Засаг, “М-Си-Эс” хоёрын зодоонд хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө хоёр “хэрчүүлж” байна


3-р сарын 21
9 цаг 10 минут

        Өчигдөрхөн л Ухаахудагийг улсаараа ярьж байв, харин өнөөдөр...

Ерөөс, Монголын амьдралыг томьёолох аргагүй болов. Дэлхий маш хурдан өөрчлөгдөж байгааг бүгд мэднэ. Тэр нь өдрөөр бус цаг, минутаар хэмжигдэж байна. Хамгийн гол нь, энэ бүхний эцэст Монгол бүтнээрээ үлдэх шахалт үүсээд байдаг. Харин бид эндээ тамын тогооны үлгэр зохиож, түүнийхээ гол дүрд тоглоцгоон өдөр хоногийг өнгөрөөж байна. Гаднаас биднийг харвал элгийн хэдэн “юм”, эмгэнэлтэй л харагдаж байгаа даа.

Уг нь, өнгөрсөн жил УИХ олны жишгийг дагаад олдсон баялаг юмаа ганцаараа бус олуулаа идэх “дүрэм” хийсэн. Баялгийн сантай болсон. Түүнийг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт тохоогдсон. Ийм учир жанцан байгаа гэж олон нийт ойлгосон. Өөрөөр хэлбэл, “...Засгийн газар Ухаахудагийг Баялгийн санд авна гээд нөгөөдүүл нь гэдийгээд байгаа” гэж ойлгогдсон. Гэтэл сүүлийн үед “...Ерөөл болох учиртай баялаг маань хараал болоод байна уу” гэлтэй үйл явдлууд тасралтгүй өрнөлөө. Ер нь, манайхны хов жив технологийн дэвшил, цахим сүлжээний хурдтай нийлээд жинхэнэ будилаан, бужигнаан болгож байна. Өчигдөрхөн л Ухаахудагийг улсаараа ярьж байсан. Өнөөдөр шал өөр сэдвээр цахим ертөнцөөр дүүрэн хэрэлдэцгээж сууна. Ер нь, ямар ч асуудал дээр хэнийх нь үнэн, хэнийх нь худал болохыг дэнслэх хэмжүүр ч алга болов. Зарим тохиолдолд үнэн гутлаа үдэж байхад худал нь уул даваад арилж буй ч бололтой юм. Ямар ч байсан, тасрахгүй өртөөлөх тэр их ховны хор нь Монголд амьдарч байгаа бидэнд л тусах аж. Эцэст нь “...Жоомоо алах гээд байшингаа шатаана гэдэг болох вий” гэсэн болгоомжлол л ортой томьёолол болж үлдэх шинжтэй.

“Ноорог”-т оногдсон хэвлэлийн эрх чөлөө ба “морг”-т морилсон хүний эрх

Цагдаагийнхан  “Ноорог.мн”-ийг нэгжиж, техник хэрэгсэл, эд зүйлсийг нь хурааж аваад, ажилтнуудыг нь саатуулсан ажиллагааны дуулианаар энэ долоо хоног эхэлсэн. Хэрэг явдлын дараа хэвлэлийнхэн, олон нийт дургүйцээд эхлэхээр Цагдаагийнхан эв хавгүй, хүч түрэмгий мэдэгдлүүдээр бөмбөгдөв. Үүнд Хууль зүйн сайд ч оролцов. “...Би худлаа яриагүй, худлаа бол хариуцлага хүлээнэ” гэж байгаад “Ноорог.мн”-ийнхныг сэрдэж байгаа гэмт хэргүүдийг зарлав. Мөн “...Энэ ажиллагаа нь тус сайтын залуусыг хэвлэл, мэдээллийн үйл ажиллагаатай нь холбоогүй” гэж мэдэгдэв. Сайдын амнаас гараагүй ч нөгөөх цахим сүлжээгээр тарсан мэдээллээр энэ сайтын залуусыг өнөөх “М-Си-Эс”-тэй наагаад авлаа. Гэхдээ яг ямар сүлбээгээр “Ноорог.мн”, “М-Си-Эс” хоёр холбогдоод авсан нь нарийн тодорхой болоогүй байна. Нөгөөх “М-Си-Эс”  нь ч “...Тийм ээ”,  эсвэл “...Хамаагүй ээ” гээд тайлбар гаргачихгүй л байна. Уг нь, аль ч “үг”-ээр нь дуугарсан “Ноорог.мн”-д хамгаалалт болох байв.

Тэр хооронд “Ноорог.мн”-тэй холбоотой асуудлаар олон нийт байтугай, хэвлэлийнхэн ч талцаад амжлаа. Яг л Ухаахудаг дээр улсаараа хуваагдсан шиг болов. Хамгийн гол нь үүнээс болоод тэдний хэвлэн нийтлэх буюу контент бүтээх үйл ажиллагаа тасалдсан.

Яахав, Хууль зүйн сайд, цагдаагийн байгууллагынхны хэлээд байгаа асуудал нь тэгж байгаад нэг тийш болно. Урьдын  иймэрхүү явдлуудын жишгээр тэр чигтээ нам жим болж ч мэдэх юм. Хамгийн гол нь цагдаагийн энэ ажиллагаанд манай хэвлэл мэдээллийн эрх чөлөө нэгжүүлээд, саатуулагдаад, хураалгачихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний байж байгаа царай, унаж хүрсэн түвшин энэ. Өнөөдөр дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн салбарынхны эдэлдэг наад захын эрх, эрх чөлөө манайд алга. “Хэн нэгэн” гомдол гаргахад мөрдөх албаныхан өдөр, шөнө хамаагүй хаалга өшиглөөд л ороод ирнэ. Нэгжинэ, хураана, байцаана. Яг үнэндээ, хэвлэн нийтлэх, мэдээлэх эрх маань шүүхийн шийдвэрийн хүрээнд л “тойм мэдээ” бичих хэмжээнд оччихсон. Шүүхээс урдахыг нь бичвэл шууд эрүүгийн хэрэгт унана. Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөө ердөө л энэ.

Яг одоо Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн шинэ төслийн хэлэлцүүлэг явагдаж байна. Хэвлэл мэдээллийн салбарынхан ч идэвхтэй оролцож, хэлэлцүүлэг, уулзалтад нь очиж мөрөөдлөө яриад  байгаа харагдана. Харамсалтай нь энэ хуулийн ирээдүй бүрхэг. Бүтэхгүй. Өмнөх “амьдрал”-аа эргээд нэг бодох хэрэгтэй. “...Гоё хуультай болно” гэж сэтгүүлчид хэдэн “үе”-ээрээ улстөрчдөд итгэж гүйсэн билээ лээ. Худлаа л байдаг. Тэгээд ч өнөөдөр манайд часхийсэн дөрвөн заалттай Хэвлэлийн эрх чөлөөний хууль бий. Гэхдээ нэг ч заалт нь хэрэгждэггүй, зөрчигддөг. Тийм учраас сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан хуульгүй аж төрөөд байгаа юм. Дөрөвхөн заалттай хууль дахь эрхээ “тэг”-лүүлчихсэн байж 40 заалттай хуулиар эрхээ эдэлж чадах уу. Тэр худлаа. Товчхондоо, Монголд хэвлэлийн эрх чөлөө гэж байхгүй. Тиймээс, энэ удаад ч хулхидсаар байгаад л дуусна. Баталдаг юм гэхэд дөрвөн заалтаар ногтлуулж байснаа 40 заалтаар хазаарлуулна. Бүр чөдөрлүүлнэ. Тиймээс одоо байгаа хуулийнхаа дөрвөн заалтыг хэрэгжүүлж чадах аваас л Монголын хэвлэл мэдээллийн салбар одоо байгаа ёроолоосоо өндийнө шүү. Тэгэхгүй бол улс төр хэвлэл мэдээллийн салбараар “оролдсоор, тоглосоор” л байх болно. Улстөрчид батлан гаргаж буй хууль бүрээрээ хэвлэлийн эрх чөлөөнд хаалт тавьдаг. Ганц жишээ хэлье. Тэд ковидын үеийн Хэмнэлтийн хуулиар өдөр тутмын сонинуудад “буудан алах ял” оноочихсон. Хэмнэлтийн хэмээх тэр хуульд “...Хэвлэл захиалгыг хориглосугай” гэсэн үг хийсэн. Ийм “ял” шийтгүүлсэн хэдэн сонин сүүлийн таван жилд дурандаа л амьтай голтой явж байна. Угтаа, энэ бол зөвхөн өдөр тутмын хэдэн сонины асуудал биш. Үүгээр, монгол хүнд Үндсэн хуулиар олгогдсон үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх хийгээд хэвлэн нийтлэх, мэдэх, мэдээлэх зэрэг үндсэн олон эрхийг зөрчсөн. Гэтэл өдөр тумын сонинуудын захиалгын үнэ гэж хөгийн “юм” байдаг. Аль нэг өдөр тутмын сониныг аяга кофе, аятайхан жигнэмэгтэй авах үнээс ч хямдханаар бүтэн улирал захиалах боломжтой. Хэмнэлтийн хуулиар хэвлэл захиалгатай хамт спортын тэмцээн уралдаан, өөр юу юуг ч билээ дээ, хориглосон. Гэвч өнөөдөр хэвлэл захиалгаас бусад хориглосон арга хэмжээ төрийн бүх байгууллага зохиосоор байна. Тэд аргалж хийгээд байгаа юм л даа. Товчхондоо, Хэмнэлтийн хэмээх хууль төрийн байгууллагуудыг хулгайд л сургаж байна. Нэг үгээр хэлбэл, өнөөдөр “Ноорог.мн”-д оногдож байгаа хэвлэлийн эрх чөлөөг сэтгүүлчид энэ хэвээрээ байгаад байвал маргааш, нөгөөдөр бүгдээрээ эдэлнэ.

Түүнчлэн, хэвлэлийн эрх чөлөөтэй хамт хүний эрх бараг л “морг”-т орчихлоо. Монгол Улсын иргэдэд хотын түгжрэл, хортой утаанаас өмнө хууль хяналтын байгууллагын өмнө хүний эрх өчүүхэн зүйл болж хувираад байгаа юм. Хамгийн гол нь тэр бүхний тухай мэдээлэх ёстой сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад үүргээ хэрэгжүүлэх эрх нь хаалттай. “...Монгол хүний эрх” гээд хашгирвал өөрсдөө хуульд дуудагдана. Энэ нь, сэтгүүлч уг сэдвээр мэдээлэл авах, хэвлэн нийтлэх байтугай өөрсдийнх нь монгол хүний эрх ч байхаа больсон хэрэг. Ийм л Монголд амьдарцгааж байна, хэдүүлээ. Шулуухан хэлэхэд, засаг, “М-Си-Эс” хоёрын зодоонд хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө хоёр “хэрчүүлж” байна.

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ-ын даргын гарт очоогүй байна

Ер нь бол, “...Ухаахудагийн ордыг Баялгийн санд авах асуудал дээр нэг талаас Засгийн газар, нөгөө талаас “М-Си-Эс” компани дайтаж байна” гэдэг ойлголт нийгэмд суучихсан. “М-Си-Эс” энэ хүртэл “...2025 оны төсвийг задалсан”, “...2025 он гарснаас хойшх хоёр жагсаалыг санхүүжүүлэх оролдлого хийсэн”, “...Хууль бусаар хувийн тагнуулын байгууллага ажиллуулсан” гэх ноцтой асуудлуудад нэр холбогдоод байна. Хамгийн сүүлд энэ “Ноорог.мн”... Гэтэл “М-Си-Эс” энэ бүхэнд тямар нэг тайлбар мэдэгдэл хийхгүй байгаа нь анхаарал татаад байна.

Харин Засгийн газрын ажлын хэсэг “...Ухаахудагийг “М-Си-Эс” гол хувь­цааг нь эзэмшдэг “Энержи ресурс” компанид УИХ, Засгийн газрын шийд­вэргүйгээр өгч хууль зөрчсөн” гэдэг дүгнэлт гаргажээ. Үүнийгээ өн­гөр­сөн долоо хоногт Засгийн газрын хурал­даанд танилцуулсан байна. Хууль зүйн сайд О.Алтангэрэл Засгийн газрын хуралдааны дараа “...Энэ нь тогтоогдсон” гэж мэдэгдэв. Эндээс “...Хууль зөрчсөнийг шүүхээс өмнө тог­­тоодог сүрхий эрхтэй ажлын хэсэг байна” гэж эргэлзсэн хүмүүс олон байна.

Тэр хуралдаанаас долоо хоногийн дараах, уржигдрын Засгийн газрын хуралдаан дээр Хууль зүйн сайд О.Алтангэрэл “Ноорог.мн”-ийн асуудлаар танилцуулга хийжээ. Тэр үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Гашуунсухайт гэж үйлтэй төсөл юм даа. Иймэрхүү зүйлсээ баталчихаад хийж болдоггүй юм уу. Эсвэл албаар ингээд байдаг юм уу. Үндсэн сэдэв хил холболт төмөр зам, бас Тавантолгойн лиценз. Энэ фокус бол Засгийн газрын байр суурь болохоос бусад нь биш. Засгийн газар Гашуунсухайтыг холбох, Ухаахудагийн асуудлыг их хурлаар оруулах гэж байна. Үүний сарниулж болохгүй. Ер нь Гашуунсухайт хэлэлцэх дөхөхөөр л нэг том сенсац болдог. Гурав дахь удаагаа давтагдлаа. Цаг үеийг нь нягтлаарай О.Алтангэрэл сайд аа” гэсэн гэх юм. Эндээс, Засгийн газар бол Ухаахудагийн хэдэн хувийг ч юм, авах хүртлээ зогсохооргүй юм байна гэж ойлгогдлоо. Гэвч Ухаахудагт төрийн оролцоог бий болгох УИХ-ын тогтоолын төсөл нь бэлэн болоод арваад хонож байгаа ч УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн гарт очиж “амжаагүй” л дуулдаж байна.

Эх сурвалж: Б.Дамдин-Очир "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтанд орж байна9 цаг 55 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана8 сар 7. 18:28Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ8 сар 7. 18:20"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов8 сар 7. 18:16Д.Амарбаясгалан С.Баяртай хамт загасчилж, Н.Учрал АН-аас О.Алтангэрэл, Ч.Лодойсамбууг, МАН-аас Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдтэй хийсэн Хөвсгөл дэх нууц уулзалт8 сар 7. 18:09Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна8 сар 7. 13:39Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ8 сар 7. 13:35Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав8 сар 7. 9:56Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо8 сар 7. 9:51М.Мандхай: 18 жилийн хугацаанд олгосон төсвийн дэмжлэг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ямар бодит үр дүн авчирсныг нээлттэй сонсголоор тогтооно8 сар 7. 9:4511:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө8 сар 7. 9:40Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө8 сар 7. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 7. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан8 сар 7. 9:05Автобусны Ч:19А чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орно8 сар 6. 18:11Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ8 сар 6. 18:00Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ8 сар 6. 16:20“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ8 сар 6. 16:16УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо8 сар 6. 16:08“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна8 сар 6. 12:39Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна8 сар 6. 12:37“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?8 сар 6. 12:32Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав8 сар 6. 12:29Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ8 сар 6. 12:25Монголын авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай8 сар 6. 9:49Татварын өртэй, шатахуун импортлогч 142 ААН-ийн дансыг битүүмжлэхгүй8 сар 6. 9:45Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод, Сүхбаатар аймагт ажиллав8 сар 6. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 6. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 сар 6. 9:06УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8 сар 5. 16:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.