“Роснефть” Л.Оюун-Эрдэнийг эрх мэдлээр нь барьцаалж, С.Баярын үед Монголд 100 ШТС барих тулгалт хийж байсан түүхээ давтаж эхлэв үү


4-р сарын 16
22 цаг 31 минут

        МАН-ын “Памперстай гишүүд” Х.Баттулга руу ноцох зуур ОХУ-ын “Роснефть” компани Монголын “Эрчис ойл” компанитай хамтран “Чингис хаан” нисэх буудлыг түшиглэн хамтарсан компани байгуулахаар болсон тухай мэдээлэл олны анхаарлыг татаж эхлэв. Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг МАН, АН, ХҮН-ын хамтарсан Засгийн газар дэмжиж, УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөх тухай албан тоотыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны дөрөвдүгээр сарын 04-нд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлжээ. Энэхүү хэлэлцээрийг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин өнгөрсөн оны есдүгээр сард Монголд айлчлах үеэр байгуулж, Монголын талаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Оросын талаас Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурсан аж. Хэлэлцээрийн гол агуулга нь:

-ОХУ-ын “Роснефть”, Монголын “Эрчис ойл” компанийн хамтран байгуулсан компани нь “Чингис хаан” нисэх буудлын цогцолборын дэд бүтцийг удирдах, ашиглах

-Хамтарсан компанид агаарын хөлгийн түлш нийлүүлэх ажлыг ОХУ-ын итгэмжлэгдсэн байгууллага хийнэ

-ОХУ-ын талын итгэмжлэгдсэн байгууллагад цогцолборыг ашиглахад шаардлагатай зөвшөөрлийн баримт бичгүүд, лиценз хийгээд бусад баримт бичгийг олгох

-Оросын талын итгэмжлэгдсэн байгууллага, түүний туслан гүйцэтгэгч компанийн ажилтнууд Монгол Улсын хилээр нэвтрэх, оршин суух, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх

-Цогцолборыг ашиглах, хөгжүүлэхэд шаардлагатай бараа материал, барилга угсралтын техник, тоног төхөөрөмжийг хоёр улсын хилээр гаалийн хялбарчилсан горимоор нэвтрүүлэх

-Үйл ажиллагааг явуулах төлбөр, Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагад оруулсан хөрөнгө оруулалтыг хураан авсны нөхөн төлбөрийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс саадгүй шилжүүлэх

-Монголын тал төлбөр тооцоог цаг тухайд нь хийх

-Аливаа хөнгөлөлт, давуу эрхийг Монголын хуулиар цуцалбал Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагын нөхцөл байдал дордсон гэж үзнэ

-Маргаан эхэлсэн өдрөөс хойш хоёр сарын дотор асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим дахь Олон улсын Арбитрийн шүүхэд шилжүүлнэ

-Хэлэлцээр 20 жилийн туршид хүчин төгөлдөр байна...

            Ноцтой байгаа биз. Хоёр улсын хамтарсан компани гэх өнгөлөн далдлалтаар ОХУ-ын “Роснефть” компани иргэний агаарын тээврийн салбарт монопольчлолоо тогтоож, “Монголын хууль бидэнд үйлчлэхгүй шүү” гэж тулган шаардаж буйгаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраар дэмжүүлж, Ц.Тувааны гарт атгуулан УИХ-д оруулж ирлээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдсан. Үүний дараахан УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг “Эрчист Монгол”  төрийн өмчит ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон. “Эрчист Монгол” ХХК-ийн харьяанд МИАТ ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Эрчис ойл” ХХК, “Эгийн голын усан цахилгаан станц” ХХК, Дулааны II, III, IV цахилгаан станц, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК зэрэг төрийн өмчит 44 компани бий. Монголын хамаг чухал салбарыг удирдлага, менежментээр хангах “Эрчист Монгол” ХХК-ийг 2025 оны нэгдүгээр сарын 08-нд байгуулсан. Харин одоо “Роснефть”-ийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, хамтарсан Засгийн газраа аварч үлдэх хүндхэн сорилт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тулгарлаа. Тиймээс тэр УИХ-тай зөвшилцөх даалгаврыг “Х.Баттулгын хүн” гэгддэг Ц.Туваанд өгчээ. Сайд Ц.Тувааны зүгээс “Хамтарсан компанийн 40 хувийг “Роснефть”, 60 хувийг “Эрчис ойл” эзэмшинэ. Монголын тал 60 хувийг эзэмших учраас манай тал давуу эрхтэй. ОХУ-тай хамтарсан компани байгуулахад ямар ч асуудал үүсэхгүй” гэжээ. Хэлэлцээрийн гол агуулгаас зөрүүтэй мэдээлэл хийсэн байгаа биз. Хэвлэлийнхний асуултад гоё хариулт өгч болох ч хэлэлцээрт тусгасан дээрх заалтыг яах билээ, Ц.Туваан сайд аа.

            Ямартай ч Путиний лүндэнтэй, “Роснефть”-ийн ашиг сонирхол бүхий тулган шаардах бичгийг хамтарсан Засгийн газраас УИХ-д оруулж ирлээ. Харин тэр жил Х.Баттулга нэгэн нэвтрүүлгийн үеэр юу гэж хэлж байсныг эргэн санацгаая. “Аливаа улсыг төмөр зам, агаарын зам хоёроор нь эзэлдэг” гэж... Түүний энэ үг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед биеллээ олох юм биш биз гэх хардлага олон нийтийн дунд хэдийнэ үүсчээ. Тэгвэл өрнөдийнхний хар жагсаалтад орсон “Роснефть”-ийнхний хувьд Монголын төрөөр Монголын хуулиас дээгүүр шийдвэр гаргуулахыг санаархаж буй нь анхны тохиолдол биш юм. С.Баярыг Ерөнхий сайд байхад буюу 2008 онд “Роснефть” компани Монголд шатахуун түгээх 100 станц байгуулахаар зүтгүүлж байв. Түүний дараахан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригтод “Роснефть”-ийн босс захидал ирүүлж байлаа. С.Баярын Засгийн газар “Роснефть”-ийн тулгалтыг ёсоор болгохын тулд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг УИХ-д оруулж байсан удаатай. “Мянганы замын тэнхлэг дагуу “Роснефть”-ийн шатахуун түгээх 100 станцыг байгуулахгүй бол бид Монголд шатахуунаа хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхгүй” хэмээн Москвагаас Монголд тулган шаардаж байх үед Ерөнхий сайд асан С.Баяр “Засгийн газар ОХУ-ын “Роснефть” компанийн саналыг дангаар шийдвэрлэх эрх зүйн боломжгүй. Энэ асуудалд УИХ хариу өгөх ёстой. Оросын компанид “Саналыг чинь бид хүлээж авлаа” гэсэн хариу өгвөл хөнгөлөлттэй үнээр шатахуун импортолж байгаагаа хэвээр хадгалж үлдэнэ. “Үгүй” гэвэл тэдний хэлсэн үнээр шатахуун авах болно” хэмээн мэдэгдэж байв. Гэвч Монголд шатахуун түгээх 100 станц байгуулах “Роснефть”-ийн санаархал бүтээгүй. С.Баяр ч удалгүй Ерөнхий сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Харин одоо Л.Оюун-Эрдэнийн ээлж... “Роснефть”, “Эрчис ойл” хамтран компани байгуулах тухай хэлэлцээрийг УИХ-аар зөвшөөрүүлж, Ерөнхий сайдын эрх мэдлээ хадгалж үлдэх үү, аль эсвэл С.Баярын хувь тавиланг давтаж Монгол төрийн 03 сэнтийгээс буух уу гэдэг сорилт түүнд тулгарлаа. Путиний лүндэнг зөрчиж, “Роснефть”-ийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлж чадахгүй бол Л.Оюун-Эрдэнийг Кремль хэн болгож хувиргах бол. Монголын Ерөнхий сайд нарын хувь заяаг Москвад аваачаад шийдчихдэг байсан түүх бий шүү дээ. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нэгэнтээ “Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө 2030 он хүртэл Ерөнхий сайдын сэнтийгээс буухгүй гэж ярьж байгаа юм билээ” гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурдсан. Эрхэм гишүүний энэ үг, Л.Оюун-Эрдэнэ ба Х.Баттулга нарын хүчирхэг хоршлын гол нууц нь Кремль юм биш биз.

                                                                                                                                  С.Тулга  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна4 сар 25. 10:40УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 25. 10:33М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна4 сар 25. 10:29“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна4 сар 25. 10:06“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа4 сар 25. 10:01БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 25. 9:53УИХ-ын чуулган: Гурилын 3 үйлдвэр нийт зах зээлийнхээ 78 хувийг үйлдвэрлэж байна4 сар 24. 17:30“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа4 сар 24. 14:06Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Жэннон Коулинтай уулзав4 сар 24. 14:04Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно4 сар 24. 14:01Д.Амарбаясгалан: Үндэсний үйлдвэрлэлээ л дэмжиж байвал бүтээгдэхүүн үнэтэй байсан ч яахав гэсэн үзлээр хандаж хэрхэвч болохгүй4 сар 24. 13:57БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа4 сар 24. 13:49Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоов4 сар 24. 13:47ТҮЦ-т номын худалдаа эрхэлж байсан 9 иргэн “Номын худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулж эхэллээ4 сар 24. 13:42“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ4 сар 24. 13:39Б.Дөлгөөн: Бонд гаргах нөхцөлийн шалгуурыг бууруулсан нь чухал ач холбогдолтой4 сар 24. 13:05Д.Амарбаясгалан: Импортын гурилын татвар тэглэснээс гурилын үйлдвэрүүд дампуураад дуусаж байгаа гэж ярих нь зохисгүй4 сар 24. 12:11Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно4 сар 24. 12:04УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 24. 12:01“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!4 сар 24. 9:04Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж байна4 сар 24. 8:46УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 24. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.