АЙЛЧЛАЛ БАЙР СУУРЬ: Дэлхийн эрдэмтдийн Монголын талаарх судалгааны үр дүнг бид бодлого, үйл ажиллагаандаа тусгах талаар анхаарах хэрэгтэй


3-р сарын 22
15 цаг 43 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британ, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал (2025.03.18-23) хийх үеэрээ Оксфордын их сургууль дээр ажиллан, монголч эрдэмтдийн судалгааны ажлуудтай танилцсан юм. Энэ үеэр айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаж буй УИХ-ын гишүүд, монголч эрдэмтэд, судлаачдын байр суурийг сонирхлоо.

Монгол судлаач Ариел Ахернтэ: Монгол хүн, монгол газар, монгол соёл маш их үнэтэй

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Оксфордын их сургуульд ажиллав. Энэ үеэр тус сургуулийн Газарзүй, байгаль орчны сургуулиас долоо дахь удаагаа зохион байгуулж буй “Говь цөлөрхөг нутагт амьдарч буй улс орнуудын иргэдийн ахуй амьдралыг судалдаг судлаачдын олон улсын бага хурал”-д оролцож байгаа монгол судлаачидтай уулзаж, тэдний судалгааны ажилтай танилцсан. Энэ үеэр Оксфордын их сургуулийн Байгаль орчны сургуулийн багш, доктор, монгол судлаач Ариел Ахернтэтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

-Говь цөлөрхөг нутагт амьдарч буй улс орнуудын иргэдийн ахуй амьдралыг судалдаг судлаачдын олон улсын бага хурлын талаар товч мэдээлэл өгнө үү?

-Өнөөдөр Оксфордын их сургууль дээр маш чухал хурал болж байна. Олон  хүн уур амьсгалын өөрчлөлтийн талаар хийсэн судалгаануудаа танилцуулж байна. Жишээ нь, би газар зүйн танхимд хөдөө аж ахуйтай холбоотой судалгаа хийдэг. Уур амьсгалын өөрчлөлт, газар хөдлөлт, зэрлэг амьтад уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн нөлөөлдгийг судалдаг судлаачид ч бий. Бүгд л байгаль орчинтой холбоотой судалгаа хийж байна. Энэ бол маш чухал.

-Та судалгааны ажлынхаа талаар сонирхуулна уу?

-Би олон жил Монголын хөдөө орон нутгийн иргэдийн амьдрал, амьжиргаа, нүүдлийн соёл, тэр дундаа нүүдлийн мал аж ахуйг судалж байна. Монголын нүүдлийн мал аж ахуй нь хүн төрөлхтний онцгой чухал соёл, үнэт зүйл учраас судалж, хамгаалах нь маш чухал. Өнөөдрийн энэ хуралд Монгол Улсаас, бүр Дундговь аймгаас хоёр малчин оролцож байна. Тэд уур амьсгалын өөрчлөлт нь нүүдлийн мал аж ахуй болон малчдын амьдрал, амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар сонирхолтой илтгэл танилцуулсан. Энэ илтгэл хурлын оролцогчдын анхаарлыг ихээхэн татаж, хамтран ажиллах талаар яриа хэлэлцүүлэг өрнөлөө.

-Монгол Улс цөлжилтөөс хэрхэн сэргийлэх боломжтой вэ?

-Энэ маш хэцүү асуудал. Уур амьсгалын өөрчлөлт нь Монголын газар нутагт маш их нөлөөлж байгаа. Миний бодлоор уул уурхайн салбарын хөгжил, тэр дундаа нүүрсний уурхай нээх нь цөлжилтөд ихээр нөлөөлдөг. Үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Хөдөө аж ахуйн салбар, ногоон салбарын хөгжилд анхаарах нь чухал. НҮБ болон олон улсаас хэрэгжүүлж байгаа бодлого, энэ чиглэлээр судалгаа хийдэг судлаачдыг Монгол Улсын Засгийн газраас дэмжин, хамтран ажиллах  хэрэгтэй.  

-Та яагаад Монголын талаар судлах болсон бэ?

-Дунд сургуульд сурч байхдаа Монголын түүхийн талаар багшаасаа сонсоод ямар гайхалтай түүх вэ, Монголд очиж үзнэ гэж боддог болсон. Ингээд оюутан байхад гайхалтай боломж гарч олон улсын хөтөлбөрт хамрагдаад, 20 настайдаа анх Монгол Улсад очиж байсан. Тэр цагаас хойш Монголд маш их хайртай болж, дахин дахин очдог, салж чадахгүй болсон. Монгол хүн, монгол газар, монгол соёл маш их үнэ цэнтэй юм.

-Монгол малчдын талаар ярихгүй юу?

-Монгол малчдын амьдралын хэв маягийг төгс гэж би боддог. Бид асар их хэмжээний хог хаягдал гаргаж байна, ус их хэрэглэж байна, хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн зохицож амьдрахаа мартсан. Бид өөрчлөгдөх л хэрэгтэй. Бид монгол малчдаас байгальтай хэрхэн зөв харьцах, зэрлэг амьтан, малтайгаа хэрхэн харьцах гэх мэт олон чухал зүйлийг сурч болно. Малчид бол Монголын хэл, соёл, ёс заншил, уламжлалыг хамгаалдаг хүмүүс. Монголын түүх маш урт, судлах зүйл асар их.

Докторант Г.Мөнх-Эрдэнэ: Оксфордын их сургуулийн судлаачдын ажлууд дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Оксфордын их сургуулийн эрдэмтдийн Монгол Улстай холбоотой сүүлийн 20 гаруй жилийн судалгааны ажилтай танилцсан юм. Энэ талаар тус сургуулийн докторант, антропологич Г.Мөнх-Эрдэнэ ийн ярьж байна.

-Миний докторын зэрэг горилж буй судалгааны ажлын сэдэв бол Монголын малчид дижитал технологийг хэрхэн ашиглаж байна, энэ нь тэдний амьдрал ахуйд яаж нөлөөлж байна вэ гэдгийг онцолсон нийгмийн өөрчлөлтийн тухай юм. Оксфордын судлаачид Монголын тухай ямар өргөн далайцтай судалгаа хийж байгаатай сая Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид танилцлаа. Судлаачид Монгол Улс, манай нийгмийн өөрчлөлтийн асуудлыг бүс нутаг, дэлхийн хэмжээнд, олон улсын асуудал, нөхцөл байдалтай холбож судалдаг. Оксфордын судлаачдын ажлуудыг чанар, үр нөлөөгөөр нь эрэмбэлэх юм бол дэлхийн хэмжээнд эхний байруудад жагсах судалгааг байнга хийж байна. Жишээлбэл, Оксфордын их сургуулийн судлаачдын сүүлийн 20 гаруй жил цуглуулсан Монголын тухай, Монголтой холбоотой, тухайлбал, малчдын тухай, хөдөө аж ахуйн бэлчээрийн тухай, газар хөдлөлт, түүнийг сансраас, хиймэл дагуулаас хянах тухай асуудлууд, ан амьтан, бөхөнгийн тухай гээд мэдээлэл, өгөгдлүүд маш их хуримтлагдсан байна. Энэ мэдээлэл, өгөгдлүүдээ Монголын бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, судлаачидтай хуваалцахад нээлттэй гэдгээ илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир: Дэлхийн эрдэмтдийн Монголын талаарх судалгааны үр дүнг бид бодлого, үйл ажиллагаандаа тусгах талаар анхаарах хэрэгтэй

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ үеэрээ Оксфордын их сургуультай судалгааны чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Үүнтэй холбогдуулан айлчлалын бүрэлдэхүүнд багтан ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир байр сууриа илэрхийллээ.

-Монгол судлал гэхээр бид зөвхөн түүх соёл, хэл, утга зохиолын судалгааны асуудал мэтээр ойлгодог. Монголын талаар судалж байгаа шинжлэх ухааны салбар бүхэн монгол судлал хэмээн ойлгох хэрэгтэй. Монгол судлалын эрдэмтэд чуулж буй долоо дахь удаагийн энэ хурал 14 жилийн өмнөөс “Цөлийн хурал” нэртэйгээр жилд хоёр удаа болдог юм. Миний бие эдгээр хурлын зохион байгуулалтад оролцож, хэдэнтээ илтгэл хэлэлцүүлж байсан. Харин энэ жилийн хурал олон улсад нэгдүгээрт эрэмбэлэгддэг, нэр хүнд бүхий Оксфордын их сургуулийн Газар зүй, байгаль орчны сургууль дээр зохион байгуулагдаж байгаа нь онцлог юм. Өөрөөр хэлбэл, монгол судлал улам өргөжиж байгаагийн илрэл. Өнөөдрийн хурлаар монголч эрдэмтэд, судлаачид маань Монголын газар зүйн тухай, тэр дундаа газар хөдлөлтийн талаар хэлэлцлээ. Мөн Монголын нэн ховор амьтанд тооцогддог бөхөнг халдварт өвчнөөс хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх судалгааны талаар ярилцлаа. Ер нь дэлхийн эрдэмтдийн Монголын талаарх судалгааны үр дүнг бид бодлого, үйл ажиллагаандаа тусгах талаар анхаарах хэрэгтэй юм. 

Доктор Б.Марал: Монгол Улс сансрын технологийг маш олон, өргөн салбарт ашиглах боломжтой

Их Британийн Засгийн газрын “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” инновацын төвийн  ахлах зөвлөх Б.Марал нь Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчлах үеэр байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Хиймэл дагуулын өгөгдөлд түшиглэн судалгаа, шинжилгээгээ хийдэг тэрбээр Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр нэрлэгдсэн, Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалж, “Keeley Scholar” хэмээх хүндтэй цолыг хүртсэн монгол эмэгтэй. Хиймэл оюун ухаан, өндөр технологи, хөдөлмөрийн зах зээл, ногоон хөгжил зэрэг салбарт хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж хөндөгдөж буй энэ үед доктор Б.Маралтай уулзаж ярилцлаа.

-Их Британийн Засгийн газрын “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” инновацын төвийн ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад баяр хүргээд амжилт хүсье. Сансрын технологийг манай улсад ашиглах ямар боломж байна вэ?

-Баярлалаа. Монгол Улс сансрын технологийг уул уурхай, хөдөө аж ахуй, бэлчээрийн мониторинг, санхүү, хяналт гэх мэт олон салбарт, өргөн ашиглах боломжтой. Одоо бол санхүү, эдийн засгийн салбарын мэргэжилтнүүдийн гаргаж ирж байгаа уур амьсгалын өөрчлөлтөд зориулсан шинэ концепцуудыг сансрын технологи ашиглаад дэлхийн том тогооноос хэрхэн, яаж эх орон руугаа татаж, уул усаа хамгаалах вэ гэсэн бодлого, том зорилготой болсон.

-Жишээлбэл?

-Нар, салхины эрчим хүч, технологийн аль алийг нь хөдөө нутагт хаана тавих вэ, эдгээр технологийг тавьсан тохиолдолд хөрөнгө оруулалтын зардал хэзээ нөхөгдөх, автозамаар холбох гэх мэтийн ажлуудыг хийж болно. Жишээлбэл, Казахстан, Киргизстан зэрэг оронд усан цахилгаан станцууд олноор баригдаж байгаа. Олноор барьж байгуулаад Энэтхэг Улсад экспортлох бодлого төлөвлөсөн. Киргизстан Улс гэхэд л чулууны хагарал ихтэй, газар хөдлөлтийн эрсдэл бүхий газар нутагт оршиж байгаа. Сансрын технологи ашиглаад үүнийгээ судалж, тогтоож чадаж байна. Ингэснээр дараагийн станцаа оновчтой, үр ашигтай байршилд байгуулах гэх зэргээр ашиглаж байгаа. Энэ мэт сансрын технологийг ашиглах олон боломж бий. Монгол Улсад ч үүнийг үр ашигтайгаар, олон чиглэлээр ашиглах боломжтой.

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал: Их Британийн Засгийн газрын “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” төвтэй Монголд хиймэл дагуулыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр Их Британийн Засгийн газрын “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” төвтэй Монголд хиймэл дагуулыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болсон юм. Энэ талаар айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаж буй Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалаас тодрууллаа.

-Монгол Улсад хиймэл дагуулын хэрэглээ бүх салбарт өргөн хэрэглэгдэж байна. Наад зах нь гар утаснаас эхлээд хүн бүрийн хэрэглээ болсон. Мөн геологи хайгуул, цаг уур, хөдөө аж ахуйн салбарын хэрэглээ өндөр байна. Манай эрдэмтэн судлаачид сансар судлалын чиглэлээр дэлхийн олон улс оронд ажиллаж байгаа нь сайшаалтай. Түүний нэг жишээ нь Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэг доктор Б.Марал байна.

Их Британийн Засгийн газрын “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” төвтэй Монголд хиймэл дагуулыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо. Нэгдүгээрт, том хэмжээний үндэсний хиймэл дагуулыг хөгжүүлэх үү, эсхүл хиймэл дагуулын хэрэглээг нэвтрүүлэх үү гэдэг сонголтыг хийхэд тус төвийн зөвлөх багийг урьж ажиллуулах юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бөгөөд шинжлэх ухааны хөгжлийн хувьд аль нь илүү үр ашигтай вэ гэдэгт зөв сонголт хийх ёстой.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо54 минут 46 секундын өмнөДунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ1 цаг 7 минутын өмнө18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо1 цаг 13 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө1 цаг 18 минутын өмнөГэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов1 цаг 20 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо1 цаг 24 минутын өмнөХоббигоороо бүтээсэн миний түүх4 цаг 22 минутын өмнөОюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой6 цаг 6 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 13 минутын өмнө"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна6 цаг 57 минутын өмнөПутин, Моди нар албан бус уулзалт хийжээ7 цаг 2 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ7 цаг 7 минутын өмнөХөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна7 цаг 10 минутын өмнөГэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно7 цаг 44 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа7 цаг 48 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн7 цаг 51 минутын өмнөМалын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 4. 18:16Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа12 сар 4. 18:09УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов12 сар 4. 13:59АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 4. 13:56Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ12 сар 4. 13:53Б.Даваабаяр: Арванхоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжилнэ12 сар 4. 12:49Зэсийн ханш дээд амжилт тогтоолоо12 сар 4. 12:45УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 4. 11:16Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө12 сар 4. 10:41Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна12 сар 4. 10:22Монгол, Итали хоёр улс эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 4. 10:14Валютын нөөцийн хэмжээ зургаан тэрбум ам. долларт хүрлээ12 сар 4. 10:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 4. 9:22Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана12 сар 4. 9:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.