Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны тавдугаар сарын 9-нд ОХУ-д айлчилж, Ялалтын баярт оролцохоор болжээ.
Москва хотын Улаан талбайд тавдугаар сарын 9-нд аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан цэргийн парад, ёслолын арга хэмжээ болно. Ялалтын баярын ёслолын арга хэмжээнд дэлхийн олон улс орны удирдагч, төрийн тэргүүн нар оролцохоор төлөвлөж байгаа аж. ОХУ-ын зүгээс Ялалтын баярт БНХАУ-ын дарга Ши Жиньпин тэргүүтэй зочид хүрэлцэн ирнэ гэж мэдээлжээ.
Монгол Улсаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэхүү арга хэмжээнд оролцохоос гадна өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалаар тохирсон асуудлуудыг Монголын талаас урагшлуулан ажиллаж байгааг батлан талууд хэлэлцээ хийх бололтой.
Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалаас урьдаж Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны хэлэлцээрийг Монгол Улсаас соёрхон батлах, мөн Агаарын хөлгийн түлш цэнэглэх, нийлүүлэх чиглэлээр Орос, Монголын хамтарсан компани байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлах зэрэг асуудлыг шийдэж, ОХУ-д айлчлахдаа талууд гарын үсэг зурж баталгаажуулахаар төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: Пүрэвдагва БУЛГАН itoim.mn
Сэтгэгдэл бичих