УИХ болон Олон улсын парламентын холбооны хамтарсан цахим уулзалт-хэлэлцүүлэг болов


3-р сарын 21
10 цаг 49 минут

       Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Олон улсын парламентын холбоо, Улсын Их Хурлын Тамгын газар "Парламентын институцыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд хамтран зохион байгуулж буй Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний талаарх Монгол Улсын Их Хурал болон Олон улсын парламентын холбооны хамтарсан цахим уулзалт-хэлэлцүүлэг (2025.03.20) үргэлжилж байна.

UPR механизмын талаарх ойлголт” сэдвээр эхэлсэн уулзалт-хэлэлцүүлэг “Монгол Улс ба UPR-ын үйл явц” сэдвээр үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд илтгэл танилцуулсан юм.

Эхлээд Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-т Монгол Улсын үүрэг оролцооны талаар танилцууллаа. Монгол Улс Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-т хүний эрхийг хангах хамгаалах талаар дараах баримт бичигт үндэслэн олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтуудаа хэрхэн биелүүлж байгаа талаар тайлагнадаг юм. Одоогоос 15  жилийн өмнө 2010 онд НҮБ-ын Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-т Монгол Улс анх удаа оролцож, эхний илтгэлээ хэлэлцүүлсэн бөгөөд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нийт 129 зөвлөмж өгсөн. Тухайн үед Засгийн газар 126 зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг, амлалт авч байсан байна. Удаах илтгэлээ 2015 онд хэлэлцүүлж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нийт 190 зөвлөмж өгснөөс Засгийн газар 150 зөвлөмжийг хэрэгжүүлэхээр үүрэг, амлалт авч байсан. III илтгэлээ 2020 онд хэлэлцүүлж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нийт 190 зөвлөмж өгснөөс Засгийн газар 170 зөвлөмжийг хэрэгжүүлэхээр үүрэг, амлалт авсан юм. Энэ онд буюу 2025 оны арван нэгдүгээр сарын 04-ний өдөр Монгол Улс ээлжит буюу IV илтгэлээ хэлэлцүүлэхээр, бэлтгэл ханган ажиллаж байгааг С.Эрдэнэболд гишүүн танилцуулав.

Үүний өмнө Монгол Улсын Их Хурал болон Олон улсын парламентын холбоо (IPU) хамтран Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний үйл явцын талаар ийнхүү хэлэлцэж байгаа нь дээрх бэлтгэл ажлын чухал хэсэг гэдгийг онцлон тэмдэглэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсаас UPR-ийн тайланг дөрвөн жил тутам хэлэлцүүлэх, Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний тайланг бэлтгэх, UPR-аас өгсөн зөвлөмж, үүрэг амлалтуудыг хэрхэн биелүүлж байгаа талаар, парламентын хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх зорилтын хүрээн дэх Монгол Улсын Их Хурлын үүрэг, оролцоо, эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Монгол Улсын Их Хурал UPR-ийн зөвлөмжийг үндэсний хууль тогтоомжид тусгах, хууль тогтоомж, бодлого, шийдвэрийг хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг мөн танилцуулав. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2001-2024 онд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцүүлэхдээ Монгол Улсын Их Хурлаас шийдвэр гаргуулахаар 466 санал, зөвлөмжийг хүргүүлж, үүнээс 275 санал, зөвлөмжийг тусгасан Улсын Их Хурлын 7 тогтоол, Хууль зүйн байнгын хороо 10 тогтоол гаргаж, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, дэмжих чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг, даалгавар болгосон байдаг байна. С.Эрдэнэболд гишүүн илтгэлийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын хяналт болон иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Монгол Улсын Их Хурал бодлогын шийдвэр гаргахдаа хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах, тухайлсан үйл явдлууд дээр парламент хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд зөвлөлдөх, холбогдох хэлэлцүүлгийг парламентын түвшинд тогтмол зохион байгуулах, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүний эрхийн боловсролыг түгээхэд хамтран ажилладаг юм. Мөн Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаг иргэний нийгмийн 57 төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Хүний эрхийн форумтай ээлжит чуулган болон, чуулганы завсарлагааны үеэс үл хамааран тогтмол сар бүрийн 2 дахь долоо хоногт уулзалт зохион байгуулж, Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, UPR-ийн тайлангийн талаар санал солилцож, холбогдох арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байгааг тэмдэглэсэн.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхий дэд хорооны дарга С.Эрдэнэболдын танилцуулсан Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-т Монгол Улсын үүрэг оролцооны талаарх илтгэлийн хүрээнд цахим уулзалт-хэлэлцүүлэгт оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчид сэдвийн хүрээнд сонирхсон асуултаа асууж, хариулт, мэдээлэл авсан юм.

Цахим уулзалт-хэлэлцүүлэг “UPR үйл явц дахь парламентын үүрэг” сэдвийн хүрээнд үргэлжилж, чиглүүлэгчээр Монгол Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны дэд ерөнхийлөгч О.Номинчимэг ажилласан юм. 2020 онд UPR-ийн ажлын хэсэг 36 дахь чуулганыхаа үеэр Монгол Улсын тайланг хэлэлцсэн бөгөөд Хүний эрхийн Зөвлөлийн 50 дугаар чуулганаар гишүүн улсуудын зүгээс 190 зөвлөмж өгсний 170-ыг нь хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар амалсан юм. Хүний эрхийн төлөв байдлын талаарх (UPR)-т IV илтгэлээ хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар О.Номинчимэг гишүүн дурдаад “IV  илтгэлээ хэлэлцүүлэхээр бид тал бүрдээ бэлтгэл хангаж байна. Энэ хүрээнд өнөөдөр Монгол Улсын Их Хурал, ОУПХ-той хамтран хүний эрхийн төлөв байдлын үнэлгээг хийж, тайлагнахад парламент ямар оролцоотой байх, хяналт шалгалтыг хэрхэн хийх талаар хэлэлцэж байгаа юм” хэмээлээ.

Гадаад харилцааны яамны Гэрээ эрх зүйн газрын захирал Ж.Соёлмаа “Монгол Улсын UPR-ийн тайлангийн үр дүн, хүлээн авсан гол зөвлөмж, хүний эрхийн тулгамдсан асуудлууд болон Засгийн газрын хүлээсэн үүрэг, амлалтууд” сэдэвт илтгэл танилцуулав. Хүний эрхийн асуудал нь НҮБ-ын анхаарал хандуулдаг хамгийн чухал сэдэв гэдгийг тэрбээр илтгэлийнхээ эхэнд тодотгоод, UPR-ийн талаарх ерөнхий мэдээллийг танилцуулсан. Монгол Улс хуваарийн дагуу 2025 оны наймдугаар сард ээлжит тайлангаа хүргүүлээд, арван нэгдүгээр сард хамгаална. 2021 онд НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар, хатагтай Мишель Бачелетаас ирүүлсэн захидалд Монгол Улс ээлжит тайлан хэлэлцүүлэгт үр дүнтэй оролцсоныг тэмдэглээд, тодорхой ахиц гарсныг дурдсан байсныг хэлж байлаа. Тус захидалд, ХЭҮК-ын бүрэлдэхүүнд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизмыг бий болгон, Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсныг, шүүхийн хараат бус байдал, мэдээлэл авах эрх, хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийг баталгаажуулахад чиглэсэн хууль тогтоомжоо боловсронгуй болгосныг сайшаасан байна. Үүний зэрэгцээ анхаарах шаардлагатай зургаан зөвлөмж өгч байжээ.

Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх III илтгэлээ хэлэлцүүлсний дараа Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэхээр амалсан 170 зөвлөмжийн агуулгыг тэрбээр танилцуулсан. Тодруулбал, эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхтэй тэмцэх; шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах; гэр бүл болон жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх; хүүхдийн эрхийг хамгаалах; хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх; үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах; шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх; хувь хүний нууцыг хамгаалах зэрэг 16 салбарт хамаарах 170 зөвлөмж юм. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар холбогдох тогтоол баталж, дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гаргасныг, түүний хэрэгжилтийн талаар Ж.Соёлмаа захирал дэлгэрэнгүй танилцуулсан.

Дараа нь Гүржийн парламентын Хүний эрхийн хорооны дарга асан, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны дэд дарга, Европын зөвлөлийн Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үл тэвчих байдлын эсрэг Европын комиссын гишүүн Софи Киладзе UPR-ийн зөвлөмжүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх болон хянахад парламентын үүрэг, оролцоо хэр чухал талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн дотоодын хууль тогтоомжоо олон улсын хүний эрхийн үүрэг амлалтуудтай нийцүүлэх, UPR-ийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлж буй Засгийн газрын үйл ажиллагаанд парламент хяналт тавихтай холбоотой арга механизмууд, түүний ач холбогдол, үр нөлөөний талаар хуваалцлаа. Үүний зэрэгцээ бусад улс орны парламентуудын энэ чиглэлээрх сайн туршлагуудаас уулзалт-хэлэлцүүлэгт оролцогчдод сонирхуулсан.

Үүний дараа цахим уулзалт-хэлэлцүүлэгт оролцогчид дээрх хоёр илтгэлийн илтгэлийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, сонирхсон асуултаа асууж, илтгэгчдээс хариулт, мэдээлэл авав.

Ийнхүү Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний талаарх Монгол Улсын Их Хурал болон Олон улсын парламентын холбооны хамтарсан цахим уулзалт-хэлэлцүүлэг өндөрлөв.

Хүн бүрийн тусын тулд улс орнуудын хүний эрхийн нөхцөл байдлыг газар дээр нь сайжруулах зорилготой НҮБ-ын гишүүн орнуудын энэхүү механизмд парламентын үүрэг, оролцоог сайжруулах чиглэлээр дэмжин ажиллахдаа таатай байгаагаа ОУПХ-ны Хүний эрхийн хөтөлбөрийн менежер Рожиер Хуйзенга илэрхийлсэн.

Монгол Улсын Их Хурал энэхүү үйл явцад хэрхэн оролцдог талаар мэдээлэл авсандаа сэтгэл хангалуун байна гэв. UPR-ийн зөвлөмжүүдийг тайлагнан, хэлэлцүүлснээр дуусахгүй, үргэлжлүүлэн хэрэгжүүлж улс орныхоо хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах нь нэн чухал гэдгийг тэрбээр тэмдэглээд Монгол Улсын Их Хурлын гишүүд ихээхэн санаачилгатай, үүрэг оролцоотой байгааг сайшаан, Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын талаарх ээлжит илтгэлээ хэлэлцүүлэх үйл хэрэгт амжилт хүсэв.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны дэд ерөнхийлөгч О.Номинчимэг цахим уулзалт-хэлэлцүүлгийг хааж үг хэллээ. Тэрбээр Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хангах, дээшлүүлэх чиглэлээр ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгааг дурдаад “Парламентад өргөн мэдүүлж буй хууль, тогтоолын төсөлд хүний эрхийн үнэлгээ хийж байх зохицуулалтыг хуульчлахаар ажиллаж байна. Энэ нь Монгол Улсын Их Хурлын гаргаж буй шийдвэрүүд нь хүн төвтэй, хүний эрхийн мэдрэмжтэй байхад томоохон хөшүүрэг болно хэмээн үзэж байна. Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо иргэний нийгмийн байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж байна. Засгийн газрын боловсруулж буй Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх IV илтгэлд парламент ямар оролцоотой байх, цаашид хэрхэх талаар зөвлөлдснөөрөө энэхүү уулзалт-хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой байлаа” хэмээсэн. Төгсгөлд нь Монгол Улсын парламент хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахын төлөө тасралтгүй анхаарал тавьж ажиллах болно гэдгийг илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо33 минут 52 секундын өмнөДунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ45 минут 31 секундын өмнө18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо51 минут 17 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө56 минут 25 секундын өмнөГэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов59 минут 3 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо1 цаг 3 минутын өмнөХоббигоороо бүтээсэн миний түүх4 цаг 2 минутын өмнөОюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой5 цаг 45 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 52 минутын өмнө"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна6 цаг 36 минутын өмнөПутин, Моди нар албан бус уулзалт хийжээ6 цаг 41 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ6 цаг 46 минутын өмнөХөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна6 цаг 49 минутын өмнөГэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно7 цаг 23 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа7 цаг 27 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн7 цаг 30 минутын өмнөМалын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 4. 18:16Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа12 сар 4. 18:09УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов12 сар 4. 13:59АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 4. 13:56Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ12 сар 4. 13:53Б.Даваабаяр: Арванхоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжилнэ12 сар 4. 12:49Зэсийн ханш дээд амжилт тогтоолоо12 сар 4. 12:45УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 4. 11:16Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө12 сар 4. 10:41Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна12 сар 4. 10:22Монгол, Итали хоёр улс эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 4. 10:14Валютын нөөцийн хэмжээ зургаан тэрбум ам. долларт хүрлээ12 сар 4. 10:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 4. 9:22Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана12 сар 4. 9:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.