Хуульч Р.Булгамаа: Монгол Улсын иргэн байсныхаа төлөө хясан боогдуулсан, хязгаарлуулсан дүрэм журмын өмнө бөхөлзөн зогсох нь хүний эрхийн ноцтой зөрчил


4-р сарын 18
11 цаг 01 минут

         Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас БНСУ-ын виз мэдүүлж буй иргэдэд тулгарч буй асуудлуудыг хөндөж эхэлсэн билээ. Энэ асуудлаар түүнтэй ярилцлаа.

-БНСУ руу зорчих виз мэдүүлж буй иргэдийн гадаад паспортыг 30-40 орчим хоног хурааж авдаг нь хүний эрхийн зөрчил мөн үү?

-БНСУ-ын визтэй холбогдуулан хүний эрхэд халдсан нэлээд зөрчил байна. Тиймээс эхлээд БНСУ руу зорчих виз мэдүүлж буй иргэдэд тулгамдаж буй асуудлуудын талаар тус улсын Элчин сайдын яаманд биечлэн хандсан. Тэгэхэд холбогдох хүмүүс нь харилцах цонхоо ч нээж өгөхгүй, таны хүсэлтийг хүлээж авах боломжгүй, Монгол Улсад суугаа Солонгосын элчин сайдын яам нэг ч иргэнтэй биечлэн уулзахгүй гээд хүлээж авахгүй байсан учраас шуудангаар албан бичиг явуулсан

Тэгэхэд “Энэхүү албан бичгээ өөрийн орныхоо ГХЯ-аар дамжуулж явуулна уу” гээд дардас дараад буцаагаад явуулсан байна лээ. Дараа нь хуульчид хандсан 10 гаруй иргэний гомдлыг нэгтгэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд ХЭҮК-т гомдол гаргасан. Бидний гаргасан гомдолтой ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа танилцаж, маш нягт нямбай ажилласан байна лээ. ХЭҮК-ын зүгээс иргэдийн гадаад паспортыг визийн өгөгдлийг хянах зорилгоор олон хоног хураан авч бусад улс оронд зорчих эрхийг хязгаарлаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.18 дугаар заалт, Иргэний болон улс төрийн эрхийн пактын 12 дугаар зүйлээр баталгаажсан чөлөөтэй зорчих эрх зөрчигдөх үндэслэл болж байгааг онцлон тэмдэглээд иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудалд онцгой анхаарал хандуулж, Монгол Улсын иргэний үндсэн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хүссэн албан бичгийг нэгдүгээр сарын 14-нд гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хүргүүлсэн. Үүний мөрөөр ГХЯ БНСУ-ын Элчин сайдын яаманд консулын газраараа дамжуулан К/25-135 тоот албан бичгийг 29 хуудас иргэдийн гомдолтой хавсаргаж явуулсан байдаг.

Энэ бичгийн хариу одоо хэрнээ ирээгүй. Сүүлд дахиад бичиг явуулсан боловч хариу бас л ирээгүй байна. Улмаар ГХЯ-нд гаргасан “Энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, санал санаачилгатай ажиллана уу” гэсэн гомдол хүсэлтийн хариу өнгөрсөн сарын 14-нд ирсэн. Тус бичигт “Хоёр улсын хамтын ажиллагааны хүчин чармайлтын үр дүнд виз шийдвэрлэлтийн хугацаа 90 хоног байсныг гурав дахин бууруулж 30 хоног болгосон нь үр дүнтэй ажил болсон” гэсэн агуулга бүхий хариу албан бичгийг ирүүлсэн байсан.

-Иргэдийн гадаад паспортыг 30 хоног хурааж авч байгаа нь иргэний ямар, ямар эрхэд халдаж байгаа үйлдэл вэ?

-Гадаад паспорт гэдэг бол Монгол Улсын иргэний улсынхаа хилээс гараад гадаадын аль нэг улсад зорчих эрхийн баталгаа болсон эрх зүйн цорын ганц баримт бичиг. Гэтэл БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монгол Улсын иргэний гадаад паспортыг 30 хоног өөр дээрээ төвлөрүүлж байгаад буцааж өгч байгаа юм. АНУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлэхэд паспорт дээр дардас дарагдаж, тэмдэглэгээ хийгддэг бол БНСУ-ын тухайд нэг үсэг ч тавьдаггүй. Иргэдийн гадаад паспорт виз мэдүүлгийн газрын цонхны тавцан дээгүүр, ширээний доогуур хөглөрч байдаг тийм л дүр зурагтай байдаг. Энэ үйл байдал нь нэг талаар иргэдийн бусад улсад зорчих эрхийг хязгаарлаад зогсохгүй нөгөөтэйгүүр Монгол Улсын иргэний чөлөөтэй зорчих эрхэд халдаж, хясан боогдуулсан арга хэмжээ юм. Тийм ч учраас энэ асуудалд би таван сарын туршид пробоно стратегийн өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээг үзүүлж байна.

-Ер нь БНСУ руу зорчих виз мэдүүлж буй иргэдэд тулгарч буй ямар асуудал байна вэ?

-БНСУ-ын иргэд Монгол Улсад ирэхэд визийн маш ая тухтай, таатай боломжийг үзүүлж байгаа. 2022 оны дөрөвдүгээр сараас эхлээд БНСУ-ын иргэд Монгол Улсад аялал жуулчлалын шугамаар виз мэдүүлэхэд виз мэдүүлгийн шаардлагаас бүрэн чөлөөлөгдөж байгаа. Визийн хураамж ч төлөхгүй байна. Монгол Улсын төсөвт орох байсан тэр олон сая ам.долларын хохирлын эрсдэлийг хүлээж тус улстай байгуулсан дипломат харилцаагаа хүндэтгэж, найрсаг хамтын ажиллагааны үүд хаалгыг нээж, иргэдийг нь чөлөөтэй зорчих боломжийг олгосон. Гэтэл эсрэгээрээ Монгол Улсын иргэд тухайн улсад зорчиход дэндүү босго өндөр гэмээр хатуу шаардлагуудыг тавьсаар байна. Тийм ч учраас иргэд виз мэдүүлэхээсээ эхлээд л маш их хүнд суртал, дарамтыг амсаж байна. БНСУ-д зорчихын тулд Монгол Улсын иргэн заавал хөрөнгө, мөнгөтэй байхыг шаарддаг. Тухайлбал, иргэд 20-40 сая төгрөгийг дансандаа байршуулаад, дансны хуулгаа Элчин сайдын яаманд мэдүүлж байж өөрийгөө санхүүгийн боломжтой гэдээ баталж байгаа юм. Тэгтэл БНСУ-ын иргэн дансандаа мөнгөтэй байх эсэхээс үл хамааран манай улсад чөлөөтэй зорчиж байна. Түүнчлэн Монгол Улсын иргэнд үл хөдлөх хөрөнгийнх нь мэдээллийг харгалзан виз олгодог. Дээрх нөхцөл байдал нь Монгол Улсын Үндсэн хууль төдийгүй 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглалд аливаа хүнийг боловсрол, санхүү, эдийн засгийн байдал, орлогын түвшнээр нь ялгаварлан гадуурхахыг хориглосон зохицуулалттай зөрчилдөж байгаа юм.

-Манайхаас өөр улсын иргэн БНСУ-д зорчих виз мэдүүлэхийн тулд гадаад паспортоо олон хоногоор хураалгадаггүй гэдэг үнэн үү?

-Ажил хариуцсан албаны хүмүүс мөн зарим иргэдийн зүгээс “Өмнө нь иргэдийн гадаад паспортыг 60-90 хоног хураадаг байсан. Одоо 30 хоног болгочихлоо. Болоо юм биш үү” гэсэн хандлагыг гаргадаг. Гэтэл тийм биш. 30 хоног байсан ч Монгол Улсын иргэн тус улсад зорчихын төлөө бусад эрхүүдээ хязгаарлуулна гэдэг байж боломгүй, хүлээн зөвшөөрөөд байх зүйл биш. Энэ шаардлагууд ганцхан Монгол Улсын иргэнд л тавигдаж байгаа. Бусад улсын иргэний гадаад паспортыг ийм урт хугацаагаар, эх хувиар нь хурааж авдаггүй. Тиймээс ганцхан Монгол Улсад зориулсан ийм хатуу шаардлага тавьж байгаа нь туйлын буруу. Нөгөөтэйгүүр, БНСУ өөрийнхөө бодлого, үйл ажиллагааг бусад улс орны дотоод бодлого, үйл ажиллагаа болон иргэдэд тулгаж болохгүй. Үүнийг олон улсын эрх зүйн томьёоллоор “Дипломат харилцааны өнгөлзөх бодлого” гэж үздэг. Мөн виз татгалзсан, виз түдгэлзсэн тохиолдолд дараагийн виз мэдүүлэх эрх, боломж нь зургаан сарын дараа үүсдэг. Энэ хатуу шаардлага нь бас л зөвхөн манай улсын иргэдэд хамаатай. Монгол Улсын иргэд бусад улс руу зорчих виз мэдүүлэхэд “Виз нь гараагүй бол зургаан сарын дараа дахин мэдүүл”, “30 хоног манай элчин дээр гадаад паспортоо хураалга” гэсэн шаардлага байдаггүй. Дээд тал нь 7 хоногийн хугацаатай байдаг. Бид Монгол Улсын иргэн байсныхаа төлөө хясан боогдуулсан, хязгаарлуулсан дүрэм журмын өмнө бөхөлзөн зогсож байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил. Бид улсаараа БНСУ-д өртэй юм уу. Яагаад тус улс руу зорчих виз мэдүүлж байгаа иргэдийг бүгдийг нь тэнд очоод харлаж, хулгай хийж, гэмт хэрэг үйлдэх гэж байгаа юм шигээр хараад байгаа юм бэ. Харин ч манай улсын иргэд өөр өөрийнхөө хэмжээнд хөдөлмөр зүтгэл, хөрөнгө мөнгөөрөө БНСУ-ын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилтэд хувь нэмрээ оруулж байна. Солонгос дахь монгол ажилчид хамаг л хар бор ажлыг нуруундаа үүрч байгаа нь нуух зүйл биш. Иргэд эх орондоо ажиллаж хөдөлмөрлөөд хангалттай цалин хөлс авч чадахгүй байгаа учраас харьд очиж боолын хөдөлмөр эрхэлж байна. Нөгөө талаар, БНСУ-д очиж эрүүл мэндийн үйлчилгээ авч, суралцаж байгаа иргэд бүгдээрээ тус улсад хөрөнгө оруулж байна. Тэгэхэд бүгдийг нь болох бүтэхгүй хүмүүсийн нэгдэл юм шиг, бүгд очоод бослого гаргах гэж байгаа юм шиг байдлаар ханддаг хандлагаа өөрчлөх цаг болсон. Монгол Улсын нэг иргэний үйлдлийг нийтээр нь төсөөлүүлж үзэж байгаа хандлага чинь хэтэрхий газар авч байна.

-Иргэд виз мэдүүлэхийн тулд тодорхой хэмжээний мөнгөн хураамж төлдөг боловч НӨАТ-ын баримт өгдөггүй талаар ярьдаг?

-Иргэд холбогдох бүх бичиг цаасыг бүрдүүлж өгөхөд 57.000-200.000 төгрөг тушааж байна. Энэ мөнгөндөө хүртэл НӨАТ-ын баримт өгдөггүй. Хэрэв хэн нэгнээс мөнгө хурааж авч байгаа л бол санхүү бүртгэлийн анхан шатны баримт буюу НӨАТ-ын баримт өгөх ёстой. Виз нь л гарч байвал иргэд энэ баримтын тухай дурсдаг ч үгүй. Энэ асуудлаар Татварын ерөнхий газарт виз мэдүүлгийн газруудын үйл ажиллагаанд санхүүгийн шалгалт оруулах хүсэлтийг гаргасан. Иргэд мөнгөө өгч байгаа нь үнэн, гэхдээ НӨАТ-ын баримтаа авдаггүй, ямар нэгэн хөнгөлөлт эдэлдэггүй. Тэр мөнгө хаачиж байгаа вэ, төсөвт орж байна уу, хувь хүний халаасанд орж байна уу. Яагаад зарим газрууд энэ хураамжийг хувь хүний дансаар аваад байгаа юм бэ. Хуулийн этгээд үйл ажиллагаа явуулаад байгаа юм уу, хувь хүмүүс бусдын өмнөөс ажиллаад байгаа юм уу. Манай улсад хуулийн дагуу татвар төлж байгаа юу гэх мэтчилэн тодорхойгүй нөхцөл байдлуудыг нэг мөр болгох шаардлагатай.

-“Зорилго тодорхойгүй” гэсэн шалтгаанаар виз нь гардаггүй талаар виз мэдүүлж байсан хүмүүс ярьдаг юм билээ?

-БНСУ руу зорчих виз мэдүүлсэн дийлэнх иргэдийн виз гардаггүй. Үүний шалтгаан нь “Зорилго тодорхойгүй” гэсэн нийтлэг нэг хариултыг л өгдөг. Ямар ч зорилгогүй хүн яагаад 20-30 сая төгрөгийн барьцааг байршуулан байж, мөнгө төгрөгөө үрэн байж тэр улсыг зорино гэж үү. Яагаад зорилго тодорхойгүй гэж дүгнэсэн юм бэ гээд хандах гэхээр огтхон ч санал хүсэлтийг нь хүлээж авдаггүй, хандах газар нь ч тодорхойгүй. Хүсвэл өөрийн улсын ГХЯ-ны консулын газраар дамжин гомдол саналаа гаргаж болно гэдэг ганцхан зүйлийг хэлдэг. Тус улсын иргэнтэй гэр бүл болсон Монгол Улсын иргэн Монголд ирчихээд буцах гэхээр виз олгодоггүй. БНСУ-д суугаа ээж, аав дээрээ очих гэж байгаа хүүхдүүдийг хүртэл тодорхой зорилгогүй гээд виз өгдөггүй. Энэ мэтчилэн хүний санаанд оромгүй шалтгаанаар иргэдэд “Зорилго тодорхойгүй” гэсэн хариу өгдөг төдийгүй иргэдийн зүгээс мэдэх эрхээ хэрэгжүүлэх гэхээр бас л хаалттай. Яг ийм тоталитар дэглэм шиг хязгаарласан, хясан боогдуулсан хандлагатай үйлчилгээг үзүүлж байна.

-Манай улсын иргэд хил дээрээс олноороо буцаагддаг байдлын талаар тодруулбал?

-БНСУ-ын хил дээрээс иргэдийг олноор буцаадаг байдал сүүлийн жилүүдэд нийтлэг байна. 2023 оны байдлаар 1500 гаруй, 2024 оны байдлаар 1700 гаруй иргэнийг хил дээрээс буцаасан байна. Мэдээж аль ч улс орон гадаадын иргэдийг нэвтрүүлэх үү, үгүй юу гэдгийг шалгах эрхтэй. Гэхдээ хил дээрээс буцаж ирсэн иргэдийн гомдол саналыг сонсохоор бодит байдлаас хазайсан, хэтийдсэн, хүний хувийн эрх чөлөө, халдашгүй дархан байдалд хэтэрхий халдсан шинжтэй байна. Тухайлбал, иргэдийн гар утсыг хурааж аваад доторх мэдээлэлтэй нь танилцаж, мэдээллийг нэг бүрчлэн шалгадаг байна. Зочид буудал захиалсан бол тус зочид буудал утсаа аваагүй шалтгаанаар, айлд очих гэж байгаа бол тэр айлд хэдэн хүн амьдардаг талаар тодорхой хэлээгүй, тэр битгий хэл “Манай улсын метроны үнэ хэд вэ” гэж асуухад нь “Мэдэхгүй ээ” гэж хариулсны төлөө “Та метроны үнэ мэдэхгүй бол яах гэж аялж яваа юм” гээд буцаагдсан байх жишээтэй. Энэ бол иргэдийн санал гомдолд үндэслэсэн баримттай мэдээлэл. Иргэдийг саатуулж байгаа байр нь ахуйн болон эрүүл мэндийн наад захын шаардлага хангахгүй, хүйтэн хөндий, хоол унд, эмнэлгийн тусламжийн хувьд ч шаардлага хангахгүй, хэн нэгнээс тусламж хүсэх боломжгүй нөхцөл байдалтай байдаг. Тэнд манай улсын иргэдтэй яг л шоронгийн хоригдолтой харьцаж байгаа юм шиг харьцдаг гэж иргэд гомдол хүсэлт гаргаж байна.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс БНСУ-ын Хууль зүйн яамтай хамтарч иргэдийн визийн журамны асуудал дээр анхаарал хандуулан ажиллах ёстой. Иргэдийн эрхийг хамгаалах тал дээр ГХЯ төдийгүй ХЗДХЯ хамтран санал санаачилгатай ажиллах хэрэгтэй.

-Та саяхан тус улсаас манай улсад суугаа элчин сайд Чой Жин Вонтой биечлэн уулзаж, энэ асуудлын талаар танилцуулсан юм билээ. Элчин сайд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ асуудлыг том зургаар нь харах ёстой гэж үзээд Монгол Солонгосын парламентын бүлэгт хандсан. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тус бүлгийн дарга, Б.Бат-Эрдэнэ гишүүн дэд дарга нь юм байна. Энэ асуудлын араас таван сар хөөцөлдсөний эцэст БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай биечлэн уулзсан. Би энэ уулзалтад маш өндөр хүлээлттэй очсон боловч тодорхой, шийдэлтэй үр дүн гараагүйд сэтгэл дундуур байгаагаа шуудхан илэрхийлсэн. Монгол Улсын иргэдийнхээ эрхийн төлөө явж байгаа надад айх зүйл байхгүй. Барьцаалагдсан албан тушаал ч байхгүй учраас асуудлыг зоригтой хэлсэн. Элчин сайдын зүгээс “Энэ асуудлын мөрөөр судалж, тодорхой шийдлүүдийг бий болгоно. Хүний эрхэд халдсан ийм ноцтой үйлдэл байсан гэдэгт би үнэхээр эргэлзэж байна. Манай доод шатанд хаа нэгтээ алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ паспортыг нь авч байгаа тохиолдолд цахим лавлагаа буюу “E-Mongolia”-ийн лавлагааг өгөөд буцааж авах боломжтой. Нягтлан шалгая. Харин өвлийн хүйтэнд үстэй дээл өмсөөд гадна зогсоод оочерлоод виз мэдүүлдэг байсан үеийг бодоход 10 гаруй виз мэдүүлгийн газартай болсон” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэвч Элчин сайдын ярьж байгаа зүйл бодит байдал хоёр тэнгэр, газар шиг ялгаатай байна.

-Энэ асуудал шийдэгдэхэд юу чөдөр тушаа болж байна вэ?

-Миний хувьд эрх мэдэлтэй том албан тушаалтан биш. Эгэл жирийн хуульч, өмгөөлөгч хүн. Тиймээс энэ асуудлын араас ном журмынх нь дагуу холбогдох байгууллагуудад албан бичиг, өргөдөл хүсэлтээ өгсөн. Иргэд бухимдаж, цахим орчинд бодит нөхцөл байдлаа илэрхийлээд байхад энэ ажлыг хариуцсан хүмүүс өнөөдрийг хүртэл нүд, чихгүй юм шиг сууж байгааг үнэхээр гайхаж байна. Энэ асуудлыг УИХ-ын түвшинд, Хууль зүйн байнгын хороо хүртэл анхаарах ёстой. Манай улсад нэг дутагдал байна. Монгол Улсын иргэн өргөдөл, гомдол гаргах хуулийнхаа хүрээнд албан ёсоор ном журмынх нь дагуу, баримт нотолгоог үндэслээд, хүсэлт гаргахаар ерөөсөө ач холбогдол өгдөггүй, огтхон ч тоодоггүй. Гэтэл хэн нэгэн Засгийн газар, яам тамгын газрын гадна очоод лайв хийгээд, орилж чарлаад, өлсөж цангаад, хэн нэгэн ажилтан, албан тушаалтныг огцруулна гэж шаардлага тавихаар л тухайн асуудлыг анзаардаг, буруу бодлогыг олж хардаг. Энэ байдал БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдад хүртэл халдварлагдсан байна лээ. Тэрбээр “Иргэдийн эрх ингэж зөрчигдөж байгаа, Монгол Улсын иргэд тус улсын визтэй холбогдуулан гомдолтой байгаа талаар би мэдээгүй. Энэ мэдээлэл надад огт ирээгүй. ГХЯ-наас надад огт албан тоот бичиг ирээгүй, хараагүй, үзээгүй” гээд л мэлзэх юм билээ. Улсаа төлөөлөн суугаа Элчин сайд тийм хариуцлагагүй тайлбар, мэдээлэл өгсөнд хувь хүнийхээ зүгээс ихэд гайхсан. Бид тусгаар тогтносон Монгол Улсын иргэд. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд иргэдийн зорчих эрхтэй холбогдон үүсч байгаа дээр дурдсан нөхцөл байдлуудыг зохих түвшинд шийдэх, дипломат харилцааг бодитой болгох шаардлагатай.

Эх сурвалж: Ө.АНХЗАЯА DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө8 цаг 56 минутын өмнөБаянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна4 сар 25. 10:40УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 25. 10:33М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна4 сар 25. 10:29“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна4 сар 25. 10:06“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа4 сар 25. 10:01БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 25. 9:53УИХ-ын чуулган: Гурилын 3 үйлдвэр нийт зах зээлийнхээ 78 хувийг үйлдвэрлэж байна4 сар 24. 17:30“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа4 сар 24. 14:06Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Жэннон Коулинтай уулзав4 сар 24. 14:04Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно4 сар 24. 14:01Д.Амарбаясгалан: Үндэсний үйлдвэрлэлээ л дэмжиж байвал бүтээгдэхүүн үнэтэй байсан ч яахав гэсэн үзлээр хандаж хэрхэвч болохгүй4 сар 24. 13:57БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа4 сар 24. 13:49Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоов4 сар 24. 13:47ТҮЦ-т номын худалдаа эрхэлж байсан 9 иргэн “Номын худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулж эхэллээ4 сар 24. 13:42“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ4 сар 24. 13:39Б.Дөлгөөн: Бонд гаргах нөхцөлийн шалгуурыг бууруулсан нь чухал ач холбогдолтой4 сар 24. 13:05Д.Амарбаясгалан: Импортын гурилын татвар тэглэснээс гурилын үйлдвэрүүд дампуураад дуусаж байгаа гэж ярих нь зохисгүй4 сар 24. 12:11Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно4 сар 24. 12:04УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 24. 12:01“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!4 сар 24. 9:04Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж байна4 сар 24. 8:46УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 24. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.