаг”, 2.3 хувийг "М.Си-Эс Холдинг", 14.1 хувийг "Петровис", таван хувийг Европын сэргээн босголтын банк, 6.1 хувийг "Шунхлай Майнинг" компани тус тус эзэмшдэг байсан. “Энержи ресурс” ХХК-ийг хамтран эзэмшиж байсан 14 компани нь “Тугсан”, “Алтай холдинг”, “Шунхлай”, “Петровис”, “USJ”, “Тэнгэрийн цаг”, “Mine info”, “Хасбуу”, “MCS”, “Туул кашмер” гэхчлэн, улстөрчөөр нь яривал Сү.Батболд, Т.Бадамжунай, Ц.Цэнгэл, Д.Идэвхтэн, Ц.Мөнх-Оргил, Т.Бадамжунай, С.Баярцогт, Батж.Батбаяр нар байв. Сүүлд, 2011 оны аравдугаар сард “М-Си-Эс”, “Петровис”, “Шунхлай” гурав л үлдсэн” гэх мэдээллийг ЭБЭХ-ний сайд Д.Зоригт өгч байсан юм. Бусад нь хэрхэн, яагаад “Энержи ресурс”-ээс гарсан талаарх сонирхолтой мэдээллүүд бас бий. Дүрэмгүй тоглоомд ч өөрийн гэсэн дүрэм бий. Хувьцаа эзэмшигчид ихэвчлэн “бартер”-аар арилжаад гарч одсон байдаг.

Улмаар 2007 онд “Энержи ресурс” ХХК нь “Бор толгой” “Бор тээг-1”, “Шар тээг”, “Тавантолгой-1”, “Тавантолгой” гэсэн таван лицензтэй талбайг төрд өгч “Ухаахудаг”-ийн лицезийг 30 жил эзэмшихээр авч үлдсэн. Тэгэхдээ УИХ, Засгийн тодорхой шийдвэргүйгээр, зөвхөн Засгийн газрын тэмдэглэлийн хүрээнд Ухаахудагийг “Энержи ресурс”-т үлдээсэн. Тухайн үед УИХ-ын дарга Ц.Нямдорж, Ерөнхий сайд С.Баяр, Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү байжээ. Энэ гэрээг гардаж хийсэн хүн нь Х.Наранхүү байдаг.

Тэр гэрээндээ “Нийт 68523 гектар талбайг Засгийн газрын нэр заасан хуулийн этгээдэд 1 /нэг/ төгрөгөөр үнэлэн шилжүүлэн өгөх”, “Энержи ресурс” ХХК-ийн Ухаахудагийн орд газрын талбайн булангийн цэгийн солбилцлуудыг шинэчлэн тогтоож баталгаажуулах” зэрэг ноцтой заалтуудыг тусгасан. 

УИХ тогтоол гаргавал Засгийн газар хэлэлцээнд орохоор зэхэж буй гэх Ухаахудагийн 1999-2007 оныг хүртэлх ил түүх энэ байгаа юм. Далд түүх нь илүү урт бөгөөд 2007 оноос хойш үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, “Ухаахудагийнхан” Тавантолгойн коксжих нүүрсний гол нөөцийг тасалж авснаасаа хойш олборлолт, ашиглалт явуулахдаа улс төрийн дэмжлэгийг чамгүй авсан. Тэд тасалж авахаасаа л “Хуулийн цоорхой байгаа бол бүгд хуулийн дагуу гэсэн үг” хэмээх зарчмаар өчигдрийг хүртэл ажилласан.

Өнөөдрийн “өндөрлөг”-өөс харахад, 2008 оны сонгуулийн дараах С.Баярын тэргүүлсэн хамтарсан Засгийн газар байгуулагдсан явдлыг Оюу толгойгоос гадна Тавантолгойтой холбож харддаг. “Энержи ресурс” ч 2008 оны наймдугаар сард “Ухаахудаг” хотхоныг байгуулж, уурхайн цогцолборын шанг татсан. С.Баяр Оюу толгойн гэрээг хийнгүүтээ хоёрхон жилийн өмнө, 2007 онд М.Энхболдоос намын даргын суудалтай нь хамт суга татан авсан Ерөнхий сайдын суудлыг танхимынхаа Гадаад харилцааны сайд Сү.Батболдод өгөөд явчихсан. Энэ нь ч Тавантолгойтой холбоотой яригддаг. Тэгэхээс аргагүй, Сү.Батболд гэхээр Тавантолгой, Тавантолгой гэхээр Сү Батболд заавал яригдана. Түүнийг Ерөнхий сайд болсноос яг жилийн дараа Ухаахудагийнхан “MMC” нэрээр Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж, олон улсын зах зээлд гарсан.  2011 оны зургадугаар сард Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэрийн нэг дэх модуль, ус хангамжийн системийг ашиглалтад оруулсан. Аравдугаар сард нь Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай 245 км авто замыг барьсан. 2012 оны хоёрдугаар сард “Эрдэнэс МГЛ” ХХК-тай хамтран Гашуунсухайтын боомтод томоохон хэмжээний өргөтгөл хийсэн. УИХ-ын 2012 оны сонгуулиар АН ялж Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсон. Улмаар 2013 оны зургадугаар сард Нүүрс баяжуулах үйлдвэрийн нийт гурван модулийг барьж ашиглалтад оруулсан. Ингээд Ухаахудагийн нүүрсийг баяжуулж, боловсруулан экспортолж эхэлсэн. “Ухаахудагийнхан”-ы бас л нэг ил цагаан түүхийн нэг хэсэг нь энэ.

Шулуухан хэлэхэд, 20 гаруй жилийн өмнө, 2013-2015 оны үед Тавантолгой орд, Ухаахудагтай холбоотой олон үйл явдал өрнөсөн. “Энержи ресурс”-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн шав тавигдахтай нь Тавантолгойн ХОГ-г УИХ-аар оруулах эсэх, АН байртай байх үгүй нь холбогдож яригдаж байв. Эрх ашгийн асуудлууд нэг нэгийгээ хөшөөд байсан хэрэг. Тэгж тэгж Н.Алтанхуяг АН-ыг байртай болгох болзолтойгоор “Ухаахудагийнхан”-д Нүүрс баяжуулах үйлдвэрийн зөвшөөрлийг олгосон. Гэвч АН байртай болж чадалгүй хоцров. Учир нь Н.Алтанхуяг Тавантолгойн ХОГ-г нь УИХ руу зүглүүлээгүйтэй холбоотой. Ши даргыг авчирч байгаад байгуулсан гэрээг ч урашлуулалгүй гацаасан. Тэр үеийн нэг зүйлийг анхаарах ёстой. “Энержи ресурс”-ийнхан Тавантолгойн ордын лицензийг төрд өгөхдөө яаж ийгээд Ухаахудагийг 2007 онд таслаад авч үлдсэн. Өөрсдөө “Энэ координатаар авъя” гэж сонгоод Ухаахудагийг авсан. 2010 онд хувьцаагаа олон улсын бирж дээр гаргаад цөм хийсэн. 2013 онд Нүүрс баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулсан. Ингээд явж байтал төрийн “Эрдэнэс Тавантолгой” Зүүн Цанхиас олборлолт хийгээд эхэлсэн. Гэтэл Зүүн Цанхи Ухаахудагаас нь илүү болоод явчихсан. Геологичид ямар газрын доорхийг имэрч үзэх биш, ямартай ч Ухаахудагийг ухахаас Зүүн Цанхийг төнхөж буй нь илүү байгааг мэдсэн. Тэгээд л Тавантолгойг бүхэлд нь авах ажиллагаанд ханцуй шамлаад орж явчихсан. Алдарт “Улс төрийн ТУЗ”-дөө ч ийм үүргийг өгөв. Ингээд өнөөх “ТУЗ”-өө 2014-2015 онд маш идэвхтэй ажиллуулсан байдаг. Тэгээд байхад хөдлөөгүй Н.Алтанхуягт “хариуцлага” тооцсон. Огцруулсан. Түүнийг “Ухаахудагийнхан”-ы өмнөөс шахаж байсан хүн нь тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдэг. Н.Алтанхуяг өөрөө ч олон удаа хэлсэн. Оронд нь ХЭГ-ынх нь дарга Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгоод Тавантолгойн ХОГ-г дахин шахсан. Тэр үед нь УИХ-ын 40 гишүүн эсэргүүцээд хэлэлцээгүй буцаасан. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгосны ашиг Тавантолгойд лав гараагүй гэсэн үг. Энэ мэт Оюу толгой, Эрдэнэт, Тавантолгой зэрэг ордуудын асуудлаарх дарамт шахалтаас болоод Ч.Сайханбилэг өрөөндөө уйлаад сууж байсан ч гэдэг юм. Нөгөөтэйгүүр, УИХ-аар тэр үед хэлэлцээгүйн гавьяаг Х.Баттулга, З.Энхболд хоёр эдэлдэг. Гэхдээ бодит үнэн нь гэвэл тэр үеийн 40 гишүүний зарим нь “Энэ хоёр хүний захиа даалгавраар гэхээсээ УИХ-ын гишүүний хувьд эсэргүүцэж гарын үсэг зурсан” гэж ил цагаан хэлдэг. Эзэнгүй гавьяаг энгэртээ татаад наана гэдэг бас л авьяас юм шүү.

Иймэрхүү түүхтэй, дээрхээс хойш “Ухаахудагийнхан” ганц хоёр удаа, ер нь тогтмол Тавантолгой руу онилсон отолттой л явж ирэв. Тэр нь өнгөрсөн оны сүүлчээр тас цохигдсон. 2024 оны арваннэгдүгээр сарын эхээр Шанхайд Монгол-Хятадын Засгийн газрын хэлэлцээг хийж, дундын зуучлагчгүйгээр буюу “Ухаахудагийнхан”-ыг оролцуулалгүйгээр Гашуунсухайт-Ганцмодны хилийн холболтыг хийхээр болсон. Одоо гэрээг нь УИХ соёрхон батлах гэж байна. Харин одоо “Ухаахудагийнхан” тэр үеийн хамгаалалт болж байсан Ц.Элбэгдоржийг хэнээр сольсон бэ гэдэг ихээхэн сонин. Тэр хүн улс төрөөс холдоод найман жил боллоо. Нэр нь яригдаад байдаг болохоос өөрөө бол таг л байна. Ц.Элбэгдоржийн үед Ухаахудагийн гол хувьцааг эзэмшдэг “Энержи ресурс”, түүний том хувьцааг эзэмшигч “М-Си-Эс” бол эрхэлж гүйцсэн дээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны хоёрдугаар сард зарлиг гаргаж “Ухаахудаг”-т “Төрийн Гэрэгэ”-г хүртээж байв.   Өөрөөр хэлбэл, “Үндэсний энэ том компани Ухаахудагийг яагаад ингэж авахад оролцсон юм бол” гээд гайхах гэхээр болохгүй юм. Яагаад гэхээр, 2016 оны зун Ерөнхийлөгчийн санаачилгаар АСЕМ арга хэмжээг зохион байгуулж, тусгай хамгаалалттай Богд ууланд баахан хаус тэдэнд үлдээсэн. Тэднийх тэр хауснуудынхааа цаахна “Скай резорт” цанын баазтай. Газрыг нь захлуулаад оочин цоочин, энд тэнд аваад нийлүүлж хашаад цанын баазаа хийчихсэн. Дор хаяад татвараа зохих ёсоор төлдөггүй нь тодорхой болсон. Бас 4-5 жилийн өмнө “АСЕМ вилла”-гаас наашхан тэднийхээс УИХ-д орсон гишүүн нь том хотхон барьсан. Ашиглалтад орчихсон. Түүнчлэн тэд жижиг дэлгүүрийн солонгос сүлжээг оруулж ирсэн. Жил бүр хэдэн тэрбум төгрөгийг франчейзингийн төлбөрт гадагшаа урсгадаг. Тэднийх өөрөө тэр зэргийн үндэсний сүлжээг өлхөн байгуулчих чадалтай шүү дээ. “Нойл”-той, суугаад үйлчлүүлэх тух байхад тэр сүлжээ Монголд босно. Өөр зөндөө л факт байна. Гол нь үүгээр “Жаахан ч гэсэн үндэсний компанийн үнэртэй байвал зүгээр” гэх гээд байгаа юм. 

Түүнчлэн сүүлийн хэдэн сард өрнөж буй улс төрийн элдэв үйл ажиллагаануудын ард “Ухаахудагийнхан” байгаа гэдгийг улсаараа л гадарладаг болов. Ордонд ч, гудамжинд ч болсон Засгийн газрыг эсэргүүцсэн элдэв үйл ажиллагаа тэдэнтэй холбогдоод байна. Тэр байтугай, “Ухаахудагийнхан” дэргэдээ хувийн тагнуулын алба шахуу байгууллага ажиллуулж маш ноцтойгоор гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан барим тавим мэдээллүүд цацагдлаа.

Тэгвэл Ухаахудагийн гол хувь эзэмшигч Ж.Оджаргал нь гадаадаас баахан үхрийн дэргэд зогсож байгаад “Сүүлийн үед зохион байгуулалттайгаар тодорхой цөөхөн хэдэн бүлэг үнэхээр манай компанийн нэр хүндийг харлуулах гэж зохион байгуулалтай хар пиар явууллаа л даа. Бид нийгмийг талцуулж бужигнуулж хэрүүл хийхээс холхон байя, өдөөгөөд яахав гээд тэвчээртэй, хүлцэнгүй байгаад ирсэн. Сүүлдээ буруутай ч юм шиг ойлголт өгөх юм шиг байна. Үүн дээр харамсаж байгаа. Зохион байгуулалттай юмны эсрэг хэрүүл хийгээд байж чадахгүй, тэгэх сонирхол ч байхгүй өмнөх ажлаа хийгээд явж байгаа. Гэхдээ энийг зөв зүйтэй, буруу гэж ялгаж салгах хүмүүс бол байгаа болов уу. Түүнд найдаад хэтэрхий хүлцэнгүй чимээгүй байсан байх.

15, 16 жилийн өмнө Засгийн газрын том ажлын хэсэг гарч дөрвөн сар хэлэлцээр хийж байж, стратегийн ордны хуулийн дагуу Ухаахудагийн лицензээ авсан. Бүгд ном дүрмээрээ хийгдсэн. Ямар ч хууль дүрэм зөрчөөгүй. Өнөөдрийн энэ Таван толгойд ажиллаж байгаа ордууд нь төрдөө өгсөн таван лиценз буюу нийт ордынх нь 96 хувь нь. Энэ бүхэн ном дүрмийнх нь дагуу учраас санаа зовохгүй байгаа. Мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд хууль номын дагуу хандив өгсөн.

Биднийг жагсаал зохион байгуулж, троллын арми ажиллуулдаг гэсэн. Яасан ч их завтай юм, огт хийж байгаагүй юмыг хийдэг болгож арай л дэндүү гүтгэж байна.

Гашуунсухайтын төмөр замын Засгийн газрын хэлэлцээрийг хүртэл эсэргүүцэж, нураах гэж байна гэсэн бай­сан. Хүмүүс мэдэж байгаа даа. Бид 15 жил төмөр зам ороосой билээ л гэж хүсэжирсэн. Энэ Засгийн газрын хийж байгаа хэлэлцээрүүд маш чухал. Илүү хийгдээд батлагдаад төмөр зам холбогдоосой гэж хүсч байгаа. Төр засаг тогтвортой байж бидний эдийн засаг, улс хөгжих ёстой. Гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг ч татах ёстой.

Мөн Ухаахудагийг эзэмшигч “Энержи ресурс”-ийн толгой компанийн хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр байгаа. Энд бас Америкийн том том хөрөнгө оруулалтын сан хүртэл хөрөнгө оруулсан. Манай “М-Си-Эс” компани бол 37 хувь, үлдсэн 63 хувь нь олон улсын том хөрөнгө оруулалтын сангууд байдаг. Тэгэж олон улсын  зах зээлээс мөнгө босгож байж, хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг татаж байж хоосон говь дээр цахилгаан станц, угаах баяжуулах үйлдвэр сургууль, цэцэрлэгийн хөрөнгө татаж хийдэг. Энэ бүхнийг харлуулах гэсэн ийм мэдээлэлд итгэх хэрэггүй. Энэ талаар битгий санаа зовоорой. Хуулийн байгууллага шалгуулна. Шалгуулах ёстой гэж үзэж байгаа. Хууль дүрмийн дагуу ажиллаж байгаа учраас санаа зоволтгүй” гэв.

Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд яриа өгөхдөө учиргүй аргадаж “Хувийн хэвшилтэй зөрчилдсөн биш, хууль зөрчсөн эсэхийг тодруулах асуудал гэдгийг хариултын эхэнд тодотгоё. Тавантолгойн ордод 1940 оноос эхлэн хайгуул хийж эхэлсэн юм билээ. Улсын төсвөөс 1977-1993 онд, тухайлбал, 1978,1979, 1982, 1986, 1989-1993 онуудад тус хайгуулд зориулж санхүүжилт гаргасан байдаг. Улсын төсвөөс хайгуул хийгдсэн стратегийн ийм том ордын хувь хэмжээг тогтоосон эрхзүйн актуудад дүн шинжилгээ хийх нь аль ч улсын Засгийн газар, УИХ-д байх л ёстой хэм хэмжээ. Ашигт малтмалын даргаар ажиллаж байсан нөхөр ийм хэмжээний ордын лицензийг өөр дээрээ авах эрхтэй байсан уу? Засгийн газар тогтоол биш тэмдэглэлээр эрх шилжүүлэх нь эрхзүйн акт мөн үү?

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах, хувь эзэмшил тогтоох нь УИХ-ын эрх хэмжээний асуудал байдаг. Тэгвэл УИХ-аар хэлэлцсэн эсэх зэрэг асуудлуудыг тодруулж, нэг талдаа УИХ-аас чиглэл авах шаардлага гарсан, нөгөө талдаа иргэдийн мэдэх эрхийг хангаж нэгдмэл ойлголтод хүрэх нь зөв гэж үзсэн. Түүнээс Засгийн газар “Кока кола, “Юнител” эсвэл “Скай резорт”, “Шангрила”-гийн түрээсийн асуудалд орооцолдоод байгаа зүйл огт биш, стратегийн орд хуулийн дагуу очсон эсэхийг л нягталж байгаа юм. Хууль зүйн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд баримтуудаа гаргаад ил тод ажлын хэсэгтэйгээ хамтраад ажиллаад явах нь л зөв. Ажлын хэсэг аль нэг талыг барихгүй, хуульд нийцсэн шийдвэрийг УИХ-тай хамтран гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ том хэмжээний улс төрийн мэтгэлцээн өрнөх нь Гашуунсухайт-Ганцмод төмөр замаар холбогдож, их овроор нүүрс зөөх нь өөрсдөд нь ашиггүй гэж үзсэн Баяннуурын хэдэн компани, тэдэнтэй холбоотой тээвэрт оролцсон улстөрчдөд үүлэн чөлөөний нар болж хувирсан. Гэхдээ Тавантолгойг бүхэлд нь авах санаархал тухайн үед биелээгүй нь ёстой л Монголын заяа” хэмээжээ. Үүнийг үзсэн хүмүүс “Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр жүжээд байгаа юу, үзээд байна уу” гэцгээж л байна.

Эх сурвалж: Б.БАЯР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатар: СХД-ийн 67 дугаар сургуулийн хажууд 1.5 га газар чөлөөлж, авто зогсоол барина8 цаг 7 минутын өмнөМонгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа8 цаг 11 минутын өмнөСХД-ийн 5 дугаар хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина8 цаг 14 минутын өмнөБ.Мөнхбат: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээний барилгад жуулчдад зориулсан мэдээллийн танхим, үндэсний үйлдвэрлэгчдэд зориулсан үйлчилгээний талбай байна8 цаг 17 минутын өмнөУран эсэргүүцэгчдийн халдлагад өртсөн Марк Мелеард гэж хэн бэ9 цаг 26 минутын өмнөМонгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 21. 15:16“Татвар”-ын Д.Энхбат: Б.Хурцаас уучлалт гуйж байна4 сар 21. 15:06БНСУ-ын визгүй иргэдийг "Кимхэ" нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөхгүй байхыг анхааруулж байна4 сар 21. 15:02УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Дэлхийн бүтээлч байдал, инновацын өдөр”-т зориулан мэндчилгээ дэвшүүллээ4 сар 21. 12:28АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав4 сар 21. 12:23Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 21. 12:21Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангаад байна4 сар 21. 12:15Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 21. 10:46"Бүтээмж ба шийдэл" мэтгэлцээний дөрөвдүгээр тэмцээнийг зохион байгууллаа4 сар 21. 10:29Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах зар4 сар 21. 10:24Компаниудын хүсэлтийн дагуу Нийтийн тээврийн бодлогын газраас жуулчин угтах үйлчилгээнд том оврын автобус явуулахаар боллоо4 сар 21. 9:39Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн4 сар 21. 9:37Д.Амгалан: Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг ил тод, нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна4 сар 21. 9:28Энэ сарын 21-25-ны өдрүүдэд зэрлэгшсэн нохой, муур барих ажлыг зохион байгуулна4 сар 21. 9:25Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна4 сар 21. 9:23“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл эхэллээ4 сар 21. 8:59Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын зуслангийн авто замыг засварлаж байна4 сар 21. 8:55УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 21. 8:51УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.04.21-04.254 сар 21. 8:45Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан4 сар 21. 8:40Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд 10 автобус худалдан авлаа4 сар 19. 11:43Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж байна4 сар 19. 11:37Энхтайваны өргөн чөлөөний авто замын засварын ажил үргэлжилж байна4 сар 18. 13:42Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа4 сар 18. 13:31Есөн дүүргийн 55 байршилд нөөцийн мах худалдаалж эхэллээ4 сар 18. 13:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.