Монголчууд нэг аймшгаас нөгөө аймшгийн хооронд амьдарч байна


4-р сарын 23
9 цаг 52 минут

         Хэвлэл мэдээлэл нийгмийг соён гэгээрүүлэх, тэнцвэртэй бодит мэдээллийг тал талын эх суравлжаас хүргэж, олон нийтийг мэдлэгжүүлэх, мэдээллээр хангах үндсэн үүрэгтэй. Гэтэл Монголын хэвлэл мэдээлэл ард түмнийг айлгаж, сандаргах л үүрэгтэй ажиллаж байна. Хүний сэтгэлийг сэртхийлгэм, цочроосон, аймшигтай мэдээллийг хэн нь илүү бэлтгэнэ тэр нь бусдаас илүү уншигчтай, үзэгчтэй, сонсогчтой байна гэх гажиг хандлага Монголын хэвлэл мэдээлэлд том давлагаа үүсгэн орж ирлээ. Эрхэм уншигч та яг одоо телевизээ асаагаад үз.
Гар утсаа нээгээд сошиал руу ороод хар. Интернэтээ асаагаад аль нэг цахим сайт руу нэвтрээд оруулсан мэдээ болгоных нь гарчиг, агуулгыг нэг уншаадах. Цаг улирал, болж буй үйл явдалтай уялдуулаад ард түмнээ айлгасан, цочроосон өнгө аясаар мэдээ, нийтлэлээ боловсруулсан байгаа биз. Одоо хавар цаг. Хаврын улирал шинэ бүхний эхлэл. Яргуй нүдлэн ургаж, малчны хотонд төлийн дуу цангинаж байгаа цаг. Залуус хайр дурлалаар буцалж, ирж яваа цагийн аашинд хүн, малгүй сэтгэл нь догдолдог онцлогтой улирал биз. Гэтэл манай хэвлэлийнхэн та бүхэнд хавар цагийн өнгийг яаж дүрслэн харуулж байна вэ. Малчны хотонд төлийн дуу цангинах бус уранд хордсон гурван хөлтэй, хоёр толгойтой ишиг төрлөө гэж мэдээлж байгаа биз. Үдэш бүрий цагаар учран дурлалцаж байгаа залуу амрагуудын бүр ч аймшигтай мэдээлэл бий. “…Залуучууд шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх нь ихэсч, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж, нэгнийгээ зодож, хүчинджээ” гэж ч байх шиг. За өвлийн улиралд яаж байна. Утааны хор уршгийн талаар өдөр шөнөгүй бичлээ, нэвтрүүллээ, сонсголоо.
“…Утаанаас болоод ургийн гажигтай хүүхэд төрлөө, утаанаас болоод гэр бүлээрээ битгий хэл 10, 20-иороо нэг гэрт байж байгаад үхлээ…” зэргээр нийгмийг цочроосон, аймшигт мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, өдөр бүхэн хүргэсээр ирлээ. Монголын хэвлэл жижиг, том гэлтгүй бүх асуудлыг онц ноцтой, гамшгийн хэмжээнд нь тулган хүргэж байна. Аль ч нийгмийн үед ардын багш шавиа алгадах тохиолдол байсаар ирсэн, цаашдаа ч байх л учиртай үйлдэл. Үүнийг хэвлэлийнхэн бид шуугиантай сэдэв болгосоор одоо шавьдаа гар хүрэх битгий хэл ганц хатуу үг хэлэх зориг зүрхтэй багш гэж алга болж. Нөгөө талдаа багш шавиа алгадлаа гэдэг мэдээлэл олон нийтэд улиг болоод ирэхээр шавь нь багшийгаа зодлоо гэдэг мэдээллээр нийгмийг айдас хүйдэст автуулж байна. Үзэг нэгт найзууд аа, бид ийм ёс суртахуунгүй байж болохгүй ээ.
Сайт, сонин, телевиз, радиогийнхоо хандалтыг нэг удаадаа энэ мэт ноцтой, аймшигтай мэдээллийн өнгө аясаар доргиож болох ч дараа дараагийн удаа та нарт хэн ч итгэхгүй, хэн ч тоохгүй. Та нарыг мэдээллийн найдвартай эх сурвалж гэж хэн ч үнэлэхгүй болдог бичигдээгүй хуультай юм шүү дээ. Нийгэм гэдэг асар олон хүмүүсийн нэгдэл. Уулын мод урттай богинотой гэдэг шиг тэр олон дотор сайн муу, сайхан муухай хүмүүс өчнөөнөөрөө бий. Муу, муухай бүхнийг нь уудалж дэлгээд, дэвэргээд түүнийгээ аймшгийн өгүүллэг шиг зохиолоор нэвтрүүлээд байх тусам энэ нийгэм улам харанхуй руу зүтгэнэ. Өвсний чинээ асуудлыг бухлын чинээ болгож түүндээ бухимддаг, стресстдэг, эцэс сүүлдээ хүн хүн шиг амьдарч чадахаа болиод ирвэл яах вэ. Монголын ирээдүй юу болж дуусах вэ. Хамрын ханиадыг хорт хавдар мэт аймшигтайгаар мэдээлж байхад энэ нийгэм чинь яаж айдасгүй, амгалан тайван, эрүүл саруул байх юм бэ. Адаглаад ханиадаа эмчлүүлэх гээд эмнэлгийн ачааллыг нэмдэг юм биш үү. Хачигийг хачин чигтэй цус сорогч, үхлийн аюултай халдвар тээгч гэж мэдээлэхээр чинь хачигт хатгуулсан хүн өнөө маргаашгүй үхэх гэж байгаа мэт эмнэлэг рүү яарах нь аргаггүй биз дээ. Угтаа нүүдэлчин монголчууд эртнээс эдүгээ хүртэл хачигтайгаа хамт амьдраад ирсэн юм.
Гэтэл Монголын хэвлэл ард түмнийг айдсаас айдсын хооронд амьдруулж байгаа учраас хачиг битгий хэл хар сүүдрээсээ хүртэл айж амьдрах боллоо, монголчууд. Арай л дэндэж байгаа юм биш үү, бид. Нөгөө дуулсан дуундаа өөрөө уяраад гэдэг шиг мэдээлсэн мэдээндээ бид өөрсдөө айж эхлээд байна. Үгээр хүнийг алж болно, авар ч болно. Бид тэгвэл энэ нийгмээ үгээрээ алаад байгаа юм биш үү. Бидний түгээж байгаа мэдээ, мэдээлэл болгон ард түмнийг гэгээрүүлсэн, хараагүй өнцгийг нь нээж өгсөн байх ёстой. Гэтэл эсрэгээрээ нийгмийг харанхуй руу чирээд байгаагаа бид хэзээ мэдрэх вэ. Бидний бүтээсэн харанхуй масс эргээд биднийг залгина гэдгийг хэзээ ухаарах вэ.
Сургуулийн гадаа үр хүүхдээ тосох гээд хүлээж суугаа нэгэн эмээгээс асуулаа. Та хүүхдээ авах гэж байна уу гэж. Тэр эмээ “…сүүлийн үед хэвлэлээр их л аймшигтай мэдээлэл гардаг боллоо. Жаахан охид, эмэгтэйчүүдийг хулгайлж байна. Согтуу жолооч хүүхдүүдийг дайрч байна гэх юм. Эмээ нь санаа сэтгэл зовоод орой болгон зээ охиноо сургуулиас нь авдаг болсон” гэв. Ач, зээгээ ийн хүлээж байгаа улавч атгасан хэдэн эмээ, өвөө нар сургууль, цэцэрлэгийн хашаанд цуглаад нийгэмд болохгүй, бүтэхгүй асуудал болгоны талаар айдас, хүйдэстэй ярилцаж сууна. Сургуулийн хаалгаар дэгдэн харайгаад гарч ирэх нялх үрээ хараад баярлах бус хаанаас ямар согтуу жолооч ирээд мөргөчих бол гэсэн хар бодлоор сэтгэл санаагаа зовоон тосдог болж. Нийгэм ийм харанхуй, айдастай байхад гоё сайхан хөгжил, мөрөөдөл яаж яригдах юм бэ. Жаахан цас ороод шуурлаа гэхэд хорвоо дэлхий хөмөрчихсөн мэтээр мэдээлж, гэр орноосоо цухуйх нь битгий хэл хаалга үүдээ ч онгойлгож болохгүй гэдэг ойлголтыг нийгэмд өгч байна. Энэ бүхний ард Монголын нийгэм юу болж дуусах вэ. Айсан, хулчийсан, асуудал тулгарахад амиа хичээгээд зугтдаг хүмүүс л олширно. Ийм хүн олшрох тусам нийгэм улам ялзарч, улам л ул руугаа шигдэнэ. Зоригтойгоор дуу хоолойгоо хүргэж улс орныхоо асуудлыг шийдэхийн төлөө тэмцэх чадваргүй болно. Дэлхийн түүхэнд тэмцэгч чанараа алдсан ард түмэн доройтож, бусдын эрхшээлд ордог гашуун сургамж жишээ олон бий. Тэгвэл хэн Монголын нийгмийг ялзруулж байна вэ. Монголчуудыг нэг аймшгаас нөгөө аймшгийн хооронд амьдруулах хүсэл хэнд нь байна вэ. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын бодлого ийм гэж үү. Монголын нийгмийг сөнөөх харь орны бодлого ороод ирсэн үү. Аль эсвэл ард түмнээ айдас хүйдэстэй байлгаж эрх мэдэлд хүрэх гэсэн улстөрч, нам, засгийн далд бодлого үйлчлээд байна уу. Энэ асуудлаа бид аль аль талаасаа хайж олох хэрэгтэй байна. Ямартаа ч хэвлэлийнхэн бид нийгмийг соён гэгээрүүлэх үүргээ ор тас мартаж. Мартсан үүргээ эхнээсээ ухамсарлаж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Үнэндээ энэ цагийн Монголын
хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаа бие биенээсээ өрсөж гарах гэж орилолдсон хэдэн тэнэг охид, банди нарын шүлстэй амаар л явж байгаа нь эмгэнэлтэй. Сэтгүүлч хүний наад захын ёс суртахуун, хандлага, мэргэжлийн зарчим гэж алга. Зарчим, хандлага, ёс зүйн код гэдгийг ч энэ хэдэн охид мэдэхгүй бололтой. Түрүүлж асуусан нь, түрүүлж харлуулсан нь мундаг сэтгүүлч болдог гэдэг код тархинд нь, сэтгэхүйд нь бүрэн суучихаж. Тиймээс хэвлэлийн салбарт мэргэжлийн ёс зүйг түгээхийн тулд эхлээд боловсон хүчин бэлтгэдэг тогтолцоогоо харах шаардлагатай болсон ч байж мэдэх юм. Ямартаа ч монголчууд бид нэг айдсаас нөгөө айдсын хооронд амьдардаг боллоо.

Эх сурвалж: Э.Мөнхтүвшин DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө1 цаг 19 минутын өмнөҮндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй...1 цаг 24 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо1 цаг 35 минутын өмнөЯпонд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв3 цаг 19 минутын өмнөЕрөнхий сайдын есөн шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлэв4 цаг 35 минутын өмнө“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа4 цаг 40 минутын өмнөӨвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв4 цаг 44 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа4 цаг 48 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 36 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.21-09.255 цаг 41 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан5 цаг 48 минутын өмнөШахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг9 сар 19. 12:47Төрийн алба хаагч иргэнтэй дансны мэдээлэл асууж, мөнгө шилжүүлэх талаар утсаар хэзээ ч ярихгүй9 сар 19. 12:41Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно9 сар 19. 12:37“Пипл ин Нийд” (PEOPLE IN NEED) байгууллагаас талархал ирүүлэв9 сар 18. 18:05“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа9 сар 18. 17:07Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ9 сар 18. 14:3540 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ9 сар 18. 14:31Монголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо9 сар 18. 13:06Нийслэлийн суурьшлын бүсэд “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдээд байна9 сар 18. 12:55Ерөнхий хяналтын сонсголын зар9 сар 18. 11:07Автомашины зогсоол булаалдан нэгнийгээ хутгалж, гэмтээжээ9 сар 18. 11:04“Натрийн гидрокарбонат 4%-100мл” тарилгын шингэн эмийг шаардлага хангаагүй тул эргүүлэн татаж байна9 сар 18. 11:01Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав9 сар 18. 9:50Зүрх судасны тусламж үйлчилгээний шинэ үеийн суурь тавигдлаа9 сар 18. 9:43Төв Азийн 5 улс Өмнөд Солонгостой 30 жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөө байгуулав9 сар 18. 9:29Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа9 сар 18. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө бага зэрэг бороо орно9 сар 18. 9:05Л.Оюун-Эрдэнийн талынхан Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болгох гээд бүтэлгүйтжээ9 сар 17. 22:06Я.Содбаатарын мэдэгдэл ба Н.Учралын Засгийн газар "Хунтайж нарын Засгийн газар" болох уу?9 сар 17. 19:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.